Нарендра Моди хэт үзэлтнүүдээс зай барив

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди үхэр хамгаалах нэрээр мусульманчууд руу дайрч байгаа хиндү үндсэрхэг үзэлтнүүдээс зайгаа барьж байна. Тэрбээр үйлдлийг танхайрал хэмээгээд нэрлээд Засгийн газраас хариу арга хэмжээ авахыг уриаллаа. Ноён Моди хиндү үндэсний Бхаратияа Жаната намын гишүүдэд хандаж хэлэхдээ, үхэр худалдсан буюу үхрийн мах иддэг хэмээн сэжиглэгдсэн хүмүүсийг дайсагнаж байгаа нь Энэтхэг улсын нэр хүндийг сүүдэртүүлж байна хэмээн мэдэгдэв. Гэхдээ тэрбээр үхэр хамгаалах хуулийг дэмждэгээ илэрхийлээд орон нутагт гарч байгаа хүчирхийллийг шүүмжилж, “Үхэр хамгаалах хуулийг буруугаар ашиглан хувийн тооцоо бодож байна” хэмээсэн юм.

Хиндү үндэстний шүтээн авч мусульман шашинтны хүнс болдог үхрийг хамгаалах шийдвэр төгс байгаагаа ноён Моди твиттертээ удаа дараа бичсэн. Ерөнхий сайд “Хүмүүс үхрийг эх шигээ боддог”, “Тэд энэ амьтанд сэтгэлээсээ ханддаг. Үхрийг хамгаалах хууль байх ёстой. Түүнийг зөрчих нь байж болшгүй зүйл” гэх мэтээр санаа бодлоо илэрхийлсэн байна. Тэрбээр өмнө нь үхэр хамгаалах нэрээр хүчирхийлэл үйлдэж байсныг Энэтхэгийн тусгаар тогтнолын эцэг Махатма Гандийн хүч үл хэрэглэх зарчмыг зөрчсөн явдал хэмээн шүүмжилсэн билээ.

Нэрээ хэлэхийг хүсээгүй Нью Делийн нэгэн эрдэмтэн “Хүчирхийлэл хяналтаас гарч буйг ойлгож эхэлж байгаа бололтой. Хэд хоноод л дур зоргоороо шүүсэн хэрэг гарч байна. Энэ нь зарим талаар Засгийн газрын нэр хүндэд халтай” хэмээн ярив. Үхэр хамгаалагч хэмээн өөрсдийгөө өргөмжлөн хүч хэрэглэж байгаа нь Жаната намаас гаргасан Энэтхэгийг хуучинсаг хиндү зарчмаар удирдах бодлогын илрэл гэж үздэг хүмүүс бий. Дээрх эрдэмтэн “Модийн Засгийн газар болон мужуудын захиргаад ийм хүчирхийллийг өөгшүүлсэн орчинг бүрдүүлсэн. Улстөрчдийн ярианд үхэр худалдах болон нядлахыг хориглох тухай олонтаа дурдагддаг. Үүнийг цааш нь давруулах хэт үзэлтнүүд гарч ирэх нь мэдээж” хэмээсэн юм.

2014 онд ноён Моди сонгуулийн сурталчилгаандаа Энэтхэгийг томоохон мах экспортлогч болгосон “ягаан хувьсгал”-ыг шүүмжилж, хэрвээ сонгогдвол үхрийг хамгаална хэмээн амласан. Тухайн үед Жаната намын эрх барьдаг мужуудад үхэр хамгаалах хууль хэрэгжиж эхэлжээ. Жишээ нь, Махараштра үхрийн мах хадгалах буюу худалдахыг гэмт хэрэг хэмээн үзэж, таван жилээр хорих ялыг хуульчилсан байдаг. Гужарат мужид үхэр алсан хүнийг насаар нь хорих шийтгэлтэй. Хүн амынх нь 20 хувийг мусульманчууд бүрдүүлдэг Уттар Прадеш мужийн тэргүүн сайд Иоги Адитианат нядалгааны газруудыг хаах арга хэмжээ авсан олон мянган айл өрхийн амьжиргааг үгүй хийв.

Тавдугаар сард Шинэ Дели бүх мужид үхэр хамгаалах хуулийг хэрэгжүүлж, хөгширч үр шимээ алдсан үхэр сүргийг нядлахыг хориглосон шийдвэр гаргасан авч дээд шүүх уг шийдвэрийг зогсоожээ. IndiaSpend гэдэг англиар гардаг хэвлэлд бичсэнээр 2010 оноос хойш үхрийн тухай маргааны улмаас 63 хүчирхийлэл үйлдэгдэж 28 хүн амь үрэгдэж, 120 хүн шархадсан байна. Эдгээр дайралтын 97 хувь нь 2014 онд Модийг засгийн эрхэнд гарснаас хойш болжээ. Энэ он гарсаар 20 удаагийн хүчирхийлэлд 28 хүн амиа алдсаны 24 нь мусульман шашинтан байсныг дээрх мэдээнд дурдсан байна.

Эми Казмин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ