ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: 116-р сургуулийн багш нар БСШУЯ-ны шалгалтын комиссыг оруулсангүй

116Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооноос өнгөрөгч дөрөвдүгээр сарын 24-ний өдөр төрийн гурван өндөрлөгт хандан хараагүй хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой шаардлага хүргүүлсэн билээ. Тодруулбал:

-Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоож, дорд үзэж байгаа БСШУС-ын сайд Ж.Батсуурийг нэн даруй огцруулах,

-Бага дунд боловсролын тухай хуулийн 13.3-т боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага харъяанд байна гэж заасны дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяанд байгаа 116 дугаар тусгай сургуулийг БСШУСЯ-ын харъяа болгох

-Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шаардлагатай сургалтын орчин, тоног төхөөрөмж, ном сурах бичиг, хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулахад анхаарч ажилладаггүй, харааны бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээг ойлгодоггүй удирдах албан тушаалтнуудыг өөрчлөх гэсэн шаардлагууд тавьж байгаа юм.

116

-БСШУСЯ ТӨРИЙН АЛБА ХААГЧ, БАГШ НАРАА ХҮНДЛЭХГҮЙ БАЙНА ГЭВ-

Тэдний тавьж буй шаардлагыг БСШУС-ын яамнаас сонсоод, 116-р сургуульд шалгалт хийхээр ажлын хэсэг байгуулсан бөгөөд өнөөдөр өглөө тус сургуульд шалгалтаар очсон байна. Харин тус сургуулийн багш нарын эсэргүүцэлтэй тулж, шалгалт хийж чадалгүй буцсан байв.

Биднийг 116-р сургууль дээр очиход уриа, лоозон барьсан багш нар биднийг угтлаа. Улмаар ямар зорилгоор ийн тэмцэл хийж байгааг асуухад “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос манай сургуулийн эсрэг, багш нарыг нь ямар ч мэдлэг чадваргүй гэж мэдээлэл хийсэн. Түүнээс нь болоод БСШУ-ны яамнаас манай сургуульд өнөөдөр өглөө шалгалт хийхээр ирсэн.Бид мэдлэг чадваргүйдээ өдий олон жил харааны бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байх уу. Хоёргүй сэтгэлээр өчнөөн олон жил ажилласан багш нар зөндөө. Гол нь бид өнөөдөр энэ жагсаалаараа юуг хэлэх гэсэн бэ гэвэл Боловсролын яам яагаад төрийн бус байгууллагын үгэнд итгэж, тэднийг дэмжээд төрийн албан хаагч багш нараа хүндлэхгүй байгаа юм бэ гэсэн утгаар жагсаж байна. Манай сургуулийн хэвийн үйл ажиллагаа алдагдаад байна.” гэв. Тэд “Багш бидний хөдөлмөрийг үндэслэлгүй битгий үгүйсгэ”, “Хараагүйчүүдийн үндэсний холбоо биднээс илүү шавь нарт минь хайртай гэж үү”, “Сургуулийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд бүх хариуцлагыг Монголын хараагүйчүүдийн холбоо, түүний гар хөл бологчид хариуцах ёстой”, “Өөрсдийнхөө ашиг сонирхолд, сургууль, сурагчдын нэрийг бүү оролцуул”, “Хамт олны нэр хүндийг гутаан доромжлогч бидэнд хэрэггүй” гэх мэтчилэн уриа, лоозон барин жагссан байлаа.

116

Б.АЛТАНТУЯА: ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АЛДАГДСАН ҮЕД ШАЛГАЛТ
ОРУУЛААД ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ

Энэ үеэр тус сургуулийн газарзүйн багш Б.Алтантуяагаас цөөн зүйл тодрууллаа.

-Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл манай сайтад ярилцлага өгсөн. Энэ үеэрээ бидэнтэй нэгдэж 116-р сургуулийн хүүхдүүдийн эрх ашгийн төлөө дуугарсан Д.Сарантөгс багшийг захиралын албыг түр орлон гүйцэтгэгч Э.Энхзул хамт олныхоо нэр хүндийг унагаж, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой нэгдэж мэдээлэл хийсэн учраас багш нарын саналаар ажлаас нь халсан гэх мэдээллийг бидэнд өгсөн. Энэ үнэн үү?

-Манай багш нар Д.Сарантөгс багштай хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ аль дээрээс захирал, удирдлагуудад хэлж байсан. Тэр хүн бол ёсзүйгүй, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд бичигдсэн зүйлсийг удаа дараа ноцтой зөрчсөн.Гэвч манай захирал тушаалаа гаргаагүй байсан. ХаринМонголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой нэгдэж, хамт олныхоо нэр хүндэд халдаж,сургуулийн хэвийн үйл ажиллагаа алдагдсаны дараа халах тушаал гаргасан. Түүнээс биш багш нарын саналаар хална гэж байхгүй шүү дээ.

-Өнөөдөр өглөө танай сургуульд шалгалт хийх гэж ирсэн хүмүүсийг сургууль руу оруулаагүй гэж сонслоо. Шалтгаан нь юу байв?

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал болон БСШУСЯ-наас шалгалт хийнэ гэж ирсэн. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо багш сурагчдын дунд хагарал үүсгэчихсэн, сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдчихсан байгаа энэ үед шалгалт оруулаад олигтой үр дүн гарахгүй гэж бид үзэж байгаа. Тийм учраас шалгалтаар ирсэн хүмүүсийг сургууль руу оруулаагүй.

-Сургуульд шалгалт оруулахыг эсэргүүцэж байгаа гэж ойлгож болох уу?

-Эсэргүүцээд байх зүйл байхгүй. Энэ байдал намжсаны дараа бид шалгуулахад бэлэн. Айгаад байх юм байхгүй. Яагаад заавал төрийн бус байгууллагын зүгээс шалга гэсний зоргоор шалгах гэж ирж байгааг гайхаж байна.

-29-р тусгай сургуулийн багш нар та бүхэнтэй нэгдэж байгаа гэж үнэн үү?

-Үнэн. Багш нар ирж бидэнтэй нэгдсэн.

-Хичээл хэвийн орж байгаа юу?

-Бид ажил хаялт зарлаагүй. Хичээл сургууль хуваарийн дагуу хэвийн орж байгаа. Хичээлгүй байгаа багш нар нь гаднаа гарч ирээд зогсоцгоож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ