Саналын хуудастай хайрцаг авч зугтаадаг байлаа, "хар" машингүй байхад
2012 оны сонгуулийн дараа саналын хуудас давхардуулсан, хайрцагтай нь авч зугтсан, хүчингүй болгосон, буруу тоолсон гэх хэрүүл гараагүй санагдах юм. Харин ганц нэг хүн хуудас давхар байсныг нь мэдэлгүй санал тоолох машинд хийсэн нь гацаж “баларсан” болохоос өөр хэл ам гараагүй. Урьд яадаг байлаа даа. Хагас дутуу нойртой хэдэн хүн хуруугаа шүлсдэн барин саналын хуудас тоолж, болоогүй ээ бас дундуур нь хөөрхөн ажиллаад, түүнийг нь нөгөө намынх нь мэдчихээд үгүй мөн их хэрэг манддаг байж билээ. Тэр хэрүүл нь бараг дараагийн парламент хүртэл үргэлжилнэ.
Одоо Монгол Улсад сонгуульд саналаа өгөх иргэдийн тоо бараг 1.8 саяд хүрсэн гэж байна. Бас л сайхан тоо шүү. Хүн ам өсч байна. Санал өгөгсдийн тоо ч олширч өнөө “хар” машины ачаалал ч нэмэгдэх нь дээ. Гэхдээ манай 1.8 сая байтугай 316 сая америкчууд ч энэ машинаар саналаа өлхөн тоолчихдог гэсэн. Тэглээ гээд “Новшийн Барак Обама санал луйвардсан”, “Ардчилсан намынхны машин буруу зөрүү ажилласан. Иргэдийн хурууны хээг худлаа уншсан” гэхийг лав сонсоогүй юм байна.
Тэрнээс биш эрх чөлөө, үнэт зүйлсээ хамгаалах дуртай америкчууд ийм булхай луйврыг лав зүгээр өнгөрүүлэхгүй л байсан. Гэвч өнөөдрийг хүртэл тийм зүйл болсонгүйгээс харвал муу “хар” машин ч яадгаа алдсан луйварчин биш бололтой.
Харин манай зарим нэг улстөрчийн бодож байгаагаар саналыг хуудсыг гараар тоолох нь хамгийн зөв арга гэж байна. Хамгийн сайн нярав, нягтлан байгаад ч 1.8 сая хуудсыг 100 хувь үнэн зөв тоолно гэж байхгүй. Нээрэн шүү. Тэгээд ч манайхан шиг хайрцагтай саналын хуудас авч зугтдаг, шатаадаг, А-г дугуйлчихаад байхад Б болгож “хардаг” нөхөд гараар жинхнээсээ зөв тоолох болов уу.
Тэгснээ сонгогчийн хуруу гарыг хар бэхээр тамгалж энэ тэр. XXI зуунд иргэдээ имлэдэг аргыг манайхаас өөр хаана хэрэглэж байгаа бол. Ер нь өөр хаана ч байхгүй гэдэг утгаар Гиннесийн номонд бүртгүүлэх гэж хөөцөлдсөн ч болохгүй зүйл алга.
Уг нь өмнөх Засгийн газрын үед иргэнээсээ ухаантай шахам цахим үнэмлэх хэвлэж, хүн бүрт тарааж бөөн ажил удахдаа “Сонгуулийн будилаан үүсгэхгүйн тулд” гэж тайлбарлаж байсан санагдана. Цахим үнэмлэхийг тэгээд юугаар баталгаажуулж, уншуулах гэж байсан юм бол гэдэг нь сонин. Эсвэл нам бүрээс нэг универсаль ажиглагч томилж, тэр нь үнэмлэхний ялтсыг ганц хараад л санал өгөгчийн мэдээллийг бүрэн унших гээ юм болов уу. Харин одоо цөөнх болонгуутаа урьд нь хийсэн ажлаа үгүйсгэж байгааг яаж ойлгох вэ.
Цахим сонгууль гээд их ад үзэж байна даа. Тэгвэл цахим бус сонгуулийн булхай луйвруудад шалгарсан арга гэж байдаг юм байна. Яг үнэндээ “Долдугаар сарын 1”-ний үймээн ч сонгуулийн будлианаас үүдэлтэй. Өөрийнх нь өгсөн саналыг өөр нэгэн рүү шилжүүлж луйвардсаныг эсэргүүцэж жагссан иргэд хэдэн зуугаараа шоронд орсон. Бас сонгуулийн луйвраас үүдсэн үймээний үеэр таван хүн амиа алдсан билээ.
Тэрнээс гадна саналын хуудас тоолох үед урьдчилан бөглөж бэлдсэн цааснуудыг хайрцаг руу шургуулах, нэмэлт тэмдэглэгээ хийх, зориуд бал, харандаагаар зурж хүчингүй болгох зэрэг асуудал даанч их гардгийг хэн бүхэн хэлүүлэхгүй мэднэ. Баримттай ярина шүү гэж омогдох нэгэн гарч болох л юм. Тэгвэл санал тоолох машин монголчуудыг яаж балайртуулсныг бас баримтаар нотлоосой. Нотолчихвол хэмх шидээд, хог дээр хаямаар байна. Даанч “хар” машинаар хэрхэн луйвардахыг яг харсан, тэрийгээ баталсан нь үгүй.
Тэгсэн хэрнээ муу л юм болвол гэдэг шиг “хар” машиныг зориуд буруутган, олон нийтийг төөрөгдүүлэх гээд байгааг нь “Сонгуулийг урьдчилан будлиантуулах арга” гэж үзэж болох талтай. Ийм хэл ам гаргах байсан юм бол жилийн өмнөөс ярьж болох л байсан. Бүхэл бүтэн зун, намар, хавар өнгөрчихөөд байхад юу ч яриагүй хэрнээ хаяанд тулсан сонгуулийн өмнө популизм хийгээд л. Энэ ч яах вэ, хурууны хээгээр маань сонголт баталгаажуулах гээгүй юм бол өөр юунд ашиглах гэж авсан хэрэг вэ МАН-ынхаан. 2010 онд хамаг байдаг хурууны хээг бүртгэхдээ сонгууль шударга явуулахын тулд гээ биз дээ.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ