2017 он гарсаар орон нутгийн замд гарсан ослын улмаас 147 хүн амь насаа алджээ

2017 он гарсаар орон нутгийн замд гарсан ослын улмаас 147 хүн амь насаа алджээ
Урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотоос хөдөө, орон нутгийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол, хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан хэлж байна. Ганцхан жишээ дурьдахад 2017 оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд гарсан хүний амь нас хохирсон зам тээврийн ослын 83,9 хувь нь орон нутгийн замд бүртгэгджээ. Тодруулбал, энэ онд зөвхөн орон нутгийн замд гарсан зам тээврийн ослын улмаас 147 хүн амь насаа алдсан гэсэн харамсалтай мэдээ байна. Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг жолооч хурд хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, бага насны хүүхдийг буруу тээвэрлэх зэрэг жолоочийн буруугаас шалтгаалсан осол эзэлдэг аж.

Иймээс Замын цагдаагийн албанаас энэ төрлийн осол, хэргийг бууруулах, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор ажлын хэсэг байгуулан амралтын өдрүүдийг сонгож улсын болон олон улсын чанартай босоо, хэвтээ тэнхлэгийн дагуух замуудад хяналт тавин ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Сайншанд чиглэлийн автозамуудад шинэ загварын зөөврийн хурд хэмжигч багажийг ашиглан хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн хурдад хяналт, шалгалт хийжээ. Гэтэл хоёр цагийн хугацаанд зорчин өнгөрсөн нийт 132 тээврийн хэрэгслийн 108 нь буюу 82 хувь нь хурдыг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлж байсан талаар ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат хэллээ.

Я.Соронзонболд: Зам тээврийн ослын тодорхой хувь нь замын эвдрэлтэй холбоотой

2017 он гарсаар орон нутгийн замд гарсан ослын улмаас 147 хүн амь насаа алджээ

Энэ талаар ЗЦА-ны Орон нутгийн хяналтын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Я.Соронзонболдтой ярилцлаа.

-Он гарснаас хойш 147 хүн орон нутагт гарсан зам тээврийн ослын улмаас амиа алдсан гэлээ. Осол, аваарын шалтгаан нөхцөл нь юу байна вэ?

-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд суудлын автомашины дээд хурдыг орон нутгийн замд 80 км/ цаг гэж заасан байдаг. Гэвч тухайн замаар хөдөлгөөнд оролцож байгаа ихэнх тээврийн хэрэгслийн хурд заасан хэмжээнээс илүү байдаг. Дунджаар 120-140 км/цагийн хурдтай явж байна. Заримдаа 150 км/цагаас дээш хурдтай ч хөдөлгөөнд оролцох тохиолдол байна. Тэгэхээр осол аваар гарч байгаа шалтгаан нөхцлийн дийлэнх нь хурд хэтрүүлсэн, тухайн замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүйгээс үүдэлтэй. Орон нутгийн авто замын дийлэнх нь III, IV ангиллынх. Зарим тохиолдолд халтиргаа гултаатай замд 60 км/ цагаас доош хурдтай явж байгаад онхолдох, мөргөлдөх хэлбэрээр эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол бий.

Мөн хурдаас гадна гэрэлтүүлэг хэрэгсэл хэрэглэх журам зөрчих, гүйцэж түрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос жолооч, зорчигчид маань олноороо эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.

-Орон нутгийн замд гарч байгаа ослыг байршлаар нь авч үзэхэд ямар дүр зураг ажиглагдаж байна вэ. Ер нь Дархан, Эрдэнэтийн замд их осол гардаг гэж ярьдаг шүү дээ?

-Аймаг орон нутгаар нь аваад үзэхэд 2017 он гарсаар Сэлэнгэ, Төв аймаг, Дундговь, Баян-Өлгий зэрэг аймагт харъяалагдах нутаг дэвгэрийн хатуу хучилттай авто замуудад гарсан осол аваар дийлэнх хувийг эзэлж байна.

-Нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил их гардаг. Харин орон нутгийн замд энэ зөрчил хэр гарч бана вэ?

-Ер нь согтуугуур тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох тохиолдол буурахгүй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэлтэй ноцтой зам тээврийн ослууд их гарч байгаа. Энэ нь эрүүл хүний гаргасан зам тээврийн ослоос илүү хор хөнөөлтэй, олон хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулж байгаа нь судалгаанаас харагддаг.

2017 оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд гарсан хүний амь нас хохирсон зам тээврийн ослын 83,9 хувь нь орон нутгийн замд бүртгэгджээ. Тодруулбал, энэ онд зөвхөн орон нутгийн замд гарсан зам тээврийн ослын улмаас 147 хүн амь насаа алдсан гэсэн харамсалтай мэдээ байна. Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг жолооч хурд хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, бага насны хүүхдийг буруу тээвэрлэх зэрэг жолоочийн буруугаас шалтгаалсан осол эзэлдэг аж.

ЗЦА-наас босоо болон хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай авто замуудын осол аваар их гардаг цэгүүдийг тэмдэглэн, тэдгээр цэгүүдэд байнгын хяналт, шалтгалт тавьж ажиллаж байгаа. Яг тэр цэгүүдэд гарч байгаа осол нь замаасаа болж байна уу, жолоочоосоо болж байна уу гэдгийн шалтгаан нөхцлийг судалж, тэдгээрийн эвдрэл гэмтлийг холбогдох байгууллагуур нь засуулж ажиллаж байна.

Нэг аймгаар дайран өнгөрч байгаа хатуу хучилттай замуудад 4-5 цэгийг тэмдэглэж, тэдгээрийг байнгын хяналттай байлгахаар ажиллаж байна.

-Хятад мотоцикльтой осол, аваар их гардаг талаар албаныхан хэлдэг. Ялангуяа орон нутагт мотоциклийн хэрэглээ их нэмэгдсэн. ЗЦА-аас энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Үнэнийг хэлэхэд сүүлийн жилүүдэд мотоциклийг бүрэн дугааржуулж, төдийлөн чадахгүй л байна. Яагаад гэхээр бидний хэлж заншсанаар хятад мотоцикль сэлбэг нэрийдлээр улсын хилээр ихээр орж ирдэг. Энд орж ирж угсрагдаад л шууд орон нутаг руу зөөвөрлөгдөн малчдын гар дээр очдог. Малчид тэрхүү мотоцикльдоо улсын дугаар авах шаардлагагүй гэж үздэг юм билээ. Яагаад гэхээр тэд малаа хариулахдаа л уул, хадаар унадаг, хатуу хучилттай зам руу тэр бүр унаж ордоггүй гэж үзээд албан ёсны бүртгэлд хамруулах бодолгүй байдаг. Үүнтэй холбоотойгоор тэдгээр мотоциклиудыг бүртгэлд хамруулж, улсын дугаартай болгож чадахгүй байна. Нөгөө талаараа хятад мотоциклийн хэрэглээ нэг жил гаруй л байдаг болохоор малчид маань эвдрэхийн хооронд энийг бүртгүүлээд яах вэ гэж боддог гэсэн. ЗЦА-аас малчдын гар дээр байгаа мотоциклыг дугааржуулаагүй ч гэсэн бүртгэл, судалгаа хийдэг. Жишээлбэл, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт гэхэд 4000 гаруй мотоцикль байгаагийн 400 орчим нь улсын дугаар авсан байх жишээтэй.
Мөн малчид маань морь унахгүй, өдөр тутмын хэрэглээндээ мотоцикль хэрэглэдэг болсон байна. Мотоцикльтой холбоотой зам тээврийн осол аваар их гардаг. Энэ дашрамд малчдыгаа А ангиллын жолооны үнэмлэх авч, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг хүсч байна. Мотоцикль бол тээврийн хэрэгсэл учраас түүнийг эзэмших дадлага, туршилгыг заавал эзэмших ёстой.

-ЗЦА-ныхан сумдад хяналт тавих боломж хэр байдаг вэ?

-Хүн хүчний хүрэлцээ учир дутагдалтай байдаг. Нэг суманд л гэхэд нэг л хэсгийн төлөөлөгчзамын болон эрүү, хэв журмын бүхий л нөхцөл байдалд хяналт тавьж ажилладаг шүү дээ. Ингээд бодохоор орон нутаг тэр дундаа сумдын хороондох замд хяналт тавих техник тоног төхөөрөмж, хүн хүчний хүрэлцээ дутмаг байдгаас бүрэн хяналт тавих боломжгүй байна.

-Орон нутгийн замыг шинэчилж, шинэ зам барих ажил жил бүр л хийгддэг. Ер нь орон нутагт шинээр тавьж байгаа авто замуудын чанар хэр байна вэ?

-Надаар хэлүүлэлтгүй бүгд л мэдэж байгаа байх. Хэдийгээр шинээр зам тавьж байгаа хэдий ч төд удалгүй нөхөөс хийгээд л эхэлдэг шүү дээ. Үүнтэй холбоотой осол аваарууд нэмэгдэж байгаа. Өнгөрсөн 2016 онд нийт осол аваарын 96 хувь нь жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болсон бол 0,2 орчим хувь нь замын барилга байгууламж, замын эвдрэлтэй холбоотой ослууд бүртгэгдсэн байгаа. Бидний хамгийн сайн мэдэх Найлахын, Дархан, Эрдэнэтийн зам маш их эвдрэлтэй. Хурдтай явж байгаа тээврийн хэрэгсэл эвдрэл дээгүүр гараад онхолдох ч юм уу, дугуй нь хагарах, эвдрэлийг тойрон гарах үедээ бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх зэрэг ослууд ихээр бүртгэгддэг. Ялангуяа хэт огцом эргэлттэй замууд болон уруу эргэлттэй замууд дээр онхолдох тохиолдол их байдаг. Ер ньорон нутгийн чанартай замын ялгаатай зүйл нь хөдөлгөөний эрчим багатай ч хурд ихтэй байдаг. Осол гарсан тохиолдолд олон хүний амь нас хохирдог.

Монголчууд ярьдаг шүү дээ, “Та сайн явж ирэв үү” гэдгээс биш “Та хурдан явж ирэв үү” гэдэггүй. Тиймээс жолооч та хурдаа тохируулж явах нь өөрийгөө болон өрөөлийг хамгаална шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ