“Гадны хүн ирэх гээд байна. Та нар харагдахгүйхэн шиг газар очоод байж бай”
Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооноос өнгөрөгч 4-р сарын 24-ний өдөр төрийн гурван өндөрлөгт хандан хараагүй хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой шаардлага хүргүүлсэн билээ. Энэхүү шаардлагын хариуг 5-р сарын 1-ний өдрийн дотор шийдвэрлэж өгөх байсан ч хариу ирүүлээгүй тул Монголын хараагүйчүүдийн холбооныхон Төрийн ордны баруун талд байрлах “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд өлсгөлөн зарлаж суулт хийхээ өчигдөр мэдэгдсэн.Тус холбооноос УИХ болон Засгийн газарт дараах шаардлагуудыг хүргүүлсэн. Үүнд:
-Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоож, дорд үзэж байгаа БСШУС-ын сайд Ж.Батсуурийг нэн даруй огцруулах,
-Бага дунд боловсролын тухай хуулийн 13.3-т боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага харъяанд байна гэж заасны дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяанд байгаа 116 дугаар тусгай сургуулийг БСШУСЯ-ын харъяа болгох
-Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шаардлагатай сургалтын орчин, тоног төхөөрөмж, ном сурах бичиг, хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулахад анхаарч ажилладаггүй, харааны бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээг ойлгодоггүй удирдах албан тушаалтнуудыг өөрчлөх гэсэн шаардлагууд тавьж байгаа юм.
Зураг: Хараагүй иргэд МАН-ын төв байр буюу Тусгаар тогтнолын байрны өмнө
Өнөөдөр тэднийг өлсгөлөнгөө үргэлжлүүлж буй эсэхийг сурвалжлахаар Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд очиход байсангүй. Учрыг тодруулахад БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаяр тэднийг хоёр хоногийн хугацаа өгөөч хэмээсэн тул өлсгөлөнгийн хурц хэлбэрээ түр азнаад байгаа аж.
Тэд өнөөдөр БСШУ-ны яамны үүдэнд ирж, “Бид хариу хүлээж байгаа шүү” гэдгээ мэдрүүлэх зорилгоор тайван суулт зохион байгуулахаар болжээ. Тэднийг яамны үүдэнд ирэхэд “Японы элчин сайдын яамнаас хүмүүс ирэх гээд байна. Та нар харагдахгүйхэн шиг газар очоод байж байгаад тэр хүмүүсийг явахаар энд ирж сууж болно” хэмээгээд хамгаалалтын албаныхан нь халгаасангүй. Харин өдрийн 14:00 цагт тэднийг хүлээж авч уулзахаар тохирсон Захиргаа удирдлагын газрын дарга М.Мөнхбаатар үүдэндээ гарч ирээд, товлосон 14:00 цагтаа уулзацгаая хэмээгээд хаа нэг тийшээ явж одлоо.
Б.ГЭРЭЛ: БИДЭНТЭЙ ХАМТ ЖАГССАН БАГШИЙГ ХУУЛЬ БУСААР АЖЛААС ХАЛЧИХЛАА
Энэ үеэр бид өрнөж буй үйл явдлын талаар Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэлтай цөөн хором ярилцлаа.
-Та бүхэн пүрэв гариг хүртэл ямар нэг дорвитой хариу өгөхгүй бол дахиад өлсгөлөн зарлах уу?
-Өчигдөр бид 11:00 цагаас Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөнгөө эхэлсэн. Ингээд үдээс хойш МАН-ын байр тусгаар тогтнолын ордоны үүдэнд үргэлжлүүлсэн. Энэ үед МАН-ын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатаргэдэг хүн биднийг хүлээн авч уулзаад, БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаяр сайдтай уулзуулсан. Бидний яриад байгаа асуудал боловсролын яам болон нийслэлийн аль алинтай нь холбогдчихоод байгаа юм. Хуулиараа 116-р сургууль БСШУЯ-ны харьяа байна гэсэн мөртлөө өнөөг хүртэл тэр хууль нь хэрэгжээгүй, нийслэлийн харьяанд яваад байгаа. Тийм учраас өлсгөлөн зарлахгүйгээр энэ пүрэв гариг хүртэл хугацаа өгөөч, асуудлыг чинь ярилцаж шийдьегэж Ё.Отгонбаяр дэд сайд хэлсэн. Тиймээс бид өлсгөлөнгийн хурц хэлбэрийг түр зогсоогоод дөрөв дэх өдрийн 12 цагт ямар хариу ирэх нь вэ гэдгээс хамаараад цаашаа яахав гэдгээ шийднэ.
-Та нартай нэгдэж тэмцэл хийж байсан 116-р сургуулийн багшийг ажлаас нь халсан гэж үнэн үү?
-Өчигдөр орой бид энэ асуудлаа яриад, Боловсролын дэд сайдтай уулзаад гараад ирэхэд бидэнтэй нэгдээд, хүүхдүүдийн эрх зөрчигдөөд байна гэдэг асуудлыг ярьж явж байсан 116-р сургуулийн багш Д.Сарантөгсийг тус сургуулийн захиралын албыг түр орлогч Э.Энхзул халах тушаал гаргачихсан байсан. Бид тушаалыг нь үзсэн. Хөдөлмөрийн тухай хуулинд ямар үед хөдөлмөрийн гэрээ цуцалдаг вэ гэдгийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Гэтэл тэр тушаал дээр зөвшөөрөлгүйгээр Хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтарч хэвлэлийн бага хурал хийж, хамт олны нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэлээр халсан гэдгээ бичсэн байсан.
-Тэгэхээр 116-р сургуулийн захирал та нарын тавьж байгаа шаардлагын эсрэг байгаа байх нь ээ?
-Хамгийн гол нь тус сургуулийн багш нар нь нэгдээд Д.Сарантөгс багшийг ажлаас нь халуулах хүсэлт тавьсан гэсэн зүйл бичсэн байгаа юм. Энэ нь үнэн байлаа гэж бодоход сургуулийн захирал хүн яагаад багш нарныхаа үгээр үг хийж, өөрийн толгойгүйгээр нэг багшийгаа ажлаас халах шийдвэр гаргаж байгаа юм бэ. Хуулинд тийм заалт байхгүй. Д.Сарантөгс багш бол хүүхдүүдийн эрх зөрчигдөөд байна гэдэг асуудлыг л тавьсан. Тэгэхээр л энэ сургуулийн захирал бидний тавьж байгаа асуудлыг ойлгох биш эсрэг хандлагатай байгааг харж болно. Бид хүүхдүүдийг энэ асуудалд оруулахгүй шүү, хичээл номондоо анхаарлаа хандуулаарай гэж хэлсэн байхад сургуулийн захирал, удирдлагууд нь өөрсдөө хүүхдүүдээ бужигнуулаад, тэнд айдастай орчин үүсчихсэн байна гэж байна. Өнөөдөр өглөө Д.Сарантөгс багш ажлаа хүлээлгэж өгч байна гэнэ. Тэгэхэд хүүхдүүд нь орж ирээд багшийгаа явуулахгүй гээд уйлж унжаад хэцүү байдалтай байна гэж утсаар ярьж байна. Үнэхээр харамсалтай. Д.Сарантөгс багшийн хувьд халах тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид багшийнхаа эрх ашгийг хамгаалахаар тэмцэнэ.
-Энэ асуудлаар холбогдох газруудад хандсан уу?
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нартай уулзлаа. 29-р сургууль дээр саяхан үүссэн асуудлаар нийслэлээс шалгалт хийсэн. Тиймээс 116-р сургууль дээр үүсээд байгаа асуудлаар мөн л шалгалт хийнэ гэдгээ хэллээ. Өнөөдөр ажлын хэсэг байгуулагдаад үдээс хойш 116 болон бусад тусгай сургуулиудаар явж үйл ажиллагаатай нь танилцаад шалгалт хийнэ гэлээ. Дариухан энэ асуудлыг шийднэ гэсэн.
Б.ЦЭЛМЭГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ