С.Жавхлан: Би Ерөнхийлөгчийн сонгуулийг цуцлах хэмжээний тэмцлийг хийнэ
-ЖАВХЛАНГ ХАРААРАЙ, БИ МОНГОЛЫГ ЗААВАЛ ГОЁ БОЛГОНО-
УИХ-ын гишүүн С.Жавхлан Төрийн ордон дахь 210 тоот өрөөндөө гурав дахь өдрөө хонож байна. Тэрбээр УИХ-д суудалтай намын бүлгүүд болон УИХ-ын даргад шаардлага хүргүүлээд сар гаруй хугацаа өнгөрч байгаа юм. Уг шаардлагын хариуг өгтөл УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдэж ажил хаялт зарласан. Гэвч түүнийг ажлаа тасласан гэх мэдээллийг албанаас өгч байгаа учраас Төрийн ордны өрөөндөө хонож, тэмцлээ үргэлжлүүлж байгаа юм байна. Тэрбээр шаардлагын хариуг өгтөл Төрийн ордонд хонох аж. “Өчигдөр тохиосон хүүхдийн баярын өдөр ч үр хүүхдээ баярлуулж чадахгүй түмэн олныхоо төлөө шаардлагынхаа хариуг авах гээд Төрийн ордонд хонолоо” гэсээр биднийг угтав. “Та хоол унд гэрээсээ авчирч байгаа юм уу” хэмээн сонирхоход “Жавхлан өлсөж үхэхгүй шүү дээ” гээд тавагтай ааруулаа бидэнд дөхүүлэв.“Хариу өгөхөд хэцүү зүйл шаардаад байгаа юм уу” гэхэд “Гадаадад мөнгө угааж, тэнд данстай байгаа гишүүдийнхээ нэрийг зарлаад, тэр хүмүүсээ намаас нь болон Их хурлын гишүүнээсээ татах, ингэсэн цагт намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүл гэдэг шаардлага тавьсан. Энэ буруу шаардлага биш гэж өргөн түмэн маань үзэж байна. Би буруу шаардлага тавиагүй учраас хариуг нь авах гээд энд суугаад байгаа юм. Монгол бүрэн утгаараа дуусчихсан юм байна. Их хурлын гишүүний эдлэх эрх гэж байхгүй болчихсон юм байна. Бие дааж сонгогдож орж ирэх хэрэггүй танхим юм байна. Түмний дундаас сонгогдож гарч ирсэн намайг дарна гэж бодож байгаа бол санасаны чинь гарз шүү” хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн хүн Төрийн ордонд хонож, “суулт” зарлаж байгаа магадгүй анхнытохиолдолбайх аа гэхэд “энд өмнө нь хор найруулдаг худал булхайгаа ярьдаг, архи тамхи хэрэглэдэг амьдрал явж байлаа. Жавхлан ирснээрээ ажил хэрэгч болгож байна, түмэн олныхоо төлөө болгож байна” гэсэн юм.
Тэрбээр “Би ажил дээрээ ирэхгүй байж үзлээ, ирээд хонож үзлээ. Цаашид яах ёстой вэ. Миний арга дусахгүй. Би ямарваа нэгэн юмыг горьдож байгаа юм биш, шаардаж байгаа юм.Жавхланг хараарай. Би Монголыг заавал гоё болгоно. Өнөөдөр нохой мэт үзэж байж болно” гэлээ. Түүнийг олон хүн дэмжихээ илэрхийлж байгаа аж. Тиймээс дэмжиж байна гэж гэртээ суух биш, гараад тэмцэх ёстой гэдгийг хэлсэн юм. “Түмэн олны дэмжлэг их байна. Монголоо цэвэрлэж авахын тулд хүн бүр өөрийн биеэр, бодит үйлдэл үзүүлэх хэрэгтэй байна. Бид нар хамтарч асар өргөн хүрээтэй давалгаа үүсгэмээр байна. Дэмжиж байгаа нэрээр сэтгэгдэл бичээд суугаад байвал байдал өөрчлөгдөхгүй шүү. Би Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг цуцлах хэмжээний тэмцлийг хийнэ” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ