Монгол мах 9000, Австрали мах 90000 байхын учир юу вэ

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн статистик мэдээнээс үзэхэд “Меркури” захад монгол үхрийн мах килограмм нь хамгийн үнэтэй буюу 9000 төгрөгөөр зарагдаж байгаа бол “И-март” сүлжээ дэлгүүрт австрали үхрийн мах нэг килограмм нь 10 дахин үнэтэй буюу 90 мянган /89.800₮/ төгрөгөөр зарагдаж байна.

Австрали үхрийн махыг Монголд гэнэт “И-март” дэлгүүр оруулж ирээд байгаа ч юм биш, манай улсын өндөр зэрэглэлийн ресторанууд Австралиас үхрийн нурууны мах импортолсоор ирсэн.

Монголд махны чиглэлийн үхэр үржүүлэх эрчимжсэн 100 гаруй аж ахуйн нэгж байдаг. Томоохон ресторанууд яагаад монгол махаа авахгүй, монгол махаа гадны улсуудад экспортлож чадахгүй байна вэ.

Нийт 61 сая гаруй малтай, эртнээс бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн ард түмнийг мал аж ахуйгүй гэж хэлэх хүн олдохгүй л болов уу. Гэхдээ бид яагаад мал аж ахуйн чиглэлд амжилт олохгүй байна вэ?

ОХУ, БНХАУ, Япон улс бүгд Монголоос мах авахаар тохиролцоо хийсэн удаатай. Гэвч хэн нь ч бидний санасан шиг шууд авчихсангүй, элдэв тайлбар хэлж, шалтаг тоочив. Учир нь дэлхийн стандартад монгол малын мах нийцэхгүй байна, энгийнээр хэлэхэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна.

ОХУ, Япон улсаас “малаа эрүүлжүүл, дэлхийн стандартад нийцүүл, бид иргэдээ эрүүл байлгах ёстой” гэсэн хариу бидэнд өгсөн. Гэвч монголчууд өнөөдрийг хүртэл монгол малын мах л хамгийн амттай, шимтэй, органик хэмээн өөрсдийгөө зөвтгөн сууна.

НЭГ. ГАРАЛ ҮҮСЭЛ ТОДОРХОЙ БАЙХ

Монгол улс эртнээс л бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн тул хээлтүүлэгч, хээлтэгчийн ашиг шимт байдлыг судлах, бухны үүлдрийг тодорхойлох, үр төлийн чанарыг төдийлөн тооцолдоггүй. Нөгөөтэйгүүр, малын махны гарал үүслийн бичиг тодорхойгүй байх нь элбэг. Тодорхой байлаа ч бэлчээрийн мал аж ахуйд эрүүл ахуй ярихад тун хүнд. Манай мал эрүүл байлаа ч хажуу айлын өвчтэй малтай нэг л бэлчээрт гардаг. Тэгээд ч нэг айлын малд шинжилгээ хийхэд зарим нь өвчтэй, зарим нь эрүүл гарах тохиол бий. Тиймээс бид махны чиглэлийн эрчимжсэн аж ахуйг дотооддоо хөгжүүлж, гарал үүсэл тодорхой махыг бэлтгэснээр эхний шалгуурыг давж байна.

Мөн махны экспорт явуулахад монгол малын үйлдвэр угсаа, биеийн жижиг байдал маш их мал зарлагадаж, экспортоор орж ирж буй ашгаа бүрэн авч чадахгүй эрсдэл үүсгэдэг. Тодруулбал, мах бэлтгэлд ирж буй үхрийн махны жин 100-150 кг байдаг тул малын жинг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэр угсааг нь сайжруулах, таргалуулах, жинг нь нэмэхийн тулд бордох хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хүн хэлж байна.

ХОЁР. ЭРҮҮЛ АХУЙ

Япон улс 2000 жилийн хөдөлмөрөөр үхрийн махны брэнд бий болгож, өөх, мах нь зурсан мэт алагласан амт, чанар сайтай махаа дэлхий дахинд сурталчилж, экспортын гол бүтээгдэхүүнүүдийнхээ нэг болгожээ. Тэдний махны брэндийн хамгийн гол PR бол ямар нэг нянгүй, эрүүл гэдэгт оршино. Манайд жил бүр 5-6 аймагт малын гаралтай өвчин гарч, зарим тохиолдолд малыг үй олноор нь устгах ч шаардлага гардаг. Нөгөөтэйгүүр, монгол үхрийн махны алагласан байдал 50 хувь махан дээр 50 хувь өөх хучсан байдалтай тул хаягдал ихтэй, эрүүл мэндэд хортой гэх.

Өнөөдөр ихэнх орны экспортод тавьж буй шаардлагад яснаас нь салган, шулж бэлдсэн малын махыг чухалчлах бөгөөд богийн ястай махыг жижиглэн хөрөөдсөн байх шаардлагатай байдаг аж. Ингэхдээ эрүүл газраас бэлтгэгдсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрт нядлагдсан, хүргэлтийн процесс зөв явагдаж, зөв баглаа боодолтой байх ёстой. Гэтэл манайх эрчимжсэн мал аж ахуй ховор тул малчдаас малын махаа шууд худалдан авах нь элбэг. Тэд хаана, хэрхэн малаа нядалсан нь тодорхойгүй, шаардлага хангасан хөргөлтийн системтэй тээврийн хэрэгслээр зөөсөн нь ч мэдэгдэхгүй. Ерөнхийдөө, эрүүл малын мах гэж танихад ч бэрх.

ГУРАВ. ВАКЦИН

2016 оны аравдугаар сард Монгол улсад анх удаа бог малын мялзан хэмээх гоц халдварт өвчин баруун аймгуудаар тархав. Халдварт өвчинтэй тэмцэх олон улсын зарчмын дагуу өвчин гарсан суурин газрын бүх малыг устгаж, тухайн голомтыг хяналтдаа авах ёстой. Гэвч асар их хэмжээний зардал гардгийн улмаас Монгол улс дээрх зарчмыг баримталдаггүй, баримтлах боломжгүй. Иймд, мэргэжилтнүүд өвчилсөн малыг ялгаж устгасан ч түүний цаана тодорхой тооны мал далд халдвар тээн үлддэг байна.

Ингэхээр Монгол мал бэлчээр дээр гараад ямар ч халдварт өвчин тусах магадлалтай бөгөөд үүнээс хамгаалахын тулд вакцинжуулалтад малаа тогтмол хамруулахыг малчдаас шаарддаг. Гэвч тэд үүнийг үл тоомсорлоно.

Үүний улмаас манай улсад жилд 26-28 төрлийн халдварт өвчин оношлогдож байна. Ийм л халдварт өвчин ихтэй малын махыг хэн улс орныхоо иргэдэд худалдан авч өгөхийг хүсэх билээ. Нийслэл рүүгээ ч оруулахгүй байхад, гадагшаа экспортлохын чинээ санахын ч хэрэггүй. 2016 онд Монгол улсад гоц халдварт өвчний үзүүлэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад нилээд өндөр хувьтай гарсан байдаг.

Хэрэв бид дэлхийн стандарт нийцсэн, эрүүл мах нийлүүлж чаддаг бол өнөөдөр монголчууд өөрсдөө ч гаднаас нэг килограмм нь 90 мянган төгрөгийн үнэтэй мах импортоор оруулж ирэхгүй. Энд байгаа махны чиглэлийн үхэр үржүүлдэг цөөхөн аж ахуйн нэгж дотоодын зах зээлээ хангаж чадахгүй байна. Гэтэл бид дөрвөн сая гаруй үхэртэй. Бидний давуу талыг харсан Канад эр Булган аймагт эрчимжсэн мал аж ахуй эрхэлж, фермдээ үржүүлсэн бяруугаа 120 хоног бордоод нядалж, махыг нь Улаанбаатарын ресторануудад борлуулдаг гэнэ.

“Алт, эрдэнэс биш дээ, ямар үнэтэй юм бэ” гэхийнхээ өмнө бид эхлээд “Яагаад бид ингэж чадахгүй гэж, бидэнд бүх нөөц бололцоо байна” гэдгийг бодох ёстой. Хэрэв шаардлага стандартыг нь хангачихвал тэрбум хүртэл ам.долларыг махны экспортоос олох боломжтой гэсэн тооцоо бий.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ