Найзууд маань “мансуурагч” байгаагүй

“Бид ангидаа дөрвүүлээ найзалдаг байсан. Харин одоо хоёрын хоёр найз маань бурхны оронд одсон” гэж нүдэндээ нулимстай өгүүлэх охин өндөр барилгаас үсэрч, амиа алдсан хоёр охины дотны найз байжээ. Түүнтэй бид сургуулийнх нь дэргэдэх саравчинд цөөн хором ярилцсан юм.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 9-нд Хан-Уул дүүрэгт байрлах “Тuul one” орон сууцнаас хоёр охин үсэрч, амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэргийн шинжилгээний хариу гараагүй байгааг албаныхан хэллээ. Өмнөх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Ингээд талийгаач охидын дотны найзын яриаг хүргэе. Бид түүнийг хүндэтгэж, аюулгүй байдлыг нь хамгаалах үүднээс нэрийг нь нууцлав.

-Талийгаач охидтой хэр дотно найзууд байсан бэ?

-Тэд маань их сайн найзууд байсан. Бараг 10 орчим жил найзалсан байх. Миний хувьд тэр хоёртойгоо найзлаад зургаан жил болж байлаа.Энэ хугацаанд их дотно найзалж, гэр бүлийнхнийгээ мэддэг болчихсон байсан.

-Тухайн үед болсон хэрэг, явдлын талаар яаж мэдэв?

-Хэрэг гардаг оройн /2017.04.09/ ангийн хүүхдүүдээсээ сонссон. Ангийнхан маань интернетээс мэдээлэл авсан байна лээ. Тэгээд интернетээс болсон хэрэг явдлыг дуулаад, ихцочирдсон.

-Найзууд нь ирээдүйн мэргэжлээ сонгочихсон байсан уу?

-Одоо ч ангийнханд маань их хэцүү байна. Тэд маань ирээдүйн мэргэжлээ хэдийнээ сонгочихсон байсан. Бусдад тусархаг, нийтэч, сурлага сайтай, маш хөөрхөн охид байсан.

-Тэдний үхлийн шалтгааныг хайр сэтгэлээс, гэр бүлийн байдлаас болсон гэх юм. Тэд хөвгүүдтэй үерхдэг байсан уу?

-Би найз нарынхаа хувийн амьдралын талаар олон нийтэд дэлгэхийг хүсэхгүй байна. Үүнд эцэг, эхийн буруу ч бас байсан байх.

-Талийгаач охид ямар нэгэн хорт зуршилтай байсан уу?

-Үгүй ээ. Архи, тамхи ерөөсөө хэрэглэдэггүй байсан. Гэтэл манай найзуудыг биеэ үнэлэгч, мансуурагч, тэнэмэл охид гэх мэтээр буруу мэдээлэл нийтэлж байгаад их эмзэглэж байна. Тэд ямар ч муу зуршилгүй охид байсан.

Талийгаач охидын нэг нь найз хөвгүүнтэй байсан бөгөөд тэдний үхлийн шалтгаан хайр сэтгэлийн асуудал биш гэдгийг ангийн нөхөд нь хэлж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ