О.Номин-Эрдэнэ: Машин маань шатсан ч монголчуудынхаа сэтгэлийг хараад маш их баярласан
Энэ лхагва гаригт буюу тавдугаар сарын 10-ны 12:30 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, баруун дөрвөн зам орчимд байрлах “Талст” дэлгүүрийн замын эсрэг талд “Приус 20” маркийн автомашин шатсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тухайн үед машины жолоочийг ойролцоох албан газар руу орж хүнтэй уулзаж байхад нь “Машин чинь шатаж байна” гэсэн дуудлага ирж, яаравчлан гүйн гарчээ. Гэвч жолооч залуу юу ч хийж чадалгүй, машин дотор байсан бичиг баримт, эд материалаасаа нэгийг нь ч авч амжилгүй машинаа галд алдсан байна.
Амьдралаа босгохоор, бүтээхээр яваа залуу хүн банкинд өр зээл тавин, худалдаж аваад гуравхан сар болсон машинаа ийнхүү үнс, нурам болохыг харж зогссон дүр зураг цахим ертөнцөөр нэг таржээ.
Үүнийг үзсэн “Prius эзэмшигчдийн нэгдсэн групп”-ийн залуус нэгдэн автомашин нь шатсан залууд туслах хандивын аян эхлүүллээ. Энэ групп нийтдээ 110 мянга гаруй гишүүнтэй тул гишүүн бүрээс 1000 төгрөгийн хандив цуглуулж чадвал юу ч үгүй үлдсэн залууг машинтай болгож чадна гэж үзжээ. Хандивын аян ч эрчимтэй өрнөж, гишүүд 1000-50000 төгрөгийн хооронд, сэтгэлийн өргөл өргөж, хийсч ирсэн зовлонтой нүүр тулсан нэгэндээ туслахаар ханцуй шамлав.
Монголчууд нэгдэж, нийлж чадвал ямар хүчтэй вэ гэдгийг харуулж, ганцхан өдрийн дотор хэдэн мянган гишүүн 1000 төгрөгөө идэвхитэй хандивласнаа баталгаажуулж байна.
Машинаа шатахыг харсан О.Номин-Эрдэний утасны дугаар, нэр, дансны дугаараа бичсэн энэ зурагтай холбоотой шүүмж, хардалт цахим ертөнцөд их байна. “Өөрөө өөртөө зориулж хандивын аян зохиолоо” гэх шүүмжлэлийн мөрөөр бид түүнтэй болон хандивын аяныг зохион явуулж буй залуусын төлөөлөлтэй цөөн хором ярилцсан юм.
Хандив зохион байгуулсан залуус группийн гишүүдийн хүсэлтээр хүний нэр барьж луйвар хийгээгүй, үнэхээр энэ залууд тусалж буйг батлахаар О.Номин-Эрдэнэтэй холбоо барьж, зургаа илгээхийг хүссэнээр энэ зураг цахим ертөнцөд таржээ. Бид О.Номин-Эрдэнэтэй ярилцлаа.
-МАШИНЫХАА ТАЛЫГ Ч БОЛТУГАЙ АВЧ ҮЛДЭХСЭН Л ГЭЖ БОДСОН-
-Яг юу болсон талаар яриагаа эхэлье?
-Тавдугаар сарын 10-ны өдөр оффис дээр очих ажилтай болоод, машинаа гадна нь тавиад орсон. Нягтлантай уулзах гэж очсон л доо. Машин дотроо хүлээж байгаад нягтланг ирчихлээ гэхээр нь дотогш орж, нягтлантайгаа уулзаад сууж байтал араас нэг эгч орж ирээд “Хөөе чи гарахгүй бол машин чинь болохоо байлаа” гэсэн. Сандраад гүйгээд гартал яг урд талаасаа утаа уугиад, гал маналзаад эхэлж байсан. Яг тэр үед хойд багажинд байсан гал унтраах хороо авахаар багажаа онгойлготол өөдөөс бөөн утаа май болоод, гал асаад ирсэн. Ингээд би галынхаа хорыг ч авч чадаагүй сандраад зогсож байтал хүмүүс энд тэндээс галын хор бариад ирцгээсэн. Зарим нэг нь өөрсдөө цацаад, зарим нэг нь надад авч ирж өгөөд цацсан ч дийлдээгүй. Тэр үед салхитай байсныг ч хэлэх үү маш хурдан хугацаанд болж өнгөрсөн.
-Автомашинд гарч буй галыг галын хороор унтраах боломжгүй байх нь ээ?
-Тийм ээ, хор цацахын хувьд зөндөө цацсан. Гэхдээ тусгай зориулалтын өндөр даралттай усаар шүршиж байж л унтрах юм билээ. Гал командын алба хаагчид ирж байж унтраасан.
-Хэдий хугацааны дотор шатсан бэ?
-Тухайн үед цаг хугацааг тооцож огт чадаагүй ч сүүлд баримжаа авахад гурав орчим минутад л шатчихсан. Хурдхан галыг унтрааж, машиныхаа талыг ч болтугай авч үлдэхсэн, янзлаад ч болтугай аваад үлдэхсэн гэж их бодсон.
-ЛИЗИНГЭЭР АВЧ УНААД, ГУРВАН САР Л БОЛЖ БАЙСАН-
-Таны машинаас эд анги үлдсэн үү?
-Дөрвөн дугуйнаас бусад нь бүгд шатсан. “Приус 20” машиныг хөнгөн байдлаар шийдэж өгсөн болоод ч тэрүү, төмөр эд анги нь хэврэг, хурдан шатамхай байдаг юм болов уу маш хурдан шатаад дууссан. Одоо хойд хашаандаа хадгалж байгаа.
-Та машинаа хэзээ худалдаж авсан бэ?
-2017 оны нэгдүгээр сарын 25-нд лизингээр худалдаж авсан юм. Унаад гурван сар л болж байсан.
-Ямар нэгэн гэмтэл, эвдрэл ажиглагдсан уу? Таныг машинаасаа буухаас өмнө ямар нэг зүйл нь болохгүй байгаа мэт мэдрэгдсэн үү?
-Орж ирсэн тэрэг болохоор үнэхээр ямар ч асуудал байгаагүй ээ. Гааль дээр буугаад нэг л хоносон байсныг үзэж харж, сонгож яваад л авсан. Тэр өдөр ч байдгаараа л, зүв зүгээр байсан.
-Та өөрийн машиндаа нэмэлт тоноглол эсвэл гэрэл, ламп суурилуулсан байсан уу?
-Үгүй ээ, бүх зүйл нь яг өөрийнхөөрөө байсан. Сольж, өөрчилж, гар хүрсэн юм байгаагүй. Яг юунаас болсныг нь мэдэхгүй байна. Галын дүгнэлтийг л чих тавин хүлээж сууна.
-Танд таамаглаж байгаа зүйл байхгүй юу?
-Байхгүй. Харин гал командын алба хаагч хэлэхдээ гадны нөлөөгүй, дотроосоо байна л гэсэн.
-Дүгнэлт хэзээ гарах вэ?
-Ирэх бямба гаригаас гарах сураг байсан. Яг тэр өдөр гарна гэсэн тов надад хэлээгүй ээ.
-Та машинаа хэдэн төгрөгөөр худалдаж авч байв аа?
-Арван сая төгрөгийн үнэлгээтэй машин. Банкиндаа урьдчилгаа төлбөрөө төлчихөөд, гурван сар лизингийнхээ мөнгийг төлөөд явж байлаа.
-ЭЛЭГ НЭГТЭЙ ГЭДЭГ ҮГИЙН УЧРЫГ ОЙЛГОХ ШИГ БОЛСОН-
-Лизингээр авсан бол заавал даатгалтай байх ёстой, жолоочийн хариуцлагын даатгал ч бий гэх юм. Та даатгалдаа хандаж үзсэн үү?
-Даатгалд хандсан. Тэд хэлэхдээ галын дүгнэлт, цагдаагийн газраас гарсан тодорхойлолтыг үндэслэнэ гэсэн. Тэгэхээр даатгалын хариу ч мөн ирээгүй, надад тодорхой хариулт өгөх боломжгүй гэсэн.
-Залуус өөрсдийн санаачлагаар хандивын аян өрнүүлж байгааг та мэдэж буй байх. Сонсоод төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Анх нэг дүү маань над руу утасдаад “Фэйсбүүкт таны машин шатаж байгаа бичлэгийг тавиад, энэ залууд туслая, дэмжье гээд бөөндөө нэгдээд, маш олон сэтгэгдэл ирсэн байна. Та дансны дугаар, утасны дугаар, мэдээлэл чинь хэрэгтэй байгаа юм байна, та нэг ороод үзээрэй” гэсэн. Ингээл фэйсбүүкт ороод хүмүүс надад туслахаар хэрхэн ярилцаж буйг харсан даа. Их сонин, нэг л өөр мэдрэмж төрсөн. Монгол хүмүүс бусдаас яах аргагүй нэг л өөр юм байна. Хэдий Монголын маань хөгжил муу байгаа ч монгол хүмүүсийн зүрх сэтгэл нэг л байдаг юм байна гэж бахархаж, сэтгэл маш их хөдөлсөн. Элэг нэгтэй гэдэг үгийн учрыг ойлгох шиг болсон. Одоо ч хүмүүс над руу яриад, сэтгэл санаагаар маш их дэмжиж байна. Ингэж нэг гарз гардаг юм шүү, гал юм хаадаг юм аа, галын дөл өөдөө гээд аль болох сэтгэлийг минь зассан эерэг энергитэй ярьж байгаа.
-Хандив цуглуулах аяны хүрээнд шууд таны дансыг олонд дэлгэсэн. Одоо хэдэн төгрөг цуглаад байна вэ?
-Дансаа шалгаж үзээгүй л байна. Нэгдүгээрт, би бүх бичиг баримт, картаа бүгдийг нь өчигдөр /05.10/ шатаачихсан. Хоёрдугаарт, энэ хандивын аяныг яг уриалаад байгаа залуус маань маргаашаас уулзалдаж, ТҮЦ машинаас хамтдаа явж лавлагаа аваад, хамтдаа банк орж шалгацгаая гэсэн. Тэгэхээр энэ мөнгөний асуудалд би ганцаараа шууд гар дүрж болохгүй учраас аяныг санаачилсан залуустай хамт явахаар төлөвлөж байна. Тэр үед “live” хийж, хандив өгсөн олон хүндээ мэдээлэл өгнө гэсэн.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.
-Хичнээн эд хөрөнгөөр хохирсон ч эргэн тойронд байсан машин тэрэг, алхаж явсан хүн амьтан өртөөгүй, илүү хохирол гараагүйд талархаж сууна. Сэтгэгдлээ бичиж, сэтгэл санаагаар дэмжиж байгаа, хандив илгээж байгаа монголчууддаа бүгдэд нь баярлалаа. Би ийм зүйл болно ч гэж бодоогүй. Орж ирсэн тэрэг, бүх зүйл жин тан байсан. Ямар ч асуудалгүй гэж бодож байсан ч гэнэтийн юм гэдэг хэцүү юм, гай газар дороос юм байна.
Хандивын аяныг санаачлагч, зохион байгуулагчдын нэг С.Төгсбаяртай цөөн хором ярилцлаа.
-ХАРААД СУУЖ БОЛОХГҮЙ ШИГ САНАГДААД ИЙМ АЯН
ЗОХИОН БАЙГУУЛСАН-
-Энэ аяныг та санаачилсан уу? Яагаад эгэл жирийн энэ залууд туслахаар болов оо?
-“Prius эзэмшигчдийн нэгдсэн групп”-д нэг хүн машин нь шатсан залууд туслах тухай пост оруулсан байсан. Хүмүүс дэмжиж байсан ч хэрхэн, яаж гэдэг нь тодорхойгүй байсан тул би ямар аргаар, хэрхэн хандив цуглуулвал илүү хурдан, хялбар аргаар шийдвэрлэж чадах вэ гэдэг өөрийнхөө санааг дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн юм. Үүнийг хүмүүс их сайн ойлгоод, нилээд дэмжлэг авсан. Туслах шалтгааны тухайд энэ группэд төмөр хүлэг нэгтэй ахан дүүс, ижил төрлийн машинтай хүмүүс нэгдсэн байдаг. Тэр утгаараа бидэнд өөрт ийм зүйл тохиолдоогүй ч нэг гишүүнд маань ийм том гарз гарч байгаа нь нүдэн дээр болж өнгөрсөн. Энэ байдлыг бид хөндлөнгийн нүдээр зүгээр хараад сууж болохгүй шиг санагдаад ийм аян зохион байгуулъя гэж бодсон.
-Машин нь шатсан нэг хүнд биш өвчтэй зовлонтой байгаа хүмүүст л туслах хэрэгтэй гэсэн шүүмжлэлүүд гарч байсан?
-Тийм ээ. Гэхдээ энэ бол ердөө эхлэл шүү дээ. Бид нийлж, нэгдээд “Олны хүч оломгүй далай” гэдэг үүнээс эхлээд цаашид ч бид хүмүүст туслах боломжтой юм гэдгийг харуулахыг хүсч байна. Хүмүүс ганц төмрийн төлөө ийм ажил хийлээ гэх юм. Юм нэгээр дуусахгүй шүү дээ, энэ залууд л зөвхөн туслачихаад больчих биш.
-Хандивын аяныг ямар зохион байгуулалттайгаар өрнүүлж байгаа талаараа та тайлбарлахгүй юу?
-Одоо хүмүүсийн амьдрал тийм ч чинээлэг, сайхан биш байна. Өгч байгаа мөнгөний хэмжээндээ гол нь биш, олон хүнийг хамруулж чадвал энэ ажил бүтэмжтэй болно гэж бид бодсон. Тиймээс эхлээд хүмүүсийнхээ саналыг сонссоны үндсэн дээр группээсээ хэдэн хүнийг томилоод, шилэн данстай болж, хүмүүсийн хандивласан мөнгийг өдөр бүр тайлагнасны эцэст цугласан мөнгийг О.Номин-Эрдэнэд гардуулан өгье гэсэн санаа гаргасан. Гэсэн ч группын маань админ залуу үүнийг зөвшөөрөөгүй. Хэрэв ийм сэдэлтэй пост оруулах юм бол устгана, бичсэн хүнийг нь группээс гаргана гээд дэмжээгүй. Тиймээс О.Номин-Эрдэнэтэй бид өөртэй нь холбогдож, баталгаатай данс болон бусад мэдээллийг нь аваад дахин нэг удаа пост оруулсан.
-Анх О.Номин-Эрдэнэ рүү утасдаад өөрт нь туслахаар болсон тухай дуулгахад хэрхэн хүлээж авсан бэ?
-Эхлээд нилээд шоконд орсон байдалтай ярьж байсан. Учир байдлаа хэлээд, маш олон хүн дэмжиж байгааг дуулгахад маш их баярлаж, их сайхнаар хүлээж авсан. Та зургаа илгээчихвэл хандив илүү их эрч авах юм байна гэж хэлсэн.
-ХАНДИВ ӨГСӨН ГРУППЫН ГИШҮҮДДЭЭ ЭРГЭЖ ТАЙЛАГНАХ
БОЛОМЖГҮЙ БОЛЧИХООД БАЙНА-
-О.Номин-Эрдэнийн нэр, утасны дугаар, дансаа бичсэн зургийг хүмүүс харчихаад өөрөө өөртөө хандивын аян өрнүүлж байна гэж эндүүрч байсан. Энэ ямар учиртай зураг болохыг тайлбарлаж өгөхгүй юу?
-Бид О.Номин-Эрдэнэтэй утсаар яриад өөрийнхөө нэр болон утасны дугаар, дансны дугаар болон иргэний үнэмлэхийн зургийг аваад илгээх боломжтой юу гэсэн хүсэлт тавьсан. Гэтэл иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтууд нь бүгд машинтайгаа шатсан юм билээ. Ингээд өөрийнхөө баталгаа болгож, зураг, нэр утасны дугаараа над руу илгээснийг би групп дээрээ тавьсан юм. Хүмүүс учир байдлыг нь ойлгохгүйгээр яриад байх шиг байна.
-Одоо ч хандивын аян идэвхитэй өрнөж байна уу? Хүмүүс минут тутамд лхандаж байгаа харагдсан?
-Маш их хандалт авч, хүмүүс сэтгэлээрээ тусалж байсан. Гэтэл өнөөдөр групп дотор миний бичсэн постыг устгаад, намайг группээс гаргасан байна лээ. Тэр постны доор маш олон дэмжсэн хүмүүсийн сэтгэгдэл, баримтууд байсан.
-Тэгэхээр хандивын аяныг цаашид хэрхэн өрнүүлэх вэ?
-Хэдий миний постыг устгасан ч О.Номин-Эрдэнийн данс, утасны дугаарыг бичээд өөрөө дахин нэг пост оруулсан байна лээ. Бид эхний байдлаар маргааш групптээ “live” хийж мэдээлэл хүргэхээр төлөвлөөд байсан ч хандивын тухай пост устчихсан учраас, дахиад энэ мэдээллийг тараах, эхлүүлэх гээд нэг өдрөөр хойшилж магадгүй байна. Уриалга бичиж хүмүүсээс мөнгө татчихаад сураггүй алга болсонд гайхаж байж магадгүй, мэдээлэл хийгээд бичье гэсэн ч группээс хасагдсан тул боломжгүй болоод байна.
-Бидэнтэй цаг гарган ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Монголчууд өвчтэй, зовлонтой нэгэндээ ч тусалдаг шүү дээ. Энэ бол эхлэл. Энэ хандивын аянаараа залуус бид маш олон зүйлийг ойлгож авлаа. Цаашид улам туршлагатайгаар, илүү зохион байгуулалтайгаар тусламж хэрэгтэй хүмүүст хүрэх болно. Бид ийм гарцыг энэ удаагийн аянаас олж авч байна. Үргэлж өнөөдрөө бүү харж амьдраасай, өнөөдөр энэ залууд бид тусалж байхад маргааш энэ залуу өөр нэг хүнд тусална гэж бодож, сайн сайхныг бодож яваасай. “Хариу нэхээгүй тус” гэдэг хамгийн сайхан зүйл шүү. Бидний хэн нь ч хариу нэхээгүй, хэнд ч ийм хүнд хэцүү зүйл тохиож болно. Зовлон гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг, олны хүч оломгүй далай юм шүү. Нэг хүн бүх хүнд туслаж чадахгүй ч, хүн бүр хэн нэгэнд туслаж чадна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ