Сонгуулийн тоосонд дарагдсан Н.Энхбаяр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болоход тав хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна. Сонгуулийн сурталчилгаа дуусах дөхөж байгаа тул гурван нэр дэвшигч ард иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсчих юмсан гэсэн битүүхэн хүсэлтэйгээр орон нутагт ажиллаж байна.
Харин манай хэвлэлийн баатар МАХН-ын дарга Н.Энхбаярын талаарх сураг тасарлаа. Намын хэдэн нөхөд байнга энэ тэндхийн хэвлэл мэдээллийн “биеийн байдал нь тааруу байгаа, хэт турсан, Монголд эмчлэх боломжгүй учир гадаадад эмчлүүлэх ёстой, эс тэгвээс амь насаа алдахад хүрнэ” гэх мэдээллийг ар араас нь хөврүүлж байсан.
Гэтэл гэнэт таг чиг боллоо. Биеийн байдал нь ямар байгаа бол хэмээн зарим хүний сэтгэл зовниж байгаа аж. Жил гаруйн хугацаанд хэвлэлийн баатар болж, ард түмний чихэнд хоногштол түүний талаар мэдээлэл цацагдсан учир гэнэт ийнхүү таг чиг болсонд хүн бүр гайхаж байх шиг байна. Аль эсвэл намын гишүүд дэмжигчид нь сонгуулийн сурталчилгаа гээд түүнд анхаарал хандуулах завгүй гүйгээд байна уу.
Аль эсвэл улс төрийн тохиролцоо хийсэн үү. Ерөнхийлөгчийн сонгууль дуусаад түүний амьдралд шинэ хуудас нээгдэх үү гэсэн хариултаа битүүхэн хүлээсэн асуултууд үлдэж байна.
Угтаа бол тэрбээр тус намаас нэр дэвшиж байгаа Эрүүл мэндийн сайд Н.Удвалын сонгуулийн сурталчилгаанд биечлэн биш юм аа гэхэд хөндлөнгөөс жинтэйхэн оролцох байх аа гэсэн таамаглал дэвшүүлж байсан. Гэтэл тэрбээр тэгсэнгүй. Эмчилгээгээ хийлгээд сураг тасарсан уу, аль эсвэл хөндлөнгөөс зүгээр л ажиглаж байна уу гэсэн таамаглал дэвшүүлээд үлдээлээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнө түүнийг шоронгоос суллагдана гэх мэдээлэл цацагдаж байсан юм. Гэтэл тэр яриа ч сонгуулийн давалгаанд дарагдаж мөн л замхарлаа. Эмч нарын удаа дараагийн дүгнэлтээр түүнийг ял эдлэх боломжгүй хэмээн мэдэгдэж байсан хууль хяналтынхан авч хэлэлцээгүй. Ямартай ч Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа Н.Энхбаярын асуудал Төрийн ордон хийгээд хууль хяналтын байгууллагын хүрээнийхэнд яригдах нь тодорхой.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ