Б.Галаарид: УИХ ардчиллаас ухарлаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн Ц.Гарамжав гүтгэлэгт оногдох торгуулийн хэмжээг хувь хүнд 10 сая, хуулийн этгээдэд 100 сая төгрөг байх зарчмын зөрүүтэй санал гаргасан нь гишүүдийн дэмжлэг хүлээсэн юм.

Дээрх заалттай холбоотойгоор Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Зөвхөн сэтгүүлчдэд зориулсан хуулийн заалт оруулдаг, хэвлэл мэдээллийг торгох хэмжээг нэмэгдүүлдэг хууль тогтоогчидтой байгаа тохиолдолд бид хариуцлага хүлээх шаардлагагүй. Энэ хэдэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай асуудал биш. Монгол Улсын иргэд мэдээлэлтэй амьдрах уу эсвэл УИХ-ын гишүүн гэх дархан эрх эдэлсэн хэдхэн хүн мэдээлэлтэй байх уу гэсэн асуудалтай холбоотой.1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дөрвөн зүйл заалттай. Үүний нэг нь аливаа хэлбэрийн цензурыг хуулиар хориглосон заалт. Эдийн засгийн болон улс төрийн цагдан хяналт байж болохгүй гээд хуулинд заасан. Тэгэхээр үнийн дүн заасан торгуул шийтгэлийг хуулинд суулгаж өгнө гэдэг нь эдийн засгийн цензур хэрэгжиж байна гэсэн үг. Бидний дагаж мөрдөж байгаа суурь хуулийг зөрчсөн хуулийг батлах гээд ажиллаж байгаа УИХ эргээд ардчиллаасаа ухарч байгаагийн илрэл.

Шүүмжлүүлсэн улстөрч сэтгүүлчид дургүй байж болно. Гэхдээ ардчиллын язгуур эрх ашигт дургүй байж болохгүй. Иргэн бүрийн мэдэх эрхийг баталгаажуулдаг, тэднийг мэдээлэлтэй байлгадаг салбарыг янз бүрийн дарамт шахалтаар хорьж цагдана гэдэг нь байж болшгүй асуудал. Тиймээс УИХ-ын гишүүдийг алдаагаа ухаарч, хүлээн зөвшөөртөл нь тэмцэх ёстой” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ