Хятад эмэгтэйд хулгайлагдсан гэх охид хөгжилтэй зүйлс ярьж инээлдэж байсан гэв

hytad

-ХЯТАД ЭМЭГТЭЙ ГАР УТАСНААСАА ОГТ САЛААГҮЙ-

Өнгөрсөн пүрэв гариг буюу тавдугаар сарын 25-нд хятад эмэгтэй гурван монгол охиныг хулгайлахыг завдсан талаархи мэдээлэл интернэт орчинд цацагдаж, олныг цочирдуулсан. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба сэжигтэн эмэгтэйгСэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд түр саатуулаад байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хэрэг гардаг өдрийн 14:00 цагийн орчимд БНХАУ-ын иргэн, сэжигтэн Ванг Фул Иан нь өсвөр насны гурван охины хамт гар утас худалдааны “Теди” төвийн үйлчилгээний тасагт очжээ. Улмаар монгол охид хүлээлгийн танхимд сууж, хятад эмэгтэй мэдээллийн ажилтнуудтай уулзаж, ямар нэг шаардлага тавьж байжээ. Тухайн үед хүлээлгийн танхимд үйлчлүүлж байсан иргэн Г-аас тодрууллаа.

-Тэр өдөр яг юу болсон талаар та бидэнд ярихгүй юу?

-Тэр өдөр дунд сургуулийн гурван охин дагуулсан нэг эмэгтэй “Тэди” төвийн хүлээлгийн танхимд орж ирсэн юм. Өдөр маш халуун байсан ч тэр эмэгтэй бусдын анхаарал татам маш зузаан хувцасласан байсан. Би эмэгтэйг хөдөөнөөс орж ирсэн гурван дүүтэйгээ хамт явж байна гэж цухас бодоод өнгөрсөн. Гэтэл охид миний хажууд суугаад хоорондоо хөгжилтэй зүйлс ярьж инээлдэж байсан. Нөгөө эмэгтэй үйлчилгээний төвийн ажилтнуудтай бараг бүгдтэй нь очиж уулзаж, ямар нэг зүйл шаардаж байсан. Тухайн үед танхимд байсан хүмүүсийн анхаарал татам үйлдлүүд маш их гаргаж байсан.

-Анхаарал татам гэхээр яг ямар үйлдэл гаргаж байсан юм бэ?

-Тэр эмэгтэй орж ирээд л маш олон үйлчилгээний ажилтантай уулзаж, янз бүрээр гуйж байсан. Ингэхдээ хүн болгоныг “Аниа” гэж дуудаж байсан. Охидоос ирж цэвэр ус аваад шалан дээр асгачихаад, түүнийг нь арчих гэж ирсэн үйлчлэгч эмэгтэйтэй бага зэрэг муудалцсан. Тэнд үйлчлүүлж байсан хүн бүхэн үүнийг харсан. Охидыг чанга ярьж инээлдэж байхад эмэгтэй ирээд захирангуй дуугаар “Томоотой бай” гэж гурван ч удаа хэлсэн. Ингэж хэлэхэд нь эмэгтэйн хэл ярианы аялга маш өөр байгаа нь анзаарагдсан.

-Сэжигтэн эмэгтэй охидыг “We chat”-аар хүмүүст харуулж байсан, мөн охид хулгайлагдсан байсан гэх мэдээлэл байна. Танд тийм зүйл анзаарагдсан уу?

-Тэр эмэгтэй орж ирэхдээ хар өнгийн гар утастай, цагаан чихэвч зүүсэн байсан. Гар утас болон чихэвчнээсээ огт салаагүй. Охидын зургийг хүмүүст үзүүлж байсан эсэхийг мэдэхгүй байна. Харин охид хулгайлагдсан юм уу хүчээр авч явсан гэх ямар ч шинжгүй маш хөгжилтэй харагдаж байсан. Удалгүй тэд үйлчилгээний танхимаас гарч явсан.

Тэднийг ийнхүү үйлчилгээний танхимаас гарч яваад тус төвийн ариун цэврийн өрөөнд орсон гэх ба сэжигтэн эмэгтэй охидын бичлэгийг хийж, хятад хэлээр хүнтэй ярилцаж байсныг зарим иргэд гэрчилж байна. Улмаар тус төвийн үйлчилгээний хоёр эмэгтэй ажилтан тэднийг дагуулан ойролцоох цагдаагийн хэлтэст авч ирснээр хэргийг шалгаж эхэлсэн байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, сэжигтэн эмэгтэй Тэди төвийн ажилтнуудад баригдсаныхаа дараа өөрийн хэрэглэж байсан гар утасны сим картыг хугалж хаясан гэх мэдээлэл байна.

11horoo

-ВАН ФУЛ ИАН МОНГОЛ УЛСЫН ЮД РЕГИСТРИЙН ДУГААРТАЙ
СУУРЬШМАЛ ОРШИН СУУГЧ ГЭВ-

Энэхүү хэргийн талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэсгийн Нийгмийн хэв журам хамгаалах хэлтсийн ажилтан Д.Оюунчимэг“Хэрэгт сэжиглэгдсэн эмэгтэй нь 1984 онд Монгол улсад төрж, өссөн. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг учраас сэтгэцийн хувьд эрүүл бус гэсэн оноштой. Хэргийг шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн тайлбар өгсөн юм.

Түүнчлэн сэжигтнийг саатуулах үед түүнд ямар нэгэн бичиг баримт байгаагүй бөгөөд түүний дүүг дуудаж иргэний бичиг баримт, сэтгэцийн хувьд эрүүл бус гэсэн онош бүхий холбогдох бичиг баримтыг нь авчирсан байна. Улмаар хэрэг гардаг өдрийн оройн 19:00 цагийн орчимд сэжигтэн эмэгтэйг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү авч явсан юм. Энэ үеэр сэжигтэн эмэгтэй “Би гэртээ очих ёстой” хэмээн олон удаа давтан хашгирч байжээ.

Хятад эмэгтэйтэй хамт явсан, хулгайлагдсан гэх охид Чингэлтэй дүүргийн 57-р сургуулийн 8-р ангийн сурагчид бөгөөд тэд цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “5-р сарын 25-ны өглөө тэд улсын шалгалттай байсан бөгөөд шалгалтаа тараад сургуулийнхаа орчимд байхад нь Лянхуа гэх эмэгтэй тэдэнд амттай юм авч өгнө хэмээн дагуулж явсан. Ямар зорилготой байсныг мэдэхгүй” хэмээн мэдүүлжээ.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, сэжигтэн эмэгтэй нь Чингэлтэй дүүргийн 11-р хороо, 32-ын тойргийн орчимд ... тоот хашаанд оршин суугаад 30 гаруй жил болж байгаа ба өөрийн дүү болон эгчтэйгээ хамт амьдардаг. Тэрээр манай улсад суурьшсан хятад иргэдийн хүүхэд бөгөөд 1984 онд Улаанбаатар хотод төржээ. Түүний нэрийг Ванг Фул Иан гэх бөгөөд тэрээр албан ёсоор БНХАУ-ын иргэн гэх бүртгэлтэй байдаг ч манай улсад оршин суух эрхтэй, улсын бүртгэлээс авсан ЮД гэх регистерийн дугаартай нэгэн ажээ. ЮД гэх регистерийн дугаарыг Монгол улсад суурьшсан хятад иргэдэд олгодог. Тэрээр энэхүү бүртгэлээрээ Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Сэтгэцийн тасгийн хяналтад байдаг аж.

Түүний оршин суух хорооны удирдлагаас Ванг Фул Ианы талаар тодруулбал “Ванг Фул Иан гэх хятад эмэгтэй манай улсаас өгсөн ЮД регистрийн дугаараар бүртгэлтэй байдаг. Энэ хороонд оршин суугаад олон жил болж байгаа. Тэр эмэгтэй Чингэлтэй дүүргийн эмнэлгийн хяналтад байдаг сэтгэц мэдрэлийн өвчтэй хүн. Та бидэн шиг ярьж хийж байгаа үйлдлээ бүрэн захирч чаддаггүй гэж хэлж болно. Энэ хорооныхон төдийгүй сургуулийн хүүхдүүд ч энэ эмэгтэйг мэддэг. Учир нь эмэгтэй хүүхдүүдийг гэртээ аваачиж хооллож ундалж, заримдаа тэдэнтэй тоглож, чихэр жимс авч өгч явдаг. Сэтгэц мэдрэл нь эрүүл биш ч гэлээ хүүхдүүдэд хор хийх хэмжээний биш гэдгийг ойр орчмын хүмүүс мэддэг. Сүүлийн хагас жил шахуу энд байхгүй байсан. Эгч нь Хайлаастад газар авсан гээд тэнд хамт байгаа гэж байсан ч хүүхэд хулгайлсан гэх хэрэгт холбогдсон байна. Гэхдээ хүүхдүүд өөрсдөө энэ эмэгтэйн мөнгийг ашиглахаар авч явсан ч байж магадгүй. Учир нь эмэгтэй мөнгөтэй байвал хүүхдүүдэд элдэв янзын юм авч өгдөг. Үүнийг хүүхдүүд мэддэг учраас дагаж явсан байж болзошгүй гэж бодож байна. Харин интернэтээр ямар ч баталгаагүй мэдээлэл цацагдсан байна билээ” гэлээ.

suragch

-ДҮҮ МИНЬ ГАДУУР ТЭНЭЖ ЯВААД ТИЙМ ЗҮЙЛ БОЛСОН-

Өсвөр насны охидыг хулгайлсан гэх БНХАУ-ын иргэн Ванг Фул Иан нь тус хороонд эрэгтэй дүүтэйгээ амьдардаг гэх ба биднийг гэрт нь очих үед Ванг Фул Ианы том эгч гэх хятад эмэгтэй гарч ирсэн юм. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Таны дүү Ванг Фул Ианыг цагдаагийн газраас охид хулгайлсан гэх хэргээр шалгаж байна. Та дүүтэйгээ уулзсан уу?

-Дүүг минь өчигдөр /5-р сарын 25.сурв/ цагдаа нар Шар хадны эмнэлэгт аваачиж хэвтүүлсэн байна лээ. Хэргийн тухай дуулсан ч миний дүү тийм зүйл хийх хүн биш юмсан.

-Ванг Фул Ианыг сэтгэцийн өвчтэй, эмнэлгийн хяналтад байдаг гэсэн байна. Таны дүү хэзээнээс ийм өвчтэй болсон юм бэ?

-Бид чинь энэ монгол оронд насаараа амьдарч байгаа хүмүүс. Манай аав ээж энд төрж өссөн. Эцэг эхийг минь өөд болох үед бидний бага дүү сэтгэцийн өвчтэй болсон. Гэхдээ тийм их хүнд өвчтэй бол биш. Хавар болохоор жаахан сэдэрдэг болохоос өөрөөр хүнд гэм хор хийх хүүхэд биш юм аа. Насанд хүрсэн хүн боловч ажил төрөлгүй амьдрахад их хэцүү шүү дээ. Харин тэр өдөр дүү минь гадуур тэнэж яваад тийм зүйл болсон байна лээ.

-Та энд амьдардаг уу? Ванг Фул Ианы асран хамгаалагч нь хэн юм бэ? Дүүгээ шархадны эмнэлэгт ямар байдалтай байгааг мэдсэн үү?

-Би энд насаараа амьдарсан. Сүүлд Хайлаастад тусдаа гараад хоёр дүү минь эндээ үлдсэн юм. Би ихэвчлэн цуг байдаггүй юм. Ванг Фул Иан одоо Шар хадны эмнэлэгт байгаа. Би дүүгийнхээ бичлэгийг үзээд их эмзэглэсэн. Сэтгэц л өөрчлөлттэй болохоос биш гэмгүй хүн шүү дээ гэж бодоод өрөвдөж байгаа.

-Таны дүүг өсвөр насны монгол охидыг хулгайлсан гэж мэдээлж байгаа. Ванг Фул Иан тийм зүйл хийсэн гэж та бодож байна уу? Нутаг нэгтэй хятадуудтай харилцаа холбоотой байдаг уу?

-Миний дүү тийм зүйл хийхээр хүн биш ээ. Хийж ч чадахгүй. Ухаан санаа нь тийм болохоор нутаг нэгтэй хүмүүстэй харилцаа огт байдаггүй.

Б.ЦОГ

hytad

hytad

СЭТГЭГДЭЛ БИЧИХ