Барилгын үнийг нэмсэн компанид хатуу хариуцлага тооцно
“Ерөнхий сайдын 30 минут” нээлттэй ярилцлага болжээ. Тэрбээр уулзалтын эхэнд “Өнгөрсөн даваа гаригаас эхлэн 8/±1/ хувийн хүүтэй орон сууцны зээлийг арилжааны банкууд олгож эхэлсэн. Эх орондоо сайхан амьдрах боломж хүн бүрт нээгдлээ, одоо гагцхүү илүү хөдөлмөрлөж, бүтээсэн баялгийнхаа хэрээр ая тухтай амьдрах хариуцлага иргэд, залууст очлоо” гэж донцолсон.
Түүнчлэн “Төрийн үйлчилгээний цахим машин" буюу "ТҮЦ машин"гэж товчлон нэрлэж буй төхөөрөмжүүд ажиллуулж, хүнд суртал, хүлээгдэл чирэгдэлгүй төрийн үйлчилгээг иргэдийнхээ гэрийн хаяанд хүргэлээ, тахир тойруу 33 уулзварын эхний хоёрыг шинэчилж бэлэн болгосныг танилцуулав.
Энэ долоо хоногт хийсэн ажлын тухайд Өнөр хорооллын тойргийг ашиглалтад орууллсан ба Олуулаа болох хууль боловсруулж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Эхчүүд жирэмсний тав, төрсний дараах таван сард нийт 400 мянган төгрөгийн тэтгэмж авч байгааг нэмж, хугацааг 24 сар, сарын тэтгэмжийг хоёр дахин өсгөж 80 мянган төгрөг болгохоор шийдвэрлэжээ. Мөн гурав дахь хүүхдэд сар бүр 120 мянган төгрөг олгохоор Засгийн газар хуулийн төсөлд тусгасан, намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэвэл 2014 оноос хэрэгжүүлэх юм байна.
Харин ипотекийн зээлийн тухайд Засгийн газраас зээл авч, орон сууцны хөтөлбөрт хамрагдаж буй компаниуд барилгын үнээ өсгөхгүй байх үүрэгтэй. Хэрвээ зөрчвөл гэрээг цуцлах ажээ. Өндөр настан, залуу гэр бүл зэрэг зорилтот бүлгийнхэн 10 хувийн урьдчилгаа төлж байртай болох тусгай зохицуулалтыг ирэх намраас тодорхойлж зарлана гэсэн.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ