ФОТО: “АДИДАСТАЙ МУМИ”-г анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлж байна
Монгол орны уул нуруудын хадны агуй, хөмөгт нууцлан хөдөөлүүлсэн эртний хүмүүсийн оршуулга, түүхэн олдворуудаас бүрдсэн “Хадан гэрийн соёл” нэртэй үзэсгэлэн Монголын Үндэсний түүхийн музейд өнөөдөр нээгдлээ. Энэхүү үзэсгэлэнд, манай улсын археологи, анртапологи, угсаатан зүй судлалын мэргэжилтнүүдийн сүүлийн 20 гаруй жилд хийсэн судалгааны эд зүйлс, олдворууд багтаж байна. Тухайлбал, дэлхий нийтэд “Адидастай муми” хэмээн алдаршсанХовд аймгийн Мөнххайрхан сумын нутгаас олдсон 10-р зууны үед хамаарах хадны оршуулгыг дэлгэн үзүүлж байна.Энэхүү хадны оршуулганаас эмэгтэй хүний хувцас хэрэглэл, унаж байсан морь эд хэрэглэл хүрэл толь гэх мэт нийт 50 орчим хэрэглэл гарч ирсэн байдаг.
Мөн үзэсгэлэнд, Урд улаан үнээтийн хадны оршуулга багтаж байна. Энэхүү оршуулгаас, нэхий дээл, доргоны арьсан дах, арьсан өмдтэй эрэгтэй хүний хатмал шарил, эмээл хазаар, хутга, нум сум, саадаг, хоромсого, арьсан ууттай модон тоглоом, адууны зүлд зэрэг урьд өмнө олдож байгаагүй олон сонирхолтой олдворууд гарсан бөгөөд судлаачид урьдчилсан байдлаар Нирун улсын үед буюу НТ-ын IV-VI зуунд холбогдоно хэмээн таамаглаж байгаа юм. Үзэсгэлэнд дэлгэгдсэн эдгээр үнэт ховор олдворуудыг Соёлын өвийн төвийн мэргэжилтэн, сэргээн засварлагч нар сэргээн засаж, бэхжүүлсэн бөгөөд нийт 70 орчим өлгийн зүйлс бүрэн эхээрээ энэхүү үзэсгэлэнд дэлгэгдэж байна. Үзэсгэлэн өнөөдрөөс эхэлсэн бөгөөд хоёр сарын турш музейд байрлуулна.
Б.ЦОГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ