Лондонд галд өртөн орон гэргүй болсон иргэдийг тансаг зэрэглэлийн байранд оруулахаар болжээ

Лондон хотын эрх баригчид “Grenfell Tower” барилгад гарсан түймэрт өртөн орон гэргүй болсон иргэдийг Кенсингтон дүүргийн 68 орон сууцанд оруулна хэмээн мэдэгдсэн талаар ВВС агентлаг уламжлав. Тус байрууд нь нэг, хоёр болон гурван унтлагын өрөөтэй ажээ.

Долоо хоногийн өмнө Хойд Кенсингтоны “Grenfell Tower” барилгад гал гарсны улмаас 79 хүний амь үрэгдэж, олон хүн орох оронгүй болсон билээ. Тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй "төрийн" алдааны улмаас гал гарсанд уучлалт хүсчээ. Тэрбээр “Хүмүүс орох оронгүй, юу ч үгүй хоцорлоо. Юу болсон талаар ямар ч мэдээлэлгүй тэд юу хийх хэрэгтэй болон хэнд хандан тусламж эрэх вэ” хэмээн парламентын гишүүдэд хандан хэлсэн байна.

"Кенсингтон-Роу" орон сууцны цогцолбор хороолол

london

london

Лондон хотын удирдлагууд хохирогчдод зориулан "Кенсингтон-Роу" орон сууцны цогцолбор хороололд 68 орон сууц худалдан авах шийдвэр гаргажээ. Эдгээр орон сууцанд “Grenfell Tower”-т амьдарч байсан айлуудын эхний хэсэг орох юм байна. Цаашид ийм маягаар бусад айлуудыг орон сууцтай болгох ажээ. Энэхүү хороолол нь тансаг зэрэглэлийнх бөгөөд байрны үнэ 1.5 сая фунт стерлингээс эхэлдэг байна. Уг хорооллыг ирэх долдугаар сард барьж дуусгах аж.

london

Өмнө нь Лондонд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж, хотын удирдлагуудаас хохирсон хүмүүст тусламж үзүүлэхийг шаардаж байв. Их Британийн засгийн газрын шийдвэрээр орон гэргүй болсон айл өрх бүрт 5.5 мянган фунт стерлингийн тусламж олгохоор болжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ