"Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй байх ямар ч үндэслэлгүй" гэв
МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус намынхантай УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар хамтран мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Энэ сонгуульд МАНАН ялснаар эдийн засгийн хямрал, улс төрийн нөхцөл байдал улам муудна. Тиймээс иргэний нийгмийн байгууллагууд МАХН-ыг Ерөнхийлөгчийн сонгуулиар дэмжиж ажиллахаа мэдэгдэж байна” гэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар “Сонгуульд хууль бусаар нэр дэвшигчийг оролцуулахгүй байх зааврыг хуулийн байгууллагад улс төрийн намууд өгсөөр ирлээ. Энэ үйлдлээ Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин гаргахгүй байх шаардлагыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн. МАХН-ын дарга Н.Энхбаяр Өршөөлийн тухай хуулийн дагуу ялтай хугацаа нь дууссан байгаа. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй байх ямар ч үндэслэлгүй” хэмээн тодотгов.
МАХН-аас төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн шаардлагад Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаас гадна оффшорт данстай гэгддэг 49 хүний асуудлыг сөхөж, шаардлагатай арга хэмжээ авахыг сануулсан болохыг тус намаас онцоллоо. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар “МАН мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг явж, ОУВС-гийн гар, хөл байгааг бид тууштай эсэргүүцэх болно. Энэ байдлаа засахгүй бол МАН-ын төв байр болон төрийн ордны гадна хугацаагүй суулт хийнэ гэдгээ МАХН албан ёсоор мэдэгдэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар амласнаасаа өөр чиглэлд яваа МАН-ыг дэмжихгүй байхыг уриалж байна” гэв.
Г.ИТГЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ