Улсын Их Хурлын дарга З.Энхболд Төв аймагт ажиллав

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаад байгаа энэ хугацаанд УИХ-ын дарга хэд хэдэн аймагт томилолтоор ажиллаж, батлагдсан болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль тогтоомжуудыг иргэд сонгогчдод тайлбарлан таниулж, санал бодлыг нь сонслоо. Тэрээр өчигдөр Төв аймгийн Зуунмод хотод ажиллалаа.

УИХ-ын даргыг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд хүндэт харуул жагсаж угтсан юм. Дараа нь аймгийн Засаг дарга Д.Баярбат, ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Зуунмод хотын захирагч Ж.Цэндсүрэн нар аймгийнхаа талаар УИХ-ын даргад товч мэдээлэл хийж, видео танилцуулга үзүүлэв. Танилцуулгад тус аймгийн 90 жилийн ой энэ онд тохиож байгаа хийгээд орон нутагт өрнөж байгаа болон төлөвлөгдөж буй бүтээн байгуулалтын ажлын талаар дурдсан байв. Тухайлбал, 1000 айлын орон сууцны хорооллын шав тавигдаж, эхний ээлжинд 40 болон 20 айлын байруудыг барьж эхлэхээр болсон. Мөн сумдыг орон сууцжуулах ажлын хүрээнд 27 суманд хямд төсөр, хөдөөгийн нөхцөлд зохицуулсан шийдэл бүхий дөрвөн төрлийн 108 угсармал орон сууц барихаар төлөвлөж байгаа аж.

УИХ-ын даргыг аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр хүрэлцэн очиход тус байгууллагын хамт олон угтан авч, эмнэлгийн дарга А.Чулуунцэцэг үйл ажиллагаа болон тулгамдаж байгаа асуудлуудаа танилцуулав. Тус эмнэлэг нь аймгийнхаа 27 сум, 97 баг, суурингийн 87 мянган хүн амд 20 орчим төрлийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байна. Хүний нөөцийн хангалт 90 хувь буюу их эмч 79, сувилагч тусгай мэргэжилтэн 131, бусад 96 ажиллагсадтай ажиллаж байгаа ч эмгэг судлаач, чих, хамар хоолойн эмч, сувилагчийн хүрэлцээ муу байгаа. Багаж тоног төхөөрөмжийн хангалт 80 хувьтай, чухал шаардлагатай оношилгооны дуран, 4D ЭХО, зүрхний ЭХО аппарат хангалтгүй. 2004 оноос дурангийн оношилгоо шинжилгээ хийгдээгүй. Одоогийн байдлаар дурангийн мэргэшсэн эмч, сувилагч бэлтгэгдсэн боловч аппаратгүйгээс хоёрдугаар шатлалд зайлшгүй хийгдвэл зохих оношилгоо, шинжилгээ хийгдэхгүйгээс нутгийн иргэдийг чирэгдүүлж байгаа зэрэг хүндрэл бэрхшээл байгааг УИХ-ын даргад дуулгалаа.

Мөн эмнэлгийн барилга нь 1976 онд ашиглалтад орж, 2001 онд их засвар хийгдсэн ч энэ оны Магадлан итгэмжлэлийн үзлэгээр шаардлага хангахгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан, цахилгааны монтаж, сантехник нь хуучирч засварлах боломжгүй болсон. Иймээс барилгын өргөтгөл хийх болон цахим бүртгэлийн шинэчлэлд шаардлагатай багаж тоног төхөөрөмжийн зардал хэрэгтэй байгааг хэлж байв.

УИХ-ын дарга дараа нь аймгийн Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцахад иргэдийн өргөдөл гомдлыг 11-11 дугаар утсаар хүлээн авахаас гадна санал хүсэлтээ цахимаар өгөх боломж бүрдүүлснээ аймгийн удирдлагууд тайлбарлаж үзүүлэв.

УИХ-ын дарга З.Энхболд дараа нь аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, төрийн байгууллагын төлөөлөл, эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзахдаа УИХ-ын 2012 оны намрын чуулган, 2013 оны хаврын чуулганаар батлагдсан хууль тогтоомжууд, мөн энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж таниуллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ