МАН-ын дотоод улс төрийн прогноз
МАН-ын Бага хурал ирэх сарын эхээр болох сурагтай. Бага хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн хийгээд бусад асуудлыг хэлэлцэх байх. Тус намын дүрмэнд зааснаар сонгуульд ялагдсан намын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч дараагийн удирдах багаа томилдог.
Энэ дүрмээр бол МАН-ын Бага хурал ойрхон хоёр хуралдах эсвэл Их хурал нь ч хуралдах магадлал өндөр байна. Аль ч тохиолдолд М.Энхболд, Д.Амарбаясгалангаас эхлээд ялагдсан аймаг, дүүргийн намын хорооны удирдлага гэх мэтээр томоохон бүтцийн өөрчлөлт яригдана. Ойролцоогоор 100 түүнээс ч олон хүний томилгоо, сэлгээ хийгдэх байх.
Өнөөдөр тодорхой болсноор М.Энхболд даргын суларч буй суудалд хоёр эрхэм санаархаад эхэлж. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болоод Шадар сайд У.Хүрэлсүхийн дунд гол тэмцэл өрнөх шинжтэй. Засгийн газрын түвшинд ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нар бодлого үйл ажиллагаагаараа өрсөлдөж эхэлсэн нь харагдаж байгаа юм. Нэг асуудлыг хоёр өөр талд хэлэлцэхээс эхлээд эл хоёр түшээ нийцэж, нэгдэж чадахаа больсон нь ажиглагдах болсон. Ажиглагдаж байгаа дараагийн зүйл нь олон нийтэд харагдах байдал. Шадар сайд У.Хүрэлсүх мэдээж ялсан Ерөнхийлөгчийн имижийг хулгайлахыг оролдоод эхэлж. “Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр дэндүү адилхан эх оронч” гэх мэтээр PR-ийн баг нь ажиллаад эхэлсэн байна. Бас сонгуулийн үеэр Монгол морь л уралдана гэх мэтээр нэр дэвшигчийнхээ гарал үүслийн эсрэг далд сурталчилгаа явуулсан нь өнөөдөр ил болсон. Тэгэхээр Намынхаа эсрэг ажилладаг У.Хүрэлсүхэд итгэл хүлээлгэж тамгаа атгуулах уу, эсвэл хариуцлага тооцож хөөн зайлуулах уу гэдэг сонголт МАН-ынханд бий.
Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ялагдсан М.Энхболд даргаасаа нэрээ аль болох зайлуулахыг хичээж, М.Энхболдын хүн гэж хэлэгдэхээс зайлсхийж эхэлжээ. Ядаж л хоёулаа Хятад хэмээгээд хар PR яваад эхэлбэл түүний цаашдын улс төрийн амьдралд ихээхэн сөрөг байх нь ойлгомжтой. Ингээд МАН-ын дотоод бужигнаан хэрхэн шийдэгдэхээс төр засгийн амьдрал хэрхэн савлах нь шийдэгдэнэ. У.Хүрэлсүх ялдаг юм бол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь тодорхой. Мэдээж МАН-ын дарга болсон У.Хүрэлсүхийн амбицийн эцсийн зогсоол Ерөнхий сайдын суудал. Мөнхийн мөрөөдөл нь ч гэж хэлж болох байх. Ерөнхий сайдын албыг сүүлийн нэг жил хашсан Ж.Эрдэнбатын хувьд тэсч үлдэхэд ихээхэн хүнд байгааг хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Энэ хоёрын дундуур өөр хүмүүс ч цахиур хагалж мэднэ.
Тэгвэл дараагийн генсек хэн бэ гэдэг асуултын хариу бараг тодорхой болоод байх шиг байна. Одоо тодорхой болж байгаагаар Хасын гэх тодотголтой Ч.Ганхуяг намын шинэчлэл гээд яриад эхэлсэн нь генсекийн суудалд санаархсаных байх. Ийнхүү хэн, яаж дарга болохоо хамаарч МАН-д ч тэр төрд ч тэр ихээхэн хөдөлгөөн, бужигнаан үүсэхээр байгаа юм. Аймаг, дүүргийн МАН-ын хорооны удирдлагууд ч эхнээсээ тодорхой болсон шиг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ