С.Бямбасүрэн: Ээж нь шоронд ороогүй бол миний охин амиа алдахгүй байсан гэсэн гомдол тээж явна
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 24-25 жилийн ял аваад буй Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүх хурал өчигдөр Дээд шүүхэд болох байсан ч дахин хойшлов. Тодруулбал, Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг гадаадад эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд ирж амжаагүй гэх шалтгаанаар ийн тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. Ийнхүү шүүх хурал хоёр дахь удаагаа хойшлоод буй. Бид шүүх хурлын эргэн тойрон дахь асуудал болон ялтан Т.Чимгээгийн талаар түүний нөхөр С.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРЛААС ХОЙШ ХОЁР УДАА УУЛЗСАН-
-Танай өмгөөлөгч С.Оюунцэцэг гадаадад эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Хэдийгээр ирэх вэ. Дараагийн шүүх хурлын товыг та бүхэнд хэлсэн үү?
-С.Оюунцэцэг өмгөөлөгч жилд нэг удаа гадагшаа явж эмчилгээ хийлгэдэг юм билээ. Энэ жил бас явчихсан байгаа үед нь шүүх хурал товлогдож таараад байна. Өчигдөр шүүх хурал манай өмгөөлөгч гадагшаа явсан шалтгаанаар хоёр дахь удаагаа хойшилсон. Дараагийн шүүх хурлын тов хараахан гараагүй байна. Бид Оюунцэцэг өмгөөлөгчийг нас тогтсон, туршлагатай сайн өмгөөлөгч гэж сонгосон. Давж заалдах шатны шүүх хурлаас хойш өмгөөлөгчтэйгээ уулзаагүй байгаа. Өмгөөлөгчид бас хүлээх хариуцлага гэж байдаг болохоор ч тэр юм уу шүүх хурлын үйл явц хэрхэн өрнөснийг бидэнд гарч ирээд яриад байдаггүй. Бид ч нэг их асууж шалгаахыг хүсдэггүй. Өмгөөлөгчтэйгээ ойлголцож байж л үр дүнд хүрэх байх гэж боддог. Нэгэнт шүүхийн байгууллагын гаргасан шийдвэрт өмгөөлөгчөө муу ажиллалаа гэж буруутгах эрх бидэнд байхгүй. Манай ар гэрийхэн ийм бодолтой байдаг.
-Давж заалдах шатны шүүх хурлаас хойш та эхнэртэйгээ уулзсан уу?
-Давж заалдах шатны шүх хурлаас хойшоо хоёр удаа уулзсан. Эхнэр маань одоо Эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид хоригдож байгаа. Энэ анги хоригдлуудыг сард нэг удаа ар гэрийнхэнтэй нь уулзуулдаг юм байна лээ. Тэр ангид шилжиж ирснийх нь маргааш нэг уулзсан. Дараа нь тавдугаар сарын 26-нд хорих ангийн нээлттэй хаалганы өдөр болоход нь очиж уулзсан. Сая зургадугаар сарын 12-нд уг нь уулзах гэж очсон. Гэтэл сар болж байж уулзах ёстой гээд уулзаж чадаагүй. Зөвхөн авч очсон илгээмжээ өгүүлсэн. Одоо сар болчихсон учраас маргааш, нөгөөдрөөс очиж уулзах санаатай байна. Эмэгтэйчүүдийн хорих ангийн ажилтнууд Төв аймгийн хорихоос их өөр. Хоригдлуудын ар гэрийнхэнтэй их зөв сайхан харьцдаг, харьцаа сайтай хүмүүс байсан. Хүнтэй найрсаг харьцаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.
-ХИЙСЭН ХЭРГИЙНХЭЭ ЯЛЫГ ЭДЭЛЖ БАЙГАА ХҮМҮҮС ОГТ ӨӨР БАЙДАГ ЮМ БИЛЭЭ-
-Хоёр шатны шүүхийн шийдвэр гарсны дараа эхнэртэйгээ уулзахад ямар байсан бэ. Эхнэрийн тань сэтгэл санааны байдал хэр байна?
-Чи тэр хүний оронд өөрийгөө тавиад бодоод үз. Ямар байх вэ. Хийгээгүй хэргийнхээ төлөө хоёр жил шоронд сууна гэдэг хэцүү биз дээ. Тэгээд хорин хэдэн жилийн ял сонсчихоод тэнд тэсч байна гэдэг ямар их сэтгэлийн тэнхээ вэ. Төв аймагт өрөөндөө ганцаараа хоригддог байхад маш их сэтгэл санааны дарамтад байсан. Энд өрөөндөө өөр хүмүүстэй байдаг болохоор арай л гайгүй байх шиг байна. Давж заалдах шатны шүүх хурлаас хойш хоёр удаа уулзахад эхний уулзалт дээр тасралтгүй уйлсаар байж орсон. Тэнд хоригдож байгаа хоригдлуудыг харж байхад нэгэнт хэрэг хийчихсэн, тэрнийхээ шийтгэлийг хүртэж байгаа гэдгээ ойлгочихсон хүмүүс нь огт өөр байдаг юм байна лээ. Ар гэрийхэнтэйгээ уулзахдаа юу ч болоогүй юм шиг инээж наргиад, уйлж унжсан зүйл байхгүй. Гэтэл манай хүн уулзах тоолонд уйлсаар байж л уулзалтын цаг дуусгасан. Намайг эндээс гаргаж аваач л гээд уйлдаг. Бид гаргаж авах гээд үнэндээ дийлэхгүй байна шүү дээ.
-Уулзалтын үеэр хэргийн талаар эхнэртэйгээ ярих гэхээр уулзалтыг шууд цуцалдаг байсан гэж та хэвлэлд ярьсан байсан. Одоо ч бас тэр хэвээр байна уу?
-Хийгээгүй хэргийнхээ талаар тэр хүн юу ярих вэ дээ. Төв аймгийн хориход хоригдож байхад тэгдэг байсан. Одоо 407-р хорих ангид яахыг мэдэхгүй байна. Хоёрхон удаа уулзахдаа эхнийх дээр нь тасралтгүй уйлсаар байж юм ч ярьж чадаагүй. Дараа нь нээлттэй хаалганы өдөрлөг дээр би гадуур ажилтай явсан учраас хальт уулзчихаад явсан. Харин бага охин маань ээжтэйгээ уулзаад үлдсэн. Сүүлдээ уулзахаасаа эмээдэг болоод байна.
-ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ НАЙДАХААС ӨӨР АРГА АЛГА-
-Дээд шүүхийн шийдвэрт найдвар тавьж байна уу?
-Дээд шүүхийн шийдвэрт найдаад суухаас өөр арга үнэндээ алга. Дээд шүүхийн хуралдаан эхний удаа хойшлоход би сэтгүүлчдэд хэлж байсан. Арван шүүгчийн ядаж тав нь “худалдагдлаа” гэхэд үлдсэн тав нь үнэн мөнөөр шүүх болов уу гэж боддог. Одоо бол итгэх итгэл үнэндээ алга болоод байна. Анхан шатны шүүх хурал болоход за ингээд буруугүйг нь тогтоох байх гээд баярлаж байсан. Гэтэл аймшигтай өндөр ял оноож байгаагаа зарласан. Гэтэл дараа нь давж заалдах шатны шүүх боллоо. Өмгөөлөгч маань одоо гайгүй байх, шийдвэрийг өөрчлөх байх гэсэн. Бас л байхгүй. Ялыг нь хэвээр баталчихсан.
-Дээд шүүхээр ялыг нь хэвээр үлдээчихвэл та бүхэн яах вэ?
-Энэ хорвоод амьд мэнд гишгиж л явах юм бол үхэх хүртэлээ энэ хэргийн талаар хандах газар өөр хаана байна, хэн байна бүх газраар явна. Зүгээр хүнээ шоронд хаячихна гэж байхгүй.
-Таны том охин ээжийгээ хоригдож байх үеэр зам тээврийн осолд өртөж амиа алдсан гэсэн. Хэргийн шалтгаан нөхцөл нь тогтоогдсон уу?
-Сэтгэл санааны хямралтай, хүнд хэцүү байгаа энэ үед охин маань бас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Бидэнд үнэхээр хэцүү байгаа. Зам тээврийн осолд өртөж амиа алдсан. Ээжийгээ хоригдсоноос хойш талийгаач охин маань их хөөцөлдөж явдаг байсан. Тухайн үед Сэлэнгэ аймагт сайн мэддэг мэргэн хүн байна гэж сонсоод, ээжийгээ үзүүлэх гээд явсан. Ингээд Сэлэнгэ аймаг руу ордог эргэх хэсэгт замын хажуугийн гүнзгий эрэг рүү машинтайгаа уначихсан байсан. Бид энэ осолд хэн нэгнийг буруутгаагүй. Гагцхүү ээжийг нь ингэж хилс хэргээр шоронд хориогүй байсан бол охин минь хаа байсан Сэлэнгэ аймаг руу мэргэн хүн хайгаад явахгүй байх байсан. Тэгж осолдож амиа алдахгүй байсан. Гэр орондоо ажил төрлөө хийгээд явж байсан бол юу гэж тийм золгүй явдал болох вэ дээ гэсэн харамсал гомдол тээж явдаг даа, ах нь. Алдсан хүн арван тамтай. Нэгэнт өнгөрчихсөн хүүхдийг ахин дахин яриад байх сонирхол надад байдаггүй юм.
-БИД 30 ЖИЛ ХАМТ АМЬДАРЧ, ГУРВАН САЙХАН ОХИНТОЙ БОЛСОН БАЙСАН-
-Та хоёр өнгөрсөн он жилүүдэд хэрхэн амьдарч ирэв?
-Эхнэр бид хоёр ханилан суугаад 30 гаруй жил болжээ. 1986 онд анх танилцаад, 1989 онд албан ёсоор гэр бүлээ батлуулсанаас хойш гурван сайхан охины ээж, аав болж өдий хүртэл дутагдах гачигдах зүйлгүй, сэтгэл тэнэгэр сайхан л амьдарч байсан. Гэтэл одоо ингээд хайран сайхан охиноо алдаад, амьдын хагацал үзээд байж байна. Жирийн иргэд бидэнд энэ төр, энэ хууль хяналтынхан ямар хатуу харгис ханддагийг өөрийн биеэр мэдэрч байна. Ардчилсан оронд хүний эрх ямар аймшигтайгаар зөрчигдөж байгааг, хэн ч итгэхийн аргагүй аймшигт хэрэгт гэм зэмгүй хүнийг яаж буруутан болгож чаддаг вэ гэдгийг нүдээрээ харж байна.
-Танай эхнэрийг яг ямар шалтгаанаар хэзээ баривчилж байсан талаар та ярихгүй юу?
-2015 оны наймдугаар сарын 30-нд гудамжинд явж байхад нь манай эхнэрийг баривчилсан байдаг. Дараа нь олон хар машинтай 20 гаруй залуу гэнэтхэн гэрт ороод ирсэн. Тэгээд надад гэрт үзлэг хийх зөвшөөрөл бүхий хуудас харуулаад, "Танай эхнэрийг улс төрийн хэргээр шалгаж байна" гэж хэлээд, нэгжлэг хийсэн. Манай эхнэрийг хаана хорьж байгаагаа ч хэлэхгүй, бид өөрсдөө хөөцөлдөж, асууж сурагласаар байж цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгааг мэдсэн. Мал нядалж байгааг ч харж чаддаггүй миний эхнэр бүхэл бүтэн хүнийг тэгж олон удаа хутгалж алсан бол өдий 18 жил надтай хамт амьдрахад сэтгэл санааны хувьд тогтворгүй байдаг ч юм уу, ямар нэгэн байдлаар мэдэгдэнэ шүү дээ.
-Баривчлах болсон шалтгаан нь Ц.Амгаланбаатарын бичсэн мессэжтэй холбоотой гэдэг. Та энэ мессэжний талаар мэдэж байсан уу?
-Т.Чимгээ рүү үл таних дугаараас мессэж ирдэг болсон. Ингээд “С.Зоригийн амь насыг чи хөнөөсөн гэх утга бүхий мессэж хэд хэдэн удаа ирсэн байсан. Тухайн үед би Оюутолгойд ажиллаж байхад эхнэр над руу яриад “Амгаагаас мессэж ирээд байна. Чамайг одоо хаана, ямар хувцастай явж байгааг бүгдийг нь би харж, мэдэж байгаа” гэх мэтчилэн дарамтлаад байна. Яах вэ. Үр хүүхдэд минь гай болчих вий дээ” гэж хэлсэн. Ингээд бид хоёр ярилцаж байгаад, "Шоронгоос дарамтлаад мессэж бичээд байна" гэсэн гомдол цагдаа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт өгсөн. Бид хоёр өөрсдөө мессэжүүдийг нь хүргэж өгсөн юм шүү. Гэтэл үүнээс болж ялтан болчихоод сууж байдаг.
-18 ЖИЛИЙН ӨМНӨХ ЯВДЛЫГ САНАХАД ХЭЦҮҮ БАЙСАН-
-Ц.Амгаланбаатар, О.Содномдаржаа нар танай эхнэртэй ямар хамаатай хүмүүс вэ?
-Манай нагац эгч н.Цэвэлмаагийн өргөж авсан хүүхэд нь Ц.Амгаланбаатар. Цэвэлмаа эгчээс хүүхэд гараагүй учраас манай дүү Гансүрэнг өргөж авсан юм. Ингээд 1982 онд хүү Гансүрэндээ хань болог гээд Ц.Амгаланбаатарыг өргөж авсан. Харин О.Содномдаржаагийнх 1981-1989 он хүртэл нагац эгч Цэвэлмаагийн хамар хашаанд амьдарч байсан байдаг. Манайх 1989 онд Дорноговиос Эрдэнэтэд нүүж ирсэн. Манай эхнэр О.Содномдаржааг огт танихгүй. Харин би О.Содномдаржааг бага байхын мэднэ. Намайг цэргээс халагдаад ирэхэд ТМС-т байсан юм. Сүүлд зах дээр зогсож бараа зардаг байхад нь зах дээр явж байгаад эхнэртэйгээ танилцуулж байсан.
-С.Зориг агсны амиа алддаг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр танай эхнэр Т.Чимгээ хаана байсан бэ?
-18 жилийн өмнөх явдлыг санахад хэцүү байсан. Гэвч энэ том улс төрийн аллагын хэрэгт холбогдчихсон хүмүүс өдөр, сар, жил бүрээр бодон санан байж 1998 оны аравдугаар сард хаана байснаа санаж чадсан. Тэр үед буюу 1998 онд манай дунд охин сургуульд орсон. Манай эхнэрийн эмээгийн бие тааруу байсан. Ингээд 1997 оны өвөл гэр бүлээрээ эхнэрийнхээ эмээг асрахаар Дорноговь аймаг явсан юм. Манай эхнэр хоёр ой хүрч байгаа болон нэг, гуравдугаар ангийн хүүхдүүдээ хардаг, 82 настай эмээгээ асардаг байсан. Хоёр хүүхдээ байнга сургуульд нь хүргэж өгдөг байсан байдаг. Манай гэр бүл болон О.Амгаланбаатар нарын ар гэрийнхэн нэг л зүйлийг хүсээд байгаа. Шүүх хурлыг олон нийтэд ил явуулаасай гэж. Үнэхээр С.Зориг агсныг хөнөөсөн бол бодит баримтуудыг ард түмэн мэдэх эрхтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ