С.Гантогоо : Би мөрөөдөлдөө хүрэхийн тулд асар их саад бэрхшээлийг туулсан
"Яг түүн шиг" шоуны оролцогч, дуучин С.Гантогоотой ярилцлаа.
-"Яг түүн шиг” шоунд оролцох урилга ирэхэд танд анх ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Анхандаа ч итгээгүй шүү. Маш их догдолсон. Гэхдээ оролцох эсэхээ шийдэхийн тулд бодох хэрэгтэй болсон, Солонгос дахь ажлаа хэрхэн зохицуулах вэ гэж. Гэхдээ зохицуулсан л даа.
-Энэ удаагийн шоуны оролцогчдоос жүжигчин Т.Бархүү та хоёр нэлээд өндөр саналтай болоод байна. Араас нь бусад нь нэхсэн байдалтай явж байх шиг байна?
-Бархүү ах үнэхээр мундаг гэдгийг хэлмээр байна. Мэдээж бусад оролцогчид маань ч миний хүндэлж, биширч явдаг хүмүүс шүү дээ. Бид бүгд л маш ихээр хичээж байгаа. Хүмүүст таалагдаж байгаадаа туйлын их баяртай байгаа. Улам их хичээх болно. Миний төлөө саналаа өгсөн бүх хүмүүстээ маш их баярласан шүү.
-Та энэ шоунд оролцох шийдвэр гаргаж байх үедээ үзэгчид таныг ингэж их дэмжинэ гэж төсөөлж байсан уу?
-Үнэндээ айж байсан. Монголдоо олонд нэг их танигдаагүй, Солонгост уран бүтээлээ хийдэг залууг үнэгний хувцас өмсөөд гарч ирээд дуулахад хэрхэн хүлээж авах бол гэж боддог байсан. Санасныг бодоход гайхалтай байсан. Гадуур явж байхад "Үнэг ах аа", "Үнэг залуу" гээд л (инээв).
-Таныг хүмүүс яагаад бусдаас илүү дэмжээд байна вэ гэхээр нэг л зүйл харагдаад байгаа юм. Монголчууд өөртөө оногдсон ажлыг хал балгүй хийгээд бусдын амжилтад чин сэтгэлээсээ баярлаж чаддаг сайхан сэтгэлтэй, сэтгэл өөдрөг хүнд дуртай юм байна гэсэн бодлыг та төрүүлж байна л даа?
-Намайг өөрөөрөө байгаагаар минь хүлээн авч байгаад монголчууддаа үнэхээр баярлалаа. Хүнд хайрлагдана, хүндлэгдэнэ гэдэг энэ хорвоогийн хамгийн том бэлэг юм даа. Мөн ямар их хариуцлага оногдож байгаа гэж бодно. Урдах ажлаа бүрэн гүйцэд хийх нь миний зарчим. Яг зорилго нь юу вэ гэдгийг бүрэн ухаарах нь чухал. Надтай хамт энэ шоунд оролцож байгаа хүмүүс миний хамгийн дотны хүмүүс болж байгаа. Надад маш сайн ханддаг.
-Таны хувьд дугаарын ялагч болох боломжтой байсан ч жүжигчин Ариунцэцэг эцсийн мөчид Хишигдалайд саналаа өгчихсөн. Үүнийг хөндлөнгөөс харахад оролцогчдын хувьд жендер талаасаа хоорондоо жаахан таарамж муутай байгаа юм болов уу гэж харагдсан?
-Зуун хувь төгс хүн гэж хаана ч байхгүй. Би ч тийм төгс хүн биш. Урлагийн хүмүүс их сэтгэл хөдлөлтэй байдаг. Надад Ариука (Ариунцэцэг), Далай (Хишигдалай) хоёр ийм байсан, тийм байсан гэх шаардлага байхгүй. Тухайн үеийн эмоциороо л болсон хэрэг шүү дээ. Шинэ үеийн шилдэг уран бүтээлчдэдээ цаашдаа улам илүү хичээгээрэй гэж хэлмээр байна. Мундаг дуучин, мундаг жүжигчин шүү дээ. Надад одоо ч зөвлөж бид сайхан найз нөхөд хэвээрээ байгаа. Тэр хоёртоо амжилт хүсье.
-Та Солонгост олон жил болсон болохоор шоуны үеэр солонгос маягаар мэндчилэх, ёслох зэрэг байдал харагдаад байгаа?
-Солонгост ганц л насаар ах, эгч бол заавал хүндэтгэж харилцах ёстой байдаг. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг. Ялангуяа урлагийнхан ах захын ёсыг чанд сахидаг. Нэг ёсондоо хүндлэл юм л даа. Тэр хүн чамаас өмнө урлагт хөл тавьж олонд танигдсан бол чи заавал хүндлэх ёстой. Энэ утгаараа тэр хийж байгаа хөдөлгөөн, ёсолгоог минь зөвөөр ойлгоорой (инээв).
-Таны хувьд “Яг түүн шиг” шоуны сэтгэл татам оролцогч. Тэр утгаараа бүсгүйчүүд таны шүтэн бишрэг-чид болж байна. Таны ганц бие, найз бүсгүйгүй байгаа нь зарим бүсгүйчүүдэд найдвар төрүүлж байж болзошгүй л дээ?
-(Инээв) Намайг дэмжиж намайг сайхнаар харж байгаад үнэхээр баяртай байна. Охид бүсгүйчүүддээ бүгдэд нь хайртай шүү. Бас хүүхдүүд надад маш сайхнаар, хүндэтгэлтэйгээр хандаж байгаа нь ямар азтай хэрэг вэ, тийм ээ. Одоохондоо гэр бүл зохиох бодолгүй байгаа. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хөдөлмөрлөх болно. Яваандаа болох байх шүү. Ямар ч байсан ойрын төлөвлөгөөнд гэр бүлтэй болох төлөвлөгөө байхгүй байгаа. Яарахгүй байгаа шүү.
-Монгол, солонгос бүсгүйчүүдийн хооронд ялгаа их байдаг байх. Та эр хүний нүдээр харьцуулж үзэж л байсан байлгүй?
-Монголын охид бүсгүйчүүд хамгийн сайхан, үзэсгэлэнтэй байдаг гэдгийг хэлмээр байна. Ээж минь Солонгост очоод гудмаар нь баахан явж зугаалж ирээд "Өнөө кинон дээр гараад байдаг царайлаг хүмүүс нь хаана байна аа" гэж асуусан шүү. Гэтэл Монголынхоо гудмаар хэд алхаад л хөөрхөн охид, царайлаг залуучуудтай дайралдаж байна даг.
-Та Солонгост шүтэн бишрэгч олонтой юу?
-Яг үнэндээ энэ шоунд орохоос өмнө Солонгост л илүү хүмүүс таньдаг байсан, намайг. Одоо харин монголчууддаа, Монголдоо бага багаар танигдаж байгаадаа баяртай байна.
-Ирээдүйд эх орондоо суурин суух уу, эсвэл Солонгост уран бүтээлээ урьдын адил туурвисаар байх уу?
-Ирэн очин байх болов уу. Солонгост ажиллаж амьдардаг Монгол уран бүтээлч гэх статусыг хэвээр байлгамаар байна. Чадна ч гэж бодож байгаа.
-Та Хөвсгөл аймгийнх байх аа. Бага насныхаа тухай сайхан дурсамжаас яривал сонирхолтой байх?
-Тийм ээ, би Хөвсгөлийнх гэж явдаг. Аав минь хилийн цэргийн хүн байсан болохоор би Дорноговь аймгийн Сулинхээрийн заставт төрсөн. Хүүхэд нас минь сайхан өнгөрсөн шүү. Аав минь цэргийн хүн, ээж минь багш. Би дандаа л амандаа дуу аялаастай хүүхэд байлаа. Ээж минь харин намайг "Дэмий гонгиноод хэцүү юм" гэдэг байж билээ (инээв).
-Хүмүүс Солонгост очоод ажил хийж мөнгө олоод ирнэ гэж явдаг. Анх та ч тийм зорилготой явж байсан байх. Гэтэл та тэнд очоод олны танил эрхэм болчихож?
-Мөрөөдөл биелсэн шүү. Гэхдээ энд хүрэх гэж асар олон саад бэрхшээлийг туулсан. Маш их хичээсэн, бас тэвчсэн дээ. Гол нь хүсэл мөрөөдөлдөө үнэнч тууштай л зүтгэсээр байсан. Хүнд, хэцүү үйлдвэрт ажилладаг энгийн нэг залуу алдарт "Оддын хаан" шоу нэвтрүүлгийн тайзнаа Солонгосын алдартнуудтай хамт зогсоно гээд бодоод үзээрэй. Гэтэл одоо Монголд болж буй дэлхийн хэмжээний шоунд Монголынхоо алдартнуудтай цуг оролцож байна. Энэ бүхэн асар их хүсэл тэмүүлэл, асар их хүчин чармайлтын үр дүн юм шүү.
-Таныг ингэж амжилтад хүрч, бусдын сэтгэлийг татаж чаддаг болоход ямар зан чанар тань нөлөөлсөн гэж боддог вэ. Мэдээж эцэг эхээсээ өвлөсөн зан араншин, хүмүүжил нөлөөлсөн нь тодорхой байх?
-Аавын минь ажил хэрэгч зан, бас ээжийн минь аливаа зүйлд хүлээцтэй ханддаг зан надад асар нөлөөлсөн. Гэхдээ өөрийн зөв үзэл бодол, өөрийн гэсэн хөгжил маш чухал байдаг. Өөрийгөө байнга хөгжүүлж байнга сорьж үргэлж сайхан зүйлийг бодож, гэр бүл, найз нөхдөө хайрлаж байх хэрэгтэй. Асуудал тулгарвал бурууг бусдаас бус өөрөөсөө хайж сурах хэрэгтэй. Өөдрөг байх хэрэгтэй. Санаа зовоод юу ч өөрчлөгддөггүйг би мэднэ.
-Эх орноо хайрлах, эх орноо санахын жаргал, зовлонг харьд ажиллаж, сурч, амьдарч байгаа элэг нэгтнүүд маань илүү мэдэрдэг гэдэг. Та эх орноо маш ихээр санаж бушуухан шиг очъё гэсэн бодол төрж байсан үе бий байлгүй дээ?
-Мэдээж шүү дээ. Эх орон, элгэн садан минь бүгд л Монголд минь байгаа болохоор сэтгэл хоргодож санадаг шүү дээ. Тийм үе олон байсан.
-Монголчуудын хувьд “Яг түүн шиг” гэдэг энэ шоугаар Гантогоо гэдэг монгол залуу Солонгост дуулж, урлаг уран сайхнаар явдаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Гэхдээ өмнө нь та Солонгосын “Оддын хаан” шоугаар монголчуудад харагдсан байх шүү?
-Үйлдвэрт ажиллаж байгаад Олон үндэстний дуулаачдын МОНТАНТ байгууллагад ажиллах гайхалтай үүд хаалга нээгдэж, гэрээний визнээс урлагийн виз авсан анхны тохиолдол болж билээ. Энэ байгууллагад ажиллаж улмаар "Оддын хаан" хэмээх алдарт нэвтрүүлэгт орж ёстой л мөрөөдөл биелж гайхалтай санагдаж байсан даа. Угаас Азидаа алдартай нэвтрүүлэг учир монголчууд маань маш ихээр сонирхон намайг дэмжсэнд баяртай явдаг.
-Та эмэгтэй дуучдын дуу хоолойг адилхан гаргахаас гадна гадаад талаас нь ч мундаг дуурайж байна шүү?
-Оногдсон дүрээ хүмүүст хүргэхийн тулд маш ихээр хичээн хөдөлмөрлөж байна. Ялангуяа эмэгтэй дүр бүтээх үнэхээр хэцүү байсан. Хэцүү байна гэж хойш суулгүй чадна, бүтээнэ гэж л өөрийгөө зоригжуулж байгаа. Мэдээж гэр бүлийнхэн маань сэтгэл зүрхээрээ дэмжиж бас нэвтрүүлгийн арын албаныхан, нүүр будагчид, маск хийж байгаа орос мэргэжилтнүүд, хувцасны дизайнерууд, тайзныхан, найруулагчид маань маш их тусалж байгаа.
-“Надад тэр л таарчихаасай” гэж бодож байгаа дуучин байна уу?
-Солонгос дуучин таараасай гэж бодож байсан шүү, анхандаа. Гэхдээ эсрэгээрээ надад хүнд сонголт таарсанд олзуурхаж байна. Өөрийгөө нээ, ийм зүйлийг би чаддаг юм байна гэдгээ мэдэж авч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ