Ц.Цэсэндолгор: Английн хатан хааны төрсөн өдөрт юу өмсөж, юу бэлэглэхээ мэдэхгүй л сууна
Өнгөрсөн пүрэв гаригт Их Британийн гадаад болон хамтын нөхөрлөлийн орнуудын газрын төрийн нарийн бичгийн дарга Саймон Макдоналд, Британийн Элчин сайд Катерин Арнолд нар “Монгол шуудан” компаниар дамжуулан ирсэн Хатан хааны төрсөн өдрийн урилгыг Хан-Уул дүүргийн өндөр настан Ц.Цэсэндолгорт гардуулан өгсөн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Түүнийг “what3words” аппликэйшний тусламжтайгаар сонгон, Хатан хааны төрсөн өдөрт оролцуулахаар болсон тухай “Монгол шуудан” компаниас мэдээллээ.“what3words” аппликэйш нь гурван үгт хаягийн тусламжтайгаар дэлхийн өнцөг булан бүрийн хаяг байршлуудыг тодорхойлж, шуудангийн компаниудтай хамтран захидал илгээмж хүргэх, үйлчилгээ үзүүлэх шинэ технологи юм. Энэ удаа тэд Улаанбаатар хотод 10 гаруй жил амьдарсан энэ айлыг гурван үгт хаягийн тусламжтайгаар илрүүлэн, шууданг гэрт нь хүргэж өгчээ.
Бид 80 гарсан буурай Ц.Цэсэндолгорынд зочилж, түүнтэй цөөн хором ярилцсанаа уншигчиддаа хүргье. Тэрбээр биднийг очиход “Хүүхдүүд минь та нар яг амжиж ирлээ. Эмээ нь жаахан даралт ихтэй, хавар болохоор эмнэлэгт хэвтдэг юм. Өнгөрсөн өдрүүдэд эмнэлэгт хэвтэх гэтэл ор байхгүй учраас маргаашаас эхлээд эмнэлэгт хэвтэхээр болоод байна” гэсээр угтав. “Олон хүн гэнэт ороод ирэхээр ээж сандраад, даралт нь ихсээд, эмнэлэг явж даралтны тариа хийлгэсэн. Одоо харин сайхан болчихоод сууж байна” гэж Ц.Цэсэндолгорын охин бидэнд учирлав.
-ОЛОН ХҮН ГЭНЭТ ОРООД ИРЭХЭЭР ГАЙХАЖ, САНДАРСАН-
-Юуны өмнө таныг энэ сайхан баярт уригдах болсонд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Анх удаа Английн сайд хүн захидал хүргэж байгаа түүхэн үйл явдал гэсэн шүү дээ?
-Харин тийм гэнэ. Би гэртээ сууж байтал ороод ирдэг юм байна. Арав гаруй хүн орж ирсний нэг эрэгтэй, нэг эмэгтэй нь англи хүмүүс байсан. Бүр Английн сайд хийдэг хүн байсан гэсэн шүү. Нэг эрэгтэй нь “Би танд Английн Хатан хааны төрсөн өдрийн урилга өгөх гэж ирлээ. Ингээд шууд онгоцонд суугаад буцлаа” гэсэн. Эмээ нь настай хүн болсон хойно баярлаад л үлдсэн дээ.
-Гэнэтийн мэдээ байв уу, эсвэл танд урьдчилж хэлсэн үү?
-Хэлээгүй ээ. Гэхдээ түүнээс 3-4 хоногийн өмнө байна уу даа хэдэн охин орж ирээд, хоорондоо юм яриад, юм асуугаад, юм бичээд тэмдэглээд байсан. Зарим үгийг нь дуулахгүй байн байн “аан?” гээд байлтай нь биш, чих хатуу болохоор тэгсгээд л өнгөрсөн. Тэгэхэд танд Английн хатан хааны урилга ирэх байх шүү гэж дуулгасан юм. Би ч түүнийг нэг их сайн ойлгоогүй, хороо хорины л урилга зарлага юм байх, бас болоогүй гэж бодоод сууж байтал гэнэт нэг өдөр баахан улс ороод ирсэн. Бүр өөр юм болоод явчихсан. Их гайхсан, сандарсан. Ороод ирж байгаа улсад идээ өгөөд, цай амсуулаад л үдсэн дээ.
-ЮУ ӨМСӨХ, ЮУ БЭЛЭГЛЭХЭЭ САЙН МЭДЭХГҮЙ Л СУУНА-
-Энэ олон хүнээс яагаад таныг сонгох болсон талаар танд хэлэв үү?
-Үгүй. Яагаад сонгосныг нь ёстой мэдэхгүй юм.
-Зургадугаар сарын 15-ны өдөр болно гэж байсан. Энэ хооронд нилээдгүй зай байна шүү дээ. Юу өмсөж очин, юу бэлэглэнэ гэж та төлөвлөж байна вэ?
-Хувцас хунарыг минь хүүхдүүд минь л бэлдэж өгөх болов уу. Үндэснийхээ хувцсыг өмсөж очих уу, юу өмсөж очмоор юм гэдгийг хүүхдүүд та нар л хэлж, зөвлөж өгөх байх даа. Бас юу бэлэглэхээ сайн мэдэхгүй сууна, хүүхдүүдтэйгээ ярилцана даа.
-Английн Хатан хааны талаар та дуулж байв уу?
-Дуулж байсан. Өмнө нь зураг хөргийг нь үзэж, зурагтаар харж байсан. Сайхан л хүн байна лээ. Өмнө нь сайн судалж, мэдэж байгаад очно доо.
-Та Нисэхийн энд амьдраад хэр удаж байгаа вэ?
-Би энд арав гаруй жил суурьшиж байна. Уг нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул хүн л дээ. Гавьяаныхаа амралтыг аваад, наашаа ирсэн юм. Өмнө нь би сумынхаа зочид буудалд туж ажиллаж байгаад, гавьяаныхаа тэтгэврийг аваад гарсан даа.
-Таны баяртай мэдээг үр хүүхдүүд чинь хэрхэн хүлээж авсан бэ?
-Их л сайхнаар хүлээж авч байна. Эмээдээбаярлалаа, эмээдээ баяр хүргэе гээд л зогсоо зайгүй л өнөө муу жоохон утас руу минь залгаж байна даа. Би өөрөө ч их баярлаж байна. Хөгшин болсон хойноо ийм юм үзэх чинь их л сайхан юм. Энд тэндээс нутаг орны хүмүүс ч баяр хүргэж их утсаар залгаж байна.
-УЛСУУД НАМАЙГ АНГЛИ ЯВНА ГЭЭД ОЙЛГОЧИХСОН ШИГ БАЙНА ЛЭЭ-
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би 11 хүүхэдтэй. Таван хүү, зургаан охинтой. Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой. Төр засгаас зохиодог алдарт ээжүүдэд зориулсан арга хэмжээнд идэвхитэй сайхан оролцдог оо.
-Та хүүхдүүдээ хөгшинтэйгөө хамт өсгөсөн үү?
-Тийм ээ. Хүнд хэцүү цаг үе байсан ч ажил хийж байсан юм болохоор болдог л байсан. Ажлаа ч хийнэ, үр хүүхдүүдээ ч өсгөнө. Хөгшинтэйгээ хамтдаа том болтол нь өсгөсөн. Манай хөгшин нягтлан хийдэг байсан юм. Одоо хүүхдүүд минь бүгд хөл нь дөрөөнд, гар нь ганзаганд хүрчихсэн, тарж суурьшаад, сайн сайхан л явж байна.
-Төрсөн өдрийн арга хэмжээний Монгол дахь арга хэмжээнд та оролцох юм билээ?
-Тийм ээ. Монголд гэж тэр зочид хэлсэн юм. Улсууд намайг Англи явна гээд л ойлгочихсон юм шиг байна лээ. Ямар арга хэмжээ болохыг очиж байж мэднэ дээ, сайхан арга хэмжээ болох байх аа.
-Таныг ирж авах юм болов уу?
-Тэр асуудлыг утсаар яриад шийдвэрлэнэ гэсэн. Цуг байдаг хүү Б.Отгонбилэгийн маань нэр урилга дээр бичээстэй байгаа. Хамтдаа явах байх аа.
-Бидэнд цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. Та энэ ярилцлагаар дамжуулаад хүмүүст хандаж юу хэлэх вэ?
-Хүний өөрийн үр хүүхдүүдээ эрүүл энх сайн сайхан яваасай л гэж хүсэх юм. Төр засаг минь төвшин амгалан, эв найрамдалтай, сайн сайхан яваасай гэж бодож, өглөө бүр цайныхаа дээжийг өргөж сууна даа. Мөн урилга өгсөн Английн хатан хаандаа талархлаа, урт удаан наслаарай гэж хэлэх байна.
Б.ГЭРЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ