С.Ганбаатарыг тоглоомоос гаргаж, цагаан хуудсаар ард түмнээ “найрах” Н.Энхбаярын төлөвлөгөө хэрэгжиж эхэлл
-МАХН ТАЛБАЙД ГАРЧ ЖАГССАНГҮЙ, МАН РУУ ШҮГЭЛ ҮЛЭЭЖ ХИЙРХСЭНГҮЙ-
МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатарыг өнгөрөгч долоо хоногийн эхний өдрүүдэд магтаж болмоор байв. Тэрээр эрх баригч намын даргаас ердөө 1800 саналаар хоцорч, эрэмбээрээ гуравт жагссан нь түүний хувьд төсөөлөөгүй амжилт байлаа. Гол нь МАН-ыг тууштай дэмжсээр ирсэн Баян-Өлгийчүүдийн удааширч, гацаж ирсэн санал М.Энхболдод аврал, С.Ганбаатарт азгүйтэл авчирсан нь анхаарал татсаар үлдэв.
С.Ганбаатарын хувьд 16 мянга орчим саналаар М.Энхболдоос хол илүүрхэж явсан хэдий ч харамсалтайгаар гүйцэгдсэн билээ. Санал тооллогын орой МАХН-ын гишүүд дэмжигчид СЕХ-ны байрны гадаа ирж, шударга тооллого явуулахыг шаардав. Мэдээж төрийн өндөр хамгаалалттай байрны гадаах үймээн тэгсхийгээд тарж, М.Энхболд, Н.Энхбаяр нар СЕХ-ны даргатай уулзаад өнгөрлөө.
СЕХ-ныгадаа үймээндэгдээж байсан жагсагчид гэнэт гарч ирсэн шигээ мөн л алга болчихсон нь анхаарал татна. Үнэхээр тэд С.Ганбаатарыг ялуулахыг хүссэн болсонгуулийн эцсийн дүн гарах хүртэл СЕХ-г тойрон гороолох учиртай баймаар.
Сонгуулиас хойшхи С.Ганбаатарын хэлсэн хамгийн авууштай, үнэн үг нь “Үндсэндээ бид ялсан” гэх дүгнэлт байв. Тийм ээ, МАХН анх удаа дахин санал хураалт явуулах эгзэгтэй нөхцөл байдал үүсгэж, гуравдагч хүчний орон зайг ард түмэн үгүйлсээр байгаа гэдгийг хоёр том намд сануулж чадлаа. Тэд сонгуулийн санал тоолох явцад асуудал үүссэн гэж үзэж буйгаа илэрхийлэн, дахин тооллого явуулахыг шаардсан. Зөрүүлээд эрх баригч нам ч бас СЕХ-д Баян-Өлгий аймгийн саналыг тоолохыг шаардав.
Гэвч СЕХ тоолоогүй л байна. Жагсаал, цуглаан хийж, эсэргүүцлээ илэрхийлэхдээгаргууд сайн мэргэшсэн МАХН энэ удаа СЕХ-ны гадаа дахин жагссангүй. Талбай дээр бөөгнөрч, Тусгаар тогтнолын ордны гадаа шүгэл үлээж хийрхсэнгүй. СЕХ-г шаардлага биелүүлэхгүй байна гэж гоншигоносонгүй. С.Ганбаатар энэ тал дээрээ бас л ямар гаргуун хүн билээ. Тэр их омогшуу зан нь баахан дарагдангуй өнгөрөв. Эрх баригч нам ч тэр, ам хаах замаар бэлгэдэл төдий СЕХ-д дахин тоолох шаардлага хүргүүлсэн болоод асуудлыг орхив. Энэ завсар МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж,Н.Энхбаяр, М.Энхболд шөнө дөлөөр гурван цаг гаруй хугацаанд хаалттай байдлаар уулзлаа.
-ЦАГААН ХУУДАС БА Н.ЭНХБАЯРЫН ТУЙЛЫН ХҮСЭЛ-
Улс төрийн тавцан дахь гол стратегийг гартаа атгасаар ирсэн Н.Энхбаяр, МАН-ын дарга М.Энхболдтой уулзаад чухам юу гэж ярьсан нь тодорхойгүй. Тэдэнд сонгуулийн өмнө тохиролцоонд хүрч, С.Ганбаатарыг санал хуваахаар өрсөлдөөний талбарт гаргасан явдлынхаа алдаа оноог дахин дэнслэх шаардлага үүссэн нь хамгийн үнэн юм.Тохироогоор бол одоо тэдэнд санаснаас илүү хол давхисан С.Ганбаатар сонин биш.
Тэдний хэн хэн нь одоо урагшаа алхахыг л хүснэ. Онцлууштай нь, МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдрөөс хэрэгжиж эхэлж буй Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын дагуу “ялтай хугацаа” гэгчээ үүрд гөвж байна. Чухам тиймээс л М.Энхболд энэ эрсдэлийг тооцож, түүнтэй шөнө дөлөөр уулзан, тохиролцоонд хүрэхийг зорьсон гэхэд болно. Харин нөгөө талд МАХН-ын зүгээс СЕХ болон эрх баригч нам руу “цамнах” ажиллагаагаа илтэд сааруулсан нь гол хүний чин хүсэлтэй ч холбоотой юм.
МАХН-ын одоо өгч буй гол мессэж нь С.Ганбаатарыг сонгосон сонгогчдоо цагаан хуудас өгүүлэхийг зорьсон ятгалга. С.Ганбаатар ч энэ дүйвээнд оролцож, цагаан хуудас өгөхийг уриалж, хэвлэлийн хурал хүртэл хийв.Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаар 18 мянга гаруй иргэн цагаан хуудас өгч, хэнийг ч дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Сонгогчдын энэ үйлдэл Н.Энхбаярт боломж болж харагджээ.
Дахин санал хураалтаар сонгогчдыг цагаан хуудас өгүүлэх МАХН-ын тактик, уриалга амжилттай хэрэгжвэл Х.Баттулга, М.Энхболд нарын хэн нь ч 50+1 хувийн санал авч чадахгүйд хүрэх эрсдэлтэй. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин зарлаж, намууд нэр дэвшигчдээ шинээр зарлах хуулийн эрх эдэлнэ. Байдлыг ингэж эргүүлж чадвал МАХН-аас Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гарц бий болно гэсэн үг. Чухам ийм нөхцөл байдал үүсгэхийн төлөө МАХН сонгогчдод нөлөөлөх пиараа идэвхжүүлчихээд байна.
Үр дүн нь хэрхэн гарахыг тааварлашгүй. Энд илтэд дүгнэж болохоор байгаа үнэн нь МАХН-ын дарга Н.Энхбаярт Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж л олдож байвал ард түмний татварын мөнгөөр дахин дахин сонгууль явуулах нь юу ч биш. Хэдэн арван тэрбумыг салхинд хийсгэж, сонгуульдсаны үр дүнд тэр ерөнхийлөгч болвол өнгөрсөн жилүүдийнх нь гомдол тайлагдах бололтой. Хэзээд түүний акци, улс төрийн стратеги төлөвлөгөө хүчтэй байдаг. Гэвч ард түмэн энэ удаа эх адаггүй үргэлжлэх улс төрийн бохир хэрүүлээс залхаж, цагаан хуудасны найраанд орохгүй гэдэгт итгэхийг хүснэ. Цагаан хуудсаар бидний ирээдүй шийдэгдэхгүй билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ