Л.Түмэндэмбэрэл: Эхийг нь эндүүлж, үрийг нь эрэмдэг болгочихоод цалингийн 20 хувиар шийтгэсэн гэж хэлсэн

nurzedЭэжийгээ алдсан Нүрзэд гэх бяцхан хүүгийн талаархи гашуун түүх цахим орчинд тараад байна. Л.Түмэндэмбэрэл гэж энэ бүсгүй өөрийн цахим хуудсаар дамжуулан Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нараас хариуцлага нэхсэнээр энэ асуудал олны анхаарлын төвд орсон юм.

Тэрбээр бяцхан Нүрзэд хүүгийн авга эгч нь. Энэ оны гуравдугаар сарын 5-ны өдөр Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт 38 настай Ж.Ө 4.1 кг жинтэй эрүүл саруул бойжиж байсан хүүгээ төрүүлэхээр ирээд харамсалтайгаар амиа алдаж, эмч нар төрөхийн хүндрэлийн үед хүүг толгойноос нь татаж авахдаа гавлын ясыг нь салгаж, зөрүүлснээс эд эс нь дарагджээ. Эв эрүүл, сав саруул нэгэн бүсгүй ам бүл нэмэхээр баяр жаргалтайгаар эмнэлгийн хаалга татсан боловч эргэж ирсэнгүй. Түүнийг эр нөхөр нь, хоёр хүүхэд нь, шинэхэн төрсөн хүү нь ахиж харсангүй. Түүгээр ч үл барам хүү төрөхийн хүндрэлээс болж өдгөө хүртэл байнга өвдөн уйлж, орилон, өвчин намдаах эмийн тусламжтайгаар амьдарч байна.

“Эмч нар хариуцлага алдсан шүү дээ” гэж халаглахын зэрэгцээ хүүгээ эрүүл саруул болгохсон гэж тэмүүлж яваа энэ бүсгүй азаар “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн, бидний мэдэхээр үргэлж л олон хүнд хайр хишиг, тус буянаа түгээж явдаг Ц.Сувд-Эрдэнэтэй уулзжээ.

Эмч нараас хариуцлага нэхэж, үнэн зөвийг шаардаж, асуусан түүний хүсэлт ийнхүү хандивын аян болон өргөжиж, зарлагдсан цагаасаа хоёрхон өдрийн дотор 15 сая төгрөг цугласан нь өсөж, өнөөдрийн байдлаар 23 сая төгрөгт хүрээд байна. Эмч нарын “Монголд найдваргүй” хэмээх үг энэ бүсгүйчүүдийг зогсоосонгүй. Эцсийг нь хүртэл явна гэсээр эмнэлгээс эмнэлэг дамжиж яваа тэдэнтэй бид цөөн хором уулзаж ярилцсан юм.

nurzedНүрзэд хүүгийн авга эгч Л.Түмэндэмбэрэл:

-ЭМНЭЛГИЙН ХААЛГААР ИНЭЭЖ ОРЧИХООД ЭРГЭЖ ГАРЧ ИРСЭНГҮЙ-

-Таны бичсэн мэдээллийг уншаагүй олон хүн байгаа тул хоёулаа чухам юу болсон талаар яриагаа эхлүүлье?

-Хүү маань гуравдугаар сарын 5-ны өдөр төрсөн. Яг төрөхөд нь байгаагүй ч ээжийг нь эндсэний дараа би Улаанбаатар хотоос очсон. Эмчийн буруугаас л ийм юм боллоо гэсэн дүгнэлт гарсан. Маш хүчтэй татаж авснаас болж гавлын ясууд нь салж, зөрсөн, эд эсийг нь дарж үхүүлсэн гэсэн оноштой байна. Эхийг өнгөрснөөс хойш хүүхдийг гаргаж авах гэж ингэсэн гэж Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Бид ийм зүйл хийсэн эмч нарт нь арга хэмжээ аваад өгөөч гэтэл захиргааны арга хэмжээ авч, цалингийнх нь 20 хувийг хассан гэж хамгийн анх хэлсэн. Тэгэхээр нь хүүгийн минь аав “Эхийг нь эндүүлж, хүүхдийг нь насаар нь эрэмдэг болгочихоод цалингийн 20 хувиар шийтгээд өнгөрнө гэж юу байх билээ” гээд хотод ирж хөөцөлдсөн. Шүүх эмнэлэгт хүүгээ ахиж үзүүлээд, Эх нялхаст зургийг нь авахуулаад үзүүлэхэд эмч нарын буруу байна гэдэг дүгнэлт гарч, аймаг руу явуулсан. Гэтэл үүнээс хойш энэ хэрэг огт шийдэгдсэнгүй.

-Та хоёр Завханаас Улаанбаатарт ирээд удаж байна уу?

-Бид хоёр энд ирж эмнэлэгт хэвтээд дөрвөн сар болсон. Тэгэхэд эмч нар “Хүүе, тэр хүүхэд хаачив, яасан бэ, бие нь ямар байгаа бол, амьд уу, сэрүүн үү” гэж ганц ч асуугаагүй. Хүү маань одоо мөнхийн уйлаад л, Эх нялхасын эмнэлэгт эрчимтийн тасгаас нярайн тасаг, нярайн тасгаас мэдрэлийн тасаг хүртэл явлаа. Одоо хийх эмчилгээ гэж байхгүй, өвчин намдаах эм л тарьж, өвчнийг нь зогсоож байна. Цаашдаа хүү маань хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн хүүхэд болно гэсэн монгол эмч нарын оноштой л байна даа. Хамгийн гол нь байнга уйлж, хашгирч байдаг учраас өвчнийг нь намдаах гэж эм байнга тарина. Одоо дозыг нь ахиулж хийдэг болсон, гэсэн ч өвчин нь намдахгүй гийнасан байдалтай л байна. Үнэхээр үнэн гэж байдаг уу? Зөв зүйл гэж байдаг уу? гэдэг асуултын өмнө л ирээд байна. Эхийг нь эндүүлчихээд, үрийг нь эрэмдэг болгочихоод ямар ч хариуцлага хүлээхгүй байна гэдэг харамсалтай. Ядаж үрийг нь эрүүл саруул авчихсан бол. 4.1 кг хүүхдийг кесарево хагалгаа хийгээд авчихаж болоогүй юм байхдаа гээд л олон юм бодогдох юм.

-Эх хүүхдийн хяналтын дэвтэр бий юү? Хүүхдийн бойжилт, эхийн биеийн байдал хэвийн байсан уу?

-Хяналтын карт тэр эмнэлэгт одоо өөрчлөгдчихсөн явдаг юм уу, өөрчлөгдөөгүй явдаг юм уу, мэдэхгүй. Хоёр хоноод үзүүл гэвэл яг л хоёр хоноод, хяналтандаа яс л үзүүлж явдаг байсан гэсэн. Эрүүл бойжиж байна, эрүүл саруул байна л гэсээр ирсэн. Хүүхэд хэдий их жинтэй ч энэ хоёрт анхнаасаа кесарево хагалгаа хийгээгүй учир нь эх, хүүхэд хоёр хоёулаа эрүүл саруул байсан тул өөрөөрөө төрвөл эрүүл мэндэд нь сайн, өдий насалсан хүн чадна гэж ярилцсан гэсэн. 38 настай 13 жилийн дараа төрж байгаа ийм хүнд жаахан анхаарал хандуулаад, байг гэхэд кесарево хагалгаа хийчихсэн бол гэж бодогдох юм. Гэтэл орилуулсаар байгаад шалан дээр тас гэдрэгээ савж унаад, унангуут нь өндөр орон дээр ч гаргаж чадаагүй, шалан дээр нь хүүг татаж авсан байгаа юм. Хүчтэй татаж авсны улмаас маш их хэмжээний цус крантнаас урсаж байгаа юм шиг л урссан гэсэн. Түүнээс хойш ухаан ороогүй. Ийм л зүйл болсон, үүнийг одоо болтол цагдаагийн газрынхан шийдэж өгсөнгүй. Хүний амь гэдэг хэцүү, алгын чинээ нялх хүүхэд дөрвөн сар тасралтгүй уйлж ориллоо. Би Эх нялхасын эмнэлэгт одоо үнэхээр хэцүү байдалтай байгаа. Эмч, өвчтөнүүд бүгд бид хоёрыг мэднэ, байнга л уйлж, орилж байна. Эсвэл мансууруулаад хэсэг унтуулна. Өөр арга байхгүй.

-ХҮҮ МИНЬ ЭДГЭНЭ ГЭСЭН НАЙДВАР ДАХИН ТӨРЖ БАЙНА-

-Та анх яг ямар зорилготойгоор өөрийн цахим хуудсанд мэдээлэл бичиж нийтэлсэн юм бэ?

-Хариуцлага алдсан эмч нарыг арай ч ингээд чимээгүй өнгөрөөчихөж боломгүй санагдаад өөрийнхөө фэйсбүүк дээр бичсэн. Анхны санаа минь хандив цуглуулах биш байсан, та бүхэн мэднэ. Эмч нарт хариуцлага тооцоод өгөөч, цагдаа сэргийлэх нь ажиллаад өгөөч, эсвэл үнэхээр болохгүй, үнэн зөв гэж байдаггүй юм бол түүнийгээ ч болов хэлээд өгөөч гэж л цөхрөнгөө барж бичсэн. Гэтэл манай ард түмэн тусалъя, дэмжье гээд сайхан сэтгэлээр намайг тосч авсан. Тиймээс л өнөөдөр би ингээд хандив тусламж болоод явж байна даа.

-Монголын ард түмэн хүүг эдгэнэ гэсэн бүрэн итгэлтэй байгаа шүү дээ?

-Эдгэнэ, эдгэдэг юм, шантрах ёсгүй шүү гээд надад маш их сэтгэлийн урам дэм хайрласан. Одоо Сувдаа гэж сайхан сэтгэлтэй охин миний бүх юмыг хөөцөлдөж, гадагшаа дотогшоо бичиг, хүсэлт явуулж өгч байна. Түүний хариу нааштай ирээсэй гэж их горьдож хүлээж байна. Уйлж, унжиж байсан үеэ бодвол хүү минь эмчлэгдэнэ гэсэн найдвар надад ахиад төрж байгаа.

-Хүүд туслах хандивын мөнгө хоёрхон хоногийн дотор 15 сая төгрөг болсон байна. Олны хүч оломгүй далай гэдэг?

-Тийм ээ, хүмүүс 5, 10, 100 гээд л сэтгэлээрээ тусалж байна. Дансанд орж ирсэн мөнгийг би өдөр бүр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлж байгаа. Өнөөдрийн байдлаар 23 сая төгрөг цугласнаас би нэг ч төгрөг аваагүй байна. Ингэж цуглуулсаар хүүгээ эмчлэгдэнэ гэсэн газар руу нь л аваад явмаар байна. Одоо зовоомооргүй байна. Сайн сайхан хүмүүс надтай таарлаа. Одоо би Сувдаагийнхаа л амыг харж сууна, Сувдаа яах вэ? Сувдаа юу гэж байна, Сувдаа юу болж байна, хариу ирэв үү, сураг байна уу гээд л өдөр хоногийг өнгөрөөж байна даа.

nurzed-Энэ дөрвөн сард та, таны дүү (хүүгийн аав.сурв) хоёр ямар байдалтай амьдралаа зохицуулж байв аа?

-Бүхэл бүтэн нэг гэр бүл, хоёр хүүхдийн амьдрал орвонгоороо эргэлээ. Эх нь өвчтэй байж байгаад өөд болсон бол хүний сэтгэл арай л өөр байхсан. Гэтэл төрөөд ам бүл нэмнэ дээ гээд эмнэлгийн хаалгаар инээж орчихоод эргээд гарч ирэхгүй болохоор хоёр хүүхдэд нь хэцүү байна биз дээ. Өнчирч үлдсэн хоёр хүүхдээ харж хайрлах, дөнгөж төрөөд ийм болчихсон бас нэг үрээ эмчлүүлж эдгээх, мөрийг нь түшээд сууж байсан ханийнхаа үхлийн шалтгааны үнэн мөнийг олох гээд нэг эр хүн бас л зовж явна.

-Аав нь одоо нутагтаа байгаа юу? Юу хийж байгаа вэ?

-Энэ хугацаанд аав нь 18 сая төгрөгийн цалингийн зээл авч, Солонгос улсад хүүгээ эмчлүүлэхээр авч явсан. Гэтэл хүнд итгэж болдоггүй хорвоо юм. Дөрөв хоног хүүхдээ Солонгос улсад чарлуулж яваад л эргээд ирсэн. Эндээс хөөцөлдөж өгсөн монгол хүн “Тэнд Солонгосын эмнэлэгт монгол эмч бий, та нарыг очиход хүлээгээд авна, хүүхдийг чинь үзүүлээд харуулаад өгнө” гэсэн. Гэтэл очиход ямар ч эмч байгаагүй, нэг хэлмэрч хүүхэн л байсан. Тэнд очоод тархи толгойны зураг авахуулж, хэд гурван шинжилгээ өгсөн, нилээд хэдэн төгрөг ч болсон. Араас чинь зургийг нь явуулна гэсэн ч одоо болтол алга байна. Тэнд үзүүлсэн нэг солонгос эмчээс “Хүүхэд минь уйлаад үхэх нь, нутаг буцах болтол ямар нэг арга хэмжээ авч өгөөч дээ” гэж гуйсан. Гэтэл тэр эмч ямар ч арга байхгүй, манайх өвчин намдаах эм тариа хамаагүй хийдэггүй, нутаг буц. Гэхдээ наад хүүхдийн чинь уйлж байгаа нь толгойноос нь болоогүй байх” гэсэн. Толгойноосоо л болж байгаа шүү дээ, бусад бүх эртхэн нь эрүүл юм. Ингээд хэл ус ч үгүй, онгоцны буудал дээр очоод хүн болгонд “Монгол явах гэсэн юм, Монгол явах гэсэн юм” гэж хүүхдээ орилуулсаар, бичиг баримтаа үзүүлж явсаар монголчуудаа бараадаж, эх орондоо ирсэн. Одоо аав нь хуучин байсан өр зээл, нэмж тавьсан цалингийн зээлээ төлөхийн тулд нутагтаа ажиллаж, хоёр томыгоо ч харж асарч байна. Байнга л наашаа сэтгэл нь зовниод утасдана, байн байн наашаа гүйж ирнэ. Бид ийм л байдалтай байна.

-ХЭРЭГ ХУДЛАА БОЛОХ НЬ БАЙНА ШҮҮ ГЭЖ ДҮҮ МИНЬ ХЭЛСЭН-

-Хүүгийн аав таны төрсөн дүү байх аа?

-Тийм ээ. Өнгөрдөг охин минь манай бэр. Би энэ хүүг авах хүний нэг, авахаас аргагүй юм. Миний хоёр охин одоо том болчихсон. Ийм хэцүү байдалд байхад нь “Одоо хүүгээ ав аа” гэж хэлэх эрх надад байхгүй. Би гуравдугаар сарын 5-ны өдрөөс хойш бүх амьдралаа хойш тавьсан. Тавны өдөр эндлээ гэхэд нь шөнө дөлөөр эндээс гараад Завхан очсон, түүнээс хойш ажил төрлөө ч хаяад энэ хүүтэйгээ л зууралдаж сууна. Анх их ядарч, хэцүү байдаг байсан. Сүүлдээ “гөлийнө” гэгчээр дассан. Хамгийн гол нь энэ нялх амьтан зовж байна, би яах вэ, бие минь ядарч байгаа ч ямар өвдөж хавдсан биш. Энэ амьтнаа харахаар л элэг эмтэрч, уйлахад нь дагаж уйлаад л суудаг юм.

-Аав нь эмч нартай, эмнэлгийн удирдлагуудтай очиж уулзсан юм болов уу?

-Эмнэлэг дээр аав нь хэд хэдэн удаа очиж уулзсан гэсэн. Эмч нар, дарга нар нь огт тоосон шинжгүй байна гэж байна лээ. Надад хэлэхдээ “За хэрэг худлаа болох нь байна шүү, жижиг газар болохоор бүгд бие биенээ таньдаг, холбоо сүлбээстэй байдаг юм шиг байна аа, ингээд л дуусах нь. Одоо хоёулаа хүүхдээ хараад л суухаас өөр гарцгүй болох нь байна” гэсэн.

-Хүүгийн биеийн хөгжил хэвийн үү?

-Хэвийн. Хөл гар сайн хөдлөнө, бусад эрхтэн тогтолцоо хэвийн. Хамгийн гол нь толгойных нь эсүүд үхчихсэн болохоор ямар ч удирдамжгүй болчихсон. Анх нүдээ цавчаад байдаг байсан нь одоо багасч байна. Хоолондоо сайн, шээж баахад хэвийн яг л хүүхдийн хэвийн хөгжлөөр явж байгаа. Толгой тархины асуудал л байна. Өнөөдөр хүү минь намайг хараад таньдаг болчихсон байх ёстой, хөөрхөн инээдэг болчихсон байх ёстой, ядаж ганганаад л хэвтэж байх ёстой юмсан.

-Хүүг эмчлүүлэхээр уламжлалт эмнэлгээр явж үзсэн болов уу?

-Тийм ээ, явж болох бүх л газраар явсан. Энергийн эмчилгээ, бариа засал гээд л. Гэхдээ аль аль нь тохирдоггүй юм, нэг яваад л маргаашаас нь хямраад, бөөлжөөд, таталт өгөөд эхэлдэг. Энэ чинь гэмтэл гэсэн үг шүү дээ. Тиймээс хамаагүй бариулж болохгүй.

nurzed“Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ:

-ХУГАЦАА АЛДАЛГҮЙ MRI ХИЙЛГЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА-

-Та анх Л.Түмэндэмбэрэлтэй хэрхэн холбоо барьж, мэдээллийг хаанаас авсан бэ?

-Фэйсбүүк дээр оруулсан бичлэгийг нь харахын зэрэгцээ маш олон хүн энэ эмэгтэйд туслаач, дэм болооч, нэмэр болооч, нэг тийш нь болгоод өгөөч гэж надад хүсэлт тавьсан. Би ч зүгээр сууж чадсангүй. Тэгээд шууд очиж уулзаад хандив цуглуулж, энэ хүүхдийг эмчлүүлье гэж зориг шулуудсан.

-Энэ удаагийн хандивыг “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн дансанд биш, Л.Түмэндэмбэрэлийн хувийн дансанд цуглуулж байгаа юм билээ?

-Тийм ээ. Бид зайлшгүй эд материал авах хандивыг “Итгэл сэтгэлийн гүүр” сангийнхаа дансаар авдаг. Гэр барих, байшин сав авах гэх мэт. Харин хүүхдийн эмчилгээний хандивыг дандаа хүүхдийн нэр дээрх данс юм уу, яг асран хамгаалж байгаа хүнийх нь дансаар явуулдаг.

-Хандив ямар явцтай байна вэ? Одоо юу юу дутуу, юу хэрэгтэй байгаа вэ?

-Бид хүүгийн томографын зургийг авахуулаад, зургаан улсын 12 эмнэлэг рүү хүсэлт явуулсан. “MRI” хийлгэх шаардлагатай гэсэн боловч баяр наадмын өдрүүд давхцаад Монголын аль ч эмнэлэг MRI хийсэнгүй. Бид чадлаараа бүх эмнэлэг дээр очиж уулзлаа, ажилчид нь бүгд амраад явсан байсан тул хүүхдийн шинжилгээ хийгдсэнгүй. Зарим эмнэлгээс хариу нь ирж эхэлсэн. “Томографын зургаас харахад гавлын ясанд нь хагалгаа хийж болно, гэхдээ нарийн эсийн шинжилгээгээр тархинд юу учирсан болохыг MRI шинжилгээгээр мэдэж байж эцсийн хариу өгнө” гэсэн. Биднийг маш олон хүн дэмжиж англи, солонгос, япон хэл дээр материалуудыг орчуулж өгсөн. Тэр хүмүүстээ маш их баярлаж байна. Би үнэндээ нэг ч материал гадагшаа явуулаагүй, тэдгээр сайхан сэтгэлтэй хүмүүс л бүх ажлыг гардан хийж, ажлыг хөнгөвчилж өгч байна. Олон хүний сэтгэл шингэж, нэгдэж байгаа учраас дүү маань эдгэнэ гэж найдаж сууна.

-MRI-д хэзээ орох вэ?

-Тийм ээ, нярай хүүхдэд MRI хийдэг газар их ховор юм байна. Саяхан “Сонгдо” эмнэлэгт очиж уулзаад, лхагва гаригийн өглөө байгаа нэг цагийг авлаа. Түүнээс наана ямар боломж байна хайгаад л явж байна. Хугацаа л алдаж боломгүй байна, хүүхэд маань цаг цагаар өсч байгаа учраас нэг өдрийг нэг өдөр гэлтгүй л хөөцөлдөж байна.

ХАНДИВЫН ДАНС: Хаан банк 5720477240 Түмэндэмбэрэл

ХОЛБОГДОХ ДУГААР: 89939343 Түмэндэмбэрэл Лхагважав

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

nurzedЗураг 1: Шүүх эмнэлэгийн шинжилгээний бичиг №509 7-р нүүр

nurzedЗураг 2: Шүүх эмнэлэгийн шинжилгээний бичиг №509 9-р нүүр

nurzedЗураг 3: Шүүх эмнэлэгийн шинжилгээний бичиг №660 2-р нүүр

nurzedЗураг 4: Шүүх эмнэлэгийн шинжилгээний бичиг №509 3-р нүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ