Д.Наранбаатар: Эмч нар элэгний вирусын талаар үнэгүй зөвлөгөө өгнө
-ХҮРЭЛЦЭН ИРСЭН ХҮН БҮРТ ЭЛЭГНИЙ ВИРУС ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ЭРХ БЭЛЭГЛЭНЭ-
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нэгдсэн чуулган болох гэж буй талаар “Оном” сангийн удирдлагууд мэдээлэл хийлээ. Чуулган маргааш буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 11:00-17.00 цагийн хооронд Хан-Уул дүүрэгт байрлах “The Corporate and Convention center”-т болох юм байна.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санаачлагч, “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар хэлэхдээ "Монгол улс гурван сая хүн амтай. Манай улсын хүн амын нас баралтын шалтгааны дунджаар 15 хувийг элэгний өвчлөл эзлэж байна. Энэхүү өдөрлөгийн үеэр элэгний вирусын оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийдэг эмнэлэг болон лабораториудын мэдээлэл, элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй эмийн үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн эмчийн үнэгүй зөвлөгөө, элэгний вирусын эсрэг эмийн танилцуулга, эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл өгнө.
Мөн элэгний вирусын илрүүлэх шинжилгээнд хамрагдах эрхийг хүрэлцэн ирсэн хүмүүстээ бэлэглэх бөгөөд шаардлагатай хүмүүст элэгний эмчилгээ хөнгөлөлттэй үнээр хийлгэх эрхийг ч бэлэглэнэ" гэлээ. Элэгний вирусыг эрт оношилж, эрт эмчлэхийн тулд та ойр дотны хүмүүсээ "Элэг бүтэн Монгол" чуулганд оролцуулахыг “Оном” сангаас уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ