СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Цэнхэр халим” тоглосон сурагч амиа хорлосон байж болзошгүй гэв
-ТАЛИЙГААЧ ФЭЙСБҮҮКЭЭР СЭЖИГ БҮХИЙ ХҮМҮҮСТЭЙ ХАРИЛЦАЖ БАЙЖЭЭ-
Энэ сарын эхээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгэн дунд сургуулийн 7-р ангийн сурагч “Цэнхэр халим” гэх тоглоомоор тоглож, амиа хорлосон байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал, 12 настай хүүхэд гэрийнхээ угаалгын өрөөнөөс судсаа ханасан байдалтай олдсон байна.
Нас барсан сурагчийн хэргийг шалгах явцад, тэрээр фэйсбүүк чатаар сэжиг бүхий хүмүүстэй харилцаж байсан нь тогтоогдсон мэдээлэл байна. Мөн түүний сурч байсан сургуулийн сурагчид талийгаачийг “Цэнхэр халим” сүлжээнд нэгдсэн байж магадгүй хэмээн ярилцаж байгаа аж.
Учир нь тус сургуульд сурдаг нилээд хэдэн сурагч “Цэнхэр халим”-д нэгдсэн байдаг ба тэднээс өөрсдийгөө гэмтээсэн хэд хэдэн тохиолдол гарчээ. Энэ талаар тус сургуулийн 11-р ангийн сурагч Б-аас /сурагчийн эцэг, эхийн хүсэлтээр нэрийг өөрчлөв/ цөөн асуултад хариулт авлаа.
-Танай сургуулийн охин “Цэнхэр халим” гэх тоглоом тоглож амиа хорлосон гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Тэр охиныг амиа хорлосны дараа хүүхдүүд түүнийг “цэнхэр халим” тоглосон гэж ярьж байна лээ. Түүнийг судсаа ханаж нас барсан, фэйсбүүкээр хүмүүстэй харилцаж байсан гэсэн. Түүнээс яг “цэнхэр халим”-ны даалгавраар амиа хорлосон үгүйг мэдэхгүй.
-Танай сургуулийн хүүхдүүд “Цэнхэр халим” тоглож өөрсдийгөө гэмтээсэн тохиолдол бий юу?
-Манай нэг найз тэр бүлэгт орсон гэхээр нь сонирхоод дагаад орчихсон юм. Тэр бүлэгт орсны дараа хүүхдүүд удирдагчтайгаа танилцаж, тэдэнтэй санал бодлоо солилцож ярилцдаг. Дараа нь удирдагч нь өөрийгөө өвтгөж, сэтгэлийн зовлонгоо мартахыг санал болгодог гэсэн. Нэг өдөр манай найз охин шүдээрээ хумсаа ирлэж байгаад гар дээрээ сараачсан байсан. Тухайн үедээ өвддөг ч гэлээ дараа нь бүх зүйл сайхан байдаг гэж найз маань хэлсэн.
-Чамайг мөн хөлөө гэмтээсэн гэж дуулсан. Яагаад тэгсэн юм бэ?
-Найзын маань ярьсан зүйл их сонирхол татаад л тийм зүйл хийсэн. Намайг тэр бүлэгт ороод удаагүй байхад “Ганцаардмал цэнхэр халим” гэсэн фэйсбүүк хаягаас даалгавар ирсэн. Гуян дээрээ юм зурах даалгавар байсан. Энэ даалгаврыг аваад өвдөхөөс айгаад биелүүлээгүй байсан. Харин хоёр хоногийн дараа гэрт маань асуудал гараад, маш их гутарсан байсан болохоор үзгээрээ гуян дээрээ сийлсэн. Гэхдээ багахан газар.
-Энэ тухай ээж, аав чинь мэдэж байгаа юу? Энэ тоглоом аюултай гэдгийг хэн нэгэн хэлж өгч байв уу?
-Хөлөө гэмтээснийхээ дараа дахиад даалгавар ирсэн. Биелүүлэх эсэх дээрээ эргэлзэж байтал, цагдаа нар энэ тоглоомыг тоглосон хүүхдүүдийг шалгаж байгаа гэсэн болохоор маш их айсан. Тэгээд ээждээ хамгийн түрүүнд хэлсэн. Одоо би энэ тоглоомыг тоглосондоо маш их харамсаж байна. Хүүхдүүд өөрсдийгөө гэмтээсэн тохиолдол их олон байгаа.
Намайг энэ бүлэгт орох үед хэн ч ийм хэцүү даалгавар өгдөг гэж хэлж байгаагүй. Маш хөгжилтэй тоглоом гэснээс биш ийм ноцтой тоглоом гэж бодоогүй. Ер нь сургуулиас нэг хүүхэд нас барсны дараа хүүхдүүд энэ тоглоомыг тоглохоо больсон байх.
-243 ХҮҮХЭД “ЦЭНХЭР ХАЛИМ” ТОГЛООМООР ТОГЛОЖЭЭ-
Өсвөр насныхны бүрэн төлөвшиж амжаагүй оюун ухаанд хэн нэгэн нөлөөлж, тэднийг айлган сүрдүүлснээр эцэст нь өөрөөр нь амь насыг нь хөнөөлгөдөг гэх энэхүү тоглоомын дараагийн золиос таны хүүхэд, таны дүү байхыг үгүйсгэх аргагүй билээ. Тиймээс энэхүү тоглоомын хор уршгийг хүүхэддээ таниулж, ялангуяа өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд тэдний асуудлыг сонсож, ярилцаж байх шаардлагатайг сэтгэл зүйчид сануулж байна.
Мөн Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас “Цэнхэр халим”гэх нэртэй бүлэг, фэйсбүүк хуудсуудыг шалгаж байгаа ба шалгалтын явцад 14-өөс дээш насны 1000 гаруй хүүхэд эдгээр бүлэгт нэгдсэнээс 300 гаруй хүүхэд даалгавар биелүүлж, өөрийгөө гэмтээсэн байж болзошгүй байгаа аж.
Түүнчлэн хэд хэдэн даалгавар биелүүлснийхээ дараа бусдад даалгавар өгч байсан нь тогтоогдсон байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, энэхүү бүлэг хуудсуудад насанд хүрсэн хүний оролцоо байгаагүй гэнэ. Харин өсвөр насныхан бие биедээ даалгавар өгч, түүнийг нь биелүүлж байсан тохиолдлууд олон байжээ.
Ийнхүү өсвөр үеийнхэн цахим ертөнцөд гэмт хэргийн золиос болж байгаа шалтгааныг албаныхан тайлбарлахдаа, хүүхдүүдийн цахим орчноос мэдээлэл олж авах болон мэдээлэл түгээх боловсролтой шууд холбоотой хэмээж байна. Ялангуяа эцэг, эхийн хараа хяналтгүй цахим орчинд хэрэн хэсүүчилж буй эдгээр өсвөр үеийнхний цахим орчинд ажиллах цар хүрээг хянах, энэ талын мэдээлэл боловсрол олгох нь асуудлыг шийдвэрлэх ганц арга зам гэдгийг хэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ