Өмгөөлөгч С.Оюунцэцэг: Т.Чимгээг ар гэрийнхэн нь хайж байгаа

С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаад буй Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт хоёр шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх шийдвэр гаргасан. Ялтнуудын зүгээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, өнгөрөгч долоо хоногт буюу 4-р сарын 18-ны өдөр Дээд шатны шүүхэд хүсэлт гаргаад байгаа юм. Өнгөрөгч 4-р сарын 25-ны өдөр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас давж заалдах шатны шүүхээс гаргасан ялын тогтоолыг биелүүлж, ялтнуудыг чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүлсэн талаар өмнө нь бид мэдээлсэн. Харин ялтнуудыг аль хорих ангиуд руу шилжүүлсэн талаар тэдний ар гэрийнхэн болон өмгөөлөгч нарт ямар нэг мэдээлэл өгөөгүй байгаа аж. Ялтан Б.Содномдаржаа 4-р сарын 24-ний өдөр ар гэрийнхэнтэйгээ утсаар холбогдож “Намайг өөр хорих анги руу авч явж байна. Төв аймагт байдаг юм шиг байна. Битгий санаа зовоорой” хэмээжээ. Улмаар ар гэрийнхэн нь хорих анги шилжүүлсэн тухай өмгөөлөгчөөс асуухад түүнийг хэддүгээр хорих анги руу шилжүүлсэн тухай мэдээлэл олдоогүй байна. Мөн ялтан Т.Чимгээг хэддүгээр хорих анги руу шилжүүлсэн нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа ба ар гэрийнхэн нь ШШГЕГ-т хандсан ч тодорхой хариу өгөхөөс татгалзаж байгаа аж. Энэ талаар ШШГЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулбал “Ялтан Т.Чимгээгийн хувьд өмнө Төв аймаг дахь дамжин өнгөрөх хорих ангид хоригдож байсан. Хоёрдахь шатны шүүх хуралд цахимаар оролцсон. Ялтан Т.Чимгээ нь эмэгтэй хүн учир манай улсад ганцхан байдаг эмэгтэйчүүдийн хорих анги буюу ШШГЕГ-ын харъяа хорих 407-р анги руу шилжүүлсэн байх ёстой. Энэ талаарх мэдээллийг ялтны ар гэр болон өмгөөлөгчид өгөх эрхзүйн орчин бий” гэв. Харин Т.Чимгээгийн ар гэрийнхэн ШШГЕГ-ын харъяа эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид очиж уулзах гэтэл шилжүүлэн авч ирээгүй гэх хариу өгсөн байна. Түүнчлэн өмнө нь хоригдож байсан хорих ангид ч байхгүй байгаа хэмээн мэдээлж байна. Энэ талаар Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэгээс тодруулбал “Т.Чимгээг аль хорих анги руу шилжүүлснийг мэдэхгүй байна. Гэрийнхэн нь хайж байгаа. Миний зүгээс гэрийнхнийг нь ШШГЕГ-ын удирдлагад хандаж хаана байгааг нь мэдэж авахыг зөвлөж байгаа” гэх хариулт өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ