СУРВАЛЖЛАГА: Бие давхар бүсгүй хоёр хүүхэдтэйгээ айлын гаражид амьдарч байна
-ХАДАМ ЭЭЖ НЬ ГЭРИЙГ НЬ АЧААД ЯВЖЭЭ-
Ө.Алтансувд бүсгүй бие давхар, өдгөө хоёр охины хамт айлын гаражид толгой хорогдож байна. Бусдын адил ажилтай, амьдрах орон гэртэй, унах унаатай, элэг бүтэн байсан түүний амьдрал нэг л өдөр орвонгоороо эргэжээ.
Тэднийх “Вива сити” хороололд байртай, амьдрал нь тогтсон, бүсгүй ч өөрөө нэгэн дүүргийн нэгдсэн эмнэлэгт сувилагч хийгээд, 10 гаруй жил болсон байна. 2010 онд нөхөртэйгээ хамтран амьдрахаар шийдэхдээ хоёр талаасаа нэг нэг хүүхэдтэйгээр гэр бүл болж, дундаасаа нэг охинтой болжээ. Гэвч нөхрийнх нь архи уух ихсэж, охид болон эхнэрээ зодож дарамтлах болсон тухай Ө.Алтансувд бидэнд хуучилсан юм.
Танилцсаныхаа дараа бүсгүй цалингийн зээлээр нөхөртөө машин авч өгөн, амьдралд тус дэм болог гэж хэд хоног “халтуур” хийлгэсэн боловч архи дарс хэрэглэсэн үедээ машинаа барьж осол гаргаснаар бүсгүйн зовлон эхэлсэн гэж хэлж болохоор ажээ.
Нөхөр нь дөрвөн жил, зургаан сарын ял авч, хохирогчийн талын хохирлыг барагдуулах хүртэл байрыг нь битүүмжилж, бүсгүй хоёр охиноо аваад түрээсийн байранд орсон байна. Ажил хийж байгаа тул бүгдийг болгоно бүтээнэ гэсэн хүслээр жигүүрлэж, нөхөр нь ч зургаан сарын дараа гэхэд “хар гэрээс” гарч иржээ.
Одоо дахиад хоёулаа болсон болохоор амьдралаа хөл дээр нь босгоно гэж бүсгүй дахин цалингийн зээлээр гэр худалдан авч, айлын хашаанд буусан байна. Нөхөр нь ажил хийдэггүй тул өдөр, шөнөгүй ажиллаж мөнгө олох гэж явах хооронд нь нөхөр нь бүсгүйг дагаж ирсэн охиныг нь зодож дарамтлан, зүй бус харилцаа үзүүлдэг байсан ажээ.
Долоохон настай, нэг ч төгрөггүй жаахан охиныг гэрийн табчиктай нь өвлийн хүйтэн шөнө тамхи олуулахаар гэрээсээ хөөж гаргадаг, халуун хоол цай бариулчихаад удаан зогсоодог байсан (зүй бус зарим ноцтой баримтуудыг нууцлав. сурв) зэргээр охинд ёс бус ханддаг байсныг нь сүүлд мэдсэн тухайгаа бидэнд өгүүлсэн юм.
Энэ өвөл нийслэл орчимд улаанбурхан өвчний дэгдэлт газар авч, улсын эмнэлгүүд бүгд ачаалалд дарагдах үеэр бүсгүйн ээлжин дээр нярай хүүхэд харамсалтайгаар эндэж, тэрээр ажлаасаа халагджээ. Гэртээ суух хугацаандаа тэрээр гэрт нь чухам юу болж, нөхөр нь охиддоо хэрхэн ханддагийг мэдэж авсан байна. Гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа автсан бүсгүй аргагүйн эрхэнд нөхрөө баривчлуулснаар хэрэг одоо шалгагдаж байгаа талаар ярилаа.
Нөхрөө цагдаад өгсний дараа хадам ээж нь ирж өргөдлөө буцаахыг шаардан, буцаахгүй гэхэд нь гэрийг нь авч явснаар бүсгүй хоёр хүүхэдтэйгээ, бие давхар орох оронгүй үлдэж, өдгөө айлын гаражид толгой хорогдож байгаань энэ аж. Бага нь дөрөв, том нь долоон настай охид айлын гаражид амьдарч байгаа ч дарамт шахалтгүй, тайван сайхан байгаа гэж ээж нь бидэнд учирлалаа.
Бүсгүйд тусалж, орон гэртэй болгохоор “Сүүн сэтгэлийн дэм” ТББhttps://www.facebook.com/groups/1620328104943291/ хандивын аян эхлүүлээд байна. Бид Ө.Алтансувд бүсгүйтэй уулзаж ярилцлаа.
-УГ НЬ ТЭР ГЭРИЙГ БИ ЦАЛИНГИЙНХАА ЗЭЭЛЭЭР АВСАН ЮМ-
-Та яг юу болсон талаар ярихгүй юу?
-Бусдын адил сайхан л амьдарч байсан. Би ханьтайгаа 2010 оны аравдугаар сард тусдаа гарсан. Бид хоёр талаасаа нэг нэг хүүхэдтэй нийлээд, 2013 онд бага охин маань гарсан. Ингээд 2014 оноос эхлээд нөхөр маань архи дарсанд их шунаж, зодож нүддэг болсон. Сүүлд бага охиноо хүртэл зоддог болохоор нь хадам ээжид “Ингээд байх юм” гээд хэлтэл “Яасан сонин юм бэ” л гэж хүлээж авсан. Энэ жил аргаа бараад хорооныхоо хүмүүст хэлээд, 461-д баривчилгаанд явуулчихсан юм. Гэтэл хадам ээж маань гуравдугаар сарын 26-нд ирээд гэр орноо аваад, “Чи манай хүүхдийг байхгүй болгосон юм чинь тэр хүний юмыг би авна” гээд аваад явчихсан. Уг нь тэр гэрийг би цалингийнхаа зээлээр л авсан юм (уйлав. сурв). Гэвч хэл ам хийгээд яах вэ гээд өгөөд явуулчихсан.
-Одоо энэ амьдарч байгаа газар тань ямар учиртай юм бэ?
-Энэ айл манай хамаатан садан биш л дээ. Эднийд тогныхоо мөнгийг өгөөд амьдарч байна. Уг нь би ... дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан юм. 2016 оны тавдугаар сарын 14-нд жижүүр хийж байх хугацаанд нэг хүүхэд эндэж, шүүх цагдаа гэж явсаар ажлаасаа халагдсан. Мэдэхгүй ээ, бүх зүйл маш хурдан хугацаанд болж, бүгд өөр болчихсон.
-Гэрийг чинь ачаад явахад таныг өмгөөлж хамгаалах хүн байгаагүй юу?
-Би ч юм хэлээгүй, “Тэг тэг” л гэсэн. Уг нь үр хүүхэд нь байна шүү дээ гэж ээжид нь хэлсэн ч тоогоогүй. Урин цаг ирж байгаа болохоор тэвчсэн. Гурав, дөрөвдүгээр сард хүйтэнд хэцүү л байсан. Маш хүйтэн үед эдний хоёрдугаар давхарт нэг өрөөнд нь түр суудаг байсан. Одоо эндээ л байна. Би айлын өргөмөл хүүхэд юм. Манай дундах хоёр дүү аавтай хамт Баянхонгорт байдаг гэж сонссон ч холбоогүй байдаг. Өргөсөн ээж маань бие муу, хэвтэрт байдаг.
-Та нөхрийнхөө талаар цагдаад хандах болсон шалтгаанаа нэмж тайлбарлахгүй юу? Үр хүүхдийнхээ эцгийг явуулахад их л том шалтгаан байсан болов уу?
-Би эмнэлэгт ажилладаг байхдаа шөнөдөө жижүүртэй болохоор нэг их мэддэггүй байж. Орой 16 цагт гараад, маргааш өглөө нь 10 цагийн үед орж ирдэг байсан. Би дээрх шалтгааны улмаас арав гаруй жил ажилласан байгууллагаасаа энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс халагдсан юм. Гарчихаад гэртээ байх нэг сар гаруйн хугацаанд хүүхдийг минь арай дэндүү дээрэлхэж байсныг мэдсэн. Би өмнө нь гайхаад байдаг байсан юм. Тамхи ширээн дээр байж байхаар охин маань нэг хоёрыг авч нуугаад байх юм. “Яаж байгаа юм бэ миний охин, яагаад ийм юм хийж байгаа юм” гээд асуутал “Аав намайг орой харанхуй болохоор тамхи олж ир, олж ирэхгүй бол битгий орж ир” гээд байдаг юм гэсэн. Нэг өдөр /XII сард/ хажуу айлын ах шөнө 11 цагт залгаад “Охин чинь ажил дээр чинь очив уу” гэж асууж байна. “Үгүй, яасан бэ” гэтэл “Тамхинд гаргасан чинь алга болчихсон байна” гэсэн. Тэгтэл эдний хань манай охиныг ойролцоох хүнсний дэлгүүрээс олж ирсэн байна лээ. Өвлийн хүйтэнд охин маань гэрийнхээ табчиктай ажил дээр ирээд хонож л байсан. Гэсэн ч би ханилж яваа юм болохоор “За яах вэ, хэн хэндээ л байдаг болов уу” гээд их тэвчсэн. Тухайн үедээ уурлачихаад амьдрах гэж л яваа юм чинь гээд өнгөрөөдөг байсан. Гэтэл гэртээ байх хугацаанд арай дэндүү байжээ гэдгийг олж мэдсэн. Долоо, найман жилийн амьдралыг долоо наймхан үгээр хэлнэ гэхэд хэцүү л байна. Аргаа бараад баривчилгаанд явуулсан.
-ХАДАМ ЭЭЖ “МАНАЙ ХҮҮХЭД ОРСОН ХААЛГААРАА ГАРДАГ Л БАЙХГҮЙ ЮУ” ГЭСЭН-
-Та хадам ээжтэйгээ дахиж холбоо барьсан уу?
-Үгүй ээ. Хамгийн сүүлд “Би одонгийнхоо мөнгийг буухаар өгчихнө. Чи надад 50 мянган төгрөг өгөөтөх” гэсэн. Би ажлынхаа газрын хүнээс зээлж аваад өгсөн, одоо болтол бас л алга. Бас гэр аваад явахдаа хадам ээжийн хэлж байгаа үг нь үнэхээр гомдмоор. “Манай хүүхэд орсон хаалгаараа гардаг л байхгүй юу” гэж байна лээ. Яана гэсэн үг юм мэдэхгүй, гараад ална гэсэн үг юм болов уу (уйлав. сурв). Намайг өргөдлөө татаад авчихаач ээ гэхээр нь би нөхцөл байдлаа үнэнээр нь учирлаад хэлтэл “За чи ийм байгаа юм бол би ч гэсэн зүгээр байхгүй” гэсэн юм. Уг нь намайг бодвол ах дүү сайтай, ах дүү нар нь архи тамхи хэрэглэдэггүй, мундаг хүмүүс байдаг.
-Хэрэг нь эцэслэн шийдэгдсэн үү?
-Энэ долоо хоногт прокурор руу шилжинэ гэсэн. Яахыг мэдэхгүй байна. Эрүү үүсгэсэн. Бүх бичиг баримтыг нь хөтлөөд бүгдийг нь өгсөн. Би байцаагчтай очиж уулзсан л бол, ямар нэг үйл явдал болсон л бол энэ дэвтрүүд дээрээ нэг бүрчлэн тэмдэглээд явдаг юм. Арай дэндүү юм байна, хүн гэдэг чинь их хатуу байдаг юм байна.
Бүсгүй охиныхоо зурсан зураг, гэр бүлийнхээ аз жаргалтай гэрэл зураг, охины бичсэн захидал, он сар өдрийг нь нямбайлан бичиж тэмдэглэсэн өдрийн тэмдэглэлээ бидэнд харуулав.
-Та өмгөөлөгч авсан уу?
-Аваагүй л байна.
-Та хоёрын харилцаа өмнө нь хэвийн байсан уу, эсвэл байнга үл ойлголцдог байв уу?
-Эхний жил гаруйн хугацаанд овоо сайхан байсан. Сүүлд л маш их архи дарс уудаг болж, долоо хоногт 1-2 хоног л эрүүл байдаг болсон. Ер нь надтай танилцаж байхдаа хааяа нэг уудаг байсан ч ийм байгаагүй. “Би ажлаасаа гарчихлаа, одоо яаж амьдрах юм бэ, болиоч ээ” гэсэн. Гэсэн ч тоогоогүй. Ээмэг, бөгжийг минь хүнсний дэлгүүрт, ломбардад тараагаад дууссан.
-“БИ ДУРТАЙ ХӨГЖМИЙНХӨӨ АЖЛЫГ Л ХИЙНЭ, ӨӨР АЖИЛ ХИЙХГҮЙ” ГЭДЭГ-
-Ажил огт хийдэггүй байсан гэсэн үг үү? Танд ямар дэм үзүүлдэг байв?
-Танилцсаныхаа дараахан би цалингийн зээл авч машин авч өгсөн. Халтуур хийж хэдэн өдөр явахдаа архи дарс уучихаад, машинаа мөргөлдүүлээд их эрсдэлтэй, зардал ч их гардаг болсон. Намайг нэг өдөр ажилтай байж байх хооронд 3.5 сая төгрөгөөр авсан машинаа 1.6 сая төгрөгөөр зарсан байсан ч би бас л дуугүй өнгөрсөн. Ингээд ажилгүй болсных нь дараахан би төрийн байгууллагад ярьж байж ажилд оруулсан. Гэтэл сар ч ажиллаагүй байхад дарга нь залгаад “Энэ нөхөр чинь хоёр, гурван сануулгатай, үгэнд орохгүй байна, ажлаас нь гаргалаа” гэсэн. Би тэр үед нь бага охиноо гаргах гээд эмнэлэгт хэвтэж байсан болохоор бас л юм хэлсэнгүй. Үүнээс хойш “Би дуртай хөгжмийнхөө ажлыг л хийнэ, өөр ажил хийхгүй” гээд ер нь ажил хийгээгүй.
-Амьдралаа та л болгодог байж ээ?
-Тийм ээ. Би тулаа хийгээд яваад байдаг байсан болохоор гэр оронд ийм айхтар зүйл болдгийг үнэхээр мэдэхгүй байсан. Яг ажилгүй болоод гэртээ байх хугацаанд үнэхээр аргаа бараад тэр бямба гаригт, бүх нийтийн цэвэрлэгээтэй өдөр хороондоо хэлээд өргөдөл гаргасан.
-Хоёр охин тань цэцэрлэг, сургуульдаа явдаг уу?
-Тийм ээ. Том охин сургуульдаа явдаг. Бага охин уг нь цэцэрлэгт явдаг байсан ч энэ жил өнжсөн. Ажлынхаа чөлөөгөөр би нэг сар наймаа хийсэн юм. Тэр үеэр нөхөртөө цэцэрлэгийн ажлыг даалгасан ч бас л байхгүй. Үүнээс хойш өөрөө өргөдөл бичээд нэлээд хөөцөлдсөн ч бүтээгүй байсаар өдийг хүрсэн. Уг нь их сэргэлэн, найман сартайдаа хөлд орж, удахгүй хэлд орсон. Одоо хэл ам нь гүйцэгдэхгүй хүүхэд бий.
-Одоо та амьдралаа яаж болгож байна вэ?
-Энэ айл надтай хамаатан садан биш ч гэртээ амьдруулж байгаа нь их том дэм юм. Би чинь цалингийн зээл дээрээ нэмж зээл авсан. Учир нь миний шүүх хурал дээр хөдөөлүүлэх зардал болох 2.5 сая төгрөгийг нэхэмжилсэн. Би цалингийн зээл дээрээ 1.1 сая төгрөг нэмж аваад, албан газар маань надад 1.4 сая төгрөгийн туслалцаа үзүүлсэн. Үүнээс гадна албан газрын маань ажилтнууд мөнгө цуглуулж 500 гаруй мянган төгрөгийн дэмжлэг явуулсан байсан. Би маш их баярласан. Үүгээр л болгож явна.
-Хүүхдийн мөнгөө авдаг уу?
-Авдаг аа. Цалингийн зээлээ сүүлийн хоёр сар өгөөгүй болохоор хүүхдийн 20 мянган төгрөг буунгуут л шууд татаад авчихдаг юм билээ. Одоо гэхдээ энэ бүхэн жаахан цэгцэрчихсэн болохоор ажилд орох бодолтой байна.
-“МАНАЙ ААВ МУУ ХҮН” Л ГЭЖ БАЙНА ЛЭЭ-
-Одоо охид тань аавыгаа асуудаг уу?
-Том охин маань бүгдийг мэддэг юм. Байцаагч охиноос минь “Аав чинь сайн хүн үү, муу хүн үү” гээд асуутал “Манай аав муу хүн” л гэж байна лээ (уйлав. сурв). Байнга зодож, дарамталдаг болохоор аргагүй байх. Хичээлээ хийгээд сууж байгаа хүүхдийг тавхан алхмын зайд байгаа тамхиа авахуулах гэж л загнана. Би охиноо өмөөрөх юм бол бөөн хэрүүл болно. Энэ сандал дээр суучихаад, тэрүүхэнд байгаа үнсний саваа авахуулах гэж загнана. Орон дээр хоёр хүүхэд хэвтэж байхад “Хөөш алив бос” гэнэ. Хоёулаа зэрэг босоод харахаар наад талынх нь биш ээ, цаад талынх нь гэнэ. Хүүхдэд халуун хоол цай зэрэг бариулчихаад гутлаа өмсөөд суучихна. Нөгөөх нь зайлуул салгалаад асгачих гээд л зогсоно. Асгачих юм бол “Нохойд өгөх гэж байгаа хоолоо өгөх гээ юу, би нохойны хоол идэх үү” гээд загнана. Өмөөрөх л юм бол гэрээр дүүрэн хэрүүл болно. Би үнэндээ хэр баргийн юмыг тоодоггүй шүү дээ.
-Уучлаарай, нөхрийн тань бас нэг хүүхэд байдаг гэсэн?
-Тийм ээ, хадам ээж аваад явчихдаг юм. Гэхдээ би цалин сав буухад ер ялгадаггүй, яг л адилхан хувцас хунар авч өгнө. Заримдаа дүүгийнх нь охин гэж ганцхан насны зөрүүтэй охин ирнэ. Ер нь би төрүүлсэн хоёр, өсгөж байгаа дөрвөн хүүхэдтэй л амьдардаг байсан. Хүүхэд ямар буруутай байх билээ, ялгаа юу байх вэ, миний хүүхэд шиг л юм гэж ханддаг.
-Одоо ер нь та юу хүсч, юу төлөвлөж байна вэ?
-Маш их зүйл л төлөвлөж байна. Амьд хүн аргатай. Давын зуурт гэртэй болчих юм бол хоёр хүүхэдтэйгээ сайхан амьдарна. Энэ хоёр маань багын л бие биенээ хараад амьдарчихдаг. Тийм болохоор ажил хийж, амьдралаа авч явна.
-Зээлийн үлдэгдэл их үү?
-Ойролцоогоор гурван сая байгаа. Маш их өр, зээл байсныг бодвол ерөнхийдөө жигдрээд гайгүй болчихсон байна аа.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Одоохондоо тулгамдаад сайн санахгүй юм. Тайван орчинд хүн хоёр, гуравхан сар байхаараа муухай юмаа мартчихдаг л юм байна. “Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов” гэдэг үнэхээр үнэн юм. Одоохондоо бодох санах зүйлгүй тайван сайхан л байна.
Б.СЭРГЭЛЭНБААТАР: ТАВДУГААР САРД ГЭР ӨГӨХӨӨР АЖИЛЛАЖ БАЙНА
“Сүүн сэтгэлийн дэм” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Сэргэлэнбаатартай цөөн хором ярилцлаа.
-А.Алтансувд та бүхэнтэй анх хэрхэн холбоо барьсан бэ?
-Манай “Сүүн сэтгэлийн дэм” ТББ сар бүр 1-2 айлд гэр өгч тусалдаг уламжлалтай. Анх төрийн судалгааны нэг байгууллагаас манайд хандаж “Энд нэг хоёр хүүхэдтэй ийм бүсгүй байна.Та бүхэн туслах боломжтой юу” гэсэн. Бүсгүй өөрөө ч надад өргөдлөө өгч, туслаач гэсэн. Тиймээс бид туслах гээд явж байна.
-Анх хэзээ та бүхэнд хандсан юм бэ?
-Өнгөрсөн гуравдугаар сард хандсан. Бид гурав болон дөрөвдүгээр сард гэр өгөх айлаа төлөвлөсөн байсан болохоор түр хүлээлгээд, тавдугаар сард өгөхөөр ажиллаж байна.
-Мэдээж туслах гэж байгаа хүмүүсээ та бүхэн сайтар судалдаг болов уу?
-Тийм ээ. Манайх одоогоор таван айлыг гэртэй болгоод байна ТББ-ын маань удирдах зөвлөл есөн гишүүнтэй, бид энэ таван айлын гуравт нь өөрсдийн хөрөнгөөр гэр авч өгсөн. Бид хэд хэдэн удаа уулзаж, нөхцөл байдлыг бодитойгоор тодорхойлсныхоо дараа туслах эсэхээ шийдэж сонгодог. Архи уудаг уу, үгүй юу, амьдралаа цаашид зөв сайхан аваад явч чадах уу, үгүй юу гээд олон судалгаа хийдэг дээ. Энэ бүсгүйн хувьд гуравдугаар сард хадам ээж нь гэрийг нь авч явснаас хойш айлын гаражид амьдарч байгаа юм билээ. Ер нь бид гэр өгөхдөө өрх толгойлсон, олон хүүхэдтэй, архи уудаггүй хүмүүсийг сонгож өгдөг.
-Фэйсбүүк дээр мэдээллийг нь тавьснаас хойш холбогдсон хүн бий юү? Хандивын аян хэр амжилттай үргэлжилж байна вэ?
-Хандивын аян эхэлсэн, хүмүүс тусалъя гэж байгаа боловч одоогоор бодит туслалцаа үзүүлсэн хүн нэг ч алга байна. Харин саяхан намайг гэрээс гарах гэж байхад нэг хүн залгаж байсан.
-Хандивын аяныг ямар дансаар төвлөрүүлж байгаа вэ?
-Төрийн бус байгууллагын дансандаа төвлөрүүлж байгаа. Бид хэн хэдэн төгрөг хийснийг нь хуудсаараа дамжуулан байнга мэдээлдэг. Мөнгө цуглаж дуусахад орон гэртэй болгох ажлаа эхэлнэ.
“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас
Тэвдэж явахад тэвнээр тусла”.
“Сүүн сэтгэлийн дэм” ТББ
Хандивын данс-5077420849 Холбогдох утас-88113394
СЭТГЭГДЭЛ БИЧИХ