МАН-ын даргад У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нарын нэр яригдаж байна

-ТУС НАМД ХАЛАА СЭЛГЭЭ, ХАРИУЦЛАГЫН ДАЙН ӨРНӨЖ ЭХЭЛЖЭЭ-

Өнөөдөр МАН дотор намын даргын суудлын төлөөх фракц хоорондын зөрчилдөөн дээд цэгтээ хүрч, халаа сэлгээ, хариуцлагын дайн өрнөж байгаа бололтой. Саяхан болж өнгөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН байдаг хүчээрээ зүтгээд, нийт сонгогчдын 25 хувь хүрэхгүй санал авсан нь намын даргаа өөрчлөх гол шалтгаануудын нэгээр нэрлэгджээ.

Үнэндээ ард түмэн эрх баригч намд саяын сонгуулиар хатуухан дүн тавьсныг эгэл жирийн олон мянган гишүүн нь хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж эхэллээ. Түүгээр ч зогсохгүй гаднаасаа өө үгүй, ажин түжин мэт харагддаг тус намд тод манлайлал үгүйлэгдэж буйг ч онцлон тэмдэглэж байна.

МАН-ын гишүүд сонгуулийн дүнг хэлэлцэж, бүх шатанд хариуцлага ярих цаг ирснийг уриалж эхэллээ. Тэд Ардчилсан нам шиг намын даргаа нийт гишүүдээсээ сонгох санал хүртэл дэвшүүлжээ. Мөн намын удирдлагыг жирийн гишүүдэд бариулан, урам зоригийг нь сэргээж, намын эв нэгдлийг хангах сайхан боломж ирснийг ч онцолж буй юм.

Намын даргаа өөрчлөх бас нэг шалтгаан нь сонгуулийн үеэр цацагдсан 60 тэрбумын бичлэгтэй холбоотой ажээ. МАН-ынхан энэ бичлэгт оролцсон нөхдүүдэд хариуцлага тооцох талаар Удирдах зөвлөл, УИХ дахь бүлгийнхээ төвшинд яриад эхэлсэн байна.

Наадмын өмнөхөн МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар 60 тэрбумын бичлэгт оролцсон этгээдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэйг хэлж, бусад гишүүд нь дэмжжээ.

Наадмын үеэр МАН-ын үүрийн дарга нар “60 тэрбумын эсрэг хөдөлгөөн” өрнүүлсэн бол НИТХ-ын төлөөлөгчид 60 тэрбумын бичлэгийн гол дүр Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг огцруулахаар гарын үсэг цуглуулаад эхэлсэн байна.

М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахад гол үүрэг гүйцэтгэсэн гэгдэж буй, “мэргэжлийн” тодотголтой Засгийн газартай хариуцлага тооцох асуудал ч яригдаж байгаа аж. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газрын оновчгүй томилгоонууд, сонгуулийн амлалтуудыг орвонгоор эргүүлсэн зэрэг нь МАН-ын нэр хүндийг “шороотой хутгасан” гэж гишүүд нь үзжээ.

Баяр наадмын үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд наадамчдын гал хавиар уулзалдаж, хамгийн түрүүнд Засгийн газрыг огцруулах, сонгуулийн хариуцлага тооцох нь зөв хэмээх тохироонд хүрсэн мэдээллийг эх сурвалж өгч байна. Мөн дэд сайдуудаа цомхотгох тухай ч ярьж эхэлжээ.

-Б.ГАНТУЛГЫН НЭРИЙГ ТАТАЖ, У.ХҮРЭЛСҮХИЙГ ХЭНТИЙД НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЖЭЭ-

Монгол Ардын Намын дараагийн дарга хэн болох вэ? Эх сурвалжийн мэдээлж буйгаар, МАН-ын шинэ даргад Шадар сайд У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын нэр яригдаж эхэлжээ. МАН-ын дарга М.Энхболд энэ суудалд Ж.Эрдэнэбатыг зүтгүүлж байгаа аж. Өмнө нь, УИХ-ын 2017 оны сонгуулийн үеэр тэрбээр намын даргын суудлаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шилжүүлэн өгөх сонирхолтой байгаа талаар “бор шувуу” нисч байв.

Сү.Батболдын хувьд У.Хүрэлсүхийн нэрийг намын даргад дэвшүүлж байгаа тул Ж.Эрдэнэбатаар намаа удирдуулах сонирхолгүй байгаагаа илэрхийлжээ. Нөгөөтэйгүүр М.Энхболд УИХ-ын 2017 оны сонгуулиар намаа ялалтад хүргэхэд хувь нэмрээ оруулвал Засгийн газраа У.Хүрэлсүхээр тэргүүлүүлэхээр амалж байсан. Гэвч үнэмлэхүй ялалт байгуулсан МАН түүнийг Ерөнхий сайдаар томилоогүй билээ.

У.Хүрэлсүх МАН-ын дарга болох магадлал өндөр байгаа ажээ. Гэхдээ түүнд намын дарга болж, Ерөнхий сайдын суудалд хүрэх нэг боломж бий. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн хүчингийн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгын нэрийг татаж, Хэнтийн тойрогт дахин сонгууль явуулснаар У.Хүрэлсүхэд намын дарга болох боломж нээгдэнэ. Энэ талаар ч МАН-ынхан тохиролцоонд хүрсэн мэдээлэл байна.

У.Хүрэлсүхийн хувьд УИХ-ын сонгуулийн дараа туйлын сэтгэл гонсгор үлдсэн. Танхайдуухан бөгөөд үнэн үгтэй, “улаан хамгаалагч” хэмээгддэг тэрбээр намын даргаар сонгогдож чадвал хүсч байсан Ерөнхий сайдын суудлаа авахыг үгүйсгэхгүй. Түүнийг намын дарга болвол МАН-ыг арай илүү эрч хүчтэй, сонирхолтой болгож мэдэх хүн гэлцэнэ. Харин Ж.Эрдэнэбатыг зүтгүүлж байгаа нь М.Энхболдын хувьд намын даргын суудлаа гарын хүндээ шилжүүлж, намаа далдаас удирдахаар төлөвлөсөнтэй нь холбоотой гэж үзэх хүн олон байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ