Хүн, хүнээ хайрлах ухааныг “урлаж” суугаа Б.Саранбаатарынх

Бусдын төлөө бүхнээ зориулна гэдэг өөрөө аугаа зүйл. Аугаа зүйлийг амьдралдаа бүтээдэг хүмүүс ховор ба тийм хүмүүс дэндүү энгийн тэгсэн хэрнээ тэнгэрлэг оршдог ажээ. Ийм л нэгэн тэнгэрлэг гэр бүлтэй “Зиндаа”-гийнхаа уншигчдыг уулзуулах гэж байна.

Эднийх ам бүл 30-уулаа өнөр өтгөн айл. Манай сайтын сурвалжлах багийнхан очих үед оройныхоо хоолыг бэлдэж байгаа бололтой.“Цуйван хийнээ. Манайх чинь 10 гаруй илдүүр гурилаар л хийхгүй бол багадчихаад байдаг юм” хэмээн эхнэр Болороо нь хуучлах.

Гал тогооны өрөөндөө будаа гурилыг шуудай, шуудайгаар нь аваад тавьчихаж. Наран цэцгийн тосоо хүртэл сонгож авахдаа таван литрийнхийг нь авдаг гэнэ. Аргагүй олуулаа тул арвиныг нь л харж авдаг тухай гэрийн эзэгтэй учирласан юм.

“Үгүй” гэж хэлж чадахгүй хүлээж авсаар байгаад өнөөдрийг хүрчихлээ”

Өнөр өтгөн энэ гэр бүл бол Монголд ганцхан байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар” юм. Тус газрыг үүсгэн байгуулж, өнөөг хүртэл олон арван хөөрхийлөлтэй хүмүүсийг хүний дайтай асарч, хамгаалж, хайрлаж байгаа буянтнууд бол Саран баатар ба түүний эхнэр Болороо нар юм.Тэд хоёулаа эмч хүмүүс. Эхнэр Болороогийн хувьд 103-т эмчээр ажилладаг байж байгаад сүүлийн хоёр жил нөхрийнхөө ажилд туслахаар ажлаасаа гарчээ.

Өдгөө тэд харж хандах хүнгүй болсон, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асарч тойглож сууна. Хэн хүний санаанд багтамггүй, магадгүй хийхийг хэзээ ч хүсэхгүй ийм хүнд ажлыг чухам яагаад сонгосон талаар тэднээс асуухад, эхнэр Болороо

“Манай хүн эхлээд 2015 онд “Асаргааны төв” байгуулсан юм. Тэр нь эдгэршгүй өвчтэй, хэвтрийн хүмүүсийг асардаг төв л дөө. Манайд яг энэ төрлийн төв байдаггүй. Гэр бүлд нь тахир дутуу болсон, хавдартай асар олон өрх айл Монголд буй. Тийм хүмүүсийг авч асардаг төлбөртэй төвийг нөхөр маань анх санаачлаад KING TOWER хотхонд 10 ортой төв нээсэн юм. Ингээд энэ төвд нь хүмүүс ч их ирдэг болсон, мэргэжлийн эмч сувилагчтайгаар ажиллаж байсан юм. Гэтэл нэг өдөр хорооны нийгмийн ажилтан манай хүн рүүзалгаад

“Манай хороонд хоёр нүд нь сохорчихсон өвгөн байна. Бэр нь зодож хөөгөөд гудамжид гаргачихдаг. Одоо хаана байлгах вэ гэдэг нь хэцүү байна. Ахаа та аваач” гээд залгасан байдаг.. Ингээд нэг ороо гаргаад тэр хүнийг авчихсан.

Гэтэл дараа нь дахиад БЗД-ийн цагдаагийн газраас утасдаад “Гэмтлийн эмнэлэгт орон гэргүй нэг хөгшин түнхний мултралтай удаан хугацаанд хэвтэж байна. Гарах гэхээр гэр оронгүй. Энийг ахаа та бас авчихаач” гэсэн хүсэлт ирсэн байгаа юм. Тэгэхээр нь манай хүн бас л авчихсан.Ингээд найман хүнийг төлбөртэй асраад хоёр хүнийг төлбөргүй асарч эхэлсэн.

Харин дараа нь ирсэн хүнийг би өөрөө авчирчихсан юм. Тухайн үедби 103-т дуудлагаар явж байсан чинь Налайх дүүрэгт харж хандах хүнгүй83 настайнэг эмгэн цус харвачихсан байсан. Тэр хүнийг төвдөө авахыг Сараагаас би өөрөө гуйгаад ингээд гурван хүнийг авчирчихаж байгаа юм. Энэ мэтчилэнгээр хөгжлийн бэрхшээлтэй, ар гэргүй хүнд хүмүүсийг өрөвдөж авсаар байгаад нөгөө “Асаргааны төв” маань буяны байгууллага шиг болж хувирсан. Сүүлдээ тав нь төлбөртэй, тав нь төлбөргүй болж, нөгөө “KING TOWER”-ийнхаа түрээсийг ч төлж чадахаа байгаад татан буугдсан. Асрахаар авчирчихсан таван хүнээ гэртээ дагуулаад ирсэн. Манайх чинь хоёр л өрөө байр. Тэгээд нэг өрөөгөө суллаад нөгөө тавыгаа оруулаад хамт амьдарч үзлээ. Тэгээд ирэхээрах дүү хамаатан, найз нөхөд ч гэртирэхээ байдаг юм билээ. Бүгд л “Та хоёр юу хийгээд байгаа юм бэ. Одоо наадахаа боль” гээд л эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. Тэгээд бид нээрэн гэртээ арай биш юм байна. Гэхдээ одоо эднийг хаашаа яв гэхэв дээ, гэж бодоод Баянхошуунд байшин түрээслээд тэндээ байрлуулах болсон.Энэ хугацаанд бидний энэ ажил нэлээдгүй хүмүүст танигдчихсан, хороо дүүргийн нийгмийн ажилтан нар мэддэг болчихсон байсан юм билээ.

Ингээд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэлтэс”-ээсСараатай холбогдоод “Асрамжид очих захирамж шийдвэртэй 16 хүн байна. Гэвч тэднийг явуулах газар алга. Батсүмбэрйн асрамжийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг авахгүй гээд байна. Та авчих. Хоолны мөнгө өдрийн 5000 төгрөг улсаас өгье” гээд манай нөхөр рүү холбогдсон байдаг.Тэгээд Сараа “Үгүй” гэж чадаагүй тэр хүмүүсийг авсан. Ийм байдлаар явсаар байгаад нэг л мэдэхэд өнөөдрийг хүрчихээд байж байна.

“Хүн хүндээ дасна гэдэг л хамгийн хэцүү байдаг юм байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрын үндсийг тавьж, өдий зэрэгтэй авч яваа Б.Саранбаатартай ярилцлаа.

-Таны хийж байгаа зүйл хэдий буянтай үйл ч гэсэн ийм амьдралыг сонгоод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд амьдарна гэдэг үнэхээр хэцүү биш гэж үү?

-Мэдээж үнэхээр хүнд л дээ.

-Шантарч байсан үе бий юу?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллана гэдэг үнэхээр хэцүү хамгийн хүнд ажил байдаг юм байна. Шантарлаа гээд яахав дээ, эднийг би “Яаж амьдар” гэх юм бэ. Эднийгээ би өөрийн үр хүүхэд шиг л санаж явдаг. Орхиж яагаад ч чадахгүй. Хамгийн хэцүү нь хүн, хүндээ дасах. Анх болхараад айдаг байсан. Тэгээд хамт байгаад асарч тойглоод ирэхээр дасаад ирдэг юм билээ. Юун айх бүр хайр хүрээд, өрөвдөөд л... Хааяа эднийгээ дагуулаад гарахаар хүмүүс цочиж, янз бүр болж л байдаг. Тэрийг нь хараад би дотроо өмөөрөнгүй “Яагаад миний хүүхдүүдээс цэрвэж байгаа юм. Ямар гэм хийсэн юм бэ” гээд л энүүхэндээ өмөөрнө. Би ер нь хүүхдээ их өмөөрдөг хүн юм шиг байгаа юм/Инээв/

-Энэ олон хүнийг орон байраар хангаад асарч хамгаалаад явж байна. Хоол унднаас эхлээд зардал их гарна биз дээ. Улсаас мөнгө төгрөг өгдөг юм уу. Амьдралаа яаж залгуулж байна вэ?.

-Тийм. Асар хүнд. Одоо яг үнэнээ хэлэхэд, ах, эгч хоёр нь үнэхээр ядарч байна. Хоёр хүүхдээ/Тэд 7, 9 настай хоёр хүүхэдтэй/ нэгдүгээр ангиас нь арай гайгүй, төлбөртэй сургуульд явуулдаг байсан. Харин одоо энэ хэдээсээ дээшээ гарахаа байгаад хоёр хүүхдээ сургуулиас нь гаргаж өөр сургуульд оруулсан. Одоо зусланд явъя гэхээр нь “Миний хүүхдүүд байж байгаарай. Аав, ээж нь арай боломжгүй байна” гэж хэлдэг болсон. Улсаас энэ хүмүүст хоолны мөнгө гээд өдрийн 5 мянган төгрөг л өгдөг. Өөр бусад орон байр, асаргаа сувилал, өмсөж зүүх бүхий л хэрэгцээг бид өөрсдөө л болгож байна.

-Та хоёр хоёулаа эндээ ажилладаг. Амьдралаа яаж болгодог юм бэ?

-Эхнэр бид хоёрын хувьд айлаар явж хэвтрийн улсуудад асаргаа хийдэг.Тэгээд таван цаас авдаг. Оройн цагаар би өөрөө приусээрээ халтуур хийдэг. 22 цагаас шөнийн хоёр гурван цаг хүртэл халтуур хийж хэдэн төгрөг олж байна. Түүгээрээ л амьдралаа залгуулж байна.

-Танайд байгаа энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүгд ар гэргүй, харж хандах хүнгүй хэрэг үү?

-Тийм. Бүгд харж хандах хүнгүй ганц бие улс. Ахмадын асрамжид очих гэхээр нас нь болоогүй. Дээрээс нь бүгд хөгжлийн бэрхшээлтэй. Бие дааж амьдарч чадахгүй болсон ийм хүмүүс л байгаа юм. Монгол Улсын хэмжээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төв” гэж байхгүй. Ганцхан байлгах гээд байгаа нь энэ. Тийм болохоор улс хүртэл бидэн рүү хүмүүс явуулж байгаа юм. Эхлээд сайн дураараа авчирч байсан. Одоо улсаас өгч эхэлсэн. Энэ хүмүүсийн очих эцсийн зогсоол нь л манайх болж байгаа юм.

-Гэхдээ улсаас ганцхан хоолны мөнгө л өгдөг юм байна. Өөр ямар нэгэн дэмжлэг байдаггүй юм уу?

-Байхгүй. Гэхдээ аль аль намын мөрийн хөтөлбөрт бас саяны Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Хувийн хэвшлийн асрамжийн газрыг дэмжинэ” гэсэн байна лээ. Гэхдээ яг яаж, ямар замаар дэмжинэ гэдэг нь ойлгомжгүй. Би саяхан нэг даргатай уулзаад улсаас дэмжээд өгөөч гэсэн хүсэлтээ тавихад

“Чи тэнд байгаа гайг өөр дээрээ дуудаж ирчихээд байх юм. Болохгүй бол наадахаа тараагаач” гэж байсан. Хүн хэлэх бол амархан. Хамгийн аюултай нь хүн, хүндээ дасах. Би анх эд нараасаа айж байсан. Тухайн үед”Амьд үхдэл” гээд АНУ-ын нэг цуврал киногардаг байсан.Яг тэр үеэр эд нар маань мөлхөх нь мөлхөөд, доголох нь доголоод, нацилкан дээр өргүүлээд манай хаалгаар орж ирсэн. Тухайн үед “Би юу хийчих вэ” л гэж бодож байсан. Харин сарын дараа нөгөө хэд маань царай ороод нүдний цог нь асаад л ирдэг юм билээ.

-Үнэнийг хэлэхэд таныг үнэхээр гайхаж байна. Ийм хэцүү замыг сонгох гэж...

- Яахав дээ, хүмүүс тэгдэг л юм. Бид бурханд ийм өртэй юм байлгүй дээ/Инээв/.

-Танайд ирэхийг хүссэн олон хүн бий биз?

-Тэгэлгүй яахав, одоо бүр амар, гудамжинд гарсан, хүнд хэцүү амьдралтай хүмүүсийг “Сараа ах дээр аваачаад өгчихье” гэдэг л болсон байна лээ. Гэхдээ бид хамгийн хүнд өвчтэй, үнэхээр асаргаа хэрэгтэй, ямар ч харж хандах хүнгүй хүмүүсийг л сонгож, гэртээ авчирдаг.Одоогийн байдлаар манайд 200 гаруй хүн ирэх хүсэлтээ тавьсан байгаа. Даанч бидний нөөц боломж хүрэхгүй учраас бүгдийг нь авч чадахгүй л байна.

-Өнгөрсөн хугацаанд танайд ирсэн хүмүүсээс хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хүмүүс бий юу. Ар гэргүй юм чинь буяны ажил зэргийг нь та л зохицуулах уу?

-Тийм. Энэ дундаас тав, зургаан хүн өнгөрлөө. Ар гэргүй юм чинь эхнэр бид хоёр хоёулхнаа буяныг нь хийж дуусгана. Хүнийёсоор нутаглуулахын тулд нэлээдгүй зардал гаргана. Лам авчирна. Монгол хүмүүс ийм зүйлээс цээрлэдэг болохоор найз нөхөд энэ тал дээр туслахгүй. Хамгийн хэцүү ньшарилаа хөрсөнд нь хийхэд өргөж тээхээс авахуулаад үнэхээр хэцүү.Сүүлдээ лам ч олдохоо байсан. Ер нь тэгээд маш хүнд ажил. Улс эднийг минь ерөөсөө тоодоггүй. Энэ улсууд хэрэггүй гэж боддог юм уу. Би энэ тал дээр улсад гомдож явдаг.

-Улс тоодоггүй нь тоогүй юм даа?

-Би сая сонгуулийн үеэр гомдож суулаа. Нэр дэвшигчид Ахмадын асрамжийн газар, Есүсийн асрамжийн газруудаар ороод яваад байна. Яагаад манай энэ 20 гаруй хүнийг тоохгүй байгаа юм бэ. Яагаад манайд нэг ч ухуулагч, нэг ч сонин орж ирсэнгүй вэ. Монголд ганц байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар” шүү дээ. Эд нар маань юм уншина шүү дээ. Би жишээ нь “Ардын эрх” гээд сониныг жилээр нь захиалга хийгээд мөнгийг нь өгсөн. Манайд эхний хоёрхон дугаар ирсэн. Түүнээс хойш нэг ч ирээгүй. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч оюун ухаан нь эрүүл, бусдын адил байхыг хүсдэг юм шүү дээ, манай хэд.

Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч зуны энэ саравчийг "Манай хүмүүс өөрсдөө барьсан" хэмээн Болороо бахдан ярих...

-Та бүхэнд хандив тусламж хэр их өгч байна вэ. Иймэрхүү буяны үйл хийж байгаа хүмүүст олон нийтийн сүлжээгээр ч юмуу, хандив их цуглуулж харагддаг?

-Би өөрөө их нэрэлхүү хүн л дээ. Болж л өгвөл өөрөө болгохыг зорьдог. Энэ хугацаанд би ганц ч хандив тусламж бусдаас гуйгаагүй. Гэхдээ энэ хэдийгээ өөрийн гэсэн орох оронтой болгох санаатай байна. 50 хүний багтаамжтай төв нээхээр ажиллаж байна. Тиймээс олон түмнээсээ тусламж хүснэ гэж бодож байгаа. Өнгөрсөн хугацаанд нэг удаа хандив цуглуулъя гэж бодсон чинь тухайн үед Улаан чулуутын цэг дээрх хүүхдүүдийг асардаг Сарнай гээд бүсгүйд хандив цуглуулж эхэлсэн байсан.Иймээс хүний нялх хүүхдүүдтэй барьцаж байгаа юм шиг давхцаад яахав гэж бодоод хойшлуулчихсан. Удахгүй Асрамжийн төвийнхөө шавыг тавьж, барилга бүтээн байгуулалтын ажилдаа олны дэмийг авъя гэж бодож байгаа.

-Шав тавих ёслол тань хэдийгээр болох бэ?

-Ирэх долоо хоногийн эхээршав тавих ёслол болохоор төлөвлөж байна. Миний хувьд олонтой явсны үрээр урлагийнхан маань шав тавих ёслолд ирнэ гэсэн.Мөн Асрамжийн төв байгуулагдах 26 дугаар хорооноос УИХ-д сонгогдсон Д.Сумъяабазар гишүүнд урилга өгсөн. Барилгынхаа шавыг тавиад бүтээн байгуулаад авбал түрээсэнд төлж байгаа 1 сая 800 мянган төгрөгөө эднийхээ эмчилгээ асаргаанд зориулбал аштай юу. Иймээс л өөрийн гэсэн оронтой болохоор зүтгээд л байна даа. Уг нь анх асар том юм барих гээд эхэлсэн юм. Тэр маань 1,2 тэрбум төгрөгийн төсөвтэй.Эмнэлэгтэй,, сувилалтай байхаар төлөвлөж байсан.

Харин одоо нэгэнт цаг үе, эдийн засаг хүнд байгаа болохоор нийтдээ 50 хүн асарчихдаг Асрамжийн газраа л бий болгоё гэж бодож байна. Дараа, дараагийн хувьд барьсан объёктоо барьцаанд тавиадзээлээр ч хамаагүй өргөжүүлээд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цогцолбор”-той болно гэсэн зорилготой байгаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хоол хүнснээс илүүтэй эмчилгээ сувилгааны зардал их шаардагддаг байх...

-Тийм. Жишээ нь, том хүний 30 ширхэгтэй памперс задлахад хоёр хонохгүй дуусчихдаг.Том хүний памперс чинь үнэтэй.

-Айлд нэг хэвтрийн хүнтэй байхад л гэрээс эвгүй үнэр үнэртээд байдаг .Та хэд чинь хэдэн арвуулаа байж харин ч их цэвэрхэн байх юм...

-Тийм шүү. Энэ бол манай ажилчдын гавьяа. Манайд дөрвөн асрагч ажиллаж байна.

-Түрээсийн мөнгө, ажилчдын цалин, урсгал зардал гээд энэ Асрамжийн төвийг авч явахад үнэхээр их хөрөнгө мөнгө шаардагдаж байгаа нь тодорхой байна. Энэ бүгдийг нуруун дээрээ аваад явж байгаа та тийм баян хүн үү?.

-Би баян хүн. Гэхдээ эд мөнгөөр бус сэтгэлээрээ баян хүн. Нэг л амьдрах хүний хорвоод хүн, хүнээ хайрлах шиг сайхан зүйл гэж хаана байх билээ. Сэтгэл байхад болдогийн жишээг би болон миний эхнэр амьдралаараа харуулж байна даа...

Тиймээ, Саранбаатар та үнэхээр баян хүн юм. Орох орон, оочих аяггүй, харж хандах ар гэргүй болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өргөж тээж, өдий зэрэгтэй, хүний дайтай авч яваа таны энэ үйлс тань үнэхээр бахдам юм. Та бол, зүгээр нэг архинд орчихсон, аль эсвэл амьдралд бүдрээд гудамжид лааз хөшиглөж яваа хүмүүст бус хөгжлийн бэрхшээлтэй, өвчиндөө шаналж яваа хөөрхийлөлтэй хүмүүсийн хувь тавиланд гэгээ татуулсан зам нь юм. Сайн үйлсбүхэн дэлгэрдэг гэдэг. Удахгүй “Асрамжийн төв”-өө нээчихээд алга ташаад зогсож байгаа танай гэр бүлийнхэнтэй уулзана гэдэгт найдъя. Хүн, хүнээ хайрлахын ухааныг “урлаж” суугаа танай гэр бүлийнхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ