Ч.Сарантуяа: Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хур бороо багатай байх төлөвтэй
Бэлчээрийн ургамлын гарц20-30 орчим хувьтай байна
Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурч Ч.Сарантуяагаас энэ зуны цаг уурын төлөвийг тодрууллаа.
-Энэ зуны хувьд хуурайшилт ихтэй, халуун байгаа тул иргэд цаг агаарын урьдчилсан төлөвийг мэдэх хүсэлтэй байна. Зуншлага ер нь ямар байх төлөвтэй байна?
-Хаврын саруудад Монголын ихэнх нутгаар хур тунадас харьцангуй бага, дундаж температур олон жилийн дунджаас харьцангуй дулаан байснаас хуурайшилт их, бэлчээрийн ургамлын гарц муу, ой хээрийн түймэр ихтэй байна. Зургадугаар сар эхлэхэд нийт нутгийн 70 орчим хувьд бэлчээрийн ургац дунд зэрэг, зарим газраараа муу гэсэн дүнтэй байсан. Харин сарын сүүлийн хагаст эерэг байх төлөвтэй байна. Энэ сарын 16-19-ны өдрүүдэд төв болон зүүн аймгийн нутгаар бороо орох, цаашлаад 20-22-ны өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр, зарим нутгаар дуу, цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Энэ өдрүүдэд тухайлбал 16-19-нд нутгийн зүүн хагасаар, 20-22-ны өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр сэрүүсэх төлөвтэй байна.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс нутаг болон Дархадын хотгороор өдөртөө 24-26 хэм, Алтайн өвөр нутаг, говийн бүс нутгаар өдөртөө 26-29 хэм орчим, тал хээрийн бүс нутгаар 19-24 градусын дулаантай байх төлөвтэй байна. Цаашлаад сарын сүүлийн арар хоногийн дунд үеэс хур бороо багасаж, халах төлөвтэй байна.
Долдугаар сарын дундаж температур нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн бүсийн нутгаар дундаж орчим байх төлөвтэй байна. Хур бороо дийлэнх нутгаар олон жилийн дундажтайойролцоо байх хэдий ч баруун аймаг, төвийн бүсийн хойд хэсэг, говийн гурван аймгийн ихэнх нутгаар дунджаас бага хур орно. Цаашлаад наймдугаар сар мөн олон жилийн дунджаас дулаан, бороо хур багатай байх төлөвтэй байна.
-Сарын эхээр зургадугаар сар хур бороотой гэсэн төлөв гарсан ч бороо багатай байлаа. Цаг уурын төлөв ер нь хэр өөрчлөгддөг вэ?
-Сүүлийн жилүүдэд агаар мандал, уур амьсгалын өөрчлөлтөөс цаг агаарын төлөвт өөрчлөлт орох нь ихэсч байна. Цаг агаарын төлөв ойртох тусмаа л таарц, нарийвчлал нь өндөрсдөг. Тиймээс зургадугаар сарын сүүл гэхэд ойрын хоёр сарын нарийвчилсан төлөв дээрхээс бага зэрэг өөр гарах магадлалтай. Ерөнхийдөө энэ зун олон жилийн дунджаас дулаан, хур бороо багатай байх төлөвтэй байгаа учир говийн нутаг хэсгээр бэлчээрийн ургамал тааруу ургаж болзошгүй.
-Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад энэ сарын цаг агаарын байдал ямар байна вэ?
-Энэ жилийн цаг агаарыг өнгөрсөн жилтэй харьцуулахад хуурай, хур тунадас багатай, халуун байна. 2016 оны зургаадугаар сард олон жилийн дундаж орчим буюу түүнээс ахиу хур бороотой байсан. Тиймээс бэлчээрийн ургамлын ургац 70 орчим хувьтай байсан. Энэ жил нэлээн тааруухан байна.
-Нутгийн аль хэсгээр хуурайшилт ихтэй байна вэ?
-Энэ жил нутгийн нийт хэсэг ерөнхийдөө хуурай байна. Тэр дундаа газар тариалангийн бүс нутгаар илүү байна. Үүнийг ой хээрийн түймрээс харж болно. Зарим сард 49 хүртэл түймэр гарсан.
-Бэлчээр, газар тариалангийн бүс нутгаар хур багатай тохиолдолд үүл буудаж бороо оруулах уу?
-Тухайн бүсэд борооны үүл байгаа тохиолдолд услагийг нэмэгдүүлэхээр үүл буудаж бороо оруулж болно. Түүнээс үүл хуралдуулж, бороо оруулдаг процесс биш.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ