Стандарт бус өндөрлөгөө, том дугуй нь суудлын автомашины ослын гол шалтгаан болж байна

-ХЭТ ӨНДӨРЛӨГӨӨ, ТОМ ДУГУЙНААС БОЛЖ ОСОЛДСОН ХЭМЭЭЖЭЭ-

Аливаа юманд стандарт8 хэм хэмжээ гэж бий. Үйлдвэрээсээ тооцоо судалгаатай хийгдсэн машин техникийг монголчилдог, эд ангийг нь өөр зүйлээр дураараа сольдог, таарч тохирохгүй том, бага зүйлс тавьдаг монгол зан манайханд л байна. Үүнээс болж автомашинууд осол аваарьт өртөх магадлал ихэсдэгийг албаныхан ярилаа. Замын цагдаагийн газраас авсан мэдээллээр, дээрх шалтгаанаар гарсан осол аваарийг Техникийн бүрэн бус байдлаас шалтгаалсан осол гэж ерөнхийд нь нэрлэдэг ажээ.

Энэ сарын 3-нд нэгэн залуу твиттер хуудастаа осолд орж, салхины шил нь юу ч үгүй цөмөрсөн “Приус 20” маркийн автомашины зураг оруулаад, бүсээ зүүж явсан тулдаа энэ аймаар ослоос амьд мэнд гарлаа хэмээн бичсэн байв. Үнэхээр машины байдлаас бүсээ зүүж яваагүй бол амиа алдаж ч болох эрсдэлтэй байсныг харж болно. Улмаар ослын шалтгаан юу байсныг тодруулахад “Өндөрлөгөөнөөс боллоо. Өндөрлөөд бас том дугуй тавьсан нь буруудлаа. Хүндийн жин дээшлээд тэнцвэр мууддаг юм байна” хэмээн бичсэн байх юм. Бидний хувьд стандарт гээч зүйлийг нэг их тоодоггүйн хар гайг энэ жишээнээс харж болохоор байна.

Үнэхээр машиныг хэт өндөрлөхөөр хүндийн жин нь дээшилж, тэнцвэргүй болдог юм байна. Тэнцвэр алдагдсанаас үүдэлтэй ослууд ч сүүлийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болжээ. Тухайлбал, сүүлийн нэг сарын дотор “Приус” маркийн автомашин осолдож, дээшээ харж өнхөрсөн хоёр ч осол гарав. Нэг нь Жуковын замд, нөгөөх нь Хан-Уул дүүрэгт байрлах “Сод монгол” ШТС-ийн хажуугийн замд гарсан. Гурав болон хоёрдугаар эгнээнд явсан машин нэгдүгээр эгнээ рүү орох гэж огцом рулиэ дарах үед нэгдүгээр эгнээгээр тодорхой хэмжээний хурдтай явсан “Приус” машинууд мөн л рулиэ хажуу тийш дарснаар тэнцвэрт байдал нь алдагдаж, өнхөрсөн байх юм.

Ямар ч машинд аюулгүй байдлыг хангах алтан дүрэм гэж бий. Өөрөөр хэлбэл, дагаж мөрдөх ёстой стандарт хэм хэмжээг нь бүх машины хаалган дээр үйлдвэрээс нь гарахад л бичсэн байдаг гэх. Гэтэл манай жолооч нар тэр дүрэм журмыг хардаг ч үгүй, тоодог ч үгүй бололтой.

Улмаар машинаа өндөрлүүлэх гэсэн юм гээд таарсан сэлбэгийн дэлгүүр лүүгээ ороод аль сайн гэсэн өндөрлөгөөгөө өгөөч гэдэг. Муухай хэлж байгаа байж мэдэх ч мөнгөний төлөө наймаа хийж буй хүмүүст тухайн үед олох хэдэн төгрөг нь л нэн чухал болохоос таарч тохирохгүй, хэтийдсэн өндөрлөгөө тавьснаар танд учрах эрсдэлийг сануулж хэлэх нь юул бол. Тийм мэдлэг ч хомсхон байдаг байх.

Таарч тохирохыг нь үл мэдэх өндөрлөгөөг өндөр үнээр аваад, засварын газарт очиход засварчид мөн л аюул эрсдэлийг сануулахгүйгээр хүссэн хэмжээгээр нь өндөрлөж, хүссэн том дугуйг нь тавьж өгдөг. Ингээд бодохоор энэ бүхнийг хянах, норм норматив гээч зүйл үнэхээр дутагдаж байна. Сэлбэгийн наймаачид, засварын газруудыг хянаж шалгадаг хяналт гээч зүйл алга.

-СТАНДАРТААС БҮҮ ХЭТИЙДҮҮЛ-

Монголын зам хэцүү болохоор өндөрлөхгүй байх арга байхгүй дээ гэж жолооч нараа өмөөрье. Үнэхээр там болсон замтай манай улсын хувьд унаж яваа унаагаа бага ч болов өндөрлүүлэхгүй бол хөдөлгөөнд оролцож явахад бэрх гэдгийг хүн бүр мэднэ. Гэвч стандарт хэмжээнээс бүр хэтийдүүлж өндөрлүүлээд байгаа нь асуудал дагуулж буйг хэлэхийг хүсч байна.

Урин дулааны улирал эхэлсэн энэ үед амралт зугаалгаар орон нутгийг зоригчдын тоо эрс нэмэгддэг. Үүнийгээ дагаад шороон замд явах бэлтгэл хангахаар машинаа тодорхой хэмжээгээр өндөрлүүлэх шаардлага жолооч бүрт тулгарна. Харин энэ үедээ та бүхэн өөрсдийн машинд яв цав таарах, стандарт хэмжээгээр өндөрлөгөөгөө хийлгэж, зориулалтын хэмжээтэй дугуйг нь тавиад явбал аюул таны амь наснаас холуур өнгөрнө гэдгийг энэхүү мэдээллээр дамжуулан зөвлөж байна.

Б.ЦЭЛМЭГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ