Хойд Солонгос Пак Ын Хэг цаазаар авахаа мэдэгдлээ



Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Ын Хэг Пхеньянд хүлээлгэн өгөхийг шаарджээ. Энэ талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

Хойд Солонгос улс төрийн мэдлийн “KCNA”агентлагаараа дамжуулан ӨмнөдСолонгосын Ерөнхийлөгч асан Пак Ын Хэг Пхеньянд хүлээлгэн өгөхийг Сөүлийн эрх баригчдаас шаарджээ. “Авлигын дуулианы улмаас суудлаасаа огцорсон Пак Ын Хэд тус улс цаазаар авах ял төлөвлөсөн” хэмээн мэдэгдлээ.

“Пак Ын Хэ төрийн эрхэнд байхдаа Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг хөнөөхөөр төлөвлөж байсан” хэмээн Пхеньян мэдэгдэж “Энэ бол уучилж болохгүй үйлдэл. Тэрбээр Пхеньянд ирсэн даруйдаа цаазаар авахуулах нүгэл үйлдсэн. Түүнийг нэн даруй бидэнд шилжүүлэн өгөхийг шаардаж байна. Бид хариугаа эцсийн байдлаар авах хүртлээ шаардлага хүргүүлсээр байх болно” гэв.“KCNA” агентлагийн цахим хуудаст өчигдөр “Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Хойд Солонгосын удирдагчийн эсрэг аймшигтай террорист халдлага үйлдэхийг санаархсан. Энэ нь нэгэнт баримт нотолгоогоор ил болоод байна.Бидний шаардлагыг үл тоомсорлохгүйгээр ойрын өдрүүдэд албан ёсны хариу өгөхийг Сөүлээс хүсч байна” гэж мэдээлжээ.

Мөн Пак Ын Хэгээс гадна түүний засаг захиргааны үед Өмнөд Солонгосын Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ли Бён Хог шилжүүлэн өгөхийг шаардсан байна. Түүнийг Ерөнхийлөгчийнхөө заавраар бүхий л бохир ажиллагааг удирдан явуулсан хэмээн буруутгажээ.

Пак Ын Хэ болон түүний албатууд өнгөрсөн 2015 онд Ким Чен Уныг төрөөс зайлуулах нууц төлөвлөгөөг боловсруулан Хойд Солонгост байгаа холбоотнуудаараа уг ажиллагааг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байжээ. Нууц ажиллагаанд зориулан хэсэг цэргийн бэлтгэж байсан гэнэ.

Энэхүү нууцын зэрэглэлтэй ажиллагааг Ли Бён Хо удирдан явуулсан байна. Жил орчмын өмнө уг нууц төлөвлөгөө барууны “CNN”агентлаг тэргүүтэй томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, шуугиан дэгдээсэн юм. Төлөвлөгөөнд дурдсанаар “Ким Чен Уныг хортой хийгээр хордуулан хөнөөх зорилготой” байжээ. Пак Ын Хэ авлигын дуулиантай нэр холбогдож, суудал нь ганхаж эхэлсэний дараахан парламент “Ким Чен Уныг зайлуулах төлөвлөгөө”-г цуцалсан байна.

Ким Чен Уныг өнгөрсөн тавдугаар сард нэг этгээд биохимийн аюултай зэвсгээр хордуулж, амь насанд халдахыг санаархсан хэрэг гарсан талаар Пхеньян мэдэгдэж “Энэхүү хэргийн ард Өмнөд Солонгос, АНУ-ын тусгай албатууд бий” гэсэн юм. Пак Ын Хэгийн засаг захиргааны үед хоёр Солонгосын харилцаа эрс муудаж, өнгөрсөн хугацаанд Америкийн өдөөн хатгалгаас бол хэд хэдэн удаа дайтах шахсан билээ.

Харин түүний орыг аваад буй Мун Жэй Ин хоёр улсын дунд үүсээд буй таагүй харилцааг дуусгавар болгохоор зорьж байна. Тэрбээр анхны төрийн дээд хэмжээний айлчлалаа хийхээр өчигдөр АНУ-ыг зорьсон билээ. Энэхүү айлчлалын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Мун Жэй Ин нар хоёр Солонгосын хил орчимд байршуулаад буй пуужин эсэргүүцэгч “THAAD”төхөөрөмжийн асуудлаар голлон ярилцахаар болсон талаар Сөүлээс мэдэгджээ.

Өмнөд Солонгост ирэх оны хоёрдугаар сард “Пёнчан-2018” өвлийн олимп зохион байгуулагдах билээ.Сөүлийн эрх баригчид энэ амралтын өдөр хоёр улсын хамтарсан багийг олимпид хамтдаа оролцуулах саналыг Пхеньянд тавьсан юм.Энэ талаар Өмнөд Солонгосын Спортын сайд До Жон Хван мэдэгдсэн. Гэхдээ энэхүү саналыг Пхеньян хүлээн авахаас татгалзсан байна.

Хөх ордны тэргүүн Мун Жэй Ин “Хэдий бидний саналыг хүлээн аваагүй ч дахин таагүй харилцааг хурцатгахгүй байх болно” гэж мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ