“Зуслангийн байшин түрээслүүлнэ” хэмээх зараар иргэдийг залилж байна
Зарын сайтууд болон сонинуудад “Зуслангийн байшин түрээслэнэ”, “Зуслангийн байшин түрээслүүлнэ” гэсэн зарууд яг энэ цаг үед хамгийн их нийтлэгддэг, тэр хэрээрээ эрэлттэй байдаг. Учир нь урин дулааны улирал эхлэхэд нийслэлийнхэн хотын дуу чимээ, агаарын бохирдлоос түр ч болов холдохын тулд зусланд гарахыг эрмэлздэг болсон. Нэн ялангуяа нярай болон бага насны хүүхэдтэй, өндөр настай хөгшидтэй айл өрх ядаж зуны гурван сарыг цэвэр агаарт өнгөрөөхийг хичээдэг билээ.
Тэгвэл зуслангийн байшингийн эрэлт нэмэгдэж буй энэ үед үүнийг дагасан залилангийн гэмт хэргүүд шил шилээ даган гарч, хохирогчдын тоо өсөх хандлагатай байгааг манай сонин энэ удаад сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.
Хохирогч н.Жаргалсайхан 2017 оны тавдугаар сарын 2-нд Монголын худалдааны төв сайт болох Unegui.mn дээр тавигдсан “Яргайтын Богинод цэвэр, бохирыг нь шийдсэн 2 давхар зуслангийн байшин түрээслүүлнэ. Сарын түрээс 550,000 төгрөг” гэсэн зарын дагуу 88176714 дугаар руу холбогдон байшинг нь түрээслэхээр болж, дөрвөн сарын түрээсийн төлбөр болгон хоёр сая төгрөгөө мессэжээр явуулсан данс руу нь шилжүүлэн, үл таних эмэгтэйд залилуулжээ.
Хохирогч н.Энхээ 2017 оны дөрөвдүгээр сарын 29-нд Unegui.mn сайт дээр тавигдсан “Жигжидэд цэвэр, бохирыг нь шийдсэн хоёр давхар зуслангийн байшин түрээслүүлнэ. Сарын түрээс 550,000 төгрөг” гэсэн зарын дагуу 95653989 дугаар руу холбогдон түрээсийн урьдчилгаа төлбөр болох 500,000 төгрөгөө шилжүүлэн мөн л үл таних эрэгтэйд залилуулан, хохирогч болжээ.
Тэднийг мөнгөө шилжүүлмэгц зар тавьсан этгээдүүдийн холбоо барьж байсан /зар дээр тавьсан/ утас нь холбогдохоо больсон аж. Гэхдээ тэднээс гадна өөр хэчнээн хүн хохирсон нь одоогоор тодорхойгүй байна. Тиймээс бид сэрэмжлүүлэг болгох үүднээс болсон явдын талаар мэдээлэл бэлтгэж, хохирогчидтой ярилцлаа.
Хохирогч н.Энхээ: Данс руу нь 500 мянган төгрөг шилжүүлмэгц утсаа салгаад алга болсон
-Та “Зуслангийн байшин түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу мөнгөө өгөөд алдсан юм байна. Тухайн үед таныг утсаар ярихад зар тавьсан хүмүүс юу гэж хэлж байсан бэ. Түрээслүүлнэ гэсэн байшинг нь үзээд мөнгөө өгөх боломж байгаагүй юм уу?
-Би төрөөд удаагүй байгаа. Манай хүүхэд одоо нэг сар гарантай. Хотын тоос, шорооноос үүдэлтэйгээр нярай хүүхдүүд харшлын гаралтай ханиад их хүрч байна. Бид хоёрын хувьд төрсөн цагаасаа хойш ийм зовиуртай байгаа. Эмч нарын зөвлөж буйгаар цэвэр агаарт гарвал үүнээс ангижрах боломжтой гэсэн. Тиймээс л зусланд гарах санаатай, фэйсбүүкийн зарын группүүд болон Unegui.mn сайтаас түрээслүүлэх зуслангийн байшин хайж байгаа юм. Гэтэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр Unegui.mn сайтад “Жигжидэд цэвэр, бохирыг нь шийдсэн, маш тохитой зуслангийн байшин хямд түрээслүүлнэ. Үнэ 550 мянган төгрөг” гэсэн зар тавигдсан байсан. Тэр зар намайг харахаас нэг хоногийн өмнө тавигдсан байсан юм. Тухайн үед цаг орой болсон байсан учраас би маргааш өглөө нь зар дээр байсан холбоо барих утас болох 95653989 дугаар руу яаравчлан залгасан юм. Гэтэл 40 гаруй настай болов уу гэмээр эрэгтэй хүн утсаа авсан. Тэгэхээр нь би очиж үзье гэхэд “Өнөөдөр ямар ч боломжгүй ээ. Би хөдөөгүүр явж байна. Маргааш үзэж болно. Гэхдээ нэг хүн түрээслэнэ гээд одоо урьдчилгаа төлбөрөө шилжүүлье гэсэн” гэх хариултыг өгсөн. Тэгэхээр нь би нялх хүүхэдтэй гэдгээ учирлаад, тэр хүнээс нь урьтаад урьдчилгаа төлбөрөө шилжүүлбэл манайд түрээслэх боломжтой эсэхийг нь асуухад тэр “За тэг” гээд над руу дансныхаа дугаарыг мессэжээр явуулсан юм. Ингээд л би урьдчилгаа болгож тэр данс руу нь 500 мянган төгрөг шилжүүлтэл утсаа салгаад алга болсон.
-Ямар дансаар шилжүүлсэн бэ?
-Надад Хаан банкны 53780825.. дугаартай С овогтой Г гэдэг данс явуулсан. Тэр данс руу нь манай нөхөр мөнгө шилжүүлсэн юм. Мөнгөө шилжүүлчихээд утасдаж хэлтэл “За” гээд л утсаа тасалсан. Тэгээд өнөөдрийг хүртэл тэр утас нь холбогдохгүй байгаа.
-Та энэ талаар хууль хяналтын байгууллагад хандсан уу?
-Мөнгөө шилжүүлсний дараа утас нь холбогдохоо болиход нь нэг хоног харсан л даа. Магадгүй хөдөө сүлжээгүй газар ч яваа юм билүү гэж бодоод. Гэтэл нэг хоногийн дараа Unegui.mn сайт руу ороод дахин зар харж байтал яг нөгөө зарыг дахин шинээр тавьсан байсан.
-Зар тавьсан утасны дугаар нь адилхан байна уу?
-Өөр утасны дугаар байсан. Тэгээд би тэр дугаар руу нь залгахэд эмэгтэй хүн авсан. Тэгэхээр нь “Байшин түрээслэе” гэхэд яг л нөгөө үгээ хэлж байсан.
-Юу гэж?
-Өмнө нь надад хэлж байсан шигээ “Би өнөөдөр үзүүлэх боломжгүй байна. Манай нөхөр рүү ярьж байгаад үзээрэй. Гэхдээ нэг хүн түрээслэхээр болж, урьдчилгаагаа шилжүүлье гэсэн” гээд. Тэгэхээр нь би “Түрээсийн чинь мөнгийг дөрвөн сараар нь төлье. Дансныхаа дугаарыг явуулчих” гэхэд “За” гээд утсаа тасалсан. Гэтэл дансныхаа дугаарыг явуулахгүй болохоор нь удалгүй дахин залгахад“Нэг хүн төлбөрөө хийгээд тэр хүнд түрээслэхээр болчихлоо. Мөнгө битгий шилжүүлээрэй” гэж байсан.
-Хэрэв залилан хийж байгаа бол тан руу дансныхаа дугаарыг явуулмаар юм. Яагаад мөнгө битгий шилжүүлээрэй, өөр хүнд түрээслэхээр болчихлоо гэсэн юм бол оо?
-Би өөрийнхөө утаснаас залгачихсан юм аа. Тэгэхээр миний дугаарыг таниад тэгж хэлсэн байх гэж бодож байна. Миний бодож байгаагаар энэ хэргийг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хамтарч үйлдээд байх шиг. Бид энэхүү залилангийн хэргийн талаар Сонгинохайрхан дүүргийн цагдаад мэдэгдсэн байгаа.
-Unegui.mn сайтынхантай холбогдож, энэ тухайгаа хэлсэн үү. Иймэрхүү худал зар нийтлэгдсэн тохиолдолд тухайн сайтын зүгээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Хандсан. Би тэдэнд “Танай дээр тавигдсан зараас үүдэн би өнөөдөр хохирогч болчихлоо. Магадгүй цаашид надаас гадна хэчнээн хүн хохирохыг мэдэхгүй байна. Тийм учраас сайт дээрээ ийм зараас сэрэмжлүүлсэн сэрэмжлүүлэг тавиад өгөөч гэж гуйсан, учирласан. Гэтэл тэд сэрэмжлүүлэг тавих боломжгүй гэж хэлсэн. Учир нь аливаа зарыг тавьсан тал нь хариуцлага хүлээнэ гэсэн журамтай юм гэсэн. Гэхдээ тухайн зар оруулсан дугаарыг дахин зар дээр тавих боломжгүй болгож өгөх боломжтой гэж хэлсэн.
Хамгийн эвгүй нь өнгөрсөн амралтын өдөр тэр сайт руу ороод зар харж байхад “Шарга морьтод зуслангийн байшин түрээслүүлнэ. Түрээс 600 мянган төгрөг” гэсэн зар дахиад л тавигдсан байсан. Мөн л хоёр давхар тансаг зэрэглэлийн хаусны зураг. Гэхдээ 941134.. гэсэн өөр утасны дугаар тавьсан байсан. Утас руу нь залгатал эрэгтэй хүн авсан. Тэр хүний хоолой намайг залилсан эрэгтэйн хоолойтой их адилхан, тэднийг нэг хүн гэж бодож байна. Би ч тэсэлгүй “Мөнгөө буцааж авъя. Чамайг цагдаад өгчихсөн шүү” гээд уцаарлангуй хэлэхэд утсаа таслаад унтраачихсан. Магадгүй миний дугаарыг блок хийсэн байж магадгүй.
-Танаас гадна өөр нэгэн хохирогч байгаа. Та тэр хүнийг өөртэйгээ адилхан хохирсон гэдгийг хэрхэн мэдсэн бэ?
-Unegui.mn сайт руу сэрэмжлүүлэг тавиад өгөөч гэж удаа дараа хандсан юм л даа. Гэтэл тэд над руу холбогдоод яг тан шиг хохирсон нэг хүн бидэнтэй холбогдлоо гээд тэр хүний утасны дугаарыг өгсөн. Тэр эмэгтэйн хувьд намайг мөнгө шилжүүлснээс 2-3 хоногийн дараа Unegui.mn сайтад тавигдсан “Яаргайтын Богинод зуслангийн байшин түрээслүүлнэ. Үнэ 550 мянган төгрөг. Утас 88176714” гэсэн зарын дагуу холбогдсон юм билээ. Тэр байшингийн зураг мөн л тансаг зэрэглэлийн хаус. Ингээд тэр эмэгтэй байшинг нь түрээслэхээр зар дээр тавьсан утас руу нь холбогдож, хоёр сая төгрөг шилжүүлээд хохирсон юм билээ.
Ингээд бид “Зуслангийн байшин түрээслүүлнэ” гэх зард итгэн улмаар хоёр сая төгрөгөөрөө хохироод буй н.Жаргалсайхантай холбогдож дараах тодруулгыг авлаа.
н.Жаргалсайхан: Биднийг залилсан этгээд дахин Unegui.mn сайтад зар тавьсан байсан
-Таныг зарын дагуу холбогдоход ямар хүн утас авч, юу гэж хэлж таниас мөнгө авсан юм бэ?
-Эгч нь бага насны хүүхдүүдтэй. Эртхэн агаарт гарах санаатай зуслангийн байшин түрээслэхээр зарын дагуу нэлээд хайж явсан л даа. Гэтэл зарим нь дусаал гоождог, зарим нь үнэ өндөртэй гээд яг санаанд таарсан байшин олдохгүй байсан юм. Гэтэл энэ сарын 1-ний оройн Unegui.mn сайт дээр их дажгүй байшин хямд түрээслэх зар байгааг олж харсан юм. Дотроо ариун цэврийн өрөөтэй, халуун, хүйтэн усаа шийдчихсэн, хоёр давхар байшин сарын 550 мянган төгрөгөөр түрээслэнэ гэсэн зарыг хараад ихэд олзуурхаад холбоо барих дугаар руу нь залгасан юм. Гэтэл нэг эмэгтэй утас аваад үгийн зөрүүгүй “Наад сагсны шийтээ өгсөөд наашаа яв яв... Би ирчихсэн байна” гээд хүнтэй андуураад байгаа бололтой өөдөөс яриад эхэлсэн. Тэгэхээр нь би “Түрээслүүлнэ гэсэн зуслангийн байшинг асуух гэж залгаж байгаа юм аа. Хүн андуурав” гэхэд хариуд нь “Өө, байшин үзье гээд зөндөө олон хүн залгаад байгаа юм. Нэг хүн урьдчилгаа төлбөрөө нэг сараар нь өгөөд бараг орохоор болж байх шиг байна” гэхэд нь би “Эгч нь танай байшинг түрээсэлбэл түрээсийнх нь төлбөрийг дөрвөн сараар нь бодоод өгч болно шүү” гэхэд тэр эмэгтэй “Энэ хүний яах эсэхээс нь хамаараад би тан руу орой залгая” гээд утсаа тасалсан. Тэгээд орой над руу залгаагүй юм, би ч өөр рүү нь залгаагүй. Гэтэл маргааш нь буюу тавдугаар сарын 2-нд өөрөө над руу залгаад “Та манай байшинг түрээслэх хэвээрээ юу. Нэг хүн нэг сарынхаа түрээсийн төлбөрийг дансанд хийчихлээ. Үлдсэн мөнгийг нь хэсэг хугацааны дараа өгье гэж байна. Гэхдээ та дөрвөн сараар нь бөөнд нь хийх боломжтой бол таныг оруулчихмаар байна. Мөнгө хэрэгтэй болоод тэгж байгаа юм. Хэрвээ таныг орно гэвэл би энэ хүнд хамаатныхаа хүнийг оруулахаар болчихлоо гээд мөнгийг буцааж шилжүүлчихье” гэсэн. Тэгэхээр нь би ч олзуурхаад “За тэгье, тэгье. Тэгвэл наад хүнтэйгээ асуудлаа шийдчихээд эргээд хэлээрэй” гэсэн. Гэтэл удаа ч үгүй дахин над руу залгаад “Уучлаарай, би хамаатныхаа хүнийг оруулахаар болчихлоо. Мөнгийг чинь буцаагаад шилжүүлэх гэсэн юм. Дансныхаа дугаарыг явуулчих” гээд бас л андуураад байгаа бололтой юм ярихаар нь би “Андуураад байна уу” гэтэл “Өө, яана аа, тийм байна шүү дээ. Би мөнгө шилжүүлсэн хүнтэйгээ таныг андуурчихлаа. Та чинь нөгөө эгч байна шүү дээ” гээд утсаа тасалсан. Одоо бодоход надад итгэл төрүүлэх гээд л миний сэтгэлзүйгээр л тоглоод байсан байгаа юм.
-Тэгээд таныг мөнгөө шилжүүлчих гэсэн үү. Та байшинг чинь үзэж байгаад шилжүүлье гэж хэлээгүй хэрэг үү?
-Тэгсэн. Тэр хүнийхээ мөнгийг буцаагаад шилжүүлчихлээ. Та яг одоо яаралтай мөнгөө шилжүүлчих, надад чухал хэрэг байна гэсэн. Би ч түлхүүрээ авч байгаад мөнгөө шилжүүлье гэхэд өөдөөс “Санаа зоволтгүй ээ. Би хөдөө сувилалд ажилладаг. 5-нд хот орохоороо тантай уулзаад түрээсийн гэрээ байгуулчихъя. Манай нөхөр одоо Төв аймгаас хот руу очоод танд байшингаа хүлээлгэж өгөөд, түлхүүр өгнө. Та одоо гэрээсээ гараад Яргайтын богино руу дөхөж бай. Тэнд сагсны шийт байгаа, шийт рүүгээөгсөөрэй. Хэрэв манай нөхрийг ирж амжаагүй байвал Э гэдэг манаачтай уулзаад манай байшингийн түлхүүрийг авчих. Манаачид нэг түлхүүр байгаа. Тэгээд байшингаа үзэнгээ ороод хүлээж бай” гэсэн. Тэгэхээр нь итгээд л хоёр сая төгрөгөө Худалдаа хөгжлийн банкнаас Хаан банкны Д овогтой Д гэдэг нэртэй данс руу мобайлаар шилжүүлсэн. Ингээд мөнгөө шилжүүлчихлээ шүү гэж тэр эмэгтэйд хэлээд хүүхдүүдээ дагуулаад Яргайтын Богино руу хөдөлсөн.
Гэтэл замд явж байтал буюу мөнгө шилжүүлснээс 30 орчим минутын дараа тэр эмэгтэй над руу залгаад “Та мөнгөө шилжүүлсэн юм уу, дансанд орж ирээгүй байна” гэж хэлэхэд нь цаана нь “Хороолол 3,4 явлаа” гээд микроны кондукторын дуу сонсогдоход нь би хар авсан л даа. Хөдөө сувилалд ажиллаж байгаа гэж надад хэлсэн шүү дээ. Тухайн үед бид Яргайтын зуслан руу нэлээд дөхсөн байсан. Мөн Төв аймагт байгаа гэсэн нөхрийнх нь утас холбогдохгүй. Одоо цагт бүх л аймаг, сум гар утасны сүлжээтэй болсон үе. Ингээд бид хулхидуулснаа мэдээд замаасаа яаравчлан буцан Долоон буудлын Хаан банкин дээр очоод учир байдлаа хэлээд мөнгө шилжүүлсэн дансныхаа дугаарыг хэлээд цагдаад хандаад иртэл аль хэдийнэ мөнгө гарчих байх, тиймээс түр хаалгаж болох уу, эсвэл миний шилжүүлсэн мөнгө ороогүй байвал түр арга хэмжээ авч болох уу гэхэд “Ямар ч боломж байхгүй” гэсэн. Тэгээд нөгөө эмэгтэй рүү залгахад аль хэдийнэ утас нь холбогдох боломжгүй болсон байсан.
-Цагдаад хандсан гэсэн. Ер нь хохирлоо барагдуулж авах найдвар хэр байна вэ?
-Баянзүрх дүүргийн цагдаад хандсан байгаа. Манай хууль хяналтын байгууллагын тогтолцоо үнэхээр удаашралтай байдаг юм байна. Мөн банкныхны хууль дүрэм гажуудалтай, хүнд сурталтай гэдгийг мэдэрлээ. Уг нь мөнгө шилжүүлсэн хүнийх нь данс болон надтай холбогдсон утасных нь дугаар байна. Гэтэл залилагч этгээдийг өнөөдрийг хүртэл илрүүлж чадаагүй байна. Тухайн хүний банкны дансыг нь хааж, шалгахын тулд цагдаагаас прокурор руу хүсэлт явуулдаг юм байна. Тэр хүсэлтийнх нь хариу 7-14 хоногийн дараа ирдэг гэнэ. Мөн тухайн үүрэн телефоны дугаарын дуудлагыг шалгуулахын тулд дээрх шиг хугацаа шаардлагатай гэсэн. Ёстой хөөцөлдөхөөс дургүй хүрмээр. Манай хууль хяналтын байгууллагын тогтолцоо нь ийм хүнд сурталтай, хэрэг илрүүлэх процесс ийм удаашралтай байгаа тохиолдолд ийм төрлийн луйвар газар авах нь аргагүй юм байна. Биднийг залилсан этгээд дахин Unegui.mn сайтад ийм төрлийн зар тавьсан байсан. Харин тэрхүү зарыг нь Unegui.mn сайтынхан блок хийсэн гэж байна лээ. Бид цагдаагаас бичиг аваад тус сайтынханд хандаж, залилан хийсэн хүмүүсийн тавьсан зарыг ямар хаягнаас тавьсан эсэхийг нь шалгуулсан л даа. Гэтэл Скайтэл, Юнивишины интернэтээс холбогдсон гэж гарч ирсэн. Нарийвчлалыг нь хууль, хяналтын байгууллагынхан шалгах байх. Ер нь бол Unegui.mn сайтынхан сэрэмжлүүлэг тавих ёстой гэж бодож байна. Нөгөө нэг хохирогч эмэгтэй бид хоёр сэрэмжлүүлэг тавиад өгөөч, дараа дараагийн хүн хохирохоос сэргийлэх ёстой гэж удаа дараа хандсан ч тэд өнөөдрийг хүртэл сэрэмжлүүлэг тавиагүй байсан.
Unegui.mn: Цагдаагийн бичгийг нь үндэслэж, шаардлагатай мэдээллийг нь гаргаж өгсөн
Энэ асуудлаар бид Unegui.mn сайтын 77000515 дугаарын утсаар холбогдоход “Зуслангийн байшин түрээслүүлнэ гэсэн зарын дагуу хохирсон гээд хоёр эмэгтэй манайд хандсан. Бид цагдаагийн бичгийг нь үндэслэж, шаардлагатай мэдээллийг нь гаргаж өгсөн. Мөн тухайн зарыг устгасан. Манай сайтад хүссэн хүн бүр зар оруулах эрхтэй. Тиймээс тухайн зар оруулж байгаа хүмүүс зарын үнэн бодит байдлыг хангах үүрэгтэй. Манай “Үйлчилгээний нөхцөл”-д энэ талаар нарийн тусгасан байгаа” гэлээ.
Тус сайтын Үйлчилгээний нөхцөлд V.Компанийн хариуцлагын хязгаарлалт
5.1.Сайтын үйлчилгээг ашигласнаар, Хэрэглэгч нь өөрийн эрсдэлийг үнэлэн бүх эрсдэлийг үүрнэ.Хэрэглэгчдийн бичсэн зарын текстийн утга агуулга, сайтын холбоос, зарын тайлбарт компани хариуцлага үүрэхгүй болно.
5.3. Компани нь Хэрэглэгчдийн зард орсон мэдээллийн бодит байдлыг хянах боломжгүй юм. Компани нь хэлцэл хийгч талуудын аливаа нэгэн зохисгүй зан, эсвэл гарсан хохиролд хариуцлага хүлээхгүй болно.
5.4. Компани нь Хэрэглэгчийн зард санал болгож буй бараа, үйлчилгээнд хариуцлага үүрэхгүй. Хэрэглэгчдийн хооронд гарсан маргаан, зөрчил нь Компанийн оролцоогүйгээр Хэрэглэгчдийн хооронд шийдвэрлэгдэнэ.
5.7.Хэрэглэгч сайтыг ашиглаж байх үедээ анхаарал болгоомжтой байхыг компани зөвлөж байна. Зарын эзэн нь дурдсан чадваргүй эсвэл өөр хүний дүр эсгэж байж болохыг анхаарна уу. Хэрэглэгч сайтыг хэрэглэснээр дээрх эрсдэлийг болон бусад Хэрэглэгчийн үйлдэлд компани хариуцлага үүрэхгүй болохыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэжээ.
Эл хэргийг шалгаж байгаа Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Б.Даваагаас хэргийн талаар тодруулахад “Мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа. Одоогоор энэ хэрэгт холбогдуулан хэн нэгнийг сэжигтнээр татсан зүйл байхгүй. Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээг шат шатандаа авч, ажиллаж байгаа” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ