“Амь аварсан залууголж ,баярласнаа хэлэхсэн"
Одоогоос дөрөв хоногийн өмнө /2017.07.16/ Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны тойрог орчимд 40 тонны чингэлэг суудлын автомашин дээр унаж, эрүүл саруул нэгэн бүл дарагдаж, хүнд бэртэл авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Д.Мөнхбаатарынх гэх энэ залуу гэр бүлийнхэн аюултай ослоос амьд гарсандаа баярлаж сууна. Тэднийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд томограф зураг авахуулахаар очих үед нь уулзаж ярилцлаа. Бэртэж гэмтсэн гэр бүлийн хоёртой хамт бэр эгч, охин дүү нь бага хүүг нь тэвэрч явна. Гэр бүлийн гишүүд бүгдээрээ тархи, нуруу нугасны гэмтэлтэйн дээр гар хөл нь хугарсан гэсэн онош гарчээ. Мөн том хүүгийн уушги нь бяцарч, хөл нь хавтгай болтлоо дарагдсан байна.
“УХААНГҮЙ ГУРАВ ХОНОГ ХОНОСОН ХҮҮ МААНЬ СЭРГЭЖ БАЙНА”
-“Гай хэлж ирдэггүй, хийсч ирдэг” гэдэг. Танай гэр бүлд таагүй явдал тохиолдсон байна. Та бүхний биеийн байдал ямар байна вэ?
-Сая харин нэг сайхан мэдээ сонслоо. Том хүү маань 15 настай. Машины урд суудалд дүүгээ тэврээд явж байсан юм. Хүүгийн минь уушги нь бяцарч, хөл нь хугарсан тул сэхээний тасагт ухаангүй гурав хоног хонож, өнөөдрөөс /2017.07.19/ ухаан орж, дээшээ тасаг руу гарч байна. Эхнэр бид одоо тархины зураг авахуулах гээд рентгений өрөө руу явж байна.Бид бүгд тархиндаа гэмтэл авсан. Одоо ч гэсэн толгой маань өвдөөд л байна. Анх эмнэлэгт ирээд томографаар харахад “Зүгээр” байсан. Өвдөөд байхаар нь дахиад үзүүлэх гэж байна.
-Бага хүү нь уйлагнаад л байх юм. Гайгүй юу?
-Манай бага хүү одоо долоон сартай. Хүү маань астматай учраас эмнэлгийн бүгчим өрөөнд байж чадахгүй, бас олон удаа зүүгээр хатгуулсан болохоор уйлагнаад болдоггүй ээ. Өөрсдөө эрүүл саруул байгаад хүүхдүүдээ асарч байвал яахав. Гэтэл өөрсдөө гэмтээд, сэтгэлзүйн цочролд орчихоод, хүүхдүүдээ харахад үнэхээр хэцүү байна. Бид хоёр өөрсдийгөө хойш нь тавиад л хэдэн хүүхдүүддээ л санаа зовж сууна.
ГЭР БҮЛЭЭРЭЭ САЛХИНД ГАРАХААР ЯВЖ БАЙСАН ЮМ
-Та осол гардаг өдөр чухам юу болсныг санаж байна уу?
-Манайх Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд хадмынхаа хашаанд амьдардаг. Осол гардаг тэр өдөр хүүхдүүдээ салхинд гаргахаар гэр бүлээрээ явж байсан. Баруун салааны лагерь руу эмийн сан олдоггүй учраас бага хүүдээ хоолойн эм авах гэж явсан нь тэр.Гэнэт л зам дээр 40 тоннын чингэлэг ачсан машин эсрэг урсгалаас гарч ирсэн. Ачааны машины толгой хэсэг замын хэсгийг хуулж, унасан. Тэр замын хэсэг нь миний хойно зогсож байсан машин руу шидэгдсэн байсан. Булангаараа унасан чингэлэг манай машин дээр дарж унасан байна лээ.
-Осол гарах үед 40 тоннын чингэлгийг өргөж авах гэж хоёр цаг болсон гэсэн. Чухам яг юу болсон юм бэ?
-Миний хажууд хоёр хүү маань ээлжлээдухаан алдаж унаад л байсан. Би чинь дэргэд нь байгаа ч даруулчихсан болохоор юу ч хийж чаддаггүй. Тэгсэн миний үеийн насны нэгэн залуу хүүхдүүдийг маань сэхээгээд, ухаан оруулж байсан. Тусламж ирэхээс өмнө бидэнд тусалсан тэр хүн аврагч юм билээ. Тэр залуугийн эхнэр нь машины хойно сууж явсан эхнэр, нялх хүүхдийг маань гаргаж авсан.
-Танай гэр бүлийн амийг аварч, түргэн шуурхай арга хэмжээ авсан аврагч залууг хайж байгаа гэлээ. Эрсэн хүнээ олсон уу?
-Бидний амийг аварсан аврагч залуугаа олоогүй байгаа. Тэр залуу сүүлдээ ганцаардсан байх. Нэг хүүхдийг сэргээхээр нөгөөх нь ухаан алдаад уначихна. Бүр сүүлдээ “Нэг нь ирээд энийг бариад өг л дөө” гэж хэлж байсан. Тэр залуу үнэхээр мэргэжлийн хүн байна лээ. Түргэн тусламжийн эмч нар ирэхэд эм тариаг шууд өөрөө хийж байсан. Тэр хүн үнэхээр мэргэжилдээ үнэнч хүн. Өглөө ажлаасаа тараад явж байгаад биднийг аварсан гэсэн.
Одоо эмнэлгийн эмч нар түргэн шуурхай үйлчилж, ах дүү, найз нөхөд, танихгүй хүмүүс хүртэл сэтгэлээсээ тусалж байгаад талархаж байна. Цагаа тулахаар манай монголчууд бие биедээ дэмтэй, их сайхан сэтгэлтэй хүмүүс юм. Бид хоёр бас бэртэл авсан учраас хүүхдүүдээ сайн асарч чадахгүй байгаа учраас манай гэр бүлийг эмнэлэгт асрахаар ойр дотнынхноос 10 орчим хүн сахиж байна
-Ослын үеэр өөр хүмүүс бас тусалсан биз дээ?
-Бас тэр хавьд байсан залуус ирж, тэр чингэлэг дотор ачиж явсан дугуйг буулгаж, чингэлгийг өргөхөд тусалсан. Зарим нь машины цонхоор ус зөөж, уулгаж байлаа.Осол гарснаас хойш хоёр цагийн турш олон хүн тусалсан даа. Эхлээд нэг экскаватор ирээд чингэлгийг өргөх гэсэн,дийлээгүй. Тэгсэн бас нэг крантай залуу ирж, өргөж тусалсан. “Өргөж байгаад дахин трос нь тасраад унах вий” гэжайж л байлаа. Кранаар чингэлэг өргөж тусалсан тэр хүнд ч гэсэн “Урт насалж, удаан жаргаарай” гэж хэлье.
40 ТОННЫН ЧИНГЭЛГИЙГ БЭХЭЛГЭЭГҮЙ ТЭЭВЭРЛЭЖ БАЙСАН
-Түргэн тусламж хэр хугацааны дараа ирсэн бол?
-Осол гарсан даруйд эхнэр маань “Хүмүүсээ туслаарай. Утас байна уу? Гэр рүүгээ яримаар байна” гэж орилсон. Тэгсэн хүмүүс бүгд утсаа өгч, эхнэр төрсөн дүү рүүгээ хэл дуулгасан юм билээ. Тэгээд л байж байтал аврагч залуу ирж туслаад, дараагаар нь удалгүй Түргэн тусламжийн машин ирсэн.
-Тухайн үед ачааны машины жолооч чингэлэгт бэхэлгээ хийгээгүйгээс гадна машины тоормос ажиллагаагүй байсан гэж дуулсан. Машины жолооч танай гэр бүлийнхэнтэй уулзсан уу?
-Сая хүртэл ачааны машины жолооч ах эхнэр, хүүхэдтэйгээ ирээд явлаа. Машины жолооч ахыг өнгөрсөн хоёр хоног цагдаагийн байгууллагад саатуулсан байсан. Монгол хүн байна. Гай зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Би “Та минь ачаагаа даруулахгүй яав даа” гэж хэлсэн. Ачааны машины жолооч ах бас настай хүн байсан. Японоос орж ирсэн дугуй чингэлэгтэй орж ирээд л тэр ахын машиныг хөлслөөд явж байсан юм билээ.
Ер нь чингэлэгт бэхэлгээ хийх зориулалтын хоногууд байдаг шүү дээ. Гэтэл тэр чингэлэгт тийм зүйл байгаагүй гэдгийг жолооч нь хэлж байна лээ.Ачааны машины жолооч ах “Зориулалтын хоноггүй учраас би гинжээр даруулаад, татаж чангалсан” гэж хэлсэн. Өмнө нь ийм осол аваар өчнөөн нь л гарч байсан. Одоо энэ бүхэнд хяналт тавих хэрэгтэй. Анхаарал болгоомжтойгоор замын хөдөлгөөнд оролцож байхыг жолооч нартаа сэрэмжлүүлмээр байна.
Бидний яриа удаан үргэлжилсэнгүй.Тэд томографт харуулахаар яаран явав. Амь насыг нь авч одож ч мэдэхээр аймшигт ослоос эсэн мэнд үлдсэн Д.Мөнхбаатарын гэр бүлийнхэнд түргэн эдгээд, аз жаргалтай амьдрахыг ерөөе. Тэднийг эдгэрч, тэнхрэхэд нь туслах зорилгоор хандивын данс нээснийг уншигчдадаа дуулгая.
Хандивын данс: Хаан банк 5034355754 /Д.Мөнхбаатар/
Холбогдох дугаар: 86081229
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ