С.Гантогоо: Миний зургийг “цагаан хуудас”-т зөвшөөрөлгүй ашигласанд харамсаж байна

gantogoo

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан дуучин С.Гантогоогийн зургийг “цагаан хуудас” гэгчид зөвшөөрөлгүй ашиглажээ. Түүнтэй ярилцсанаа хүргье.

-Таны зурагтай “Залуучууд аа, цагаан сонгуульд нэгд” гэсэн сонгуулийн сурталчилгаа нийгмийн сүлжээгээр таржээ. Түүнд таны фэнүүд ихээхэн дургүйцсэн сэтгэгдэл үлдээж байна. Энэ талаар та тайлбар хэлэхгүй юу?

-Юуны өмнө дахин уулзаж ярилцаж байгаадаа баяртай байна. Тийм ээ. Би юу болоод байгааг үнэндээ мэдэхгүй байна. Би эхэндээ ийм сурталчилгаа явж байгаа талаар ч хараагүй, сонсоогүй байсан. Гэтэл миний болон фэйсбүүкийн найзууд, фэйж хуудасны дагагч нар Гантогоо энэ юу болоод байна вэ? Ийм зураг явж байна. Энэ чи мөн үү гээд гайхсан байдалтайгаар над руу илгээсэн юм. Тэрийг хараад би үнэхээр их гайхсан. Надад хэлэхгүйгээр ингэж болдог юм байх даа гэж бодсон. Ядаж байхад тэр зураг нь миний цэрэг хувцас өмсөөд авахуулсан зураг байсан. Тэр зурган дээр “Залуус аа, цагаан сонгуульд нэгдэцгээе. Би цагаан сонгууль өгнө. Та нарыг бас уриалж байна” гэсэн байсан. Миний зурган дээр намайг хэлсэн мэтээр эвлүүлээд янзалсан байсан. Үнэндээ би “цагаан сонгууль” гэгчид нэгдээгүй. Би хэзээ ч хэн нэгний сонгуулийн суртачилгаанд хүнтэй хамтарч ийм зүйл хийгээгүй.

-Олны танил хүмүүсийн зургийг энэ мэтээр зөвшөөрөлгүй ашигласаар байгаа юм билээ?

-Би их гайхсан, бас балмагдсан. Тэр зурагны доор бичсэн сэтгэгдлүүдийг нь уншаад их гомдсон. Яагаад заавал ингэж байгаа юм бол. Бурханы авралаар би сонгуулийн үйл ажиллагаанд оролцоогүй. Надад тиймэрхүү сурталчилгаанд оролцох шаардлага байхгүй. Шударга хэлэхэд, надад хэрэв тиймэрхүү сонгуулийн сурталчилгааны санал ирэх юм бол би шууд татгалзсан хариу өгнө. Яагаад гэхээр би энэ өөрийн олж авсан өчүүхэн нэр хүнд болон өчүүхэн амжилтаа үгүйсгэмээргүй байна шүү дээ. Яагаад заавал намайг ингэж ийм сурталчилгаанд оролцуулж байгаа юм бэ? Би үнэндээ гайхаж байна. Яагаад хүмүүстминий талаар сөрөг сэтгэгдэл төрүүлж байгаа юм бэ? Тухайн зурагны доор бичсэн сэтгэгдлүүд үнэхээр аймаар байсан. Гэхдээ тэр хүмүүс мэдэхгүй. Намайг ингээд явж байна л гэж бодож байгаа шүү дээ. Энэ сөрөг мэдээлэлд би тэр дор нь хариулт өгөөд явсан. Мөн би лайв хийж би биш гэдгээ хэлсэн. Нэгэнт сөрөг мэдээлэл тарчихсан учраас би мэдэгдэл хийсэн.

Зураг: С.Гантогоогийн зургийг “цагаан хуудас” гэгчид зөвшөөрөлгүй ашиглажээ

-БИ ЭНЭ ҮЙЛДЛИЙГ ХЭРХЭВЧ ЗҮГЭЭР ӨНГӨРӨӨХГҮЙ ШАЛГУУЛНА-

-Энэ мэдээллийг та их хүндээр хүлээж авсан бололтой?

-Энэ удаа үнэхээр их хүндээр хүлээж авсан. Яагаад гэхээр хүмүүс намайг маш ихээр буруу ойлгож байна. Намайг чи нам дагалаа. Буруу зүйлд уриаллаа гэж шүүмжилж байна. Үндсэн хуулиар олж авсан сонгох эрхийнхээ дагуу би иргэн хүнийхээ хувьд сонголтоо чимээгүй хийнэ. Энэ бол миний л эрх, үүрэг. Тийм болохоор надад цагаан байна уу, улаан сонгууль байна уу хамаагүй. Би олон нийтийн сэтгэхүйд нөлөөлмөөргүй байна. Иргэдийг аль нэг намд саналаа өгөөрэй гэж уриалах эрх надад байхгүй. Би тэгж уриалахгүй. Тэр хүн миний зургийг зөвшөөрөлгүй ашигласан байна. Хэн ингээд ашиглаад байгааг би хэлж мэдэхгүй нь. Намайг дэмждэг маш олон хүн над руу “Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газар өг” гэж бичсэн байна лээ. Би завгүй байгаа учраас хаана өгөхөө сайн мэдэхгүй байна. Гэхдээ би үүнийг хэрхэвч зүгээр өнгөрөөхгүй.

-Энэхүү сонгуулийн хууль бус суртачилгаанаас болж таны Монголдоо олж авсан нэр хүндийг үгүй хийж байна гэж олон хүн үзэж байна?

-Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй гэдэг шүү дээ. Мэдээж цаг хугацаа бүгдийг харуулна. Яагаад заавал монголчууд ингэх ёстой юм бэ?. Яагаад муухай урам хугармаар зүйл хийж байгаа юм бол? Битгий залуучуудын урмыг хугал л даа. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг. Ийм хоёрын хооронд зүйл битгий хийгээч ээ. Цаг хугацаа хэн нь хэн бэ гэдгийг харуулна. Ард түмний сонголтоор хэн ч гарсан байсан ард иргэд Монгол орныхоо төлөө тууштай байгаасай гэдгийг л би чин сэтгэлээсээ хүсэж байна. Хамгийн гол нь хүний хэлсэн үг, зураг зэргийг буруу зүйлд ашиглаад хаа хүрэх юм бэ? Би гайхаж байна. Энэ бол хөгжиж байгаа биш хойшоо хоёр алхаж байгаа хэрэг. Сүүлдээ миний инээд хүрч байна. Гэхдээ зүгээр ээ. Ирээдүйн Монголын хөгжлийг залуучууд бид л урагшлуулна. Бидний үе тэртэй тэргүй ирнэ. Бид хамгийн гол нь жанжин шугамаа алдахгүй байх хэрэгтэй. Яг үнэндээ би энэ сонгуулийн тухай их юм ярихгүй. Тэртэй тэргүй ард түмэн бүгдийг харж байгаа. Бас нэг инээдтэй юм хэлэхэд, өнөөдрийн үйл ажиллагаан дээр үндэсний хувцас өмссөн чинь “Женко стиль” гэж байна. Ингээд таарчихсан юм. Юм болгоныг сонгуультай холбоод байх юм.

-Хоёулаа ярианы сэдвээ уран бүтээл рүү тань хандуулъя. “Яг түүн шиг” шоугаа амжилттай дуусгалаа. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Тийм ээ. Шоугаа амжилттай дуусгаж чадлаа. Би энэхүү шоунд маш их хичээсэн. Хичээсэн хэрээр намайг байгаагаар минь хүлээж авсан, надад саналаа өгсөн бүх үзэгчдээ бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. Шоугаа амжилттай дуусгасандаа би туйлын их баяртай байгаа. Манай шоу дуусаад удаагүй байна. Би шоугаа дуусгаад хоёр долоо хоногийн дараа Солонгос руу явсан.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Монголдоо чанартай сайн уран бүтээл хийх гээд. Дуншаад л байж байна. Гэхдээ ерөнхийдөө төлөвлөж, эрэл хайгуулын ажилдаа орсон байгаа. Нэг хаалгаар орох гээд л байна. Хаалгаар орохын өмнө олон хүнтэй уулзаж, зөвлөлдөж, судалгаа хийж байна.Их удахгүй гэж бодож байна. Надад маш ихийг хийх оргилуун хүсэл байна.

gantogoo

-СОЛОНГОС НАЙРУУЛАГЧ МИНИЙ АМЬДРАЛААР БАРИМТАТ КИНО ХИЙЖ БАЙГАА-

-Та өмнөх ярилцлагадаа поп чиглэлээр уран бүтээл хийнэ гэж байсан?

-Энэ хүсэл маань цааш гүнзгийрээд, намайг сонсох дуртай хүмүүс ямар дуу хүсээд байна. Мөн би өөрөө яг юу дуулахыг хүсээд байна вэ гэдэг яригдаад явж байгаа. Би солонгос уран бүтээлчтэй хамтрахаас гадна монгол уран бүтээлчидтэй ч хамтарна. Их сайн бүтээл гарах байх гээд найдаж байгаа.

-Солонгос руу ямар ажлаар яваа вэ?

-Солонгос найруулагч миний амьдралаар баримтат кино хийж байгаа юм. Эхний зураг авалтыг шоу эхлэхээс өмнө авсан. Харин сая хоёр дахь зураг авалтаа Солонгост хийсэн. Мөн миний төрсөн нутаг болох Хөвсгөлд зураг авалт болсон. Кино багийнхан ирээд, гурван хоногийн өмнө Монгол дахь зураг авалтаа амжилттай хийж дуусгалаа. Сүүлийн зураг авалтаа наадам өнгөрөөгөөд хийх юм. Миний амьдралаар гэхээсээ илүү намайг уран бүтээлч гэдэг талаас нь гаргаж байгаа. Солонгост гадаад хүн тэр дундаа монгол хүн очоод, арван жил амьдрахдаа эхлээд хар ажил хийж байгаад одоо урлагийн байгууллагад ажиллаж буй талаар юм. Солонгосын хөгжмийн найруулагчтай хамт Хөвсгөл рүү аялах зуураа хоёр дуу бүтээж байгаа. Тэр дууныхаа бичлэгт Солонгост зураг авалтаар очихдоо орох юм. Энэ дуугаа Солонгост гаргахаас гадна монголоор орчуулаад эх орондоо гаргана. Тал талын юмыг алдахгүй амжуулах гээд маш их хичээж явна. Энэхүү кино ирэх арван сард нээлтээ хийнэ. Ашгийн бус баримтат кино гэдгээрээ онцлог. Манай найруулагч олон улсын наадамд өрсөлдөхүйц хэмжээнд хийх гэж байгаа гэж байна лээ. Миний хувьд тэр наадамд орсон ороогүй энэ бүтээл миний хувьд нандин бүтээл болж байгааг хэлмээр байна.

gantogoo-Та “Монтант” хамтлагаасаа гарсан юм уу?

-Одоохондоо чөлөө авчихсан байгаа. Ямар нэгэн байдлаар буцаж очоод хамтлагтаа харьяалагдахыг үгүйсгэхгүй. Ер нь цаашдаа Солонгос улсад олж авсан өчүүхэн карьераа орхимооргүй байна. Зах зухаас нь зуурсан болохоор тийм хурдан тавимааргүй байна. Цаашид хэрхэн яаж өөрийгөө тэр зах зээл рүү оруулах вэ? Өөрөө орчихвол Монголын авьяаслаг уран бүтээлчиддээ хаалга нээж өгөх ч гэдэг юм уу их том мөрөөдөл тээгээд явж байна.

-Та “Яг түүн шиг” шоунаас Ард түмний дуучин гэсэн нэр алдар хүртэж, олон хүнээс их хүндлэл хүлээсэн. Тэрхүү тайзан дээрээс үзэгч болон дэмжиж буй хүмүүсээс та юу мэдэрсэн бэ?

-Яг үнэндээ хүмүүс надад ийм гайхалтай хандана гэж огт бодоогүй. Олон мундаг уран бүтээлчтэй өрсөлдөнө гэдэг утгаараа эхэндээ бага зэрэг айдас, сэтгэл түгшилт байсан. Гэхдээ би хичээх л ёстой, хүмүүсээс би дутах ёсгүй. Би хүний хийж чадаж байгаа зүйлийг заавал хийх ёстой гэсэн хүслээр оролцсон. Түрүүлэх гол биш, чанартай хийх ёстой гэж бодож байсан. Тэгээд хичээгээд явж байтал тавдугаар дугаараас эхлэн хүмүүсийн хандлага их сайхан болж ирсэн. Жишээ нь, миний цахим хуудаст их олон хүн урмын үг хайрлаж байсан. Заримыг нь би уншиж амжихгүй байлаа. Би шоунд оролцож байхдаа хүнд таалагдах гэж хичээгээгүй. Өөрийнхөөрөө хичээгээд, яг тэр байдлаар минь хүмүүс хүлээж авч байсанд би маш их баярласан. Сүүлийн хоёр дугаар гарахад өөртөө маш их итгэлтэй болж ирсэн. Урьд өмнө итгэлтэй байсан л даа. Гэхдээ сүүлдээ би энэ хүмүүсийн итгэлийг эвдэхгүйн тулд өшөө их хичээх ёстой гэдгийг алхам бүртээ мэдэрч байсан.

-Шоунд бүтээсэн дүрүүдээсээ та алийг нь онцлох вэ?

-Мэдээж Жими. Яагаад гэхээр хүмүүс намайг гадуур явахаар Жими ах аа, Жими гээд л дууддаг. Яах аргагүй би энэ дүрдээ үнэхээр их хайртай. Тухайн дүрийг бүтээж байхдаа түрүүлнэ гэж бодоогүй. Гэхдээ би маш их хичээсэн. Яагаад гэхээр тавь дахь дугаар байсан. Тэр дугаар шоуны хамгийн онцлох, гайхалтай дугаар гэж хэлж болно. Кино жүжгийн хамгийн алдартай дүр бүтээх байлаа.

-Хамгийн анхны болон сүүлийн дугаарын ялгаа хэр их байсан бол?

-Хамгийн анхны дугаар маш их хичээх хэрэгтэй, их айдастай, их хүлээлттэй, маш их хүнд сорил байсан. Олон төрлийн хоолой гаргах, бүжиглэх, жүжиглэх гэх мэт. Мөн их үс ноостой хувцас өмсөөд бүжиглэхэд маш их халуун байсан. Сүүлийн дугаарт өөртөө итгэх итгэл минь илүү нэмэгдсэн. Бас сүүлийн дугаар миний сонгосон дүр байсан юм.

-Та олон хэвлэлд ярилцлага өгсөн. Өөрийгөө нээж, амьдралаа тэр бүрийд ярих ямар санагдаж байв?

-Энэ талаар би хэнд ч яриагүй л дээ. Солонгост байж байгаад ирснийг минь цөөхөн хүн мэддэг байлаа. Анх шоунд ороход “Энэ Гантогоо гэж хэн билээ. Мисс Гантогоо юу” гэдэг байсан юм. Хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөөч ээ гэсэн санал анх ирэхэд бодсон л доо. Яаж яваад энэ хүрсэн, яагаад энэ шоунд орохоор болж, босгыг нь давсан талаар хүмүүст ойлгуулахын тулд ярилцлага өгсөн. Тэр өгсөн ярилцлагуудаас хүмүүс намайг хангалттай мэдсэн байх гэж бодсон. Харин одоо уран бүтээлээрээ цаашид өөрийгөө харуулах ёстой гэж бодож байна.

gantogoo

-Таныг би БНСУ-ын “Элч дуучин”-аар шалгарсан гэж дуулсан?

-Өнөөдөр миний хувьд их гоё өдөр болж байна. Анх удаа Монголд Солонгосын төрийн өмчит аялал жуулчлалын корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нээгдэж байна. Түүний элч дуучнаар намайг сонгосонд маш их баяртай байна. Намайг сонгосон нь цаанаа бас учиртай юм билээ. Солонгост урлагийн байгууллагад ажиллаж байгаад Монголдоо ирээд шоугаар нилээн танигдаад буй намайг дэмжиж байгаа юм. Хоёр улсын хоорондын аялал жуулчлал болон найрсаг харилцааны гүүр болох “Элч дуучин”-аар сонгогдож байгаадаа би үнэхээр их баяртай байна. Солонгос улсад бүхэл бүтэн аймгийн хэмжээний монгол иргэн байна. Мөн визний асуудал ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар тулгамдсан асуудал маш их гарч байгаа шүү дээ. Тэр асуудлуудыг энэ байгууллагаар дамжуулан шийдээд өгөөсэй. Цаашдаа монголчуудын эрх ашгийн төлөө, манай улсаас очиж байгаа иргэдийн мэдлэг болон Солонгос улсаас манай улсад аялал жуулчлаар ирэх иргэдийн тоог нэмэх гэх мэтчилэн их өргөн үйл ажиллагаа хийх гэж байгаад нь би хувьдаа баяртай байна.

-Олон хүн таны уран бүтээлийг тэсэн ядан хүлээж байгаа байх. Монголдоо яг хэдийд анхны уран бүтээлээ гаргах вэ?

-Нарийн төлөвлөгөө их байгаа. Гэхдээ тойм нэг амлалт өгөхөд энэ ондоо багтаж уран бүтээлээ гаргана. Их юм хийхээр төлөвлөсөн. Их удаан хүлээлгэхгүй болов уу гэж бодож байна. Ямар ч байсан их эрэл хайгуул хийж байна. Их олон хүнтэй уулзаж байна. Бас анхныхаа уран бүтээлийг хүлээж байгаа хүмүүст таалагдахгүй юм хиймээргүй байна. Хүлээлт үүсгэнэ гэдэг цаанаа бас их аюултай юм. Чанартай бүтээл гаргахын төлөө тууштай зүтгэж байна.

-Таньд баярлалаа. Удахгүй таны шинэ уран бүтээлээр эргэн уулзья.

-Баярлалаа. Үргэлж дэмждэгт талархаж явдаг шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ