МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР: “Охин одоо хаана байна”

Хосгүй заяагаар хүний төрөл олоод ирсэн алаг үрсээ араатнаас ч дор хог шиг хаядаг иргэдтэй улс гэвэл манайх. Уг нь монголчууд бид эцэг эх, үрийн нандин холбоотой, үр хүүхдээ насан туршид нь хайрлан халамжилдаг онцгой ёс заншилтай ард түмэн. Гэтэл нөхөртэй болох гэж төрүүлсэн үрээ хүнсний зах дотор төөрүүлээд зугтсан эмэгтэйн талаархи өр өвтгөм мэдээлэл өнгөрсөн долоо хоногт хамгийн их анхаарал татсан сэдвүүдийн нэг байлаа. Манай сайт энэ талаархи мэдээллийг өнгөрсөн пүрэв гаригт та бүхэнд хүргэсэн.

Төрүүлсэн үрээ орц хонгил, хогийн цэгт хаяж явдаг ээжүүдийн тухай бид олонтаа сонсож байсан. Тэд үр хүүхдээ хаях болсон шалтгаанаа тайлбарлахдаа амьдралын боломж муу, тэжээж чадахгүй гэх мэт шалтаг хэлдэг байв. Гэтэл дээрх тохиолдолд ээж нь цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “Найз залуутайгаа хамт амьдрах гэж хүүхдээ тээршааж төөрүүлсэн” хэмээн мэдүүлсэн нь олон хүний эгдүүцлийг хүргэсэн юм.

ohin-ОХИН ЭМЭЭТЭЙГЭЭ АМЬДАРЧ БАЙНА-

Бид болж өнгөрсөн үйл явдалтай холбоотойгоор төрүүлсэн эхдээ хаягдсан 1.7 настай У охин одоо хаана байгааг эх сурвалжуудаас тодруулж, нэхэн сурвалжиллаа. Цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын шатанд яваа хэрэг тул дахин нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй хэмээн цааргалсан ч эцэстээ “Охиныг эмээд нь өгсөн” гэсэн хамгийн чухал мэдээллийг бидэнд өгсөн юм.

Хөөрхий охин эмээтэйгээ хамт байгааг мэдэхэд нэг талаар баярлууштай. Учир юу вэ гэвэл эцэг эхдээ хаягдаж, очих газаргүй болсон бяцхан үрс “олдмол” гэх овог зүүж, Хүүхдийн төв сувилалд хүргэгдэж очдог билээ. Улмаар тэндээ гурван жил амьдраад, асрамжийн газруудад хуваарилагддаг эмгэнэлт хувь тавилан тэднийг хүлээж байдаг. Хүүхдүүд төв сувилалд байхдаа юугаар ч дутагддаггүй. Хоол унд, хувцас хунар, эрүүл мэндийн үйлчилгээ цөм бүрэн. Гагцхүү тэдэнд эцэг эхийн хайр л дутагддаг.

Охиныг эмээ нь авсан ч цаашид яах болхэмээн санаа зовохын учир нь охины ээж цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ“Би С-тэй хамт амьдрах гээд хүүхдээ ээждээ өгөх гэтэл ээж “Би авахгүй. Өөрсдөө учраа ол” гэсэн. Тийм болохоор С бид хоёр ярилцаж байгаад төөрүүлэхээр шийдсэн. Одоо маш их гэмшиж байна” хэмээн мэдүүлсэн байдаг.

Эндээс эмээ нь зээ охиноо мөн л тээршаадаг байх гэсэн бодол зурсхийн орж ирснийг нуух юун. Харин эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулах явцад охиныг эмээ нь өөрөө хайж цагдаагийн байгууллагаас ирж авч явсныг дуулав. Өөрөөр хэлбэл, охиныг эмээд нь хүчээр аваачиж өгөөгүй нь сайн мэдээ юм.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагчид хэрэг гарсан тухайн үед “Бөмбөгөр”-т төөрсөн охины ар гэрийнхнийг хайж байна хэмээн зар тавьсан юм байна. Үүнийг “25-р суваг” телевизийн сэтгүүлч Б.Зулаа гэх бүсгүй “Охиноо санаатайгаар төөрүүлж хаясан байж болзошгүй хэрэг гарлаа” хэмээн олон нийтэд мэдээлсэн нь охины ар гэр, эмээтэй нь холбогдоход маш том тус болжээ. “25-р суваг” телевизээр ач охиныхоо зургийг харсан эмээ утсаар нь холбогдож, зээ охиноо цагдаагийн газарт байхад нь олж авсан байна.

-ГЭМ ЗЭМГҮЙ ХҮҮХДҮҮД ТӨЛӨӨС ТӨЛСӨӨР БАЙХ УУ-

Монгол Улс төрүүлсэн үрээ хаяж, төөрүүлэхийг эрүүгийн гэмт хэрэг болгон авч үздэг. Эрүүгийн хуулийн 117.1-т“Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.”, 117.2-т “Энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Үүгээр ч зогсохгүй гэр бүлийн тухай, Хүүхэд хамгааллын тухай олон хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцоор хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг Монголын төр, насанд хүрсэн хүн бүр хүлээдэг. Хүсээгүй жирэмслэлт, архидалт, ажилгүйдэл, биеэ үнэлэлт, ядуугийн төлөөсөнд гэмт зэмгүй хүүхдүүд ийн өртсөөр байх уу.

Б.ЦЭЛМЭГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ