Цэцэрлэгийн онлайн бүртгэл долдугаар сарын 25-нд эхэлнэ
Жил бүрийн намар цэцэрлэгт хүүхдээ өгөх гэсэн эцэг, эхчүүд цэцэрлэгийн гадаа дугаарлаж, хонодог тохиолдол сүүлийн хэдэн жил үргэлжилж буй. Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж багатайгаас эцэг, эхчүүд ийн урт дараалал үүсгэн, цэцэрлэг манахаас аргагүйд хүрдэг. Тэгвэл энэ жилээс эхлэн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг онлайнаар бүртгэх ажлыг нийслэлийн Боловсролын газар болон нийслэлийн Мэдээлэл, технологийн хэлтэс хамтран зохион байгуулахаар болсон билээ.
Хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр бэлтгэлээ базааж буй ээж, аавуудад дуулгахад, энэ жил цэцэрлэгт шинээр бүртгүүлж байгаа хүүхдүүдийг долдугаар сарын 25-аас буюу ирэх мягмар гаригаас эхлэн бүртгэхээр бэлтгэл хангагджээ. Ингэхдээ шинээр цэцэрлэгт орж байгаа буюу зөвхөн хоёр настнуудыг онлайнаар бүртгэх юм.
Эцэг, эхчүүд зөвхөн тусгай сайтаар орж, онлайнаар бүртгүүлэхдээ хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд автоматаар аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирнэ. Бүртгүүлсний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх юм байна.
О.ЧИНЗОРИГ: ГЭРИЙН ХАЯГИЙН ДАГУУ ЦЭЦЭРЛЭГТ АВТОМАТААР БҮРТГЭГДЭНЭ
О.Чинзориг
Цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийн талаар Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзоригоос зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ жил анх удаа цэцэрлэгийн бүртгэлийг онлайнаар явуулах гэж байна. Бүртгэлийн бэлтгэл ажил ямар шатандаа яваа вэ. Онлайн бүртгэл хэзээнээс эхлэх вэ?
-Нийслэлийн боловсролын газар, Мэдээлэл технологийн газар хамтран нийслэлийн төрийн өмчийн 216-р цэцэрлэг дээр онлайн бүртгэлийг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Бүртгэлийг долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 25-ныг хүртэл нэг сарын хугацаанд www.tsetserleg.ulaanbaatar.mn тусгай вэб сайтаар бүртгэнэ. Нийслэлийн боловсролын газраас Хамран сурах тойргийн хүрээгээр онлайнаар бүртгэх зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийн дагуу онлайн бүртгэлийг явуулна.
-Онлайнаар бүртгүүлэхэд эцэг, эхчүүд юуг анхаарах ёстой вэ?
-Эцэг, эхчүүдийн анхаарах гол зүйл бол оршин суугаа хаяг. Бид онлайн бүртгэлийг Улсын бүртгэлийн газартай хамтран хийж байгаа учраас тухайн хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд аль дүүргийн хэддүгээр цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл автоматаар гарч ирнэ. Тэгэхээр эцэг, эхчүүд өөрийн оршин суугаа хаягийн асуудлаа цэгцлэх ёстой. Жишээлбэл, ямар нэг шалтгаанаар нэг дүүргээс өөр дүүрэгт шилжсэн ч хуучин хаяган дээрээ байгаа бол тухайн хүүхэд нь хуучин хаягийн дагуу цэцэрлэгт хамрагдах боломжтой гэж онлайн бүртгэл дээр гарч ирнэ. Гэрийн хаягийн дагуух цэцэрлэгтээ л бүртгэгдэнэ гэсэн үг. Тиймээс хаягийн зөрчилтэй, шилжүүлгээ хийгээгүй байгаа бол эртхэн энэ асуудлаа тодорхой болгож, бүртгэлдээ хамрагдах ёстой.
-Онлайн бүртгэлд цэцэрлэгийн насны бүх хүүхэд бүртгүүлэх үү эсвэл зөвхөн энэ жил шинээр цэцэрлэгт элсэх хүүхдүүдийг бүртгэх үү?
-Энэ жил зөвхөн 2015 онд төрсөн буюу шинээр цэцэрлэгт элсэх хоёр настануудын бүртгэлийг онлайнаар явуулна. Хуучин цэцэрлэгт явж байсан хүүхдүүд нэг анги дэвшээд явах учраас онлайнаар бүртгүүлэх шаардлагагүй гэсэн үг. Нийслэлийн боловсролын газраас гаргасан урьдчилсан дүнгээр 24 мянга орчим хүүхэд шинээр элсэнэ гэсэн тоо байгаа. Нийслэлийн боловсролын газраас хяналтын тоо гаргаж өгөх ёстой. 216 цэцэрлэгт нийт хэдэн бүлэгт хэдэн хүүхэд авах гэдэг тоог. Онлайнаар бүртгэж байгаагийн давуу тал нь хяналтын тоо эцэг, эхчүүдэд нээлттэй байх яюдал. Тухайн цэцэрлэг хэдэн хүүхэд авахаас хэд бүртгүүлсэн зэрэг бүгднээлттэй болно гэсэн үг. Хэрвээ тухайн цэцэрлэгийн нэг ангийн дүүргэлт хэтэрсэн бол сугалааны аргаар сонгон шалгаруулна.
-Хэрэв онлайн бүртгэлийн талаар мэдээлэл бүрэн авч чадаагүй, бүртгүүлж чадаагүй бол яах вэ?
-Онлайнаар бүртгэх хугацаа нэг сар үргэлжилнэ. Энэ хугацаанд бид иргэдэд мэдээлэл хүргэх тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа. Хэрэв бүртгүүлж чадаагүй бол наймдугаар сарын 10-аас эхлэн тухайн цэцэрлэг дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой. Гэр бүл салсан, аав ээж нь гадаадад амьдардаг, эмээ өвөө, хамаатан садныдаа амьдардаг гэх мэт шалтгаантай байвал тухайн цэцэрлэг дээрээ шалтгаанаа баталгаажуулж, бүртгүүлэх боломжтой. Хаягийн зөрчилгүй бол онлайнд автоматаар бүртгэгдэнэ. Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн бүртгэлийг 2017 оны наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд цэцэрлэг дээр нь явуулна.
-Цэцэрлэгийн хүртээмж бага учраас ихэнх цэцэрлэг сугалаа явуулах байх, тийм үү?
-Ер нь бол нилээд хэсэг дээр нь сугалаа явагдах байх. Сугалааг бид санамсаргүй түүврийн аргаар зохион байгуулна. Сугалааг тухайн цэцэрлэг дээр цэцэрлэгийн эрхлэгч, эцэг эхчүүдийн төлөөллийг байлцуулж, түүврийн аргаар сонгон шалгаруулна. Онлайнаар явуулна. Бид сугалааны системийг Тагнуулын ерөнхий газар, Кибер аюулгүй байдлын хэлтэс, Үндэсний дата төв зэрэг байгууллагуудаар баталгаажуулсан системээр, санамсаргүй аргаар явуулах тул эргэлзэх зүйл байхгүй.
ОНЛАЙНААР БҮРТГҮҮЛЭХ АЛХАМ
2017 ОНД 13 ЦЭЦЭРЛЭГИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
2016-2017 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 63458 хүүхэд байгаагийн 70, 4 хувь буюу 44500 нь Улаанбаатар хотод харьяалалтай байжээ.
Монгол Улсын нийт хүн амын 10 гаруй хувь болох 300.000 орчим хүн ам бүхий 25 хороо цэцэрлэггүй гэсэн тоон үзүүлэлт байна. 2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1354 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 46 хувь буюу 623 нь нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байна.
2016-2017 оны хичээлийн жилд нийслэлд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны 145917 хүүхэд байгаагаас төрийн өмчийн 216 цэцэрлэгт 77706, төрийн бус өмчийн 407 цэцэрлэгт 27379, нийт 623 цэцэрлэгт 105085 хүүхэд хамрагдаж хамран сургалт 72хувьд хүрсэн. 2015-2016 оны хичээлийн жилийнхээс хүүхдийн тоо 12185 буюу 3.7 хувиар өссөн үзүүлэлттэй байжээ.
Харин энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд нийт төрийн өмчийн 13, төрийн бус өмчийн 36 цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд цэцэрлэг, сургуулийн засварын ажлыг наймдугаар сарын 15-аас өмнө дуусгах үүрэг өгсөн байгаа аж. Шинээр нээгдэх цэцэрлэгүүдийг намар гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэж албаныхан хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ