Д.Амарбаясгалан: Судалгаагаар 5 хүний нэр гарч ирснээс 2-ыг нь Бага хурлаар хэлэлцүүлэхээр болсон

МАН-ын Бага хурал эхлэхийн өмнө тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрээр “МАН өнөөдрийн Бага хурлаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлэх асуудал, мөн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэнэ. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой хуралдаж Бага хурлын хуралдаанд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахдаа сүүлийн жил гаруйн хугацаанд олон нийтийн дунд хийгдсэн социологийн судалгаанд үндэслэж байгаа. Манай намаас зохион байгуулсан социологийн судалгаанд нийтдээ санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 50 мянга орчим иргэн хамрагдаж санал бодлоо илэрхийлсэн. МАН зөвхөн намынхаа гишүүдийн хүрээнд бус иргэдийнхээ санал дээр тулгуурлаж ард түмний дунд хүлээн зөвшөөрөгдөж байгаа улстөрчийг энэ удаагийн сонгуульд сойхоор ажилласан. 2016 оны парламентын сонгуулийн нэр дэвшилтийг зохион байгуулсан жишгийг та бүхэн санаж байгаа байх. Жил гаруйн хугацаанд тойрог болгон дээр судалгаа хийж тухайн тойргоос дэмжлэг авах хүнийг нэр дэвшүүлсний үр дүнд МАН 65 суудалтай болсон.Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн адил судалгаан дээрээ суурилж нэр дэвшүүлэхээр ажилласан. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болох таван хүний нэр судалгаагаар гарч ирсэн.УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нарын гарч ирсэн юм. Өчигдөр болсон Удирдах зөвлөлийн хуралд миний бие танилцуулга хийсний дараа энэ таван хүнийхээ байр суурийг сонссон. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нар энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар намаасаа гарах бодлого шийдвэрийг дагаж ажиллана. Мөн намаасаа нэр дэвшсэн хүнийг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлээд нэрээ татсан. Ингэснээр өнөөдрийн Бага хурлын хуралдаанд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарыг өрсөлдүүлэхээр оруулж байна. Мөн Бага хурлын гишүүд заалнаас нэр дэвшүүлэх эрхтэй. Ер нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль, Бага хурал маш их дотоод ардчилалтай, ямар нэгэн байдлаар хайрцагласан, зохион байгуулсан зүйлгүй болж байгаагаараа их онцлогтой. МАН-д Ерөнхийлөгчийн институц хэр зэрэг ач холбогдолтой вэ гэдэгт төвлөрч бодлогоо гаргаж байгаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, иргэдийнхээ аж амьдралыг богино хугацаанд өөд нь татах чиглэлд бодлогоо тодорхойлон ажиллаж байна” гэв.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Нэр дэвшигчиддээ ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Сонгуулийн тухай хуулийн шаардлагуудыг л тавьж байгаа. Түүнээс биш ямар нэгэн байдлаар дэнчин, босго мөнгө, хандив гэсэн шаардлагыг МАН огт ярилцаагүй. Нэр дэвшигч тодорсны дараа МАН сонгуулийнхаа зохион байгуулалтын ажилд идэвхийлэн орно. Санхүүжилт босгох зэрэг ажлыг урьд өмнөх жишгийнхээ дагуу хийнэ. Өөрөөр хэлбэл, олон нийтийнхээ туслалцаа дэмжлэгээ сонгуульд оролцоно гэсэн бодолтой байна.

-Энэ удаагийн Бага хурлаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэнэ гэлээ. Тэгэхээр мөрийн хөтөлбөрө батална гэсэн үг үү?

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр гэж байдаг. Нэр дэвшигч өөрийнхөө хөтөлбөрийг дэвшүүлэн оролцдог. Гэхдээ улс төрийн намууд тухайн намын улс төрийн бодлоготой уялдуулсан мөрийн хөтөлбөрийг дэмжих үүрэгтэй. Түүнээс биш батлах үүрэггүй. Тиймээс Бага хурлаас Ерөнхийлөгчийн дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг ийм ийм бодлогын хүрээнд дэмжиж байна гэсэн шийдвэр л гаргана гэсэн үг. Нэр дэвшигч энэ сарын 11-нээс өмнө өөрийн бодлогоо мөрийн хөтөлбөртөө шингээх боломж нь нээлттэй байх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ