О.Сэргэлэн: Монгол эмч нар хүүхдийн элэг шилжүүлэн суулгах хагалгааны эрсдэлийг тооцож чадах туршлагатай бо?
Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн хамтарсан баг долоон настай Л.Бүжинлхам охинд ээжээс нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг өнгөрсөн бямба гаригт амжилттай хийсэн билээ. Энэхүү хагалгаа нь манай улсын элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгаа бөгөөд хүүхдэд хийсэн гурав дахь хагалгаа болж байгаа юм. Хагалгааг удирдсан, гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэнтэй ярилцлаа.
-Ээж, охин хоёрын биеийн байдал ямар байна вэ?
-Л.Бүжинлхам охин эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Одоогоор амьсгалын аппаратнаас гүйцэд салаагүй ч биеийн байдал нь тогтвортой байгаа. Шээсний гарц хэвийн, шинжил-гээ болоод бусад үзүүлэлтүүд харьцангуй гайгүй гарсан. Хагалгаанд орохоос өмнө охины цусны бүлэгнэлт муу байсан нь одоо ч хэвээр байна. Ийм үед бага зэрэг цус шүүрэх тохиолдол бий. Гэхдээ одоохондоо ажиглаж, зохих ёсны шинжилгээ, эмчилгээг хийж байгаа. Харин ээжийнх нь хувьд биеийн байдал тогтвортой, босоод явах хэмжээнд байна.
-Л.Бүжинлхам охинд учирч болох ямар эрсдэл байгаа вэ?
-Бид хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг гурав дахь удаагаа хийж байна. Энэ удаад ээж нь донор болсон. Хүүхдийн элэгний зохилдлогоо том хүнийхээс ялгаагүй байдаг ч ховхрох урвал гэж бий. Ховхрох урвал хүүхдэд илүү тохиолдох магадлалтай байдаг. Учир нь хүүхдийн дархлааны урвал хүчтэй байдагтай холбоотой юм. Бид ажиглалтаа үргэлжлүүлж байгаа. Хэрэв дээрх тохиолдол илэрвэл зохих ёсны арга хэмжээг авахад бэлэн байна.
-Мэс засал 30 гаруй цаг үргэлжилнэ гэж тооцоолж байсан ч 16 цаг үргэлжилсэн гэж байгаа. Энэ талаар тодруулаач?
- Хагалгаа өнгөрөгч бямба гаригийн өглөөний 06:00 цагт эхэлж, шөнө дууссан. Л.Бүжинлхам охин нярай үедээ шарласан бөгөөд арилахгүй явсаар бие нь шар, нүд нь ногоон туяатай болсон тул гурван сартайд нь эмчид хандахад төрөлхийн цөсний замын битүүрэлтэй гэсэн онош сонссон юм билээ. Хагалгаанд гурван эмнэлгийн эмч, сувилагч, асрагч нийт 60 гаруй хүн оролцлоо. Хугацааны хувьд цөсний замыг ялгахад ойролцоогоор гурван цаг зарцуулагддаг. Гэтэл охины цөсний зам төрөлхийн битүүрэлтэй учраас энэ хугацаа хэмнэгдсэн. Мөн ялгагдаж байгаа талбай нь харьцангуй бага учраас энэ хэрээр арай бага хугацаа зарцуулсан. Том хүний тухайд зөвхөн хэвлийг нээхэд хоёр цаг гаруй хугацааг зарцуулдаг бол хүүхдэд нэг цаг орчим үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, хүүхдэд хийгдэж байгаа талбай харьцангуй бага учраас хугацааны хувьд богиносох талтай. Цөсний зам залгахад дөрвөн цаг, цөсний замыг ялгахад 2-3 цаг мөн хэвлий нээж, хаахад тус бүр хоёр цаг зарцуулагддаг. Энэ мэтээр том хүний хувьд 27-28 цаг болдог. Хугацааны хувьд үүнээс болж наашилсан.
-Хагалгааны үед хүндрэлтэй зүйл юу байв?
-Манай эмч нар хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг урьд нь хоёр л удаа хийж байсан болохоор туршлага дутмаг байлаа. Хүүхдэд элэг шилжүүлэн суулгахдаа зүүн талыг суулгадаг, харин том хүнд баруун талыг суулгадаг. Уг нь баруун талыг нь суулгах илүү хэцүү. Хүүхэд том хүнийг бодвол хагалгааны техникийн хувьд арай хялбар байдаг. Л.Бүжинлхам охины хувьд урьд нь хоёр удаа маш хүнд хагалгаанд орж байсан болохоор мэс заслын үед наалданги үүссэн байх магадлалтай, цус алдсан, биеийн байдал сул, эрсдэл өндөр байсан. Ээжийнх нь хувьд ч мөн анатомийн онцлогтой. Уг нь зүүн дэлбэнг аваад суулгахад зөвхөн нэг ширхэг цөсний зам, нэг артер залгагддаг бол энэ бүхэн нь салаа байсан зэргээс болоод Солонгосын “Асан” төвийн эмч нарыг урьж хагалгааг хамтран хийхээр болсон. “Асан” төвөөс нэг мэдээгүйжилтийн эмч, хоёр мэс заслын эмч бидэнтэй хамт ажилласан учраас сэтгэл санааны хувьд бид харьцангуй тайван байсныг онцлох хэрэгтэй болов уу. Солонгосын эмч нараас хагалгааны явцад маш олон зүйлийг сурсан. Цаашдаа монгол эмч нар хүүхдийн элэг шилжүүлэн суулгах хагалгааг хүндрэлтэй байсан ч эрсдэлийг тооцон, хийж чадах хэмжээний туршлагатай боллоо.
-Элэг шилжүүлэн суулгах мэс заслын үед донорын элэгнээс хичнээн хувийг нь авдаг вэ?
- Том хүнд элэг шилжүүлэн суулгаж байгаа тохиолдолд донорын элэгний 66 хувийг авдаг бол хүүхдэд арай бага элэг суулгадаг. Энэ удаад охинд ээжийнх нь элэгний гуравны нэгийг буюу зөвхөн зүүн дэлбэнг авч суулгасан байгаа. Хүүхэд болон том хүнд элэг шилжүүлэн суулгасны дараахь хариу урвал ерөнхийдөө ойролцоо. Гэхдээ хагалгааны үед том хүнээс 100-150 гр цус гарахад ноцтой өөрчлөлт төдийлөн гараад байдаггүй бол хүүхдээс 50 граммаас дээш цус гарахад л ноцтой өөрчлөлтүүд гардаг учраас байнгын хяналтад байлгах шаардлагатай байдаг.
-Элэг ургадаг эрхтэн. Тэгэхээр охины элэг хэдий хугацаанд төлжих вэ?
-Донорын элэг гурван сарын дараа гэхэд 80 хувь төлждөг. Охины тухайд том хүний элэг суулгасан учраас төлжихөд харьцангуй гайгүй байх болов уу гэж бодож байна.
-Элэг шилжүүлэн суулгах мэс засал өндөр өртөгтэй хийгддэг шүү дээ. Энэ удаагийн хагалгаанд хичнээн төгрөг зарцуулагдсан бэ?
-Охины хагалгааны зардалд нийт 75 сая төгрөг зарцуулагдсаны 70 орчим хувийг Эрүүл мэндийн яамны төсвөөс гаргасан. Мөн сайхан сэтгэлт монголчуудын хандив, тусламжаар ийнхүү нэгэн гэр бүл элэг бүтэн үлдлээ.
-Охинд яг одоо ямар эмчилгээнүүд хийгдэж байгаа вэ?
-Хүүхдийн биеийн байдал ямар хонов гэдэг дээр өглөө бүр 7:00 цагаас хуралдаж танилцаад тухайн өдөр ямар эмчилгээ хийх талаар багаараа зөвшилцөж байна. Хэрэв зайлшгүй шаардлага гарвал эмч нарын баг яаралтай хуралдана. Мөн охины биеийн байдал сайжрахад эцэг, эхийн хариуцлага, асаргаа сувилгаа чухал үүрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ