Монгол оюутан Буриадад төрүүлсэн үрээ бүрэлгэсэн үү?
Энэ сарын 3-ны өглөө үүрээр Улаан-Үүд хотын нэгэн сургуулийн дотуур байрны ариун цэврийн өрөөнд 17 настай Монгол оюутан ухаангүй хэвтэж байсныг олжээ. Түүний бие дээр дөнгөж төрөөд өөд болсон нялх хүүхэд байсан гэнэ. Эл хэргийг Буриадын цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Мөрдлөгийн явцад оюутан 2016 оны намар Монголоос Буриадад суралцах зорилгоор ирсэн гэдгээ мэдүүлжээ. Тэрбээр нэгдүгээр курст сурч байгаа бөгөөд дотуур байрны өрөөндөө нутаг нэгтэнтэйгээ амьдардаг аж. Оюутан охин орос хэл мэддэггүй, зөвхөн монголчуудтайгаа харьцдаг гэж мэдүүлжээ. Охиныг хамт амьдарч байсан нутаг нэгтэн нь болон сургуулийн багш, ажилтнууд хөл хүнд байсныг мэдээгүй гэнэ. Учир нь охиныг гаднаас нь хараад хөл хүнд гэдгийг нь мэдэх боломжгүй байжээ.
Оюутан охин энэ сарын 3-ны үүрийн 04.00 цагт ариун цэврийн өрөөнд хүүхдээ төрүүлсэн байна. Удалгүй дотуур байрны жижүүр шалгалт хийх үеэр охиныг ухаангүй өөд болсон нялх хүүхдийн хамт байхыг нь олжээ. Жижүүр түргэн тусламж дууджээ. Одоогоор эмч нар охины амийг аврахаар ажиллаж байна.
Мөн шүүхийн шинжилгээний газар нялх үрийн өөд болсон шалтгааныг тодруулахаар шалгаж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ