Т.Сайнжаргал: Цагдаагийнхан 24 цагаар ажиллана
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан хуульд заасны дагуу дараах арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна.
ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллага, нийт бие бүрэлдэхүүнийг сонгуулийг хэвийн явуулах, аюулгүй байдлыг хангахад 2013 оны 06-р сарын 23-ны өдрөөс албаны /өндөржүүлсэн/ бэлэн байдалд шилжүүлж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлагаар хангах Шуурхай удирдлагын штабыг байгуулжээ.
Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, хяналт тавих 10 хүний бүрэлдэхүүнтэй болон нийслэлийн дүүргүүдийг хариуцан авч ажиллах 18 хэсгүүдийг байгуулан ажиллуулж байна.
Сонгуулийн санал авах байр улсын хэмжээнд 1896 үүнээс нийслэлд 368, хөдөө, орон нутагт 1528 санал авах байр байгаа аж.
Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 45.5 дахь хэсэгт заасны дагуу “саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг хамгаалалтад авна” гэсэн заалтын дагуу Улсын хэмжээнд 1896 хэсгийн хороонд цагдаагийн 2673 алба хаагч ажиллахаас 2013 оны 06 дугаар 21-ний өдрийн байдлаар нийслэлийн 3 дүүргийн 88 хэсгийн хороонд 196 алба хаагч, 5 аймгийн 178 хэсгийн хороонд 200 алба хаагч, нийт 266 хэсгийн хороонд 396 алба хаагч 24 цагаар цагдаагийн хамгаалалт авч ажиллаж байгаа гэнэ.
Санал авах байруудын аюулгүй байдлыг хангах, сонгуулийн хэсгийн хороодын ажиллах хэвийн үйл ажиллагааг хангахад цагдаагийн явган, машинт эргүүлийг гудамж, талбайд 24 цагаар, ажиллуулах юм байна. Хэв журам хамгаалахад Нийслэлийн ИТХ-ын шийдвэр, хөрөнгө оруулалтаар НЦГ-т ирэх даваа гарагт хүлээлгэн өгөх 75 автомашиныг сонгуулийн хамгаалалтын үйл ажиллагаа болон цаашид нийгмийн хэв журам сахиулахад хөдөлгөөнт машинт эргүүлийн чиглэлээр ашиглана.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ