Б.Шижирбат: АНУ, Британи, Франц, Герман, Азийн “GOT TALENT” шоунд оролцох санал ирсэн
“Авьяаслаг Монголчууд” шоунд нэгэн тод од болон гялалзаж чадсан оролцогч Б.Шижирбат өөрийн үзүүлбэрүүдээ гадны улс орнуудын үзэгчдэд хүргэж эхэллээ. Тэрээр Монгол телевизийн албан ёсны эрхтэйгээр зохион явуулсан “Авьяаслаг Монголчууд” шоуны хоёр дахь улиралд шилдэг хоёр оролцогчийн нэгээр шалгарч байсан.
Энэ удаа тэрээр дэлхийн олон сая үзэгчийг байлдан дагуулсан “Авьяаслаг Америкчууд” шоунд оролцож, шүүгч Саймон Коуэллыг гайхшруулсан төдийгүй дөрвөн шүүгчээс “Тийм” гэсэн хариу сонссон юм. Эх орондоо, шоуныхаа дараагийн шатны үзүүлбэртээ бэлдээд, завгүй ажиллаж байгаа түүний үнэтэй цагаас хумслан цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-ХҮН БҮР ӨӨРТӨӨ БАЙДАГ МУУ ЗУРШИЛТАЙГАА ТЭМЦЭЖ БУЙГААР ГЭГЭЭЛЭГ ДҮР БҮТЭЭХИЙГ ЗОРЬСОН-
-“American's got talent” шоунд хэрхэн оролцох болсон талаар яриагаа эхэлье?
-“Mongolian`s got talent” шоуг дууссаны дараа “Americans got talent”, “Britian’s got talent”, “Asia’s got talent”, “French’s got talent”, “Germany’s got talent” зэрэг хэд хэдэн орноос шоунд оролцох санал ирүүлсэн. Энэ дагуу “Mongolian’s got talent”-ийн албан ёсны зохион байгуулагч Монгол ТВ-ийн продакшныхантай ярилцаж үзээд, “Americans got talent”-д оролцож үзэхээр шийдсэн. Цаг хугацааны хувьд өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр юм байна.
-Өмнөхийн адил ганцаараа бүх зүйлээ хийсэн үү?
-Тийм ээ. Өмнөхийн адил ганцаараа бүх зүйлээ хийсэн.
-Их өгүүлэмжтэй үзүүлбэрүүд үзүүлдэг. Энэ удаагийн шоунд ямар өгүүлэмжтэй үзүүлбэрээр оролцсон бэ?
-Үзүүлбэрийн зохиолын хувьд хүн бүр өөртөө байдаг муу тал, муу зуршилтайгаа тэмцэж байгаа тухай гэгээлэг дүр бүтээхийг зорьсон.
-Энэ удаагийн үзүүлбэртээ та өмнөх үзүүлбэрүүдээсээ шинэчлэн сайжруулсан зүйлс оруулав уу?
-Зохиолын хувьд ямар нэгэн сэдэв хөндөхийг зорьсон. Зарим нэг элементүүдийг нэмсэн. Дөнгөж эхний үе шат байсан учраас “Mongolina’s got talent”-ын хагас шигшээ болон шигшээ шатных шиг зориулж тоноглолтой хувцас хийлгэж бэлтгээгүй ээ.
-TYRA BANKS МИНИЙ ХАЖУУД ГАРЧ ИРЭЭД НАДААС СЭТГЭГДЭЛ АСУУХАД МАШ ИХ ЦОЧИРДСОН-
-Шоунд оролцоход хүндрэлтэй зүйлс байв уу?
-“American’s got talent”-д оролцохоор шийдсэн цагаасаа бэлтгэлээ маш эрчимтэйгээр хийж эхэлсэн. Бэлтгэл хийж эхлэх үед хамгийн эхэнд үзүүлбэрийнхээ аяыг сонгох асуудал хамгийн их бэрхшээл дагуулсан. Энэ тэмцээний эхний шалгаруулалтад оролцохын өмнө би хоёр үзүүлбэр бэлтгэж, шоуны баг руу явуулсан. Гэвч үзүүлбэртээ ашигласан аяны зохиогчийн эрхийг тухайн шоуны баг авах боломжгүй байна гэдэг хариулт ирүүлсэн учраас миний үзүүлбэрийг хоёр удаа буцаасан. Иймээс хоёр талаасаа байж болох бүх боломжит хувилбараар санал солилцсоны үндсэн дээр нэг ая сонгогдож, үзүүлбэрээ энэ аян дээрээ тохируулан бэлдсэн. Ая сонгогдсоны дараа үзүүлбэрээ бэлдэх хугацаа ердөө нэг сар байсан. Энэ хугацаанд амжуулж үзүүлбэрээ бэлтгэхийн тулд ажил дээрээ хонон өнжин бэлтгэлээ хийсэн дээ (инээв. сурв).
-Энэ шоуны хувьд таны давуу тал юу байв аа?
-Миний үзүүлбэрийн хувьд тийм ч олон тоогоор орж ирдэг үзүүлбэр биш учраас тэр миний хувьд давуу тал болсон байх. Гэхдээ миний үзүүлбэр шиг том дэлгэц ашиглаагүй ч гэлээ төрлийн хувьд ойролцоо 4-5 үзүүлбэр байсан.
-Дэлхийн хэмжээний тайзан дээр гараад сандарсан уу? Тухайн үеийн сэтгэгдэл, мэдрэмжээсээ хуваалцана уу?
-Сандрал мэдээж байсан. “American’s got talent”-ын энэ жилийн хөтлөгч “American’s top model” шоуны шүүгч, хөтлөгч Tyra Banks байсныг мэдээгүй. Миний хажууд гарч ирээд надаас сэтгэгдэл асуухад маш их цочирдсон. Бид хоёрын хооронд нэг алхам ч хүрэхгүй зайтай байсан. Энэ нь надад бас маш гайхалтай сэтгэгдэл үлдээсэн.
-ШОУНЫ ӨМНӨ ҮЗЭГЧДИЙГ БАЙХАД 5-6 УДАА ТЕСТ ХИЙЖ ҮЗСЭН-
-Үзэгчид болон шүүгчид хэрхэн хүлээж авсан талаар та манай уншигчдад дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юү? Бид монтажилсан бичлэг үзэж байгаа учраас тайзны ард юу болсон талаар сонирхож буй юм.
-Шоуныхаа үзүүлбэрийг үзүүлэхээс хоёр хоногийн өмнө би Америкт очсон. Дөнгөж очоод шоуны багийнхантай уулзахад миний үзүүлбэртээ ашиглах проектор маань ирээгүй байсан. Үзүүлбэрээ үзүүлэх өдрийн өглөө проектор ирж, тест хийх гэж байх үед үзэгчид ороод ирсэн. Ингээд би 5-6 удаа үзэгчид байх үед тест хийж үзсэн учраас яг шоуны үеэр үзүүлбэрээ үзүүлэхэд миний үзүүлбэрийг үзэгчид сонирхож хүлээж авахгүй байх вий гэж бодож байтал тэгээгүй. Тест хийж байх үе болон яг шоунд оролцож байх үед үзэгчид бүгд босож алга ташсан нь маш сайхан байсан. Мөн Mel B шүүгч босож алга ташсан. Үзүүлбэрээ үзүүлэхээр тайзан дээр гараад, шүүгч нарын асуултанд хариулах үед шүүгч Heidi намайг Монголоос оролцож байгаа гэхэд маш сайхнаар хүлээж авсан даа.
-Хамт оролцож буй өрсөлдөгчидтэйгээ та хэр дотно байв? Монголоос ирж байгааг тань дуулаад тэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Хамт оролцсон зарим оролцогчидтойгоо сайхан харилцаатай байсан. Намайг Монгол Улсаас ирж оролцож байгаа гэхэд Монголын талаар их сонирхож байсан. Зарим оролцогчид манай улсыг нүүдэлчин гэдэг утгаараа одоог хүртэл байгаа гэж боддогоо ч хэлж, хуваалцаж байсан.
-Тантай хамтран ажиллах санал ирсэн болов уу?
-“Mongolian’s got talent”-д оролцож дууссаны дараа өөр бусад орны got talent-аас ирж оролцох санал ирүүлсэн. Мөн Голладын дижей Сайм Фелт хамтарч ажиллах санал ирүүлсэн. Мөн янз бүрийн байгууллагуудаас арга хэмжээнд оролцуулах санал хэд хэд ирсэн.
-“АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД” ШОУНД ОРОЛЦСОНООР ШИЙДЭЖ ЧАДААГҮЙ БАЙСАН ИРЭЭДҮЙНХЭЭ ЗАМЫГ ТОДОРХОЙЛСОН-
-Одоо их завгүй байгаа бололтой. Бэлтгэлээ хэрхэн хийж байна вэ?
-Тийм ээ, бэлтгэлээ маш завгүй, өдөр шөнөгүй хийсээр л байна даа.
-Саяхан та тайзны шинэ уран бүтээл гаргасан байсан. Энэ бүтээлийнхээ талаар танилцуулна уу?
-“Punk and rap” хамтлагийн уран бүтээл болох “Од хооронд” нэртэй шинэ клипээ гаргаад байна. Энэ клипээ найз Бадмаарагтайгаа хамтарч хийсэн. Зураг авалтаа элсэн тасархай, Тэрэлжид очиж хийсэн. Ерөнхий графикаа яг өөрөө гардаж хийгээд, харин зураг авалт болон өнгө тавилт, цоололтыг Бадмаараг маань хийсэн. Эдгээр шинэ уран бүтээлүүд маань сошиал дээр хандалт өндөртэй байгаад баяртай байгаа.
-Цаашид юу хийхээр төлөвлөж, зорьж, хүсч мөрөөдөж байгаа вэ?
-Миний хийж байгаа уран бүтээлийн төрөл бол график дизайн, анимейшн дэнс гэдэг ч юм уу тодорхой нэршил байхгүй. Дэлхий дахинд хөгжиж яваа төрөл гэж хэлж болох байх. Энэ төрлийн уран бүтээлийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг маш их хүсэж байна. Энэ төрлийн уран бүтээлийг цаашид илүү сонирхолтойгоор, өөр хэмжээнд үзүүлэхийг хүсэж зорьж явдаг даа.
-“Авьяаслаг Монголчууд” шоунд оролцсоноор таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарав аа?
-Шийдэж чадаагүй байсан ирээдүйнхээ замыг тодорхойлсон гэж хэлж болно. Энэ шоунд оролцсоноор өөрийнхөө юу хүсэж байгааг, юу хийх хэрэгтэйгээ ойлгосон.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
Б.ГЭРЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ