Реппэр Gee: СТА цолоор шагнасан бол би ингэж баярлахгүй байсан

gee

Өнгөрсөн долоо хоногт Сангийн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” төв талбайд болж, шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулав. Энэ үеэр Э.Мөнх-Эрдэнэ буюу реппер Gee “Нийслэлийн шилдэг татвар төлөгч” иргэн болж, шагналаа гардан авсан юм. Урлаг соёлынхныг дуу дуулж олсон орлогоосоо татвар төлдөггүй хэмээх шүүмжлэл дагадаг тул бид Реппэр Gee-тэй цөөн хором ярилцлаа.

-ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРАА ТӨЛДӨГ ЦЭНХЭР ДЭВТРЭЭРЭЭ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БҮРТГЭЛТЭЙ-

-Нийслэлийн шилдэг татвар төлөгч болсонд тань баяр хүргэе.

-Баярлалаа. Би үнэхээр их баяртай байна. Магадгүй намайг СТА цолоор шагнасан бол би баярлахгүй байсан. Харин энэ шагналд их баяртай байгаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд чамгүй ажил хийж гүйцэтгэсэн байна. Хийсний хэрээр орлого ч нэмэгдэж, орлого нэмэгдэхийн хэрээр татвараа ч мөн гайгүй төлсөн байна.

gee-Энэ шагналыг та хэрхэн авсан, танд энэ мэдээг хэрхэн дуулгасан бэ?

-Би хувь хүний орлогын албан татвараа төлдөг цэнхэр дэвтрээрээ Чингэлтэй дүүрэгт бүртгэлтэй байдаг. Энэ жил өмнөх жилүүдийг бодвол хамаагүй сайн татвар төлсөн л дөө. Тэгтэл тэндээс нэг өдөр яриад “Та татвараа сайн төлдөг юм байна. Цэнхэр дэвтэрээ идэвхитэй бөглүүлж явдаг юм байна. Таныг нийслэлийн шилдэг татвар төлөгчид нэр дэвшүүлье, болох уу” гээд зөвшөөрөл авсан. Би тэгэхээр нь “Яагаад болохгүй гэж, татвар гэдэг шууд мөнгөө төлж байгаа бодит ажил учраас яагаад байж болохгүй гэж, тэгье” гэсэн. Гэтэл тэр шагналыг гардуулахын өмнөх өдөр яриад “Та шагнал авахаар боллоо” гээд арга хэмжээнийхээ урилгыг хүлээлгэж өгсөн. Түүнээс биш өөр янз бүрийн лобби биш, сонгуулийн дуу дуулаад шагнал авсан юм биш (инээв. сурв). Татварынхны тухай ч дуу дуулаагүй.

-Ихэвчлэн та ямар орлогоосоо татвар төлсөн бэ? Уран бүтээлийн ажлаасаа олсон орлого зонхилж байна уу?

-Бүх л ажлаасаа татвар төлөх ёстой юм биш үү? Төлөхгүй байж болдог юм уу?

-Урлаг соёлынхныг арга хэмжээн дээр дуу дуулсан орлогоосоо татвар төлдөггүй гэдэг шүү дээ?

-Үгүй байх аа. Цаадуул чинь төлдөг байх. Магадгүй би арай ахиу хэмжээний юм төлчихөөд энэ шагналыг авсан байх. Түүнээс биш төлдөг байлгүй дээ. Тухайлбал, би нэг байгууллагын арга хэмжээн дээр “Гурван дуу дуулна” гэдэг гэрээ хийлээ, тэр гэрээн дээр татварынхаа хэмжээг заагаад, цэнхэр дэвтэр дээр бөглөгдөөд явдаг. Мөн бизнесийн байгууллагуудтай хамтарч ажиллан, бараа бүтээгдэхүүний нүүр царай болж, сурталчлах ажлаас орж ирж байгаа орлогууд байна гэх мэтчилэн. Харин энэ шагнал бол манай компаний орлоготой ямар ч хамаагүй, энэ бол зөвхөн Мөнх-Эрдэнэ гэдэг хувь хүний сайн дураараа төлж буй орлоготой л хамаатай.

gee

-ӨНГӨРСӨН ЖИЛ ТӨЛСӨН ТАТВАРАА ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ ГАР ДЭЭРЭЭ
АВСАН БОЛ “ХӨӨХ” ГЭХ БАЙЛАА-

-Урлаг соёлынхныг татвар огт төлдөггүй гэж шууд ойлгоод байдаг нь ташаа ойлголт байх нь ээ?

-Ташаа байлгүй дээ. Бүгд цэнхэр дэвтэртэй байгаа. Бусад хүмүүс яадгийг мэдэхгүй ч би лав аливаа байгууллагатай ажиллахдаа цэнхэр дэвтрээрээ татвараа төлөөд явдаг. Хүмүүс энэ талаар их шүүмжлэлтэй ханддаг юм билээ. Өнгөрсөн хугацаанд би хэд хэдэн удаа харж байсан. “Гурван дуу тэдэн төгрөгөөр дуулчихаад татвараа төлдөггүй, бидний сарын цалин ийм байдаг гээд л” хүмүүс хэлж ярьдаг юм билээ. Тэр бүрд “Би татвараа төлдөг” гэж хэл ам хийх тухай бодол байгаагүй, тэртэй тэргүй төлдөг нь үнэн л юм чинь хэн юу гэж хэлэх нь ямар хамаа байх билээ. Харин ирээд шалгавал төлж л байгаа шүү дээ.

-Уучлаарай, их энгийн асуулт мэт боловч иргэн хүн татвараа төлнө гэдэг хэр үнэ цэнэтэй, хэр хариуцлагатай зүйл вэ?

-Маш чухал, маш үнэ цэнэтэй зүйл болохоор би энэ шагналыг авчихаад баярлаад байгаа байхгүй юу. Учир нь энэ төлсөн татвараас миний хүүхдийн эрүүл мэндийг үзэж байгаа эмч, миний хүүхдэд хичээл зааж байгаа багш, бидний аюулгүй байдлыг хангаж байгаа цагдаа цалингаа авч байгаа. Тэгэхээр энэ чинь үнэ цэнэтэй байлгүй яах вэ. Надад лав их үнэ цэнэтэй, гоё, чухал, хариуцлагатай зүйл хийчихсэн юм шиг санагдаад байгаа шүү.

-Нууц биш бол өнгөрсөн жилд улсад хэдэн төгрөгийн татварыг төлсөн бэ?

-Хэмжээг нь хэлж болохгүй шүү гэсэн. Гэхдээ багагүй. Өнгөрсөн жил төлсөн татвараа би хоёр жилийн өмнө гар дээрээ авсан бол “Хөөх” гэхээр их хэмжээний мөнгө байсан (инээв. сурв). Хэрэв анзаарсан бол энэ жил нилээд олон байгууллагатай хамтран ажиллаж, олон байгууллагын нүүр царай болж ажилласан даа.

gee

-GEENS БРЕНДИЙН ШИНЭ ЗАГВАРУУД МААНЬ НААДМААС ӨМНӨ
ХУДАЛДААНД ГАРНА-

-Таны сүүлийн үеийн уран бүтээлүүдийн сонин хачнаас сонихръё. Энэ бямба гаригт /06.10/ шинэ дуу цацагдана гэж байсан?

-Тийм ээ. Энэ бямба гаригт “Lyric video” буюу үгтэй видео цацагдана. Гэхдээ энэ дуу шинэ дуу биш. Миний нэгдүгээр сард гаргасан “33” цомгийн нэг сингл юм. Цомог хэлбэрээрээ хүмүүст хүрчихсэн боловч цомог аваагүй хүмүүст хүрээгүй байгаа. “Надад хэмнэл өг” нэртэй энэ дуу маань тийм ч айхтар ач холбогдолтой, сүртэй үг хэллэг байхгүй. Гэртээ сууж байхдаа “beat maker”-ээсээ ая аваад, зүгээр л цагийн дотор чөлөөтэй бичээд, түүнийгээ дуу болгосон. Одоо дараагийнхаа цомгийн ажилд орсон байгаа.

-Дараагийн цомгийнхоо тухай ярихгүй юу?

-“Хэл хязгааргүй” гэдэг нэртэй. Хил биш хэл. Энэ цомог урд урдын гаргаж байгаа цомгуудаас онцлогтой. Хүн болгон өөрийн цомгоо онцлогтой гэж ярьдаг байх. Гэхдээ үнэхээр онцлогтой цомог. Энэ онцлогийг цомог гарах үед хүмүүст мэдэгдэхийг хүсч байна. Нэрнийх нь утгын хувьд аваад үзсэн ч их онцлогтой.

-Олон нийтэд таны шүүмжлэлт агуулга бүхий дуунууд их хүрч байсан. Энэ удаа?

-Шүүмжлэлтэй агуулга бүхий дуунууд нэгдүгээр сард гаргасан “33” цомогт байгаа. “33” цомгийн “ХАХА” дууны клип тун удахгүй цацагдана. Энэ дуу бол шүүмжлээд ч байгаа юм шиг, эмгэнээд ч байгаа юм шиг, инээгээд ч байгаа юм шиг агуулгатай. Айхтар улс төр рүү чиглэсэн дуу байхгүй, тийм дуунууд зөндөө л гаргасан.

-Таныг шинэ брэндээ гаргаж байгаа гэж дууллаа?

-Үгүй ээ, 2014 оноос хойш энэ брэнд байсан. Дахиж шинэ загвараа гаргаж байгаа юм. “Geens” брэнд буюу “Gee” гэж миний хочийг бичээд, ард нь “ns” үсэг залгадаг. Одоо шинэ загварууд нь наадмаас өмнө гарчих болов уу гэж бодож байна.

-“Geens” брэндийн шинэ загварууд хаагуур худалдаалагдах вэ?

-Тун удахгүй дэлгүүр маань нээгдэнэ.

gee

-ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД Ч НЭГ Ч ТОГЛОЛТООСОО БИ АШИГТАЙ
ГАРЧ ҮЗЭЭГҮЙ-

-Та зөвхөн уран бүтээлээр зогсохгүй бизнест хэл тавихаар ажиллаж байгаа юм байна шүү дээ?

-Тийм ээ. Бизнес гэхээр их олон төрөл байна. Тухайлбал, хөгжмийн бизнес гэж бий. Энэ бизнесийн хувьд зөвхөн миний уран бүтээл биш “Real label” компанийнхаа артистуудын үйл ажиллагаан дээр продюсерээр ажилладаг. Саяхан манай лэйблийн артист Wolfizm гэж залуугийн “Нисдэг чоно” шинэ цомог гарсан. Цомгийнхоо нээлтийг тавдугаар сарын 27-нд маш амжилттай хийсэн, үнэхээр амжилттай, хүлээлтээс дээгүүр болж өнгөрсөн. Одоо Wolfizm-ийн “Нисдэг чоно” цомгийн дараа дараагийн синглүүд дээр ажиллаж байна. Ирэх мягмар гаригт 13-ны орой бас нэгэн дууных нь видео клип цацагдана, түүний араас төлөвлөсөн ажлууд байна.

Өнгөрсөн долоо хоногт тухайлбал, манай лэйблийн артист Хулангийн “Drop” нэртэй дууны видео клип цацагдсан байна гэх мэтчилэн олон ажил бий. Хөгжим хийж буй хүмүүсийг бусад хүмүүс ойлгохдоо нэг болсон болоогүй дуу хийгээд болчихдог амархан ажил юм шиг ойлгодог. Гэтэл амар ажил биш шүү дээ. Сүүлийн хоёр шөнө гэхэд би нойргүй ажиллаж байна. Хүмүүс хоёрхон дуу дуулчихаад их мөнгө авлаа гэж шүүмжилдэг. Гэтэл тэр хоёр дууг бүтээх, хүнд хүргэхийн тулд мөнгөнөөс гадна юу юу зарцуулдаг вэ гэдгийг цааш нь нэг ухаж харж үзээсэй. Магадгүй харахыг хүсдэггүй, сонирхдоггүй байх л даа.

-Үзэгч, сонсогчиддоо зориулсан тоглолт төлөвлөж байгаа юу?

-Би бие даасан тоглолт хоёр удаа хийж байсан. 2010 онд миний анхны тоглолт “Монгол реппэр” нэртэйгээр, 2014 онд “Юуны төлөө” нэртэй хоёр тоглолт хийж байлаа. Надаас тоглолт асуусан сонсогчиддоо би “2018 онд тоглолт хийх талаар бодно” гэж хариулж байсан. Бодно, хиймээр санагдвал хийнэ, хиймээргүй байвал хийхгүй. Учир нь тоглолт гэдэг миний хувьд... (хэсэг азнав. Сурв)... Ний нуугүй ярьчихъя, тоглолт хийх чинь маш хэцүү шүү дээ. Зарим хүмүүс шиг болсон болоогүй тайз засаад, дуу дуулсан болоод, ам хамраа бариад явчихвал өөр шүү дээ. Гэтэл түүнд бэлдэнэ гэдэг маш их хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг.

Тухайлбал, 2014 онд болсон тоглолтдоо би гурван сарын турш амьд хөгжимтэй бүтэн бэлтгэл хийсэн. Эцсийн эцэст тайз дэлгэц гэсээр эдийн засгийн хувьд ч нэг ч тоглолтоосоо би ашигтай гарч үзээгүй. Хүмүүст үзүүлье л гэж тоглолт хийж, тасалбарынхаа үнийг дандаа хямд тавьдаг. Спонсоруудын хувьд лаг лаг хүмүүс шиг тийм олон ивээн тэтгэгчтэй биш. Яг үнэнийг хэлэхэд миний тоглолт ивээн тэтгэгчгүй л болж байсан дөө. Тиймээс ашиг олох гэж тоглолт хийдэггүй, хүмүүст үзүүлэх гэдэг учраас тэдний хандлагыг илүү хардаг. Үнэхээр тоглолт нэхэж байвал “Окей, цаг нь болсон байна, тоглолт хийе”, нэг их тийм хүчтэй биш байвал тоглолт хийх шаардлагагүй, хойшлуулна. Дахин хэлэхэд тоглолт хийнэ гэдэг тийм ч амар ажил биш.

gee

-ИРЭХ НАМАР ШИНЭ НОМООРОО СОНСОГЧИДТОЙГОО УУЛЗАНА-

-Амар ажил биш, хоёр дуу дуулахад ч их хөдөлмөр ордог гэлээ. Тайзан дээр гарахад дуучин хүн ямар хариуцлага үүрэх ёстой вэ?

-“Аймаар” их хариуцлага. Миний хувьд асар их хариуцлага. Намайг хэдэн хүн урьж байна, миний цалинг өгч намайг дуулуулж байгаа нь намайг хүндэлж байгаа нэг хэлбэр шүү дээ. Тиймээс тэр хүндлэлийг зүгээр нэг халтуурдаад өнгөрөөнө гэдэг аймшиг байхгүй юу, тэгж болохгүй. Хүмүүс “халтуур, халтуур хийгээд” гэж ярьдаг. Би энэ үгэнд, бас надтай ингэж ярихад үнэхээр дургүй. Би нэг ч тайзын тоглолтыг халтуурдаж үзээгүй, тэнд гараад би чин сэтгэлээсээ дуугаа дуулдаг. Хүн хийж байгаа ажлаасаа кайф авдаг гэдэг шүү дээ. Тайзан дээр гараад дуугаа дуулаад өөрөө кайф авна, бусдад бас кайф мэдрүүлнэ. Хэцүү ч гэсэн гоё ажил.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Дор бүрнээ хийх ёстой зүйлээ хийж, түүндээ хариуцлагатайгаар, ухамсартайгаар хандаж, түүнээсээ таашаал авч чадвал бид жаргалтай байх юм биш үү гэж хэлмээр байна. Одоо “33” цомгийн идэвхижүүлэлтийн ажил дуусангуут дараагийн шинэ цомог маань гарна. Мөн нэмж хэлэхэд, өөрийнхөө номыг бичиж байгаа. Амжвал ирэх намраас номтойгоо сонсогчидтойгоо уулзана. Сонсогчдоо уншигчид болгоно оо (инээв. сурв).

-Ямар агуулгатай ном бэ?

-Энэ бол ердөө миний харах өнцгийн тухай ном. Нэрийг нь хараахан өгөөгүй байгаа ч “Бодлын урсгал” гэдэг нэр төлөвлөөд байна. Энэ бол миний намтар биш. Гэхдээ мэдээж өөрийн үзэл бодлын талаар бичиж байгаа тул намтрын хэсгүүдээс иш татагдаад явах байх. Намтраа яагаад бичихгүй байна вэ гэхээр маш олон олны танил хүмүүсийн нэр хүндэд халдах гээд байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ