Д.Мөнхчимэг: Миний охин маш харамсалтайгаар хүнд түлэгдсэн

anhtsetseg

-ОХИНОО ТҮЛЭГДСЭН БАЙХЫГ ХАРААД ТАНИАГҮЙ-

Хүндийг өргөлтийн залуучуудын болон оюутны Дэлхийн аварга Мөнхжанцангийн Анхцэцэгийн төрсөн дүү М.Номин-Эрдэнэ одоо 15 нас хүрнэ. Тэрээр өнгөрсөн есдүгээр сард сургууль дээрээ жижүүрлэн, бусад сурагчдынхаа хоолыг өгөхөөр том савтай хоол зөөж явахдаа халтирч унан, савтай хоолоо нүүр болон цээжин бие дээрээ асгаж хүндээр түлэгджээ.

Тэр өдөр биеийн тамирын сургуулиас ээж рүү нь утасдаж “Танай охин хоолонд түлэгдчихлээ” хэмээн хэл хүргэсэн байна. Мөн М.Анхцэцэг дүүг нь түргэнээр Гэмтлийн эмнэлэг рүү авч явах гэж байхад нь очиж, ээждээ хэлжээ.

Д.Мөнхчимэг бүсгүй охиноо түлэгдлээ гэж сонсоод, тэр хэмжээний түлэгдсэн байна гэж бодоогүй аж. Тэрбээр Гэмтлийн эмнэлэг дээр очоод охиноо хараад эхэндээ таниагүй байна. Улмаар эмнэлэг дотор сөхөрч суун, орилж уйлсны улмаас жижүүр эмч нарт хөөгдөж гарсан талаараа бидэнд ярьсан юм.

Одоогийн байдлаар М.Номин-Эрдэнэ охинд туслах “3000 төгрөг” аян эхлүүлснээс хойш долоо хонож буй ч сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар хандивын дансанд нийтдээ 11 сая орчим төгрөг цуглаад буй юм байна.

Биднийг ярилцан суух зуур 19 мессэж ирж, тэрбээр “Дансанд мөнгө хуримтлагдсаар байна” хэмээн баяртайгаар бидэнд дуулгаж байлаа. Уншигч танаа М.Номин-Эрдэнэ охины ээжтэй ярилцсанаа толилуулъя.

anhtsetseg

-МИНИЙ ОХИНЫ НҮДНИЙ ТОРЛОГ БҮРХҮҮЛ ХҮРТЭЛ ТҮЛЭГДСЭН-

-Номин-Эрдэнэ охинд яг юу тохиолдсон юм бэ?

-Намайг Д.Мөнхцэцэг гэдэг. Манайх гурван охин нэг хүүтэй. Гурван охин маань гурвуулаа хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг. Миний дунд охин Номин-Эрдэнэ удахгүй 15 нас хүрэх гэж байна. Өнгөрсөн есдүгээр сарын 22-ны өдөр сургууль дээрээ жижүүр хийж, хоол зөөж байгаад савтай хоолоо өөр дээрээ асгаад уначихсан юм билээ. Түүнээс нь болж цээжин бие болон баруун гар ар өвөргүй, толгойн хэсэг гээд тэр чигтээ гуравдугаар зэрэглэлийн түлэгдэлтэй гэж гарсан. Тэр өдөр сургуулиас нь над руу залгаад “Танай охин хоолонд түлэгдчихлээ” гэхээр нь бага зэрэг л түлэгдэж дээ гэж бодож байсан. Манай ажил их хол байдаг учраас Анхцэцэг руу яриад “Дүү чинь түлэгдчихсэн гэж байна миний охин очоод авчих” гэсэн. Гэтэл удалгүй Анхцэцэг над руу ярьж уйлаад, “Ээж ээ, та ирэхгүй бол дүү их аймаар болсон байна” гэсэн. Тэгэхэд л ноцтой түлэгдэж дээ гэж бодож Гэмтэлийн эмнэлэг дээр ирсэн. Анх охиноо хараад таниагүй. Их аймаар түлэгдсэн байсан, үнэхээр харамсалтай хэрэг болсон. Би эмнэлэг дотор газар сөхөрч уйлаад орилж, эмч нарт хөөгдөөд гарч байсан юм. Түүнээс хойш 20-иод хоног манай гэрийнхэн тэр чигтээ “шок”-ын байдалтай байсан.

anhtsetseg

-Эмнэлгээс гараад удаагүй байгаа гэсэн. Хэр удаан эмчилгээ хийлгэсэн бэ?

-Миний охин эмнэлгээс гараад удаагүй байгаа. Түлэнхийн төвөөс гарсан ч гэсэн бид хоёр нийтдээ 7-8 сар эмнэлгээр тасралгүй явлаа. Шархнаасаа болоод янз бүрийн дагавар өвчин гарч ирээд, маш их эмнэлгээр явсан. Миний охины нүдний торлог бүрхүүл хүртэл түлэгдсэн. Гэхдээ хүний нулимс чинь давстай учраас эдгэх чадвартай байдаг юм билээ. Нүд нь нулимсандаа тав тогтоогоод эдгэж байна гэж мэргэжлийн эмчид үзүүлэхэд хэлсэн юм. Охиноо ингээд түлэгдсэн байхыг харах үнэхээр хэлэх ч үг олдохгүй хэцүү байдаг юм билээ. Охиноо уйлахаар нь дагаж уйлаад, маш хэцүү байсан. Эхний боолтуудад дандаа унтуулах тариатай ордог байсан. Эхэндээ өөрийг нь тольгүй өрөөнд байлгаж, аймаар байдлыг нь харуулаагүй, нилээн хожуу харуулсан. Сүүлд өөрийнхөө энэ зургуудыг харчихаад “Ээж ээ, би ямар аймаар байсан юм бэ?” гэж байсан.

-БНСУ руу эмчилгээнд яваад бүрэн эдгэрэх боломжтой гэсэн үү?

-Гэмтэлийн эмнэлэгтэй Солонгос улсын Хангисү эмнэлэг гэрээтэй ажилладаг юм билээ. Тэр эмнэлэгт нийтдээ 65 сая төгрөгийн эмчилгээ хагалгаа хийлгэж сайхан болно гэсэн. Гэхдээ л бас бүрэн эдгэнэ гэдэг хэцүү шүү дээ. Та нар бод л доо. Зүгээр гараа түлсний дараа сорви үлддэг шүү дээ. Тухайн солонгос эмнэлэгт эмчлүүлээд ирсэн хүмүүстэй би өөрийн биеэр очиж уулзаж судалсан. Их сайн эмчлэгдсэн хүмүүс байдаг юм билээ. Гэтэл энэ чинь арьсан давхаргаа даваад, өөхөн давхарга нь хүртэл түлэгдсэн. Зарим газар нь өөхөн давхаргаа даван түлэгдсэн байна гэсэн. Ийм түлэгдэл өмнөх шигээ болно гэж байхгүй байх. Одоо миний охины энгэр, баруун гар, нүүр нь тэр чигтээ түлэгдсэн том сорвитой байгаа. Яг өсвөр насны үедээ хүнд түлэгдэхээр их хэцүү юм билээ.

-Охин чинь цаашид хүндийг өргөлтөөрөө хичээллэх болов уу. Өөрөө ямар бодолтой байгаа бол?

-Миний гурван охин гурвуулаа штанк өргөдөг. Том охин маань Анхцэцэг, дунд охин Номин-Эрдэнэ 15 настай, бага охин долоо настай, мөн л хүндийг өргөлтийн спортоор хичээллэдэг. Эд нар маань өөрсдийн сонирхлоор энэ спортыг сонгосон юм. Номин-Эрдэний хувьд нэг жил гаруй хичээллээд, золгүй явдал тохиолдож түлэгдсэн юм. Түлэгдсэнээс хойш дан эмнэлгээр явсаар байгаад таарсан. Одоо миний охины шарх эмзэгшилтэй байгаа. Хүний гар хүргэхгүй, их өвчтэй байгаа юм. Эдгэрснийхээ дараа ямар сонголт хийх нь өөрийнх нь хүсэл шүү дээ. Одоогоор бид хоёр спортоо ярьж амжаагүй л байна.

anhtsetseg

-ТҮЛЭГДСЭН ШАРХААРАА УУРАГ ТЭЖЭЭЛЭЭ АЛДДАГ ЮМ БИЛЭЭ-

-Эмнэлэгт маш их хүнд, үнэтэй эмчилгээ хийлгэж байсан талаар дуулсан. Хэр их эмчилгээ хийлгэсэн бэ?

-Бид хоёр Гэмтэлийн эмнэлэгт нийтдээ 20 орчим хоног хэвтэж эмчлүүлсэн. Аравдугаар сарын 5-ны өдөр арьс нөхөх хагалгаанд орсон. Түүнээс өмнөх үе бол үгээр хэлэхийн аргагүй хэцүү үе байсан. Түлэгдсэн талбай ихтэй учраас нэг мөнгөжүүлсэн тос 60 орчим мянган төгрөгөөр аваад, тэр дор нь түрхээд дуусчихдаг байсан. Бас уян боолт гэхэд л боодол боодлоор нь авч тавьж байгаад сольдог байсан. Эхний удаад 8-10 боолт хэрэглэдэг байлаа. Түлэгдсэн хүүхэд чинь яг тэр шархаараа уураг, хамаг шим тэжээлээ алддаг юм билээ. Тийм учраас байнга шинжилгээ аваад, уураг нөхдөг байсан. Сая гарахад дархлаа нь суларсан гэж байсан.

-Та бүхний эхлүүлсэн хандивын аянд одоогийн байдлаар хэд орчим төгрөг цугласан байна вэ?

-Энэхүү хандивын аяныг эхлүүлснээс хойш яг долоо хоногийн дотор 11 сая орчим төгрөг цугласан байна.

-Багагүй хэмжээний мөнгө цуглажээ. Хэдийгээр эмчилгээндээ явахаар төлөвлөж байна вэ?

-Зардал бүрэн цуглавал шууд л явна даа. Эхлээд эмнэлгийн дансанд мөнгөө байршуулаад, цаанаас нь урилга явуулж, эмчилгээний виз гардаг юм билээ.

-Анхцэцэгийн хувьд дүүгийнхээ төлөө маш их санаа зовж багагүй гүйж байгаа байх?

-Тэгэлгүй яах вэ, бид хоёр чинь өглөө хоёр тийшээ гараад л явна. Заримдаа уулзах хүмүүстэйгээ хамт очиж уулзана. Маргаашаас эхэлж бид хандивын хайрцаг аялуулахаар төлөвлөсөн байгаа. Хандивын хайрцгууд нэг нь 60 мянган төргөгийн үнэтэй байдаг юм билээ. Тийм учраас арван хайрцаг аялуулвал 600 мянган төгрөг болох гээд байна. Иймд өнөөдөр орой охиныхоо зарим найзуудтай хамт хайрцаг хийх гэж байгаа.

anhtsetseg

-ХАНДИВЫН АЯНД МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛ ШИНГЭСЭН
УЧРААС БАЯРТАЙ БАЙНА-

-Хандивын аян олон хүнийг хамарч эхэлж байна. Таны сэтгэгдэл ямар байна вэ?

-Тийм. Таньтай яриад сууж байхад 19 мессэж ирж, дансанд мөнгө орсон байна. Өнөөдөр 3000 төгрөг өгч байгаа ч хүн байна. Мөн 20 мянган төгрөг ч өгч байна. Тэр болгонд монголын ард түмний сэтгэл шингэсэн байгаа учраас тэр хүнд баярлалаа гэж цохож хэлэхэд хэцүү. Нийт Монголын ард түмэндээ халуун сэтгэлээр миний охинд тусалж байгаад баярлаж байна. Над дээр ирж уулзсан хүмүүс бодитоор тусалж байгаа ч хүн байна. Дансанд мөнгө хийсэн ч хүмүүс байгаа. Тийм учраас тэр хүмүүст бүгдэд нь баярлаж байна. Монголын ард түмэн бүгдээрээ сэтгэл гаргаж тусалж байгаа. Ийм учраас охиноо эдгэнэ гэсэн итгэл дүүрэн байна.

-Анхцэцэгт дэлхийн орнуудаас өөрийн багтаа орох санал тавьсан ч хүлээж аваагүй гэсэн. Энэ талаар та ярихгүй юу?

-Миний охин Анхцэцэгт нийтдээ дөрвөн орноос өөрийн улсын нэрээр тэмцээнд орох санал ирсэн. Өнгөрсөн жилийн тэмцээнээс хойш санал ирсэн юм. Хамгийн гол нь манай хүүхдийн сонголт зөв байсан уу, буруу байсан уу гэдгийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан манай охин тухайн үед бүгдэд нь татгалзсан хариу өгсөн. Манай охин хэлэхдээ шагналын тавцанд гараад, өөрийнхөө улсын төрийн дууллыг дагаж дуулах маш гоё гэдэг юм. Тэгэхээр би аль нэг улсын легионер болчихвол шагналын тавцанд гараад, өөр орны төрийн дуулал эгшиглэнэ. Тэр бол хамгийн муухай. Өөр улсын төрийн далбаа миний ард намирвал миний хамгийн дургүй зүйл гэдэг л дээ. Манай охин аль ч гоё улсад очсон удаан байх юм бол эх орноо санаад зутарчихсан ирдэг. Манай орны салхи нь хүртэл гоё, ус нь хүртэл амттай гээд л ирдэг.

-Ярилцсан таньд баярлалаа. Хандивын аян амжилттай үргэлжилж, Номин-Эрдэнэ охин удахгүй хагалгаа хийлгэж, бүрэн эдгэнэ гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.

Худалдаа хөгжлийн банк:451038475

Хаан банк:5071320523

СЭТГЭГДЭЛ БИЧИХ