Н.Энхбаяр: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ
Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа зарлалаа.
Тэрбээр өнөөдөр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгчийн сонгуульд би хэрвээ оролцох юм бол жинхэнэ өрсөлдөөн бий болно, илүү шударга болно. Ард түмэн үүнийг хүсч, ярьж байна. Юуны өмнө хэлэхэд одоогийн Үндсэн хуульд зөвхөн УИХ-д суудалтай намуудаас нэр дэвших эрхтэй гэж заасан нь шударга байж чадахгүй нь ойлгомжтой. Хуулиараа МАН, АН, МАХН гэсэн гурван намаас л нэр дэвшигчид өрсөлдөх нь. Одоогийн гуравхан нам дэвших хязгаарлагдмал хүрээндээ хашчихсан байгаа дээрээ бас Энхбаярыг оруулахгүй юм шүү хоёр нам зүтгэж байна. Ялангуяа МАН-ынхан сонгуулийн дүнг урьдчилан гарган зурчихаад зурсан дүнгээ гаргах гэж улайрдаг байдал бий болоод удаж байна. Өнгөрсөн сонгуулиуд тийм байдлаар явагдсан учир хүмүүс шударга бус сонгууль болсон гэж шүүмжилж байгаа...
...Бас амьдралын нэгэн алтан зарчим буюу хууль гэж байдаг. “Чи өөрөө надад ийм зүйл битгий тохиолдоосой гэж байгаа бол тэрийгээ бусдад зориулж битгий хий”. Гэтэл манай төр засгийнхан Энхбаярт зориулж ийм зүйл заалтыг нэмж оруулъя, ингэж тайлбарлаж болно, бидэнд болохоор энэ нь огт хамаагүй, ганцхан Энхбаярт үйлчлэх ёстой гэсэн байдлаар нэг хүнд зориулан хуульд өөрчлөлт оруулж байна. Хууль шүүхийнхэн бараг бүгдээрээ миний эсрэг ажиллаж байна. УИХ надад зориулж Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулж байна. Надад зориулж Сонгуулийн хуульд эргэлзээтэй заалтуудыг оруулж байна. Энэ бол Үндсэн хуулийн хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байгаа балмад ажиллагаа. Гэхдээ ийм заалтууд оруулаад ч би Үндсэн хуулийн дагуу нэр дэвших эрхтэй.
Анх намайг хэлмэгдүүлж, ял тулгаж, дараа нь Өршөөлийн хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгосон хэрнээ одоог хүртэл та сонгуульд оролцож болохгүй гээд байж байна. Уг нь нэг хүнд зориулж хуулийг чангаруулж, эсхүл сулруулж болдоггүй. Дахин хэлье. Хууль, шүүхийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй гэсэн заалт Үндсэн хуульд байгаа. Тухайн үед намайг хэлмэгдүүлэн Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-аар ялласан. 263.2 нь 2009 оны Өршөөлийн хууль, 150.3 нь 2015 оны Өршөөлийн хуульд тус тус орсон.
Эдгээр Өршөөлийн хуулиар тухайн зүйл заалтын үндсэн болон нэмэгдэл ял, ял эдэлсэн тохиолдолд л үүсдэг ялтай байдлыг аль алийг нь өршөөн хэлтрүүлсэн. Тийм учир би нэгд, хэлмэгдсэн учир бүрэн цагаадах ёстой. Тийм цаг ирнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. Хоёрт, Өршөөлийн хуулиуд, тэдгээрийн тодорхой зүйл, заалт, Өршөөлийн хууль батлагдсаны дараа гарсан Дээд шүүхийн тайлбарын дагуу өнөөдөр ч гэсэн сонгуульд нэр дэвших эрх байгаа. Гэтэл яагаад “ялгүй” болчихсон байхад заавал “ялтай” болгож худлаа тайлбарлаад байгаа юм бэ гэхээр хууль, шүүхийн байгууллагад ажилладаг зарим шударга боловч аймхай хүмүүс дээрээс тэг гэсэн даалгавар өгсөн гэдэг.
Намайг “ялтай” гэж худлаа бичиг бичиж өгсөн хүмүүс өнөөдөр шанд нь өндөр албан тушаалд оччихоод луйварчдыг халхавчлан хамгаалаад сууж байгаа шүү дээ. Энэ бол тухайн үед МАН ба АН-ын толгойд гарсан гэх үү, эсхүл толгойд ойрхон байсан, байгаа зарим хүмүүсийн явуулсан бусармаг үйл ажиллагаа. Гэхдээ одоо энэ явдлыг засна гэвэл МАН, МАН-ын удирдлага засна. Харъя даа” гэжээ. МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвших боломжгүйд хүрвэл тус намаас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун нарын нэр яригдаж буй юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ