СУРВАЛЖЛАГА: Хүүхдүүд могойд хатгуулах тохиолдол ихэсч байна
-ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСАГТ МОГОЙД ХАТГУУЛСАН
7-8 ХҮҮХЭД ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА-
Иргэд хөдөө хээр аялал зугаалгаар явахдаа олон эрсдэл дагуулсаар байдаг. Тухайлбал, гол устай газар болон хээр тал, уулын бэл, тэр ч бүү хэл хашаан дотроо могойд хатгуулж, Гэмтлийн эмнэлгийн хаалгыг татсаар байна. Өнгөрсөн жилийг бодвол энэ жил бага насны хүүхдүүд, тэр дундаа 0-10 хүртэлх насныхан могойд хатгуулан ирэх тохиолдол ихэссээр байгаа аж.
Могой ихэвчлэн хүний хөл, гарын хэсэгт хатгадаг бөгөөд цөөн тохиолдолд нүүр болон хүзүүн тус газарт халддаг байна. Ингэхдээ хатгасан даруйдаа тухайн хэсэгтээ хор цацсанаар хүний биед маш хурдан хоруу чанар нь үйлчилж эхэлдэг ажээ.
Хүний биед могойн хор тархаж эхэлснээр богино хугацаанд хатгуулсан хэсэг хавдаж эхэлдэг байна.
Иргэд могойд хатгуулсныхаа дараа эмнэлгийн байгууллагад хандаагүйгээс болж цусны бүлэгнэл үүсдэг. Ингэснээр ам цангах, царай цонхийх, алдах, ухаан алдах, таталт өгөх, цаашлаад зүрхний үйл ажиллагаа алдагдаж амь нас хохирдог ажээ.
-МОГОЙД ХАТГУУЛСАН ТОХИОЛДОЛД ХОР МАШ ХУРДАН
БИЕЭР ТАРХАЖ ХАВДДАГ-
Могойд хатгуулсан тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг, ямар эмчилгээ хийдэг талаар ГССҮТ-ийн хүүхдийн тасгийн их эмч Б.Солонготой цөөн хором ярилцлаа.
-Сүүлийн үед танай эмнэлэгт иргэд могойд хатгуулж ирэх тохиолдол ихэсч байгаа гэсэн мэдээлэл авсан юм. Нийт хэдэн иргэн могойд хатгуулсан тохиолдол бүртгэгдээд байна вэ?
-Ерөнхийдөө улирлын шинж чанартай, харьцангуй өөр байдаг. Яг одоо могойд хатгуулж болзошгүй улирал юм. Дулааны улирал эхлэхээр сард дунджаар 15-20 могойд хазуулсан гэх тохиолдол бүртгэгдэж байна. Энэтохиолдол 8-9 сар хүртэл үргэлжилдэг. 0-10 хүртэл насны буюу бага насны хүүхдүүд могойд хатгуулж ирж байна. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулбал их тохиолдол юм. Зарим тохиолдолд хатгуулаад их удаж, хор нь биеэр нь тархан хүндэрсэн байдалтай ирж байна.
-Могойд хатгуулсан хүүхдэд хамгийн түрүүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Могойд хатгуулсан хүүхэд их уйлах болон биеийн аль нэг хэсэгт хоёр шүдний мөр гарсан байдаг. Хатгуулсан даруйд маш хурдацтай хавдаж эхэлдэг. Мөн явцын дунд халуурна. Түүнчлэн маш хүчтэй өвдөлт өгөхөөс гадна ухаан алдан унах, таталт өгөх тохиолдол байдаг.
-Хатгуулсан хүний биеэр хор нь хэр хугацаанд бүрэн тархдаг вэ?
-Тухайн хатгасан могой хэр их хортойгоос хамаарна. Манай улсын хэмжээнд ойролцоогоор 250 гаруй төрлийн могой байдаг гэсэн тоон баримт бий. Тэгэхээр тухайн хатгасан могойны хоруу явц ямар байна, ямар төрлийн могой вэ, ямар хортой вэ гэдгээс хамаарна. Үүнээс хамаараад могойд хатгуулсан хүүхэд маш их уйлж орилдог. Гар болон хөл хэсгээрээ маш хурдацтай хавддаг. Мөн ерөнхий хордлогын шинжүүд илэрнэ. Тодруулбал, халуурна, царай цонхийно, ам цангах, зарим тохиолдолд ухаан балартах гэх мэтийн хүнд шинж тэмдэгүүд илэрнэ.
-Түрүүн та хүндэрч ирэх тохиолдол их байна гэлээ. Хүндэрсэн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Могойд хатгуулсаны дараа цус бүлэгнэлтийн системд өөрчлөлт ордог юм. Ингэснээр цусны урсамтгай чанар алдагдаж эхэлдэг. Цусны бүлэгнэлтэд өөрчлөлт орж, урсамтгай чанар алдагдсанаар тухайн хүүхдэд ерөнхий хордлогын шинж тэмдэг илэрдэг. Мөн их хавдраасаа болж цусан хангамж алдагддаг. Их хэмжээгээр хавагнаад, цусны урсгал эрс багасаад, хаван бүх судсуудад тархдаг юм. Ингэснээр хамгийн аюултай нь хор тархахаас гаднацусан хангамжийн алдагдлаас болж үхжилт үүсдэг. Тэгэхээр нэг ёсондоо хуруу гар болон хөлөө тайруулах хүртэл хүндэрнэ гэсэн үг. Үүнээс цаашлаад амь насаа алдах хүртэл хүндрэх аюултай байдаг.
-Одоогийн байдлаар могойд хатгуулснаас болж амь нас хохирох тохиолдол гарсан уу?
-Одоогийн байдлаар амь нас хохирсон тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ бидний зүгээс тийм зүйл гарахгүй байгаасай л гэж хүсэж байна. Тэрний эсрэг шаардлагатай гэсэн бүх арга хэмжээнүүдийг авна. Могойд хатгуулсан л бол нэн даруй манай эмнэлэгт хандах хэрэгтэй. Тэгэхээр тэр хаван хавдар удаан дарагдлыг чөлөөлөх мэс засал хийгддэг юм.
-Могойд хатгуулсан тохиолдолд шууд мэс засалд ордог юм уу?
-Тийм. Амь насны заалттайгаар яаралтай мэс засалд ордог. Могойд хатгуулсан тухайн иргэн болон хүүхдэд удаан дарагдалтыг чөлөөлөх мэс ажилбар хийгдээгүйгээс болж хүндрэл нь тухайн хазуулсан хэсэг болон хөл гар үхжиж тайрагдах аюултай. Түүнчлэн хорны тархалт их олон хоног эмчид хандаагүйгээс болж амьсгал зүрх судасны үйл ажиллагаа цусны эргэлтийн тогтолцооны алдагдалүүсдэг. Мэдээж хэрэг цус бүлэгнэлт алдагдаж байгаа учраас цус урсамтгай болж цус алдах эрсдэл үүсдэг гэх мэтийн маш олон аюултай шинж илэрдэг.
-Одоогийн байдлаар танай тасагт хэдэн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна вэ?
-Одоогоор манай хүүхдийн тасагт 7-8 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хамгийн бага нь гурван настай юм. Өнгөрсөн жил хамгийн доод тал нь зургаан сартай хүүхэд могойд хатгуулсан ирж байсан. Гэхдээ энэ жил нэгээс доош настай хүүхэд ирээгүй байна. Хамгийн гол нь иргэдэд анхааруулж хэлэхэд бага насны хүүхэддээ анхаарлаа сайн тавих хэрэгтэй. Мөн хүүхдээ могой ихтэй газруудад болон хөдөө орон нутгаар аялж зугаалж байгаа үедээ хараа хяналтгүй орхихгүй байх шаардлагатай байгаа юм. Хөдөө орон нутгийг бодоход нийслэл хотод харьцангуй гайгүй байдаг. Гэхдээ гэрийн гадна тоглож байгаад могойд хатгуулах тохиолдол ирдэг.
-Могойд хатгуулсан хүүхдэд хожим гарах үр дагавар гэвэл?
-Тухайн хүүхэд эмнэлгийн байгууллагад хандаад эмчилгээ хийгэж гарсны дараа 1-2 сарын хугацаанд эдгэнэ. Эмнэлэгт тухайн шархны эдгэрэлтээс хамаараад 7-14 юм уу, цаашлаад 20 хоног хүртэл эмчилгээ хийлгэдэг. Тэрний дараа бүрэн эдгэртэл нэгээс хоёр сар болно. Хамгийн гол нь хатгуулсан тохиолдолд манай эмнэлэгт яаралтай хандах нь хожим үүсч болох эрсдэлээс бүрэн сэргийлж чадна.
-МОГОЙД ХАТГУУЛАХАД ЯС РУУ ЗҮҮГЭЭР ШИВЖ БУЙ МЭТ ӨВДӨЛТ ӨГДӨГ-
-Эмнэлгийн байгууллагаас хол байхдаа могойд хазууллаа гэхэд хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авсан байх шаардлагатай вэ?
-Эхний арга хэмжээ гэвэл эмнэлэгт л хандана. Өөрсдөө дур мэдэж эмчилгээ хийх хэцүү юм. Учир нь манай улсад одоогоор могойд хатгуулсаныхаа дараа хэрэглэгдэх эм бэлдмэл, ерөндөг, батлагдан гарч ирсэн зүйл бүртгэгдээгүй байна. Тиймээс шууд л манай эмнэлэгт хандах нь хамгийн зөв алхам юм. Хатгаж тухайн хэсэгтээ хороо цацсан бол цусанд ороод маш эрчимтэй хоруу чанар нь явагдаж, цусанд бүлэгнэл үүсгээд маш их хэмжээгээр хавдаж эхэлдэг юм. Том хүн могойд хатгуулсаныхаа дараа яс руу зүүгээр шивж байгаа мэт өвдөлт өгдөг гэдэг. Тэгэхээр маш их хүчтэй өвдөлт өгдөг байгаа юм. Бага насны хүүхэд хэлж чадахгүй учраас маш их уйлдаг. Харин том хүүхдүүд часхийгээд өвдөхөөр нь хартал хавдчихсан байсан гэж хэлдэг. Ер нь маш их хүндрэл өгдөг, амархан бие мууддаг, таталт өгдөг, хор уршиг ихтэй.
-СУУЖ БАЙГААД БОСОХДОО МОГОЙН ДЭЭР ДАРААД ХАТГУУЛСАН-
ГССҮТ-ийн хүүхдийн тасагт могойд хатгуулсан долоон настай хүү Б.Өнөржаргалтай уулзлаа. Тэрээр бидэнд хонинд явж байгаад могойд хатгуулсан талаараа хэлж байв.
-Хэзээ могойд хатгуулснаа мэдсэн бэ?
-Би зургаан сарын 5-ны өдөр ирж эмнэлэгт хэвтсэн юм. Гэрээсээ хол, Төв аймгийн Эрдэнэ суманд айлын морь унах гэж очсон. Тэр айл “Хонинд яваад ир” гээд би гэрээсээ хол явсан юм. Морь явахгүй байхаар нь мориноосоо буугаад, уулын энгэрт хэсэг сууж байгаад газар тулаад босохдоо харалгүй могойн дээр дараад хазуулчихсан.
-Хатгуулсаны дараа ямар шинж тэмдэг илэрч байна?
-Би татаж унасан. Унаад босоод ирсэн чинь айлын хүмүүс ирчихсэн байсан. Тэр өдрөө орой 17 цагт сумын эмнэлэгт ирсэн. Тэндээсээ гэмтлийн эмнэлэгт 19 цагт ирсэн.
-Одоо биеийн байдал ямар байна вэ?
-Одоо гайгүй байна. Эмнэлэгт 24 хоног хэвтсэн юм. Эхэндээ гараа хөдөлгөж болохгүй маш их өвдөөд хэцүү байсан. Хоол идэж чадахгүй, хөл гар суга руугаа хавдаад, бас шээж болохгүй байсан. Одоо бол гарын хуруу сайн хөдлөхгүй байгаа тэрнээс биш гайгүй болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ