Стив Морель: Би Монголд үхэн үхтлээ амьдармаар байна
“Чи яагаад тийм газар руу явах гээд байгаа юм бэ. Тэнд чинь халуун ус байхгүй, гэрэл байхгүй, байшин байхгүй. Ийм газар яаж амьдрах гээд байгаа юм. Стив, чи манай хүүхэд биш болсон. Чи ямар тэнэг юм бэ...” гээд л ээж,аав хоёр маань Монголд амьдрах болсон шийдвэрийг минь эрс эсэргүүцсэн. Гэхдээ би Монголд л байх ёстой хүн. Монголын язгуур урлагийг танин мэдэж, морин хуур хөгжмийг төгс эзэмшээд түүнийгээ дэлхийн хүн төрөлхтөнд түгээн дэлгэрүүлэх нь миний үүрэг хэмээн ярих нэгэн эрхэмтэй “Зиндаа”-гийнхаа уншигчдыг уулзуулж байгаадаа баяртай байна. Түүнийг Steve Morel гэдэг. Гэрт нь очиж ярилцлага авах хүсэлтийг маань хүлээн авсан учир бидний ярилцлага түүний гэрт өрнөсөн юм. Хаалгаар нь оруут уртын дуу эгшиглэх. Эргэн тойронд уйгаржин монгол бичгээр урласан бүтээлүүд харагдах ба морин хуур, хөгжмийн нот, монголын язгуур урлагийн номнууд өрөөстэй...
-Сайн уу Steve. Уран бүтээл өндөр үү?
-Сайн. Сайн уу. Уран бүтээл өндөр, өндөр... /түр хүлээж байгаарай. Цай хөөрч байх шиг байна...хэмээснээ гал тогооны өрөө рүүгээ яваад орчихов. Төд удалгүй сүүтэй цай барьсаар “Цай уу” гэх. Тэрбээр гэрт орж ирсэн гийчиндээ цай сүүнийхээ дээжийг амсуулдаг монгол уламжлалыг хэн хүнээс илүү мэддэг бололтой дог/.
-Баярлалаа. Маш сайхан амттай цай байна.
-Жаахан шингэн болчихлоо. Бараг л хярам.../Инээв/
-Steve манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач. Таныг “Морин хуур тоглодог залуу” гэж монголчуудын зарим нь таньдаг болсон байна лээ?
-Тийм үү, баярлалаа. Намайг Steve Morel гэдэг.Би Монголд 2014 оны 10 сард ирсэн. Бараг гурван жил болох гэж байна. Уг нь эхлээд хоёр сар л болно гэж ирсэн. Анх ирээд Ховд, Хэнтий аймгуудаар аялж, хөдөөгүүр явсан. Надад Монгол орон үнэхээр их таалагдсан. Тэгээд удалгүй Франц руугаа буцаж яваад, тэнд байгаа бүх зүйлээ зараад Монголд амьдрахаар бүрэн шийдээд ирсэн.
"Морин хуур бол бурхны хөгжим"
-Монголд амьдрах болсон хамгийн том шалтгаан чинь юу байв. Өөрийн эх нутаг, ар гэрээ орхиод ганцаархнаа хүний нутагт амьдрах шийдвэр гаргасан тань үнэхээр гайхашруулж байна?
-Би хэдэн жилийн өмнө Парист байхдаа Буриадуудын нэгэн тоглолтыг үзсэн. Тэр тоглолт морин хуур хөгжмийн тоглолт байсан. Морин хуурын хөг аялгууг тэнд анх сонсчихоод миний бие дахин төрж байгаа мэт болсон. Морин хуурыг сонсохоос өмнө би “Нас барсан хүн” шиг амьд биш байснаа ойлгосон. Тэр цагаас хойш морин хуур миний амьдрал болсон. Энэ хөгжмийг жинхэнэ утгаар нь мэдэрч тоглохын тулд би Монголд амьдрах ёстойгоо мэдсэн.
-Та гэхдээ ганцхан морин хуур гэлтгүй монгол өв уламжлалыг их судалдаг хүн бололтой. Монгол бичгээр ямар гоё бичдэг юм бэ. Бас монгол хэлээр маш цэвэрхэн ярьж байна?
-Тэгэж санагдаж байгаа бол баярлалаа. Тиймээ, би монгол хэл бас монгол бичгийг сурахаар маш их хичээж байгаа. Морин хуур хөгжмийг төгс эзэмшихийн тулд зайлшгүй монголын язгуур урлагийг судлах хэрэгтэй гэж би боддог.Хамгийн гол нь монгол хэл, бичиг, монгол ухаан, монголын ардын аман зохиол,уртын дуу, монгол соёлыг цогцоор нь мэдэх хэрэгтэй. Соёлоо мэдэхгүй байвал би морин хуур сайн тоглож чадахгүй. Яагаад гэвэл,энэ морин хуур энгийн хөгжим биш, бурхны хөгжим. Морин хуур өөрөө сүнстэй. Миний морин хуурынсүнс, миний өөрийн сүнс хоёрхамт нэгдэж байж жинхэнэ морин хуурын хөг аялгууг гаргах болно. Морин хуурын сүнс гадаад хүний сүнстэй холбогдохгүй. Тийм болохоор би монголын соёлыг маш сайн судлах хэрэгтэй. Монгол хүн шиг болох ёстой. Тэгэж байж би морин хуураа илүү сайн тоглоно.Тийм л учраас би монгол ёс заншлыг бүгдийг нь сайн танин мэдэж, судалж, суралцмаар байна.
-Өө гайхалтай. Морин хуурыг амьдралаа болгосон тань шиг хүн цөөхөн байх аа. Танд монгол хэл, бичиг, уламжлал соёлыг зааж өгдөг багш бий юу?
-Байлгүй яахав. Би одоо Хэл иргэншлийн дээд сургуульд сурч байгаа. Мөн тус сургуулийн дэргэдэх “Монгол хэл”-ний төвд идэвхитэй явдаг. Надад маш олон багш нар буй. Амгалан багш маань хамгийн мундаг. Буяндэлгэр багшдаа үнэхээр хайртай.Энэ хоёр багш маань аугаа ухаантай хүмүүс. Энэ сургуульд ороод монгол бичгээр бичиж сурсан. Хичээнгүй бичиг сурлаа. Монголын уран зохиол, ардын аман зохиолгээд асар их зүйл сурч байгаа. Гэхдээ надад маш сайн хүн ингэж хэлсэн. “Хүмүүсээр заалгах хэрэгтэй, үзэж, харах хэрэгтэй. Хамгийн гол нь өөрөө мэдэрч, хичээж сурах хэрэгтэй” гэсэн. Тийм болохоор би “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж бодон өөрөө маш их хичээж сурч байгаа. Том уран бичлэгийг бол би өөрөө бие даан сурсан.
-Хэл иргэншлийн дээд сургуульд Монголд ирээд л суралцаж эхэлсэн үү?
-Үгүй. Эхний жилд би “Сити” гээд дээд сургуульд орсон. Тэнд надад монгол хэл зааж өгөөгүй. Маш их зүйл сурахыг хүсэж байсан ч хэлгүй болохоор үнэхээр их хэцүү байсан. Тэнд зүгээр л төлбөр төлж байсан. Тэгээд тэр сургуулиас гараад Хэл иргэншлийн дээд сургуульд орсон. Одоо би сургуульдаа хоёр дахь жилдээ сурч байна. Надад сурах зүйл их байгаа учраас ойролцоогоор долоо, найман жил нарийн мэргэшиж сурах бодолтой байгаа.
-Сургуулийн хувьд ийм байдаг байж. Та ажил хийж байна уу. Амьдралаа яаж авч явж байна вэ?
-Монголд ирээд нэг ч ажил хийж байгаагүй.
-Тэгэхээр байрны мөнгө, хоол хүнс гээд амьжиргаагаа яаж залгуулдаг хэрэг вэ?
-Би Францад байхдаа маш их баян байсан. Маш олон төрлийн төсөл хөтөлбөрүүд дээр ажилладаг байсан. Би 12 жилийн турш өдөр бүр 20 цаг ажиллаж байлаа. Компьютер график, кино төслүүд гээд л... Би тэр хугацаанд маш их мөнгө хураасан. Тэр хуримтлалаараа л амьдарч байна. Одоо харин мөнгө маань бага болж байна. Арай их үрсэн/Инээв/... Гэхдээ би бүтээл зарж байна, морин хуур хийж байна, тоглолт тоглож байна. Заримдаа гэрэл зураг авч байна. Гэхдээ эндээс олж байгаа мөнгө маань маш бага л даа.
-Та тоглолт тоглож байна гэлээ. Энэ талаараа?
-Тийм. Тоглолтын хувьд жижиг баяр, хурим, үзэсгэлэнгийн нээлт, сургуулийн нээлт дээр очиж, морин хуур тоглож, тухайн үйл ажиллагааны жаврыг үргээдэг.
-Одоо олонд танигдаад эхлэхээр эрэлт хэрэгцээ чинь өсөөд л эхэлж байгаа байх?
-Яг/Инээв/.
Энэ асуултыг магадгүй танаас маш олон удаа асууж байсан байх л даа. Гэхдээ дахиад л асуумаар байна. Та яагаад морин хуурыг амьдралын утга учраа болгох болсон юм бэ?
-Тиймээ, энэ асуултыг надаас хүмүүс бараг 10 мянга гаруй удаа асуусан.Гэвч би “Яагаад” гэдгээ сайн хариулж мэддэгүй.Тайлбар өгч чадахгүй. Гэхдээ би нэг л зүйлийг мэдэж байна. Морин хуурыг, монгол соёлыг дэлхий үзэх хэрэгтэй,харах хэрэгтэй. Тэнгэр надад тэр зүйлийг л хэлсэн. Үүнээс өөрийг би хэлж чадахгүй.
-Та бас сийлбэр, тамга хийдэг юм билээ. Таны хийж буй бүтээл, сонирхож буйбүхэн тань бүгд л "Монгол" байх юмаа?
-Би сийлбэр хийх сонирхолтой. Тамга бас хийдэг. Би нэг морин хуур хийсэн. Одоо хоёр дахиа хийж байгаа.
-Хийж байгаа бүтээлээ хэр зарж байна?
-Морин хуураа өнөөдөр нэг гадаад хүнд зарж магадгүй. Таван цагт уулзахаар тохирсон байгаа.
-Тиймүү, наймаа чинь амжилттай байх болтугай...
-Баярлалаа /Инээв/.
"Монгол ардын уртын дуугаар ном хийж байна"
-Тантай ярилцаж байхдаа өөрийн тань чандын зорилгыг тань бол ойлголоо. Харин ойрын зорилго тань юу байна. Сонирхуулаач?
-Нэг зорилго байна. Биодоо ном бичиж байгаа. Монгол ардын уртын дуугаар ном бичиж байна. Энэ номоо хийхийн тулд уртын дууны номыг маш ихээр цуглуулж байна. Гэхдээ олдоц бага юм. Номын дэлгүүрүүдээр маш их явдаг. Багшийн дээдийн номын зах дээр байнга очдог.
-Номынхоо онцлогийн талаар яриач. Яагаад заавал уртын дуугаар хийх болов?
-Морин хуураар уртын дууг тоглохын тулд тухайн дууныхаа утга агуулга, түүх зэргийг нь маш сайн ойлгосон, ухаарсан байх хэрэгтэй. Тэгэж байж тэр уртын дууны аялгуу жинхэнэ утгаараа гарах учиртай. Зүгээр нэг аялгуу тоглох бус утга учрыг нь мэдээд өөрөө түүндээ орох хэрэгтэй гэж би боддог. Энэ уртын дуу магадгүй тал нутгийн тухай, хайртай хүний тухай, ээжийн тухай байж болно.Би өөрөө сайн ойлгох хэрэгтэй биз дээ.
Харин номын онцлогийн хувьд нэг уртын дууг монгол бичгээр, криллээр, францаар, англиар гээд дөрвөн янзаар хөрвүүлж байгаа.Жишээ нь, “Саруул тал” уртын дууг монгол хэлээр бичнэ, нэг том зураг тавина, криллээр,Францаар, англиар, бас тайлбар хийнэ. Ингэснээр энэ уртын дууг дэлхийн маш олон хүн ойлгох болно.
-Монголын уртын дууг дэлхийд таниулах том гарцыг та бүтээж буй хүн байна шүү дээ?
-Миний гол зорилго бол Морин хуур, монгол өв уламжлалын соёлыг өөрөө сайн ойлгоод дараа нь дэлхийн өөр олон хүмүүст хүргэхийг хүсдэг. Яагаад гэвэл, олон хүмүүс монголын язгуур урлагийг сонирхдог. Гэхдээ монгол хэл хэцүү. Хэлнь хэцүү болохооруртын дуу, тэр баялаг ардын аман зохиол, ерөөл магтаалыг ойлгоход хэцүү байна. Орчуулга байхгүй, толь байхгүй. Бараг зарим монголчууд нь ч өөрсдөө мэдэхгүй. Би энэ ажлыг хийснээр гадаад хүмүүс монголын уртын дуутай танилцана, түүнийг ойлгож чадна. Энэ маш чухал.
Одоогийн байдлаар би долоон, найман шүлэг орчуулаад байна. Түүнчлэнерөөл магтаал, зүйр цэцэн үгс орчуулж байна. Ингэснээргадаад хүн ч монгол соёлыг ойлгох боломжтой болж байгаа юм.
"Монголын морин хуурын чуулгад морин хуурчаар ажиллахыг хүсдэг"
-Та монголын өв соёл, тэр тусмаа язгуур урлагийг дэлхийд таниулах ажилд маш том хөрөнгө оруулалт хийж байгаа хүн юм байна. Язгуур урлагийн бүтээлүүдийг төрөлжүүлээдтүүнийгээ ном товхимол болгож байгаад монголчуудынхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна...
-Монголчууд намайг магадгүй “Ангийн хүүхэд, монгол соёлыг сонирхогч, морин хуур тоглодог хүн” гэдэг өнцгөөс л хардаг. Гэхдээ энэ арай биш. Миний амьдралын зорилго Монголын ёс заншлыг дэлхийд таниулах, морин хуурыг төгс эзэмших юм. Тэгээд бас Монголын морин хуурын чуулгад морин хуурчаар ажиллахыг хүсдэг. Царай зүс арай өөр болох хэрэгтэй байх/Инээв/.Гэхдээ би нэг уртын дуучинтай хамтлаг болох санаа байгаа.
-Тийм үү. Тэгвэл удахгүй уран бүтээлээр тань учран золгох юм байна даа?
-Миний бас нэг мөрөөдөл бол морин хуурын тоглолт хийж дэлхийн улс орноор аялахыг хүсэж байна.ОХУ, Хятад, Европ, АНУ руугээд л...Энэ аялалаараа монголын соёл урлагийн талаар, уртындууныхаа талаар тайлбар өгөөд явмаар байна. Жишээ нь, “Жонон хар” аятоглолоо гэхэд энэ ая юуны тухай байв, ямар түүхтэй, юуг илэрхийлсэн бэ гэх зэрэг тайлбарыг тоглолт дундуураа хийгээд явбал үнэхээр гоё..
Алтайн магтаал байна. Маш том утга төгөлдөр магтаал. Маш хүндлэлтэй магтаал. Энэ магтаалыг монголчууд ер нь мэднэ.Гадаад хүн мэдэхгүй. Тэгэхээр магтаал гэж юу вэ, Алтай гэж юу гэдгийг нь тайлбарлах ёстой. Зүгээр нэг ая тоглоод л дуусгах биш.
-Таны хамгийн дуртай ая тань юу вэ?
-Миний хамгийн дуртай ая “Өнчин цагаан ботго”. Цаанаа л нэг гоё хүний сэтгэлийнутсыг хөндсөн.../Уртын дууны талаар ярихдаа яагаад ч юм тэрбээр ярьж буй зүйлийнхээ дотор нь орж баясаж, хөглөгдөж байгаа нь илт/
-Та Монголд хэр удаан амьдаръя гэсэн бодолтой байна вэ?
-Би Монголд үхэн үхтлээ амьдармаар байна. Гэхдээ утгатай амьдрах хэрэгтэй.
-Таныг Монголд амьдрах шийдвэр гаргахад ар гэрийнхэн тань хэр хүлээн авсан бэ. Та гэр бүлээ танилцуулаач?
-Би аав, ээжтэй. Одоо Францын Марсей хотодамьдардаг. Би нэг ахтай. Тэр надаас 13 насаар ах. Тэр бид хоёр жаахан таарамж муутай. Учир нь миний сонголтыг ах хүлээж аваагүй. Хоёр жилийн хугацаанд маш их маргасан. Одоо холбоо барихгүй байгаа. Тэр Монголд амьдрахыг минь хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой.
Харин аав, ээж хоёрт маань үнэхээр хэцүү байсан. Тэд маш их уйлсан. Хүү нь бараг л үхсэн юм шиг харамсаж уйлсан. Анхны жилд миний шийдвэрийг ерөөсөө хүлээж аваагүй. “Стив! чи манай хүүхэд биш. Чи хэн юм бэ” гэж хүртэл загнасан. “Чи яагаад Монгол явсан. Монголд юу ч байхгүй, ус байхгүй, гэрэл байхгүй, байшин байхгүй. Яаж амьдрах гээд байгаа юм.Чи өмнө нь маш их баян байсан. Том компанид ажилладаг байсан. Чи одоо Монгол яваад юу ч байхгүй. Чи ямар тэнэг хүн бэ” гэж байсан. Харин сүүлийн нэг жилээс тэд миний шийдвэрийг арай хүндэтгэлтэй хүлээж авч байгаа. Надад эхний нэг жил үнэхээр хэцүү байсан. Харин одоо би хатуу хүн болсон. Би өмнөө маш том зорилго тавьсан.
-Steve чи хэдэн настай вэ?
-Би одоо 30 настай.
-Монголд амьдрах ямар байна. Монголчуудын зан ааш таны бодлоор...
-Монгол хүмүүс янз, янз л байна. Зарим хэсэг нь мэдээж найрсаг. Зарим хэсэг нь худалч. Яахав, манай Франц соёл арай өөр. Бид маш шударга, бас үнэнч. Хэрвээ би нэг хүнд дургүй бол тэрийгээ шууд хэлнэ. Монголчууд харин өөр. Нүүрэн дээр инээгээд л “Тэгье тэгье хийе. Хамт бүтээе. Болно Ок” гэсэн мөртлөө алга болчихдог. Дараа нь шалтаг тоочоод ингэсэн тэгсэн гэдэг. Энэ нь надад маш хэцүү санагддаг байсан.Одоо би жаахан ойлгосон. Барагнь өөрөө магадгүйтийм болсон /Инээв/.
Жишээ нь, Монголчууд надад за би чамд ажил өглөө гэх зэргээр тохирдог. Би “ Воов, ажил тохиролцож чадлаа” гэж бодсон. Гэтэл дараа нь юм байхгүй. Бараг гэрээ хийсэн. Тэгсэн байхад л нөгөөдөхөө ажил хэрэг болгодоггүй хаячихдаг нь маш хэцүү. Хоёрдугаарт, миний харснаар монголчуудад хамгийн чухал нь гэр бүл. Өөр хүмүүс хамаагүй. Хүмүүс надад фэйсээр бичдэг. Өө амжилт хүсье, Маш гоё байна гээд л магтаалын үг урсгадаг. Тэгээд л бол оо. Өөр цаашаа харилцаа байхгүй.Энэ маш хэцүү. Би бүр аймар завтай бас завгүй хүн биш. Гэхдээ энд хүмүүс аймар завгүй. Парисаас илүү завгүй. Би сайн ойлгохгүй байна /Инээв/ цаг бараг нь байхгүй.
Мөн монголчууд машнайрсаг. Маш сайн хүлээх чадвартай. Францад бол тийм зүйл байхгүй. Нэгнийгээ жаахан л хүлээлгэсэн бол “Ёооё яаж хүлээх юм бэ” гээд л гомдолдог. Монголд харин тийм юм байхгүй. “Автобус удаан байна, зам муу байна, замын түгжрэл ихбайна” гээд л хүлээгээд л байдаг. “Өнөөдөр амжихгүй нь маргааш” гэхэд “За” л гэдэг. Энэ бол маш гоё. Маргах юм байхгүй, зүгээр хүлээгээд л авдаг. Монголчуудмаш тайван, уужуу сэтгэлтэй.чөлөөтэй.
-Та хөдөөний малчин айлд очиж үзэж байв уу?
Үзсэн гоё. Гэхдээ зарим зүйл нь маш хэцүү. Дандаа мах иддэг. Бас согтуу хүмүүс ньхөгжилтэй бас нэг талаараа хэцүү /Инээв/
-Та эхнэр, хүүхэдтэй болъё гэж боддог уу. Эсвэл морин хуур байхад л амьдрал ОК юу?
-Бодолгүй яахав. Би одоо эхнэртэй болох хэрэгтэй байна. Таван хүүхэдтэй болно гэж боддог. Хамгийн багадаа гурван хүүхэдтэй болохыг хүсдэг.
-Таныг бас буяны үйлсэд их идэвхтэй оролцдог гэж сонссон...
-Би баян хүн биш. Гэхдээ чадах ядахаараа бусдад тусалж, буяны ажил хийхийг хичээдэг.
-Миний бодлоор та бол маш БАЯН хүн юм. Ийм том зорилготой, зорилгынхоо төлөө бүхнээ золиослоод тэмцэж, түүндээ хүрэх замаа олсон тань өөрөө хамгийн БАЯН амьдралтай хүн болохыг чинь харуулж байна л даа...
-Баярлалаа.
Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна.
”Монголд үхэн үхтлээ амьдармаар байна” хэмээн итгэлтэй хариулах Стивийн ярианаас монголын залуус нэгийг бодож нөгөөг тунгаана гэдэгт итгэлтэй байна. “Харийн хүн бидний соёл урлаг, түүхийг ингэж их шүтэж, биширч байхад харин бид ямархан байдалтай байна вэ?” гээд өөрсдөөсөө нэг асуугаад үзэхэд илүүдэхгүй биз ээ.
С.Өлзийбаяр
Эх сурвалж: ZINDAA.MN
СЭТГЭГДЭЛ БИЧИХ