А.Бархас: Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны 80 хувийг төрөөс даана
Эрхтэн суулгах хагалгааны зардлыг төрөөс даах болсон билээ. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын хариуцсан мэргэжилтэн, Донорын тухайн хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга А.Бархастай ярилцлаа.
-Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг төрөөс даах шийдвэр хэзээ гарсан бэ?
-Хууль 2000 онд батлагдаж, 2012 онд өөрчлөлт орсон байдаг. Энэ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд эрхтэний болон донорын санхүүжилтийг төр хариуцна гэсэн асуудлыг хуульчлан өгсөн байдаг. Энэ хуулийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Төрөөс эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээг хариуцах хууль Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн. 2017 оны төсвийн тодотголоор энэ асуудлыг Засгийн газар санал болгож, одоогийн байдлаар тооцоолол хийгдэж байна. Бид Донорын тухайн хуулийн шинэчлэсэн найруулгын хуулийг 2016 онд УИХ-д өргөн бариад, 2017 оны нэг сард дэмжигдсэн юм. Хуулийн хүрээнд санхүүжилтийг төрөөс, Эрүүл мэндийн даатгалын сангаас, хувь хүний төлбөр гэсэн гурван төрлийн хэлбэрээр санхүүжүүлэхээр шинэ хуулийн төсөл явж байна. Бодит практик дээр эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээний хэрэгслийн зардлыг санхүүжүүлээд явж байна. Төрөөс буюу улсын төсвөөс хариуцах асуудал төсөвт багагүй ачаалал үүсгэж байгаа учраас иргэн хувиасаа нилээд их мөнгийг элэг шилжүүлэн суулгах мэс засалд гаргаж байгаа нь иргэдэд санхүүгийн дарамт үүсгэж байна. Олон улсын жишгээр бид иргэнээс гарах зардлыг 20 хувиас хэтрүүлэхгүй байх бодлого барьж хуульчлахаар явж байна.
-Одоогийн байдлаар эрхтэн шилжүүлэх хагалгааны зардлыг төрөөс даах асуудал эцэслэн шийдэгдээгүй гэсэн үг үү?
-Эцэслэсэн байдлаар Эрүүл мэндийн сайд шийдэхээр тооцоолол хийгдэж байна. Үнэ төлбөргүй эхний элэг шилжүүлэн суулгах хагалгааг энэ сарын 12-ны өдөр хийхээр болж байна. Мөн тодорхой хувийг нь даатгалын сангаас хариуцаж байгаа.
-Энэхүү хагалгаанд орох иргэн хэдэн төгрөг өөрөөсөө гаргах вэ. Мөн төрөөс хэдэн хувийг нь гаргаж байна. Ямар шатлалаар хагалгаанд оруулах зохицуулалт хийгдэж байна вэ?
-Улсын төсвөөс 80 орчим хувийг, эрүүл мэндийн даатгалын сангаас 10%, иргэн 10%-ыг гаргахаар болсон. 100 орчим сая төгрөгийн хагалгааны 10% гэхээр арван сая төгрөг болохоор байна. Үнэтэй хийж байх үед иргэн дангаараа 85 сая төгрөг төлж байсан. Тэгэхээр энэ хагалгаа үнэгүй гэсэн үг. Энэ гаргаж буй арван сая төгрөг, оношлогоо болон эмчилгээ, эм зэргийн зардлыг иргэн гаргана. Учир нь БНСУ-аас дархлаа дарангуйлах эм маш өндөр өртөгтэй орж ирдэг. Мөн зарим үнэтэй шинжилгээ оношлогоонуудын зардлыг даатгалаас хариуцаж байна.
-Манай улсад элэгний өвчлөл өндөр хувьтай байдаг. Цаашид энэ хагалгаанд орох хүсэлтэй иргэд олон байгаа байх. Ямар шалгуураар хагалгаанд оруулах вэ?
-Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэд онош нь батлагдсан тохиолдолд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах тасаг дээр очиж бүртгүүлэх ёстой. Ингэснээр эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний хүлээлгийн жагсаалт, энэхүү бүртгэлд ордог. Бүртгүүлсэнийхээ дараа элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах багууд гэж сайдын тушаалаар батлагдсан тус бүрдээ 30-40 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний том баг ажилладаг. Энэхүү багийн хурлаар орно. Дараалалдаа орж, багийн хурлын шийдвэр гарсан тохиодолд эцсийн байдлаар хагалгаандаа орно. Энэ хүртэл эрхтэн шилжүүлэх төв дээрээ бүртгүүлж, донор болон өвчтөн хоёр хоёулаа шинжилгээнд ороод бэлтгэл ажлаа хангаж, хамгийн хурдан хугацаанд буюу 20 хоногт бэлтгэлээ хангаж бэлэн болдог. Зарим хүмүүс санхүүгийн хүндрэл болон хувь хүний хариуцлагагүй байдлаас болж бүртгүүлснийхээ дараа алга болчихдог. Бүр хагас жилийн дараа элэг нь хавдартай, хатууралтай, цус алдаад хүндрэхээрээ буцаад нөгөө баг дээрээ хүрээд ирдэг. Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орох гэж буй хүн аль болох намжмал хэвийн үедээ орвол илүү үр дүнтэй. Харин их цус алдсан үедээ хагалгаанд орвол хагалгааны үр дүн буурдаг.
-Одоогийн байдлаар элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох гэж буй хичнээн хүн байна вэ?
-Хурлаар орж шийд гарсан, яаралтай журмаар хагалгаанд орох 15 хүн хүлээлгэнд байна. Цаашид маш их олон тоогоор яригдана. 2016 онд вирустэй, хавдартай 892 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь цаашид хатуурал болж, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай л гэсэн үг. Элэгний хорт хавдраар 2015 онд 2176 хүн шинээр бүртгэгдсэн байгаа, нийт хорт хавдрын 39.1 хувийг эзэлсэн хамгийн өндөр тархалттай нь. Энэ хүмүүс эрт үе дээрээ хүлээлгэнд байна гэсэн үг. Бид хүчин чадлаа тооцож үзэхээр жилдээ 20 хагалгаа хийдэг байсан бол цаашдаа 40-ийг хийх бүрэн боломж байна. Энэ байдлаараа 2025 он хүртэл явахад 60 орчим хувьд хүрнэ гэсэн тооцоолол гаргасан байна. Гэхдээ гадаад оронд их үнэтэй хийлгэж байсан хагалгааг өөрийнхөө оронд хийж байгаа нь мөнгөн урсгал бууруулах сайн талтай. Жишээлбэл, 2014 онд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр гадаад орон руу 44 хүн зорьсон бол 2016 онд 9 хүн болж буурсан нь гадаад орныг зорих тоог 20 хувиар бууруулж байна. Ингэснээр маш их мөнгө хэмнэж байгаа. Манай улсаас Энэтхэг, Солонгос, Хятад гэх орнуудад нийт 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах хагалгаанд 45 сая ам доллар зарцуулсан байна. Энэ их гадаад мөнгөн урсгалыг бууруулах үндэснийхээ багийг чадавхжуулах, техникжүүлэх асуудал хүлээгдэж байна.
-Хамгийн дээд хүчин чадлаараа хагалгаа хийлээ гэхэд жилдээ 40 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх юм байна. Тийм үү?
-Ер нь элэг шилжүүлэн суулгах хагалгаа үнэ төлбөргүй, донор олдоц сайтай байвал их хүнд хийнэ. Амьд болон клиник үхэлтэй донорыг бүрэн ашиглаж чадвал манайд энэ тооноос илүү олон хагалгаа хийх хүчин чадал байгаа. Одоохондоо манайх жилдээ 15, улиралд 3-5 хүн хагалгаанд орж байна. Энэ тоог нэмэгдүүлэх багийн боломж бүрдсэн. Тоног төхөөрөмжийг сайжруулах хэрэгцээ шаардлага байна. Сар бүр хагалгаа хийх ч бүрэн боломж байна. Гэхдээ одоогийн байдлаар хэрэгцээ шаардлагын улмаас нэг сардаа элэг шилжүүлэх хагалгаа хийж байна.
-Бөөр болон чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа ямар өртөгтэй байдаг вэ?
-Өмнө нь 27 сая орчим төгрөг байсан. Чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа их үнэтэй, 85 сая байсан. Бөөр шилжүүлэн суулгах хагалгаагаар манай улс нилээн дадлагажиж нутагшуулсан байгаа. Жилдээ 25 орчим хүнд шилжүүлэн суулгаж байна. Нийтдээ 136 удаа хийгдсэн байна. Бусад хагалгааг болоход давтамж өндөртэй хийгддэг юм. Энэ жилдээ бид 25 хагалгаа хийхээр төлөвлөсөн байна. Мөн вирустэй хүмүүст бөөр шилжүүлэн суулгах хагалгаа нь эмчээс их ур чадвар, их технологи шаардах хагалгаа юм. Бид өмнө нь энгийн хүнд хийдэг байсан бол вирустэй хүнд хийх дараагийн шат руугаа шилжсэн амжилттай байна. Мэдээж манай улсын хувьд бөөр шилжүүлэн суулгах хэрэгцээ маш их байдаг. Элэг шилжүүлэн суулгах хагалгаатай харьцуулвал маш их хэрэгцээтэй байдаг. Бөөрний өвчлөл өнөөдрийн байдлаар маш өндөр байгаа.
-Манай эмч нар чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны хувьд туршлагажиж байна уу?
-Чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны хувьд 2014 онд анх нэвтэрч, нийтдээ дөрвөн хүнд хийсэн байна. Жилдээ дөрвөн удаа хагалгаа хийх нь их тоо гэсэн үг юм. Энэ хагалгаа их өндөр технологи шаардана.
-Хагалгаа хэдэн цаг үргэлжилдэг вэ?
-Элэг шилжүүлэн суулгах хагалгаа нийтдээ 20-30 цаг үргэлжилнэ. Харин бөөр шилжүүлэн суулгах хагалгааны хувьд 10 орчим цаг байна. Мөн чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа бол 36 цаг зарцуулагддаг. Энэ төрлийн хагалгаа хийхийн тулд эмнэлэг тэр чигтээ ажилладаг юм. Эмч нар үе шаттайгаар дараалалтай хийгээд явдаг.
-Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны дараа гарах хүндрэл эрсдэл хэр байдаг вэ?
-Хагалгааны дараах хяналт эмчилгээ хувь хүнээс маш өндөр тэвчээр шаарддаг. Эмчилгээний дэглэм барих их асуудалтай байдаг. Ер нь эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орж байгаа иргэн маш өндөр зардлаар амьдарч байгаа юм. Энэхүү хагалгааны дараа их өндөр үнэтэй эмчилгээ, эм ууж, хяналт шаарддаг. Хагалгааны дараа маш өндөр өртөгтэй эмүүдийг удаан хугацаагаар ууж хэрэглэдэг тул үүн дээр нь бас даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг. Мөн явцын шилжилгээ, хувийн дэглэм барих асуудалд хувь хүмүүс их хайнга ханддаг. Мэдээж эмнэлгийн зүгээс байнгын хяналттай байлгадаг. Мэс заслын дараахь хүндрэлүүд тодорхой хувиар гарна. Манай улсад харьцангуй цөөн гардаг юм.
-Нас заадаг уу?
-Хамгийн дээд нь 60 нас юм. Амьдрах нас болон хагалгааны үр дүнг тооцож үздэг. Харин доод нас гэж заагаагүй.
-Өнөөдрийн байдлаар хүлээлгийн жагсаалтанд байгаа иргэдийг хэрхэн ямар дарааллаар оруулж байна вэ?
-Одоогийн байдлаар хүлээлгийн жагсаалтанд яаралтай болон хүлээлгийн гэсэн хоёр төрлийн хүлээж байгаа иргэд байна. Жагсаалтанд бүртгэлтэй иргэдээс яаралтай орох тохиодол байдаг. Шинжилгээний явцад биеийн байдлаас хамаарч яаралтай цус алдсан байдалтай бол яаралтайгаар орно. Одоо хамгийн эхний яаралтайгаар үнэгүй хагалгаа энэ сарын 12 нд хийгдэнэ. Бүртгүүлсэн, биеийн байдал хэвийн сайн байгаа иргэдийг төлөвлөгөөт хагалгаанд оруулдаг.
-Энэхүү хагалгаанд орох хүсэлтэй иргэн хамгийн түрүүнд хаана хандах ёстой вэ?
-Нэгдүгээр эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны багт хандаж бүртгүүлнэ. Хавдартай хүмүүсийг хавдар судлалын үндэсний төв дээр бүртгэж байгаа. Мөн хавдар судлалын үндэсний төв өргөтгөлийн барилга ашиглалтанд орж, элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх бэтгэл хангаж байна. Бүр цаашлаад Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв нээхээр ажиллаж байна. Ийм хэрэгцээ бол нэн шаардлагатай байна. Одоогийн байдлаар нэгжийн хүрээнд хоёр эмнэлэг дээр бүртгэл хийгдэж байна. Цаашдаа нойр булчирхай болон зүрх шилжүүлэн суулгах хагалгааг улсдаа хийхээр 2020 он хүртэл бэлтгэл ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар туршилтын мэс заслууд явагдаж байна.
-Олон хүнд нэг дор 85 сая төгрөгийн хагалгааг үнэгүй хийх боломж бий юу?
-Ямар ч байсан төсвийн тодотголоор төсвөөс санхүүжүүлэх зардлыг гаргуулахаар тооцоолол хийж байна. Даатгалын сангаас гарах зардал бүрэн гарна. Дээр нь бидний зүгээс бүх боломжийг судалж байна. Ямар ч байсан иргэнээс гаргах мөнгийг 20 хувиас дээшлүүлэхгүй байхаар төлөвлөсөн. Төлөвлөгөөнд энэ жил орсон 20 хүнд энэ байдлаар хагалгаа хийх гээд зорьж байна. Дотоод, гадаад нөөцөө судалж байна. Эцсийн байдлаар яг хэдэн хүнд хийх нь судалгаа тооцоолол хийсний дараа тодорхой болно. Гэхдээ аль болох олон хүнд үнэ төлбөргүй хийх бүх боломжийг тооцоогоор гаргах гээд ажиллаж байна.
-Хагалгааны дараах зардлыг хэрхэн зохицуулж байна вэ?
-Хагалгааны дараа иргэнээс зардал гарна. Даатгалын сангаас тодорхой хувийг нь хөнгөлнө. Төрөөс хагалгааны дараахь нэг сарын зардлыг бүрэн даана. Түүнээс хойш бүх зардлаа иргэн өөрөө хариуцна. Нийтдээ хагалгааны зардлын 80 орчим хувь нь төр болон даатгалын сангаас гарна. Ганцхан мэс засал хийлгээд бүх юм шалтгаалаад байх асуудал биш, хувь хүний эрүүл мэнд хариуцлагаас шалгаалах юм. Манайхан хоолны дэглэм, тамхины хэрэглээ, хөдөлгөөнөө зохицуулж байж амьдрах чадвар нэмэгдэнэ. Донорын тухай хуулинд манай улсад сайн дурын үндсэн дээр авлагагүй хүмүүнлэгийн элэгний донор болдог. Гэтэл донор хүний 70 орчим хувийн элгийг авч хагалгаад орчихоод архи уугаад бие нь муудаад явж байгаа тохиолдол манайд байгаа. Бид одоо эрүүл мэнд нийгмийн асуудлыг анхаарсан тодорхой хэмжээний тэтгэлэг олгохоор хуульчилж оруулах гэж байна. Удахгүй бид шинэ Донорын тухай хуульдаа тархины үхэлтэй донорын тухай хуулийг нилээн нарийн оруулж өгч байгаа юм.
-Хагалгааны зардлыг төрөөс даахаар болсноор багагүй ачаалал үүсэж байгаа байх?
-Ачаалал багагүй үүсэж эхэлж байна. Гэхдээ журмынхаа дагуу дараалалд орж явна. Оочер дайрах асуудал байхгүй. Маш нарийн шинжилгээ боломжийн үндсэн дээр мэргэжлийн баг шийднэ. Хэн нэгэн оочер дайрах асуудал гарахгүй.
-Зохицуулалт их сайн байх шаардлагатай байх?
-Нэгдүгээр эмнэлэг дээр оочер дараалал их байна. Ер нь эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг эмнэлэг үндэсний зохицуулалтад орох ёсгүй юм. Ийм учраас бид Донорын тухай хуулийн шинэчлэсэн найруулсан хуулийн төсөлд удирдлага зохион байгуулалтын шинэ бүлэг оруулсан. Энэ бол эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг зохицуулах албыг ЭМЯ-ны харьяа байгууллага дээр байгуулахаар хуульчилсан. Энэ жинхэнэ үндэсний хүлээлгийн хуудас, нэгдсэн мэдээллийн сан, бүртгэл мэдээлэл явагдаад бүх 3-р шатлалын эмнэлгүүдийн хооронд нь холбож, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг эмнэлэг зөвхөн мэргэжлийн ажлаа хийнэ. Энэ үйл ажиллагаа хуульчлагдаж байгаа юм. Ингэснээр бүртгүүлэх, зөвлөгөө авах гээд байх учир дутагдалтай. Зохицуулалтын баг ажиллаад ирэхээр энэ бүх асуудал цэгцэрнэ. Энэ үйл ажиллагааг хуулиар зохицуулагдах хүртэл нэгдүгээр эмнэлгийн эрхтэн шилжүүлэх баг хариуцаж байна. Нэгдсэн зохицуулах албан дээр үндэсний хэмжээнд нэг л газар бүртгэнэ. Шинэ хууль батлагдахаар энэхүү ажил эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД