ХЭРГИЙН МӨРӨӨР: Төрсөн өдөрт уригдсан залуу амиа алджээ

Хэрэг гарах орой тэд 11-үүлээ байжээ /их дээд сургуулиудын 1-р курсын оюутнууд/. Талийгаач найзтайгаа нэг охины төрсөн өдөрт уригдан, орой 18 цагийн үед төрсөн өдрийн арга хэмжээнд очсон гэж амралтанд хамт явсан эх сурвалж хэллээ. Төрсөн өдрийн арга хэмжээ эхэлж охид залуучууд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн. Улмаар амралтанд байсан хүмүүстэй муудалцсан гэлээ. Талийгаач орой 18 цагийн үед төрсөн өдөрт уригдан очсон. Улмаар хамт байсан 2 охины нэгэнтэй нь хэрэлдэж , охин найз залуугаа дуудсан гэсэн юм. Ирсэн 2 залуу талийгаачийг дуудаж уулзах гэсэн боловч талийгаач айдастай, ирсэн залуустай уулзахгүй гэдгээхэлж зугтсан байна.

"ТВ5" телевизийн сэтгүүлч Б.Төгсбаяр миний бие талийгаачийн найзтай уулзаж, хэргийн талаар тодрууллаа. Талийгаачийн найз гэх залуу өөрийнхөө царайг гаргахгүй байхыг хүссэн юм.

Сэтгүүлч: Найз чинь амралтанд төрсөн өдрийн арга хэмжээн дээр та хэдтэй хамт байгаад, гэнэт алга болсон гэж байна. Тэнд яг юу болсон бэ?

Талийгаачийн найз: Найзалдаг охины төрсөн өдөр болсон. Талийгаач бид 2 уригдсан юм. Тэгээд миний ажлыг тарахыг хүлээж байгаад, 16 цагт тараад 18 цаг өнгөрч байхад төрсөн өдрөө тэмдэглэж байсан амралтын газарт очсон. Бид хоёрыг очиход ангийнх нь хоёр залуу согтуу, бусад нь гайгүй байсан. Бүрэнхий болж, биднийг наргиж цэнгэж байхад 21 цагийн үед хажуу талд амарч байсан залуучууд орж ирээд, цохиж зодож эхэлсэн. Ямар ч байсан тэр үед бид нарт зовиур мэдрэгдээгүй. Бид нарыг “Ахын дүү нар чимээгүй бай, хэт чанга орилж хашгирч байна. Ална шүү” гэж хэлээд зодож айлгасан. Цагдаа ирж, нам жим болсон.Би унтаад өгсөн.

Харин талийгаач А гэх охинтой муудалцаад, нөгөө охин нь хоёр найзыгаа дуудаад талийгаачтай уулзана гэж хэлээд дагуулаад гарсан. Талийгаач тухайн үед хүмүүстэй муудалцсан байсан болохоор айдастай байсан. Тийм ч учраас дахин хоёр залуу ирж уулзана гэхээр айгаад гараад гүйсэн юм шиг байна лээ. Би төрсөн өдрийн эзэн З гэх охинтой хамт гарч, найзыгаа хайгаад олоогүй.

Талийгаач найзыгаа сэргэлэн цовоо болохоор нь аргыг нь олоод гэртээ харьсан байх гэж бодсон. Маргааш өдөр нь над руу утасдах байх гэж бодсон ч, яриагүй, мөн манайд ирээгүй. Холбоогүй 2-3 хоносон.

Хамаг шил цамц, эд зүйлээ орхиод зугтсан байсан учир гэрийнхэн рүү нь залгасан, цагдаагийн газарт дуудлага өгсөн. Тэгэхэд цагдаагийн газраас “найз чинь нас барсан байна” гэж мэдэгдсэн.

Сэтгүүлч: Та нар тэнд хэдүүлээ байсан вэ?Цагдаагийн газарт байцаалт өгч байгаа юу? Талийгаач найзтайгаа хамт байсны хувьд хэн найзыг чинь хөнөөсөн гэх хардлага байгаа юу?

Талийгаачийн найз: Бид тэнд 11-үүлээ байсан. Цагдаа дээр мэдүүлэг огт өгөөгүй. Өглөө болгон 9 цагаас ир гэж хэлээд, тэгээд байцаалт огт аваагүй. Харин тэнд байсан хоёр залууг дуудсанА гэх охиноос, төрсөн өдрийн эзэн З гэх охидуудаас л байцаалт авсан. Бид нарыг цагдаагийн газарт байж бай гэж хэлээд элдэв зараалд гүйлгэдэг. Бусад 9 залуугаас байцаалт аваагүй байгаа. Миний хувьдА охины дуудсан гэх хоёр залуугаас болж найз минь амиа алдсан гэж бодож байгаа.

Сэтгүүлч: Цагдаагийн газарт очиж уулзахад талийгаачийн цогцос ямар байдалтай олдсон талаар та нарт хэлсэн үү?

Талийгаачийн найз: Миний сонссоноор бол гутал нь сугарсан, хашаанаас дүүжлээстэй, цамц нь урагдсан, ам хамарнаас нь цус гарсан, цээж нь битүү цус болсон байдалтай олдсон. Ер нь гадны нөлөөтэй гэж сонссон.

Сэтгүүлч: Чиний хувьд хамт байсан найз нь. Энэ хэргийн талаар юу гэж бодож байна?

Талийгаачийн найз: Шүүх шинжилгээний хариу энэ 7 хоногт гарна гэсэн. Тэгээд ч манай найзыг хөнөөсөн нь үнэн. Согтлоо ч, гэрлүүгээ яаж ийгээд харьдаг сэргэлэн цовоо залуу. Хэзээ ч гадаа унтаж, осгож, нас барахаар хүн биш. Тийм учраас хэргийг хийсэн тэр хүн олдоосой л гэж хүсч байна. Надтай талийгаач найзын маань гэр бүлийнхэн найзыгаа харж хандаагүй та нараас боллоо гэж хэлсэн. Би хэргийн үнэн л илрээсэй гэж хүсч байна.

Бидэнд яриа өгсөн залуугийн хувьд талийгаачийн найз. Түүнтэй хамт З гэх охины төрсөн өдөрт явсан. Залуугийн хэлж байгаагаар хэрэг гараад 7 хоносон боловч хоёр охиноос өөр хүнээс байцаалт аваагүй. Өглөө бүр цагдаа дээр дуудагдаж очиход “Доор сууж бай” гэж хэлээд л, буцаагаад явуулдаг гэсэн юм. Талийгаачийн гэр бүлийхэн, түүнтэй хамт амралтанд явсан найзынх нь үзэж байгаагаар талийгаачийг гадны нөлөөтэй нас барсан гэж таамаглаж байна.

Энэ хэрэг 4-р сарын 22-ноос 23-нд шилжих шөнө болсон. Цагдаагийн байгууллага зугтаж гүйсэн залуугийн цогцсыг 4-р сарын 23-ны өглөө 11 цагийн үед дуудлага ирсэн даруйд олсон байна. Харин хэрэг дээр ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн хувьд хэргийг шалгаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Бид талийгаачийн гэрийнхэнтэй уулзаж ямар гомдолтой байгаа талаар, мөн цагдаагийн газарт уг хэргийн мөрдлөг ямар шатандаа явж байгаа талаар тодруулж, эргэн мэдээлэх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ