СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дунд сургуулийн сурагчид ангиараа нийлж хар тамхи хэрэглэжээ
Манай улсын хар тамхи хэрэглэгчдийн тоо 70 мянгад хүрсэн гэх албан бус тоо бий. Гэвч энэ тоо өдрөөс өдөрт өссөөр байгаа гэдгийг албаныхан мэдээлж буй. Эдгээр хэрэглэгч нарын тоонд хүүхдүүд, сурагчид албан ёсоор багтах болсон нь мэргэжилтнүүдийн санааг зовоосон асуудал болоод буй. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2015 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нэг 12-14 насны нэг ангийн 14 хүүхэд хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан байдаг.
Харин энэ жилийн хувьд өнгөрөгч 4-р сард Сүхбаатар дүүргийн XI хороолол, Зуун айл орчмын байрнуудаас мансууруулах төрлийн бодис хэрэглэж мансуурсан хүүхдүүдийг цагдаа нар барьжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны есөн давхраас 14 настай Б, 16 настай Г, 15 настай Ж нар зэрлэг олсны төрлийн ургамал буюу каннабис татаж мансуурч байгаад баригдсан байна. Тэд нэг сургуулийн нэг сурагчид байсан гэнэ. Цагдаа нар хүүхдүүдийг шалгаж, СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хархорин, нэгдүгээр хороолол орчмын байрны орцонд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байнга мансуурдаг гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Дээрх газруудын угсармал байрны оршин суугчид гэрээсээ орж гарахдаа ихэвчлэн цахилгаан шат ашигладаг. Харин шат нь цахилгаан шатны хажууд хаалгаар гардаг. Өөрөөр хэлбэл, тусгаарласан байдалтай байдаг. Мөн гэрэл байхгүй, байнга харанхуй байдаг гэнэ. Үүнийг сурагчид ашиглаж, ангиараа мансуурдаг байна.
Энэ мэт олноороо нийлж хар тамхи хэрэглэж буй хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа юм.Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газраас авсан мэдээллээр еренхий боловсролын сургуулийн мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаа сурагчдыг гурав хуваадаг аж. Ахуйн хэрэглээний газ үнэрлэж мансуурдаг 8-15 насныхан, зэрлэг олсны ургамал татаж байгаа 12-18 насныхан, мөн зах зээлд өндөр үнээр зарагддаг мөс оуюу үилчилгээ өндөртэй хар тамхи хэрэглэж байгаа хүүхдүүд хэмээн ангилж, шалгадаг гэнэ.
Эдгээрээс дийлэнхи нь ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид байдаг аж. Эдгээр сурагчид олсны ургамал буюу каннабис гэх мансууруулах төрлийн ургамал хямд үнээр худалдан авч хэрэглэдэг гэх ба эдгээр өвсийг түүж бэлтгэн худалдан борлуулдаг сүлжээ хүртэл бий болсон байна. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр, “Мансууруулах төрлийн ургамал түүж, бэлтгэдэг, түүнийг нь борлуулдаг сүлжээ бүхий гэмт хэрэгтнүүд бий болсон. Тэд сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг ангуучлах болжээ. Ангуучид эхлээд нэг сурагчид хар тамхи үнэ төлбөргүй өгч татуулдаг. Ингээд байнгын хэрэглэгч болгосныхоо дараа ангийнхаа хүүхдүүдийг уруу татаж хар тамхи хэрэглүүлэх арга зам зааж өгдөг. Эхэлж уруу татагдсан нэг нь “Хар тамхи хэрэглэж үзсэн. Үнэхээр гоё юм байна лээ" гэж бусдадаа ярьдаг. Бусад нь сонирхож, хар тамхи сүлжээ гэмт хэрэгтнүүдээс хямд үнээр худалдаж авч татдаг гэнэ. Ингээд байнгын хэрэглэгчтэй болдог аж.
Иймд, өсвөр насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, зан ааш өөрчлөгдөж буй эсэх, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгаа болон нийлж буй хүүхдүүдийг нь таньж мэдэх, хар тамхины хэрэглэгч болохоос сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагааас анхааруулж байна.
-НЭГ АНГИЙН СУРАГЧИД ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ГЭХ
МЭДЭЭЛЭЛ БИДЭНД ИРСЭН-
Энэ талаар Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн захирал Ш.Лхагвасүрэнгээс тодрууллаа. /Энэхүү байгууллагад хар тамхи мансууруулах төрлийн бодисонд донтсон хүмүүс сайн дураараа очиж сэтгэлзүйн зөвлөгөө авдаг. Хар тамхи нь хууль бус хэрэглээ учир хүүхдүүдийн нэр болон сургуулийг нууцлав/
-Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд хар тамхины хэрэглээ жилээс жилд нэмэгдсэн тоон үзүулэлт гарсан байна. Танай төвд ирж буй хүмүүс дунд өсвөн насныхан бий юу?
-Бидний хойч ирээдүй болсон хүүхдүүд хар тамхи хэрэглэх нь жилээс жилд нэмэгдэж байгаа нь хамгийн их санаа зовоосон асуудал болоод байна. Бид 1999 онд анх хар тамхи хэрэглэж мансуурч байгаа хүүхдүүдийн судалгаа гаргаж байлаа. Тэр үед 45 хүүхэд хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байна гэх тоо гарч байсан. Тэгвэл 2001 онд таван байгууллага хамтарч дахин судалгаа хийж байлаа. Хоёр жилийн хугацаанд нийт 52 хүүхэд хар тамхи хэрэглэж байгааг тоггоож байсан. Гэтэл 2016 онд дээрх тоо хэд дахин нэмэгдээд байна. Зөвхөн манай нийгэмлэгээр гэхэд өдөрт 2-5 хуүхэд эцэг, эхийн хамт ирж байна. Бүгд хар тамхи хэрэглэж байнга мансуурдаг болсон хүүхдүүд. Ирж байгаа хүүхдүүдийн хувьд мансууруулах үйлчилгээтэй ургамлаас гадна өндөр үнээр борлогддог хар тамхи татаж үзсэн байдаг.
-Танай нийгэмлэгт хандсан гурван ч хүүхэд ангиараа хар тамхи татаж үзсэн гэх ноцтой мэдээлэл өгсөн гэсэн?
-Тийм ээ. Нэг хүүхэд бидэнд хандсан. Бид хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг нь хийж, хэнтэй хаана хар тамхи хэрэглээд байгаа талаар ярилцдаг. Гэтэл тэр хүүхэд “Манай ангийн бүх хүүхэд хар тамхи хэрэглэж үзсэн. Манай найзууд бүгд мансуурдаг” гэж ярьсан. Гэтэл дахиад өөр сургуулийн ахлах ангийн сурагч “Манай сургуулийн ахпах ангийн хүүхдүүд дунд хар тамхины хэрэглээ хавтгайрсан. Байнга хар тамхи хэрэглэж байна" гэж ярьсан. Энэ бүгдийг нэртэй, сургуультай нь гаргах гэхээрбөөн асуудал гарч байна. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд мансууруулах төрлийн бодис хэрэглэх асуудал ямар түвшинд хүрчихсэн байгааг эндээс шууд харж болохоор байгаа юм. Ерөнхий боловсролын сургуулиудын эрүүл мэндийн хичээлд хар тамхи мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар хичээл оруулмаар байна. Энэ талаар сургагч багш нар бэлдэх нэн шаардлагатай байна. Хар тамхи хэрэглэж байгаа хүүхэд, залууст судалгаа хийж үзсэн. Монголын маш олон хүүхэд, залуус олны танил хүмүүсийн үлгэр дуурайлаас болж мансууруулах төрлийн бодис хэрэглэж эхэлсэн гэж хариулсан байна лээ. Тэгэхээр хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгт орсон олны танил дуучид одоо мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар хүүхэд, залууст сурталчилгаа хиймээр байна. Тэд нийгэмд маш хортой зүйл хийж, хүүхэд, залуусыг уруу татаж оруулсныхаа төлөө олон нийтийн өмнө гарч ирээд "Хар тамхи битгий хэрэглэ, хүмүүс ээ” гэж хэлэх цаг нь болсон.
Б.ЦОГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ